Цагдаагийн алба хаагч дүрэмт хувцастайгаа мансууруулах төрлийн ургамал хэрэглэж буй зураг цахим сүлжээнд тараад буй. Тэгвэл ЦЕГ-ын асуудлаар мөрдөн шалган ажиллагаа явуулж, мансууруулах бодис хэрэглэсэн цагдаагийн дэд ахлагч Ц.Мөнх-Эрдэнийг илрүүлэн, албанаас нь халж, хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаа аж.
Энэ талаар ЦЕГ-ын дэд дарга О.Амарсанаа “Цахим орчинд цагдаагийн дүрэмт хувцастай алба хаагч мансууруулах төрлийн ургамал татаж байгаа зураг нийтлэгдсэн. Энэ асуудал дээр цагдаагийн байгууллагаас хяналт шалгалт явуулж байгаа. Шалгалтын явцад Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн хэлтсийн хамгаалалтын хоёрдугаар тасгийн харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц. Мөнх-Эрдэнэ нь 2021 оны есдүгээр сарын 13-ний өдөр ажлаасаа буугаад албаны дүрэмт хувцастайгаа бусадтай нийлэн мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Одоогоор холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна. Мансууруулах бодис хэрэглэсэн энэ асуудал дээр Орхон аймаг дахь цагдаагийн газраас Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Уг асуудалд холбогдсон цагдаагийн алба хаагчийг албанаас дутагдлаар халах шийдвэрийг бид гаргасан. Цаашид мөрдөн шалгах ажиллагааг хуулийн хүрээнд үргэлжлүүлэн явуулах болно” гэлээ.

ЦЕГ: Мансуурсан цагдаагийн алба хаагчийг албанаас чөлөөлж, хэрэг үүсгэн шалгаж байна |
|