• Өнөөдөр 2024-05-18

Т.Чимгээг мансууруулж, гүйцэтгэх ажиллагаа явуулсан хүмүүс хэн бэ

2021-03-12,   1918

             Засгийн газар “С.Зориг хэрэг”-ээр 20 жилийн ял авсан Т.Чимгээг эрүүдэн шүүсэн эсэхтэй холбоотой бичлэг, нотлох баримтыг өөрийнх нь хүсэлтээр гурав хоногийн өмнө улсын нууцаас гаргасан. Энэ хүрээнд Т.Чимгээг мансууруулан, нүцгэн зургийг нь авч, гар, хөлийн хурууны хээг нь авч буй бичлэгээс хэт ёс бус зүйлсийг нь хасаж, нийт хоёр минут 52 секундын бичлэгийг олон нийтэд цацлаа. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Энэ бол хууль бус гүйцэтгэх ажил, эрүүдэн шүүлт” гэж тодотгосон. Өмнө нь буюу 2019 оны гуравдугаар сарын 29-нд мөн Засгийн газрын шийдвэрээр Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж буй бичлэгийн тодорхой хэсгийг нууцын зэрэглэлээс гаргаж, 27 минут найман секундын бичлэгийг УИХ-ын гишүүд болон сэтгүүлчдэд үзүүлсэн байдаг. Эл бичлэгний 25 минут нь Б.Содномдаржааг эрүүдэн шүүж буй бичлэг байсан бол хоёр минут орчим нь Т.Чимгээд холбогдох бичлэг байсан. Тэгвэл энэ удаад дээрх бичлэгнээс өмнөх цаг хугацаанд хийгдсэн, зөвхөн Т.Чимгээд холбогдох буюу түүнд гүйцэтгэх ажил явуулж буй бичлэгийг ил болголоо. 2019 оны бичлэгнээс ялгаатай буюу ноцтой нь түүнийг мансууруулж, улмаар эрхэнд нь ноцтой халдаж, нүцгэн зургийг нь авч байгаа тухай эл бичлэгт гарна. Т.Чимгээ эл бичлэг 2015 онд өөрийг нь хоригдохоос өмнө “Тэрэлж” зочид буудалд хийгдсэн гэж мэдүүлээд байгаа юм. Тэгвэл уг бичлэгт анализ хийж үзье
 

Хоёр минут 52 секундын бичлэг ба гурван “Х”

 
Т.Чимгээд гүйцэтгэх ажиллагаа явуулж, эрүүдэн шүүж буй хоёр минут 52 секундын бичлэг яагаан срочиктой, спорт халимаг засалттай үстэй, бадриун биетэй 30 гаруй насны залуу  Т.Чимгээг түшин сандал дээр суулгаж буйгаар эхэлдэг. Түүнийг “Х” хүн гэе. Т.Чимгээ сандал дээр хөдөлгөөнгүй сууж үлдээд, “Х” хүн өөр өрөө рүү орно. Эхний есөн секундын бичлэг ингээд дуусна. Харин 10 дахь секундээс Т.Чимгээ орон дээр өөрийн ухаангүй, бас ямар ч хувцасгүй хэвтэж байгаагаар бичлэг үргэлжилнэ. Түүний дэргэд гурван “Х” хүн байх бөгөөд уг өрөөнд анх Т.Чимгээг оруулж ирсэн “Х” хүн цээж нүцгэн байх бол нөгөө хоёр “Х” хүн нь хар өнгийн малгайтай цамцтай байна. Сандал дээр сууж байсан Т.Чимгээг хэрхэн орон дээр хэвтүүлсэн, гаднаас хоёр “Х” хүн яаж орж ирсэн, хувцсыг нь хэн нь яаж тайлсан тухай хэсгийг Т.Чимгээ олон нийтэд үзүүлэхийг хүсээгүй учраас ийн хасаж монтажилжээ. Анхны “Х” хүн хоёрдох “Х” хүний хамтаар өөрийн ухаангүй хэвтэх Т.Чимгээгийн гарын хээг цаасан дээр дардаслан авч, гуравдагч “Х” хүн нь Т.Чимгээгийн хоёр хөлийг дэлгэж, чанх урдаас нь ёс бус зураг авч буй нь бичлэгт үлджээ. Үүний дараа “Х”-үүд Т.Чимгээгийн хоёр хөлийг нийлүүлэн цааш эргүүлж, ардаас нь мөн л зураг авч байх аж. Т.Чимгээгийн олон нийтэд ил болгохыг хүссэн бичлэг нь энэ. Хамгийн ноцтой нь энэ бичлэг хийгдэх үед дарсан Т.Чимгээгийн нүцгэн зурагнуудаа нөхөрт нь илгээж, бичлэгийг нь үзүүлсэн гэх. 
 

Т.Чимгээ болон Х.Нямбаатар бичлэгний тухай 

 
“Тэрэлж” зочид буудалд өрнөсөн эл гүйцэтгэх ажиллагааны тухай Т.Чимгээ “Би тухайн үед 50 орчим грамм архи ууснаа санадаг. Тэрэн дотор юм хийж намайг мансууруулсан. Түүнээс цааш ухаан балартаж, юу болсныг санахгүй байгаа” гэж тайлбарласан гэх. Түүний энэ тайлбар нь гүйцэтгэх ажиллагааны явцад Т.Чимгээгийн уусан архинд мансууруулах, гүн нойрсуулах үйлчилгээтэй бодис хийсэн. Улмаар түүнийг өөрийн ухаангүй болсны дараа гар, хөлийн хээг нь авах, нүцгэн зургийг нь дарах гүйцэтгэх ажиллагаагаа хийсэн гэж үзэх үндэслэл болжээ. 
Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Ял эдэлж байсан Ц.Амгаланбаатар нь хамт хоригдож байсан нэг ялтнаа энэ хэргийг хамт хүлээе хэмээн ятгасан байдаг юм билээ. Тухайн хүнийг зөвшөөрөөгүйнх нь төлөө түүнийг гянданд найман сар дэглэм дээшлүүлж хорьсон, тэр хүн одоо ч бий. Тиймээс бүтэлгүйтсэн Ц.Амгаланбаатар мэдүүлэгтээ би С.Зориг агсны хэргийг бусадтай хамтарч үйлдсэн гээд  Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг дурдсан. Улмаар Т.Чимгээ рүү олон удаа ёс бус үг хэллэгтэй мессэж бичиж, "хэргээ хүлээ" гэж дарамталж эхэлсэн. Яг энэ үед нь бичлэг дээр гарч байгаа цээж нүцгэн залуу гэнэт гарч ирээд Т.Чимгээ рүү мессэж бичиж танилцсан. Т.Чимгээ түүнд "намайг шоронгоос дарамтлаад байна" гэдэг учраа хэлхэд "би чамд туслана, зөвлөгөө өгнө" гэх байдлаар харилцаагаа улам дотно болгож, итгэлийг нь олсон. Үүнийхээ "Тэрэлж" зочид буудалд аваачиж, архи уулгаж, гүйцэтгэх ажиллагаа явуулсан” гэж тайлбарласан. 
 

Т.Чимгээд явуулсан гүйцэтгэх ажиллагаа холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн

 
Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 2 дугаар зүйлд “Үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалах зорилгоор төрийн эрх бүхий байгууллагаас ердийн ба тусгай, нууц арга, хэрэгсэл ашиглан явуулж байгаа мэдээ, мэдээлэл, баримт бичиг, нотолгоо эрж олох, цуглуулах, шалгах үйл ажиллагааг гүйцэтгэх ажил гэнэ” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх ажиллагааг ихэвчлэн тагнуулын байгууллагын ажилтнууд тодорхой хууль журмын хүрээнд баримт, нотолгоо олон зорилгоор гүйцэтгэдэг. Ингэхдээ тухайн гүйцэтгэх ажиллагааг нарийн зохион байгуулалт, өндөр нууцлалын дор явуулах бөгөөд ажиллагааг гүйцэтгэгч, удирдан зохион байгуулагч л энэ ажиллагааны тухай мэдэж байна. Гүйцэтгэх ажиллагааны төлөвлөгөөг тухайн объектын онцлог ба сул тал дээр түшиглэн гаргана. Гэхдээ шууд болон шууд бусаар ажиллагааг явуулдаг аж. Жишээ нь архинд дуртай хүн байвал хамт архи ууж, нууцыг нь яриулна, эмэгтэй хүнд дуртай хүн байвал залуухан бүсгүйтэй танилцуулна гэх мэтээр шууд арга хэлбэрээр явуулдаг арга бий. Эсвэл ажил болон амьдардаг газрынх нь камерийн бичлэгийг олж авах, хянах, баримт болгож ашиглах, нууцаар дагах, гар утас, харилцааг холбоог нь чагнах гэх мэт шууд бус хэлбэрүүд ч байдаг аж. Т.Чимгээд гүйцэтгэх ажиллагаа явуулсан арга хэлбэрийн хувьд шууд буюу түүнтэй “нууц ажилтан” энгийн нэг залуугийн дүр эсгэн танилцаж, мессэжээр харилцаж, улмаар дотно болж, итгэлийг нь олсныхоо дараа зочид буудалд уулзаж, архи уулгасан байгаа юм. Ингэхдээ мансууруулсан, гар хөл хурууны хээг нь авч, ёс бус зураг авч, бичлэг хийсэн, түүнийгээ гэр бүлийн хүнд нь илгээсэн зэрэг  нь гүйцэтгэх ажлын болон бусад хууль тогтоомжид харшилсан буюу ноцтой зөрчсөн үйлдэл юм. 

“С.Зоригийн хэрэг” ба  мансууруулах бодис ашигласан гэх хоёр тохиолдол

 
ТЕГ-ын дарга асан Б.Хурц “С.Зоригийн хэрэг”-т сэжиглэгдэж байсан Д.Энхбат агсныг Герман, Францын хил дамнуулан хулгайлж авчирсан бараан түүхийг нийгэмд даяараа одоо ч мартаагүй.  Д.Энхбат агсны хүүхдүүд 2011 оны есдүгээр сарын 11-ний өдөр Берлиний талд өргөдөл гаргасан байдаг.  Тус өргөдөлд “Б.Хурц нь  манай аавыг ямар нэгэн хордуулах зүйлээр тарилга хийж  ухаангүй муужруулан, “Манай ажилтны бие нь муу байгаа”  гэж худал мэдүүлэн Берлин дахь Тегел нисэх буудлын  хилээр нэвтрэн гарсан.  Б.Хурц нь  хүний ухаан санааг мансууруулдаг хорт бодис тээж олон улсын хилээр дамжин өнгөрсөн, хүний эрх чөлөөг ноцтойгоор зөрчин хүн хулгайлсан, хүний биед халдаж эрүүл мэндэд нь ноцтой хохирол учруулсан, гэмт үйлдэлдээ дипломат номертой машин ашигласан” гэж бичсэн байдаг. Өөрөөр хэлбэл “С.Зоригийн хэрэг”-т сэжиглэгдэж байсан Д.Энхбат агсныг хил дамнуулан авчрахдаа мансууруулах бодис ашигласан, удаан хугацаанд ухаангүй байлгах замаар саадгүй тээвэрлэсэн гэдэг асуудал тухайн үедээ дуулиан болж байлаа. Тэгвэл Т.Чимгээг мөн “С.Зоригийн хэрэг”-т сэжиглэж байхдаа баримт, нотолгоо цуглуулах, ар гэрт нь дарамт үзүүлэх бичлэг, зураг авахын тулд мансууруулсан нь олон нийтэд ил болоод байна. Өөрөөр хэлбэл “С.Зоригийн хэрэг”-т холбогдуулж мансууруулсан эхний хүн нь Д.Энхбат байсан бол хоёр дахь нь Т.Чимгээ болжээ. Тэр хоёрт ямар төрлийн мансууруулах бодис ашигласан нь мэдэхгүй аргагүй нууц буюу зөвхөн тус ажиллагаанд оролцсон “нууц ажилтан”-ууд л мэдэж байгаа. 
 

Т.Чимгээд гүйцэтгэх ажиллагаа явуулсан “Х”-үүд хэн байв

 
Засгийн газрын шийдвэрээр 2019 оны гуравдугаар сарын 29-нд нууцын зэрэглэлээс гаргасан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн 27 минутын эрүүдэн шүүлтийн бичлэгтэй холбогдуулж ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, мөрдөгч, хурандаа О.Бархасбадь, О.Бямбажав, Гүйцэтгэх албаны ажилтан С.Баяр, Ж.Мөнхгал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хэлтсийн дарга, хурандаа Ү.Отгонбаяр, мөн газры Цагдан хорих ангийн төлөөлөгч С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарын есөн хүнийг буруутган шалгаж, Төв аймгийн шүүхэд шилжүүлсэн байдаг. Гэвч энэ хэрэг анхан болон давж заалдах шатны шүүхээр нийт зургаан удаа орсон ч өнөөдрийг хүртэл эцэслэн шийдэгдээгүй байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нарын олон нийтэд өгсөн мэдээллээс үзсэн Т.Чимгээд гүйцэтгэх ажиллагаа явуулж, мансууруулж, хууль бусаар гарын хээ, зураг бичлэг олж авсан “Х”-үүд дээрх есөн хүн дотор байх магадлалтай гэнэ. 
Эцэст нь, энэ бичлэг бол Т.Чимгээд гүйцэтгэх ажиллагаа явуулж, улмаар эрүүдэн шүүх замаар хэрэг хүлээлгэснийг нотлох хамгийн ноцтой баримт. Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутгагдсан ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүн ял авах уу, үгүй юу гэдгийг эцэслэн шийдвэрлэхэд энэ бичлэг тус болно. Хэрвээ тэд эрүүдэн шүүсэн нь эцэслэн тогтоогдвол Т.Чимгээ нарт оноосон 20 жилийн ялыг хүчингүйд тооцож, хэргийг эхнээс нь шалгаж эхлэнэ. Тийм ч учраас Т.Чимгээ өөрийг нь ёс бусаар гүйцэтгэх ажиллагаанд оруулж буй бичлэгийг олон нийтэд цацахыг зөвшөөрсөн биз ээ. 
 

Т.Чимгээг мансууруулж, гүйцэтгэх ажиллагаа явуулсан хүмүүс хэн бэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188