Ой зургаан сартай хүү шар усны үерт живж, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Энэ хэргийн мөрөөр дараах сурвалжилгыг бэлтгэлээ.
Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баянхайрхан хэсгийн 63 дугаар гудамжны .. тоотод ой зургаан сартай хүү аав, ээж, ах, эгчийн хамт амьдардаг байжээ. Аав, ээж нь ажилтай тул түүнийг ах, эгч нь өдөртөө харж үлддэг байсан гэх. Хүү өнгөрсөн баасан гарагт буюу гуравдугаар сарын 26-ны 14:50 цагийн үед хашааныхаа хаалгыг онгойлгож гараад, шар усны үерт урсаж амиа алдсан гэнэ.
2021.03.29 хүүхэд осолдсон газар хадаг уяжээ
Бид хүүгийн амьдардаг байсан хашааны үүдэнд хүрч очлоо. Тэдний хашаанаас аравхан алхмын зайтай булаг урсдаг юм байна. Булгийг гатлах модон гүүр байрлуулжээ. Хүү энэ хэсэгт осолдсон бололтой гүүрний урд талын модноос цэнхэр өнгийн хадаг уяад орхисон байлаа. Булгийн ус, уулнаас бууж ирсэн шар усны үертэй нийлж, энэ хавийг нэлэнхийд нь ус болгож орхиж. Хүүгийн амьдардаг байсан хашааны хойд талаар далан босгож байгаа бололтой хэсэг газарт шороо овоолсон байв. Ойр хавьд нь амьдарч байгаа хүмүүсийн хэлж буйгаар үерийн уснаас хамгаалах зориулалтаар далан босгож байгаа гэх. Гэхдээ шороо овоолж орхисноос өөр хийсэн ажил байхгүй гэнэ.
Талийгаач хүүгийн аав: Хүү минь 15:00 цагийн үед осолдож, Онцгой байдлын алба хаагчид хүүгийн минь цогцсыг уснаас гаргаж авсан гэсэн
Эзэн нь байхгүй хөлд оруулагч, гурван дугуйт хашааны үүдэнд харагдана. Өдөржин түрж гүйдэг байсныг нь илтгэж шавар, шавхай болсон байлаа. Бид талийгаач хүүгийн ар гэрийнхэнтэй уулзахаар хашааны хаалгыг тогшив. Хоёр цонхтой улаан тоосгон байшингийн хаалга нь онгорхой, яндангаар нь утаа суунаглаж харагдана. Хүүгийн аав О.Ганбат гэх 30 орчим насны залуу гарч ирээд, бие нь муу, сэтгэл санаа нь тавгүй байгаа талаараа бидэнд учирласан юм.

Тэрбээр “Манайх энд амьдраад таван жил болж байна. Газрын гэрчилгээтэй тул хашаандаа тухтай амьдрах гээд байшин барьсан. Манайх нэг охин, хоёр хүүтэй айл байсан юм. Эхнэр, бид хоёр ажилтай учраас хүүхдүүд маань эзэнгүй үлддэг. Гэхдээ том охин маань дүү нараа харах хэмжээний насанд хүрсэн. Бага хүүг маань хашааныхаа үүдэнд усанд осолдсон талаар хажуу айлын хүн өнгөрсөн баасан гарагийн 15:00 цагийн үед ярьсан. Хүүгийнхээ талаар сонсоод л ухаан алдчихсан байна лээ. Хүүгийн минь цогцсыг Онцгой байдлын алба хаагчид ирж гаргасан гэсэн байх. Саяхнаас л булаг гэсэж, шар ус урсаж байгаа учраас хүү минь гол руу сонирхоод оччихсон байх. Жаахан болохоор юугаа мэдэх билээ дээ. Энэ жил хөлд ороод, хорвоо дэлхийтэй танилцаж явсан нялх үр минь юм шүү дээ. Булаг хөлдүү байх үеэр нь хүүгээ энэ хэсэгт гаргаж ирж байсан удаатай. Тиймээс л сонирхоод оччихсон байх. Бидний сэтгэл санаа хүнд, эхнэрийн минь биеийн байдал муу байгаа. Юу болоод байгааг ч ойлгох ухаан алга. Өнөөдөр (өчигдөр) хүүгийнхээ шарилыг хөдөөлүүлсэн. Маргааш (өнөөдөр)-өөс цагдаагийн байгууллагаар явна. Өнгөрсөн жил хорооноос хүмүүс ирээд далан босгож, үерийн уснаас хамгаалахаар болсон гэж хэлсэн. Гэтэл одоо овоолсон шорооноос өөр зүйл алга. Хэрэв үерийн уснаас хамгаалах далан босгочихсон байсан бол миний хүү өнөөдөр амьд байх байсан” гэв.

Хүү энэ байшинд амьдардаг байжээ. 2021.03.29
Ажилдаа яваад ирэхэд нь хашааныхаа үүдэнд түнтэр, тантар алхаж ирээд тосдог үр нь бурхан болчихсон гэдэгт итгэж чадахгүй суугаа ээж. Дүүгээ харах “тушаал” авч гэртээ үлдсэн том эгч, ижилдэн гүйлдэж, инээж хөөрч, тоглоомоо булаацалдаж, ээжийнхээ хоёр мөөмийг хувааж идсэн дүү нь гэнэт байхгүй болчихсонд гайхаж суугаа гурван настай хүү. Хүүгийнхээ талаар ярьж чадахгүй хоолой чичрүүлж, нулимсаа арчиж зогсоо ааваас бид өөр зүйл асууж зүрхэлсэнгүй.
Баянхайрхан хэсгийн 1-90 дүгээр гудамжинд олон айл амьдардаг юм байна. Өөрөөр хэлбэл, энэ хэсгийн айлууд Баянхайрханаас урсах булгийг дагаж нутагладаг гэсэн үг. Усны тэрэг түрэх битгий хэл явган хүн ч явах аргагүй болтлоо шавар шавхай, устай болжээ. Булгийн эрэг дагуу суурьшсан айл болгон л хашааныхаа үүдэнд гүүр тавьжээ.
Талийгаач хүүгийн ар гэрийнхэн болон Баянхайрхан хэсгийн 62, 63 дугаар гудамжны оршин суугчид “Үерээс хамгаалсан даланг яаралтай босгох хэрэгтэй. Шар усны үерт дахин хүүхэд эндэхгүй гэх баталгаа алга” гэж байсан юм. Бид энэ талаар тодруулахаар Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны зохион байгуулагч С.Сүхцоожтой холбогдов.
Тэрбээр “Үерийн уснаас хамгаалсан даланг босгох ажлыг олон улсын компаниас санхүүжүүлж, газар шорооны ажлыг эхлүүлээд байгаа. Газар гэсэхээр ажил нь эхэлнэ. Баянхайрхан хэсэгт амьдарч байгаа айлууд голын ай сав газарт амьдардаг ч газрын гэрчилгээтэй. Ийм учраас аюулгүй байдлыг нь хангах үүднээс далан босгож байгаа. Газрын гэрчилгээг дүүргийн Газрын албанаас олгосон. Хүүхэд нь эндсэн айлын хашааны урд талаар горхи урсдаг. Горхи гатлах зориулалтаар гүүр тавьсан байсан чинь хүүхэд нь унаад амиа алдчихсан. Нялх хүүхдээ хараа хяналтгүй орхисон аав, ээжийн буруу шүү дээ” гэлээ.
Талийгаач хүүгийн аав О.ГАНБАТ: Хүүгээ усанд живсэнийг сонсоод ухаан алдчихсан байсан |
|