• Өнөөдөр 2024-05-19

ЭРГЭЛТИЙН ОНЦЛОХ НИЙТЛЭЛ: “Улаан чулуут” хогийн цэгт ЭМНЭЛГИЙН ЦУСТАЙ ХУРУУ ШИЛ, ЗҮҮ ТАРИУР, ШИНЖИЛГЭЭНИЙ ДЭЭЖ, АМНЫ ХААЛТНЫ ХОГОН ОВОО бий болж, нохой, шувуу шавж байна

2020-12-20,   1047

Ergelt.mn мэдээллийн сайт өнгөрсөн долоо хоногийн онцлох нийтлэлээр “Улаан чулуут” хогийн цэгт эмнэлгийн цустай хуруу шил, зүү тариур, шинжилгээний дээж, амны хаалтны хогон овоо бий болж, нохой, шувуу шавж байна-I, II” цуврал сурвалжилгыг онцолж байна.

Тодруулбал, бид өнгөрсөн лхагва гарагт эмнэлгийн аюултай хог хаягдал устгах монополь эрхтэй “Элемент медикал” ХХК-ийн “Улаан чулуут” хогийн цэгт байрлах эзэмшил талбайд хэмжээний эмнэлгийн аюултай хог хаягдал ил хөглөрч, халдвар тараах ноцтой эрсдэл бий болгоод байгааг эрэн сурвалжилж, олон нийтэд хүргэсэн.  “Элемент медикал”ХХК-ийн эмнэлгийн аюултай хог хаягдал булж, устгадаг талбай дээр улаан, шар, хар ууттай, гаднаа “Эмнэлгийн аюултай хог хаягдал” гэсэн тэмдэглэгээтэй хогон овоолго бий болж, ихэнх уутыг нь нохой, шувуу урж, задалсан байв. Хогон дунд цустай хуруу шил, цустай уут, зүү, тариур, дуслын системүүд, коронавирусийн эмчилгээ, оношилгоонд ашигласан байж болзошгүй шинжилгээний нэг удаагийн оношилуурууд, сорьцын шил, халдвар хамгааллын хувцас, хэрэглэлүүд ил хөглөрч, халдвар тархах ноцтой нөхцөл байдал бий болгоод байгааг баримттайгаар эрэн сурвалжилж, холбогдох төр захиргааны, хууль хяналтын байгууллагуудад уламжилсан.

“ЭЛЕМЕНТ МЕДИКАЛ”ХХК БАРИМТЫГ ҮГҮЙСГЭСЭН Ч ЭЦА, МХЕГ ЭЛ АСУУДЛЫГ ШАЛГАЖ ЭХЭЛСНЭЭР ҮНЭНД ГҮЙЦЭГДЭВ

Манай сайт “Элемет медикал”ХХК-иас “Улаан чулуут” хогийн цэгт байрлах эзэмшил талбайд яагаад их хэмжээний эмнэлгийн аюултай хог хаягдал ил овоолоостой байгааг тодруулсан. Гэвч “Элемент медикал”ХХК хөдөлшгүй баримтын эсрэг “Манай компанитай гэрээтэй эмнэлгийн хог биш байна. Манай компани эмнэлгүүдээс цуглуулсан бүх аюултай хог хаягдлуудаа бүрэн халдваргүйжүүлж, булж устгадаг гэдгээ нэр төртэйгөөр мэдэгдэж байна” хэмээн эрс үгүйсгэсэн тайлбар хийсэн байдаг. Улмаар тухайн их хэмжээний эмнэлгийн аюултай хог хаягдлыг “Элемент медикал”ХХК асгасан уу, аль нэг эмнэлэг тус компанийн талбай дээр дур мэдэн хогоо асгасан уу гэдгийг тогтоохоор Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хамтарсан ажлын хэсэг гарч, “Элемент медикал” ХХК-ийн эмнэлгийн аюултай хог устгалын үйлдвэр, ландфиллын талбайд үзлэг, шалгалт хийсэн юм. Тухайн аюултай хог хаягдал нь Улсын мал эмнэлгийн лабораторийн 196 кг, бусад эмнэлгийн холилдсон нийт 350 килограмм хог байсан. Ингэхдээ “Элемент медикал” ХХК-ийн жолооч энэ сарын 9-нд огт халдваргүйжүүлэлт, устгалд оруулахгүйгээр шууд ил асгасан болох нь шалгалтын явцад тогтоогдож, түүнд  эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм.
 
“Элемент медикал” ХХК анх “Энэ манай хог биш болохыг нэр төртэйгөөр мэдэгдэж байна” хэмээн өөрсдөөсөө бултуулж байсан ч тус компанийн хог мөн болох нь ийнхүү тогтоогдсон юм. Түүнчлэн “Манай компани эмнэлгийн аюултай хог хаягдлаа өдөр бүр булж, устгадаг” хэмээн тайлбарлаж байлаа.  “Улаан чулуут” хогийн цэгт байрлах тус компанийн устгалын талбай дээр аюултай хог хаягдал долоо хоног ил байсан нь тогтоогдсон юм.

 

КОРОНАВИРУСИЙН ЭМЧИЛГЭЭ, ОНОШЛОГООНД АШИГЛАГДСАН АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДАЛ МӨН, БИШ

Экологийн цагдаагийн алба, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хамтарсан баг “Элемент медикал”ХХК-д холбогдох буюу коронавирусийн эмчилгээ, оношлогоонд ашигласан ч байж болзошгүй эмнэлгийн аюултай хог хаягдлыг ил асгаж, хүн амын эрүүл мэнд, байгаль экологид аюул заналхийлсэн эл хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа. Урьдчилсан байдлаар дээрх 350 килограмм улаан, шар, хар ууттай болон цаасан хайрцагтай хогон дунд Улсын мал эмнэлгийн лабораторийн гоц халдвар өвчний тандалт, шинжилгээний сорьц, савнууд байсан нь ил болсон. Тодруулбал, Улсын мал эмнэлгийн лаборатори энэ сарын 8-нд 10 ширхэг улаан ууттай хог “Элемент медикал” компаниар ачуулсан гэдгээ мэдэгдээд байгаа. Харин шар, хар ууттай болох цаасан хайрцагтай хог нь аль эмнэлгийн болох нь хараахан тогтоогдоогүй. Аль эмнэлгийн хог байснаас шалтгаалж коронавирусийн эмчилгээ, шинжилгээнд ашиглагдсан зүйлс байсан эсэх нь тодорхой болно гэж мэдэгдээд байгаа юм.
 
Хамгийн гол нь коронавирусийн эмчилгээ, оношилгооных ч бай, малын гоц халдварын эмчилгээ, оношилгооных уу ялгаагүй хүн амын эрүүл мэнд, байгаль экологид эрсдэл үүсгэх үйлдэл мөн юм.

ЭНЭ ХЭРЭГ ТӨР, ЗАХИРГААНЫ БОЛОН ХОЛБОГДОХ ХУУЛЬ, ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДАД СОНОР СЭРЭМЖЭЭ ДЭЭШЛҮҮЛЭХ, ХЯНАЛТ ШАЛГАЛТАА САЙЖРУУЛАХ САНУУЛГА БОЛЛОО

Хэрвээ коронавирусийн халдвартай нь батлагдсан 918 өвчтөний эмчилгээнд ашигласан зүү тариур, амны хаалт, эм бэлдмэлийн сав, цусны сорьцууд, тэдний ойрын болон дам хавьталд, тусгаарлалтад байгаа иргэдийн хэдэн арван сая ширхэг шинжилгээний дээж, халдварын голомтод ажиллаж байгаа 2500 орчим эмч, ажилтны халдвар хамгааллын хувцас хэрэглэл, нийслэлийн “Нэг өрх-Нэг иргэн” шинжилгээнд хамрагдсан 72 мянган иргэний сорьц энэ мэтээр хогийн цэг дээр ил хэвтэж байгаа бол салхинд хийсэх, нохой, шувуу аюултай хаягдлыг зууж, нийслэлд, хүн амын дунд орхих, цаашлаад нохой, шувуу коронавирусийн халдвар тээгч болж, хүмүүст халдаах эрсдэл маш өндөр байгааг  “Элемент медикал” ХХК-ийн энэ хэрэг Эрүүл мэндийн яам, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн онцгой комисс, Экологийн цагдаагийн албанд санууллаа.

МОНОПОЛЬ ЭРХТЭЙ “ЭЛЕМЕНТ МЕДИКАЛ” ХХК-Д ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЭСЭХИЙГ ХАРАХ Л ҮЛДЛЭЭ

Улаанбаатар хотын хэмжээнд эмнэлгийн аюултай хог хаягдлыг тээвэрлэж, устгах тусгай зөвшөөрөлтэй хоёрхон компани байдаг. Нэг нь Налайх дүүрэгт байрладаг “Элемент”ХХК, нөгөө нь “Улаан чулуут”-д байрладаг, тус компанийн охин компани буюу “Элемент медикал”ХХК. “Элемент” ХХК нь 2009 оноос хойш эмнэлгийн аюултай хог хаягдлыг тээвэрлэх, устгах ажилд монополь байгаа төдийгүй, “Элемент медикал” гэх ижил чиглэлийн охин компанитай болж, цар хүрээгээ өргөжүүлж буй.
“Элемент медикал” ХХК нь цар тахлын энэ үед Улаанбаатар хотын улсын болон хувийн бүх шатлалын 1400 орчим эмнэлэг, тэр дундаа коронавирусийн халдвартай өвчтөнүүдэд эмчилгээ хийж байгаа ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, болон сорьцуудыг шинжилж байгаа лабораториуд, тусгаарлах 17 байрнаас гарч байгаа эм, эмнэлгийн холбогдолтой аюултай хог хаягдлыг тээвэрлэх, булж, шатааж устгах үйл ажиллагааг хариуцаж байгаа. Ингэхдээ эмнэлгийн том, жижгээс нь хамаарч сард 30 мянган төгрөгөөс 3.5 сая төгрөгийн хооронд үнийн дүнтэй гэрээ хийж, аюултай хог хаягдлуудыг нь тээвэрлэх, үйлчилгээ үзүүлдэг. Гэвч гэрээний мөнгөө нэг төгрөг ч дутаахгүй авдаг тус компани өнгөрсөн хугацаанд эмнэлгийн аюултай хог хаягдал ил задгай асгасан асуудлаар удаа дараа алдаа, зөрчил гаргаж, торгуулах төдийхнөөр хэргээс мултарч байжээ.
 
Цар тахлын аюул заналхийлж байгаа энэ үед ч тус компани мөн л алдаа гаргалаа. Монополь эрхтэйгээрээ түрий барьж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлдэггүй, алдаа гаргахаараа хэдэн төгрөгөөр асуудлаас мултардаг, эмнэлгийн аюултай хог хаягдлаар хүн ам, байгаль экологид заналхийлдэг “Элемент” ХХК, “Элемент медикал” ХХК гэх нэг халаастай хоёр компанид Эрүүл мэндийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам ямар хариуцлага тооцохыг харах л үлдэж байна.

ЭРГЭЛТИЙН ОНЦЛОХ НИЙТЛЭЛ: “Улаан чулуут” хогийн цэгт ЭМНЭЛГИЙН ЦУСТАЙ ХУРУУ ШИЛ, ЗҮҮ ТАРИУР, ШИНЖИЛГЭЭНИЙ ДЭЭЖ, АМНЫ ХААЛТНЫ ХОГОН ОВОО бий болж, нохой, шувуу шавж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-21 11:49:01
    Зочин: Энэхүү мэдээллийг эрэн сурвалжилж байгаа Эргэлтийн хамт олон мундаг байна. Гэхдээ бид бүхэн бас эдгээр байгууллагуудыг шүүмжлэхээс илүүтэйгээр бас нөгөө өнцөгөөс нь харж болох миний бодлоор эдгээр 2 компани нь энэхүү халдварт өвчний дэгдэлтийн үед халдвартын голомт, эрсдэлтэй бүсэд хойш суухгүй ажиллаж байгаа байгууллагуудын нэг юм. Мэдээ мэдээллийг харахнээ хог хаягдал устгалын хэмжээ нэлээд их хэмжээгээр нэмэгдсэн гэсэн мэдээлэл уншиж байсан. Бид бүхэн эмнэлэг эрүүл мэндийн байгууллагын ажилчдаа магтаж сайшааж ярьдгаас мөн тэдэнтэй ижилхэн халдвартай, эрсдэлтэй бүсэд ажиллаж байгаа эдгээр хамт олонг ярьж урам өгсөн удаа байгаа билүү бид бас бодох л асуудал.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-20 21:33:50
    zochin: Ogt hamaaralgui company g ohin company ni gj sudalgaagagui hamaatuulj bichihee bolimoor yum
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188