• Өнөөдөр 2024-05-18

Цэргийн анги дахь харгис дэглэлт, дарамт, зодуурыг таслан зогсооно гэсэн яасан бэ, Г.Сайханбаяр сайд аа

2021-03-29,   1008

            Цэргийн анги дахь харгис дэглэлт, дарамт, зодуурыг таслана зогсооно гэсэн яасан бэ, Г.Сайханбаяр сайд аа. Дахиад нэг цэрэг дээд тушаалтандаа ухаангүй болтлоо зодуулж, эмнэлэгт хүргэгдэж, үхэл, амьдралын заагт тарчилж байна. 
 

Өчигдөр Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салаан дарга, дэслэгч Г гэгч нь цэргийн ангидаа архи ууж, улмаар байлдагч Б-г ухаангүй болтол нь зодож танхайрсан хэрэг гарчээ. Зодуулсан байлдагч Б Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа бөгөөд одоог хүртэл ухаан ороогүй, биеийн байдал нь хүнд байна гэх. Хүүгээ “Эр хүн болоод ир” гэж цэрэгт мордуулсан аав, ээж хоёр нь одоо ухаангүй хэвтэх хүүгээ сахиж байна шүү дээ. Тэд тавхан сарын өмнө хүүгээ цэрэгт явуулахдаа эх орноо хамгаалсан эр хүн болоод ирнэ гэж ямар их баяртай үдсэн бол. Даанч одоо хүү нь хэзээ ухаан орох нь тодорхойгүй байна. 

Зэвсэг хүчний 326 дугаар ангийн захирагч С.Батболдоос энэ талаар тодруулхад “Би ангийн нийт бие бүрэлдэхүүнийхээ 60 хувийг аваад хээрийн сургуулилтад гарсан байгаа. Штабын дарга маань энэ асуудлыг тодруулахаар Улаанбаатар хот руу явсан. Согтуу үедээ анги руу нэвтэрсэн уу, анги руу нууцаар архи оруулж уусан уу гэдгийг удахгүй тодруулна. Энэ хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн” гэх мэдээллийг өгч байна. Өөрөөр хэлбэл, “Бурхангүй газрын бумба галзуурна” гэгч болж 326 дугаар ангийн салаан дарга, дэслэгч Г нь удирдлагуудынхаа эзгүй үеийг ашиглан анги дээрээ архидан согтуурч, байлдагч нараа зодож танхайрчээ. Улбар шар түвшинд шилжиж, хүнд цаг нөхцөлтэй нүүр тулж байгаа энэ үед цэргийн ангиудыг яагаад хээр гаргах тушаал гаргасан юм бэ. Хээрийн бэлтгэлд гарахдаа үлдээж байгаа байлдагч, офицеруудаа яагаад хараа хяналтгүй үлдээсэн юм бэ.
 
Хэрвээ өчигдөр Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн захирагч, удирдлагууд нь анги дээрээ байсан бол дэслэгч Г архи ууж, танхайрч чадахгүй, байлдагч Б өнөөдөр эрүүл саруул жагсаал дундаа алхаж явах байлаа. 
 
Үүнээс өмнө цэргийн алба хааж байхдаа зодуулж, дэглүүлж амиа алдсан, насан туршдаа эрэмдэг болсон хэд хэдэн тохиолдлууд гарч байлаа. Тухайлбал, 2017 оны нэгдүгээр сарын 17-нд Дорноговь аймгийн Зүүнбаяр суманд байрлах Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан байлдагч ахлагчдаа дэглүүлж, дүн өвлийн хүйтэнд хөл нүцгэн манаанд гарснаас болж хөлийнхөө есөн хурууг хөлдөөж, тайруулж байсан. 2019 оны нэгдүгээр сарын 22-нд тус ангид алба хааж байсан 19 настай А мөн л дээд тушаалтнууддаа дэглүүлж, зодуулсны улмаас амиа алдсан. Хамгийн сүүлд өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн байлдагч нар хал цэргүүддээ дэглүүлж буй бичлэг цахим орчинд цацагдсан. Хэдийгээр эрэмдэг болгож, аминд хүрээгүй боловч ёс бус үгээр доромжилж, дуулж, бүжиглэхийг байлдагч нараас шаардаж буй хал цэргүүдийн тэр бичлэг олон нийтийн уур бухимдлыг төрүүлж, хал цэрэг, дээд тушаалтны дэглэлт одоог хүртэл байсаар байгаа юм бол голомт залгах ганц хүүгээ цэрэгт мордуулахгүй гэж эцэг эхчүүд давлагаалсан. Салбар яам нь тухайн хал цэргүүдийг олсон, хариуцлага тооцох гэж байгаа гээд л чимээгүй болсон. Гэтэл одоо нэг цэрэг ухаангүй эмнэлэгт хэвтэж байна. Эмч нарын хэлж байгаагаар гэмтэл их авсан учраас хэзээ ухаан орох нь тодорхой бус байгаа гэнэ. 

          Байлдагч нараа ёс бус аргаар дэглэж, зодож, дарамталж, үүнийгээ цэргийн албанд байх ёстой зүйл мэт шаарддаг “хурган” албан хаагчиддаа хариуцлага тооцно гэсэн бас яасан бэ, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр аа. Эр хүн болно гэж цэргийн албанд мордсон залуучууд дээд тушаалтныхаа гарын шүүс болж амиа алддаг, эсвэл эрэмдэг зэрэмдэг болж халагддаг гажуудсан тогтолцоог хэзээ өөрчлөх вэ. Салбартаа яаралтай шинэчлэл хийж, улиг болсон зодуур, дэглэлтийг халахгүй бол эх орноо хамгаалахаар цэргийн албанд морддог залуусгүй болох нь ээ. Хүйтэн цемент дээр хөл нүцгэн гүйлгэдэг юм бол, дээд тушаалтнууд нь цэргийн ангидаа архи ууж, байлдагч нараа зоддог юм бол, ухаангүй болтол зодчихоод цэрэгт хүнд шанаа хүртээх ёстой гэж пээдэлздэг хурган дарга нараар зэвсэгт хүчин дүүрсэн юм бол цэргийн алба хаахгүй гэх залуучууд олон болж байна, Г.Сайханбаяр сайд аа. 

 

Цэргийн анги дахь харгис дэглэлт, дарамт, зодуурыг таслан зогсооно гэсэн яасан бэ, Г.Сайханбаяр сайд аа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188