• Өнөөдөр 2024-04-24

ХҮҮГҮЙ ГЭР, ЦЭРЭГГҮЙ ХУАРАН

2022-10-14,   619

-АРАВХАН САРЫН ХУГАЦААНД ДӨРВӨН ААВЫН ХҮҮ АМИА АЛДЖЭЭ-

Эх орон дуудаж байна, ээж ээ, хүү нь цэрэгт явлаа” гээд жилийн өмнө цэргийн албанд мордсон хөвгүүд өчигдөр гэртээ харьцгаалаа. Шинэхэн хувцас, гял цал болтол нь тосолсон хар гутал, цэргийн албанд мордохдоо өмсөж явсан хувцсаа үүргэвчиндээ үүрээд тэд гэрийн зүг мордоцгоолоо. “Хүү минь эр цэргийн албаа хаагаад ирлээ, сайн байна” гээд духыг нь үнэрлээд тосож байгаа аав, ээж хэчнээн жаргалтай байгаа бол...  

Хамаатны ахын маань хүү цэрэгт яваад, өчигдөр сумандаа очжээ. Аав, ээж нь шинэ дээл зэхээд, ах, дүү хамаатан садангаа цуглуулаад баярлаж байгаа сурагтай. “Хүү чинь эр хүн болжээ” гээд нутгийн хүмүүс аав, ээжийг нь онгироогоод, гол усаар л нэг болж байна гэнэ. Ийм нэг дүр зураг Монголын минь өнцөг булан бүрд өрнөж байгааг бодох төдийд л сайхан байна. Гэхдээ...

Ердөө жилийн өмнө дөрөөнд нь сүү, чихэнд нь ерөөл өргөж, баруун хацар дээр нь үнсэж, нулимстай үлдсэн ээждээ хэчнээн хүү эргэж ирээгүй бол гэхээр гол зураад байна. Угтаа тэд өнөөдөр амьд байсан бол ижийдээ очоод, зүүн хацраа үнсүүлж байх байлаа.

ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ХОДООД НЬ ЗАДАРЧ, НАС БАРЛАА

Тангаргийн баяраа хийгээд удаагүй байсан хугацаат цэргийн албан хаагчийн ходоод нь задарч, амьсгал хураасан байдаг. Тодруулбал, өнгөрсөн зургадугаар сард Дотоодын цэргийн 05 дугаар ангид алба хааж байсан 18 настай байлдагчийн ходоод задарч, мэс засалд орсон ч шархаа даалгүй амьсгал хураасан юм. Талийгаачийн шүүх шинжилгээний дүгнэлт “Гадны нөлөөгүй” гэж гарснаар хэрэг хаагдахаар болсон гэх.

Талийгаачийн ах хэлэхдээ “Дүүгийн минь Тангаргийн баяраар өвөө, хоёр дүү нь очсон. Цэргийн албанд дурлаж, өөрийнхөө хүсэлтээр явсан учраас дуртай байсан гэсэн. Өвөөтэйгөө зургаа авхуулж, хоёр дүүгээ үнсээд жаргалтай байсан байна лээ. Тэднийг очих үед биеийн байдал нь зүгээр, инээж, ханиагаад л байж байсан. Угаасаа цоо эрүүл, нэг ч удаа эмнэлэг домчоор явж байгаагүй хүүхэд. Цэргийн албанд эрүүл гээд тэнцээд л явсан. Ангийнхан нь эмч нар хоолны хордлого гэсэн онош тавьж, эмчилгээ хийсэн юм билээ. Эмчилгээ нь үр дүнд хүрээгүй, дүүгийн минь бие огцом муудаж, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт яаралтайгаар хүргэсэн гэсэн. Дүүгийн минь ходоодыг тайрч, мэс засал хийсэн. Биднийг очих үед дүүгийн нүүр, биед ил харагдах гэмтэл, шарх байгаагүй. Ходоод нь задарсан гэж хэлсэн. Хоолны хордлогоос болоод, хоол их идсэнээс болоод ходоод нь задарна гэж байх уу. Эмч нар хэлэхдээ “Ходоодыг нь тайрахаас өөр арга байсангүй” гэж хэлсэн. Ходоод нь задраад хугацаа алдсан учраас дотор эрхтнүүдээ гэмтээж, өрөвсүүлж амиа алдсан байх. Ангийнхан нь удирдлагууд бидэнтэй уулзаж, хэлсэн. Дарамт шахалт байгаагүй гэдгээ хэлж байна лээ. Ангийнхан нь камерыг шүүж үзэхэд зодоон, нүдээний асуудал харагдахгүй байна лээ. Гэхдээ камерт тийм зүйл бичигдэж үлдэнэ гэж байхгүй байлгүй дээ” гэсэн байдаг.

13 ДАВХРААС УНАЖ АМИА АЛДСАН ЦЭРЭГ

 Өмнөговь аймагт байрлах Зэвсэгт хүчний 167 дугаар ангид алба хааж байсан, хугацаат цэргийн албан хаагч 19 настай Н нь амиа алдаж, баригдаж байсан барилгын хажуугаас цогцос нь олдсон байдаг. Тодруулбал, өнгөрсөн долдугаар сард тус ангийн штабын дарга эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, байлдагч нарыг аж ахуйн нэгжид ажиллуулж, улмаар нэг аавын хүү учир битүүлгээр амиа алдсан юм.

Талийгаачийн ар гэрийнхэн “Хүү минь цэрэгт явна гэсээр байгаад явсан. Эрүүл саруул явуулсан хүүгийнхээ хөрсөн цогцсыг ачаад нутаг руугаа явж байна. Хүүгийн минь учир битүүлгээр амиа алдсан хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөөсэй гэж хүсэж байна” гэсэн байдаг. Одоогийн байдлаар уг хэргийг хууль хяналтын байгууллагаас шалгаж, хэд хэдэн хүнээс гэрчийн мэдүүлэг аваад байна. –

ГОЛЫН УСАНД АМИА АЛДСАН ЦЭРЭГ

Өнгөрсөн наймдугаар сарын 5-ны өдөр Дорнод аймагт байрлах Зэвсэгт хүчний 327-р ангийн байлдагч 21 настай Х голын усанд амиа алдсан. Байлдагч хоёр сарын дараа буюу өчигдөр цэргийн албанаасаа халагдах байсан.

Талийгаач хувцсаа тайлж, голын эрэг дээр үлдээгээд ус руу орсон байдаг. Амиа алдахаас хоёр хоногийн өмнө ар гэрийнхэнтэй ярьсан бөгөөд сэтгэл санаа нь хэвийн байсан гэх мэдээллийн өгсөн байдаг. Талийгаачийн цогцсыг аврагчид хоёр хоног хайж, олж, ар гэрийнхэнд хүлээлгэн өгсөн юм. Урьдчилсан байдлаар талийгаачийг амиа хорлосон гэж үзэж байгаа.

ӨӨРИЙГӨӨ БООМИЛЖ, АМИА АЛДЛАА

Увс аймгийн хилийн цэргийн 0245 дугаар ангийн байлдагч өөрийгөө боомилж, амиа хорлосон гэх хэрэг өчигдөр гарсан. Тодруулбал, 19 настай байлдагч Б.С нь малд явж байгаад модноос өөрийгөө боомилж, амиа хорлосон байсан гэдгийг албаны эх сурвалжууд мэдээлээд байгаа.

Харин талийгаачийн эгч хэлэхдээ “Дүү минь надтай хамгийн сүүлд есдүгээр сарын 28-ны 16:00 цагийн үед ярьсан. Ингэж ярихдаа "Малынхаа суурин дээр ирчихсэн байна. Би сайн байгаа, санаа зовох зүйлгүй" гэж байсан. Ер нь цоглог, хэвийн байсан. Тэгээд тэр шөнө буюу 00:40-01:15 цагийн хооронд аав руу тав, зургаа удаа залгаж байгаад утсаар ярьсан байсан. Гэхдээ аавтай онц, чухал зүйл яриагүй юм билээ. Зүгээр мэнд мэдээдл сайн байгаа тухайгаа хальт яриад салгасан гэсэн. Тэгээд 16 минутын дараа дүүгийн залгасан дугаараас нь аав руу дахиж залгасан гэсэн.Согтуу хүн “Байна уу, байна уу” гэж байгаад тасалчихсан гэж аав хэлсэн. Тэгэхээр дүү минь бурхан болдог шөнөө хүмүүстэй хамт байсан гэдэг нь тодорхой байгаа. Бид дүүгээ бусдын гарт амиа алдсан гэж хардаж байгаа. Манай дүү амиа хорлох хүн биш. Амиа хорлох шалтгаан байгаагүй гэж бодож байна. Дүүг минь амиа хорлочихсон байна гэх мэдээлэл гарч байгаа. Би үүнд итгэж чадахгүй байна. Итгэхийг ч хүсэхгүй байна. Үнэнийг заавал тогтоож олох болно” гэх.

Энэ бол зөвхөн 2022 онд буюу аравхан сарын хугацаанд амиа алдсан цэргүүд. Үүнээс хойш хэчнээн цэрэг амиа алдаж, хэчнээн айлын хоймор эзгүйрэхийг таашгүй...

 


ХҮҮГҮЙ ГЭР, ЦЭРЭГГҮЙ ХУАРАН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188