• Өнөөдөр 2024-05-19

Коронавирусийн шинжилгээний хариу хуурамчаар гаргаж, дамлан зардаг ХӨСҮТ-ийн бүлэглэлийг шалгаж эхэлжээ

2021-03-24,   827

-ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ХУУРАМЧААР ГАРГАДАГ БАЙСАН СУВИЛАГЧИД ХАРИУЦЛАГА ТООЦООГҮЙ БАЙНА ГЭЛЭЭ-

          ХӨСҮТ-ийн сувилагч иргэдийн PCR шинжилгээний хариуг хуурамчаар үйлдэж, улмаар коронавирусийн халдвар нийслэлээс орон нутаг руу зөөвөрлөгдөн тархсан байж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа билээ. ХӨСҮТ-ийн эмч, ажилтнууд иргэдийн шинжилгээний хариуг хуурамчаар гаргаж өгөн зарахаас гадна өөр олон ноцтой зөрчил гаргасныг илрүүлснээ Шадар сайд С.Амарсайхан өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. 
         Үүнийг улс орны эсрэг үйлдсэн гэмт хэрэг байж болзошгүй хэмээн цагдаагийн байгууллагаас шалгаж эхлээд байгаа юм. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны сувилагч өөрийн хамаарал бүхий иргэнд PCR шинжилгээний хариуг хуурамчаар үйлдэж өгсөн. Үүнийг цагдаагийн байгууллага гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэж, шалгаж байна. Түүнчлэн ХӨСҮТ-ийн албан тушаалтнууд цар тахлын үед хууль бусаар тендер зохион байгуулж, мөнгө завшсан талаарх гомдол УОК-т ирсэн. Цагдаагийн байгууллага энэ асуудлыг шалган албан тушаалтнуудтай холбоотой гэж үзээд АТГ руу шилжүүлсэн” гэсэн юм. 

                    Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Иргэдийн шинжилгээний хариуг хуурамчаар үйлдсэн сувилагч нь тусгаарлалтад байгаа юм билээ. Одоогоор түүнийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа ч ажлаас нь халаагүй байгаа гэсэн. Гэхдээ ганцхан сувилагч ч бус хууль бусаар шинжилгээний хариу гаргаж, дамлан зардаг бүлэглэл ХӨСҮТ-д бий болсон байх магадлал байгаа. Олон оролцогчтой хэрэг юм билээ. ХӨСҮТ-д коронавирус илрүүлэх дөрвөн лаборатори байдаг. Үүний нэг нь шинжилгээний хариу хуурамчаар гаргаж, нэг тус бүрийг 60 мянган төгрөгөөр зардаг байсан гэсэн” гэв. 

         Харин өөр нэг эх сурвалж “ХӨСҮТ-ийн удирдлага солигдсоноор энэ хэрэг дарагдаад өнгөрөх шинжтэй байгаа. Цагдаагийн байгууллагаас ганцхан сувилагчийг цохож хэлээд байгааг ойлгохгүй байна. Энэ чинь шинжилгээ авдаг сувилагч, хариу гаргадаг лабораторийн оношлогч, сорьц тээвэрлэдэг жолооч, сайт руу шивдэг ажилтнууд гээд олон хүнтэй хамааралтай ажил. Бүгд л хамтран оролцож, ашгаа хуваадаг байсан байж таараа. Бүгдийнх нь нэрийг зарлаж, анхааруулах хэрэгтэй. Нийтээрээ аюулт өвчнөөс айж, болгоомжилж, чадлынхаа хэрээр урьдчилан сэргийлж байхад тангараг өргөсөн эмч, эмнэлгийн ажилтнууд нь ийм хариуцлагагүй, хууль бус, хүн үнэмшмээргүй зүйл хийж ирсэн байж болохгүй. Коронавирусийн халдвартай хэчнээн иргэнд худал хариу гаргаж өгч, орон нутаг руу явуулж, халдварт өвчнийг тараасан бэ гэдгийг хэн тогтоох юм бэ” гэсэн юм. 
 
Коронавирусийн халдвартай хэчнээн иргэнд худал хариу гаргаж өгч, орон нутаг руу явуулж, тараасан бэ гэдгийг хэн тогтоох юм бэ

Коронавирусийн шинжилгээний хариу хуурамчаар гаргаж, дамлан зардаг ХӨСҮТ-ийн бүлэглэлийг шалгаж эхэлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188