• Өнөөдөр 2024-04-26

Ц.БААТАР: Экологийн цагдаагийн албаныхан “Шинь Шинь” ХХК-иас авлига аваагүй гэдгийг баттай хэлнэ

2022-06-08,   633

        “Эргэлт.мн” мэдээллийн сайтын Эрэн сурвалжлах нэгдлээс Дорнод аймгийн Дашбалбар суманд үйл ажиллагаа явуулдаг Хятадын хөрөнгө оруулалттай “Шинь Шинь” ХХК-ийн хүн, малын эрүүл мэнд, амь насанд заналхийлэх химийн хортой бодисыг мэдсээр байж хөрсөнд шингээж, хордуулж байгаа ноцтой баримтыг таван цувралаар нийтэд дэлгэсэн.
Хамгийн ноцтой нь, “Шинь Шинь” ХХК-д Экологийн цагдаагийн албанаас хоёр жилийн хугацаанд хоёр ч удаа шинжээчийн баг томилж, хөрсний шинжилгээ авч, байгаль орчныг химийн бодисоор хордуулсан тухайн ноцтой дүгнэлт гаргасан атлаа тухайн дүгнэлтээ холбогдох байгууллагуудад хүргүүлээгүй, нуун дарагдуулсан гэх асуудал гарч ирсэн. Үүнээс улбаалж, Экологийн цагдаагийн албаны алба хаагчид болон Экологийн цагдаагийн албаны дарга Ш.Цогбаатар нар “Шинь Шинь” ХХК-иас авлига авсан байж болзошгүй гэх хардлага гараад байгаа юм. 
 
Тэгвэл өнөөдөр Экологийн цагдаагийн албанаас Эргэлт.мн мэдээллийн сайтын “Эрэн сурвалжлах нэгдэл”-ийн “Шинь Шинь” ХХК-тай холбоотой таван цуврал сурвалжилгын мөрөөр хэвлэлийн хурал хийлээ. Ингэхдээ "Экологийн цагдаагийн албаны удирдлагууд болон алба хаагчид “Шинь Шинь” ХХК-иас авлига авч байгаагүй” гэж гэлээ. 
 
Тодруулбал, Экологийн цагдаагийн албаны дэд дарга, хурандаа Ц.Баатар “Манай байгууллагын удирдлага болон албан хаагчдыг “Шинь шинь” ХХК-иас авлига авсан юм биш биз гэх хардлага гарч байна. Экологийн цагдаагийн алба болон “Шинь шинь” ХХК-ийн хооронд авлигын асуудал огт байхгүй. Харин ч “Шинь шинь” ХХК-ийн зүгээс “Та нар манай компанийг яллах гэж шинжилгээ хийж, байгаль орчинд хохирол учруулсан гэж дүгнэлт гаргалаа. Манайх ямар ч химийн бодис алдаагүй. Энэ дүгнэлт чинь буруу” гэж бидний дүгнэлтийг эсэргүүцсэн шахалт, шаардлага тавьж байгаа. Дээрээс нь БНХАУ-ын Элчин сайдын яамнаас ч гэсэн манай улсын Гадаад харилцааны яамаар дамжуулан бидэнд янз бүрийн байдлаар нот бичиг ирүүлж байгаа асуудал бий. Харин бид энэ бүх саад бэрхшээлийг туулаад, энэ хэргийг шүүхээр шийдвэрлүүлэх хүсэл зорилготой ажиллаж байгаа учраас энэ хэрэг өнөөдөр шүүхэд шилжихэд бэлэн болоод байна.  Хэрвээ ямар нэг ашиг сонирхлын зөрчил, авлига, хээл хахууль авсан гэх сэжигтэй үндэслэл байвал АТГ-аар шалгуулж болно. Бид авлига аваагүй, ашиг сонирхлын зөрчил байхгүй гэдгээ баттай хэлнэ" гэсэн юм. 
 

Ц.БААТАР: Экологийн цагдаагийн албаныхан “Шинь Шинь” ХХК-иас авлига аваагүй гэдгийг баттай хэлнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188