• Өнөөдөр 2024-05-17

НАМААС, НЭР БҮХИЙ УЛСТӨРЧДӨӨС АЙЖ, ТӨРИЙН ХАМГААЛАЛТ ХҮССЭН ДУУЛИАНЫ ЭЗЭД

2023-09-23,   11793

       “Нүүрсний хулгайч нарын нэрсийг зарла” гэж төв талбайг дүүргэн, төрийн ордныг нураах шахан жагсаж байв, өнгөрсөн өвөл. Тухайн үед АТГ-аас "гал унтраах" зорилгоор 17 хүний нэр зарласан, өдгөө хэн хэнийх нь хэрэг хэрхсэн нь тодорхойгүй “замхарсан”.Тэгвэл “нүүрсний хулгай”-н жинхэнэ хэрэгтнүүдийн нэрсийн жагсаалтыг мэдэж буй ганц хүн болох Б.Ганхуяг өчигдөр “Миний болон миний гэр бүлийн амь насыг хамгаалтад авчихвал нүүрсний хулгайд хэн хэн холбоотойг зарлана” гэж мэдэгдэв. Өөрөөр бол, “нүүрсний хулгайч бол тэр” гээд нэр зарлачихвал өөрийнх нь болон гэр бүлийн гишүүдийнх нь амь нас аюулд орох гээд байна гэж тэр гэлээ. “Нүүрсний хулгай”-н жинхэнэ хэрэгтний нэрсийн жагсаалт Б.Ганхуяг гэдэг хүний гэр бүлийн амь настай тэмцэх хэмжээний үнэтэй болчихсон хэрэг үү.
 
Тэгвэл, Б.Ганхуягаас өмнө АН, МАН-ынхнаас, нэр, нөлөө бүхий улстөрчдөөс айсан хэд хэдэн хүн "амь насанд аюул учирлаа" гэж гэж төрөөс хамгаалалт хүсэж байв. Саяхны жишээнүүд дурдвал, “60 тэрбум”-ын бичлэг цацаж, МАН-ынхантай орооцолдсон Ц.Доржзодовыг 2017 онд “аавынх нь хүсэлтээр” хамгаалалтад авч, байрыг нь цагдаа нар бүсэлж байлаа. ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Ц.Элбэгдорж нартай орооцолдсон Ж.Батзандан 2017 онд төрөөс хамгаалалт хүсэж, ТЕГ-ын тусгай ажилтнаар гурван сар хамгаалуулж байв. Саяхан, С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Ц.Амгаланбаатар “Би Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нараас айж байна. Амь насанд минь аюул учраад байна” гэж шоронгоос хамгаалалд хүссэн. Товчхондоо, төрийн томчууд хийсэн хэргээ нийгэмд илчлүүлэхгүйн тулд үнэнийг мэдэж буй хүнийг хөнөөхөд ч бэлэн байдаг болсон бололтой. 

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ”-Н ХЭРГЭЭР ШҮҮГДЭЖ БУЙ Б.ГАНХУЯГ “МИНИЙ БОЛОН МИНИЙ ГЭР БҮЛИЙНХНИЙ АМЬ НАСЫГ ТӨРИЙН ХАМГААЛАЛТАД АВБАЛ НАМЫНХНЫХАА ТУХАЙ Ч, НҮҮРСНИЙ ХЭРГИЙН ТУХАЙ Ч БҮГДИЙГ ЯРИХАД БЭЛЭН” ГЭВ

     “Нүүрсний хулгай”-н хэрэгт яллагдагчаар татагдсан “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 12-нд болсон. Тухайн үед Б.Ганхуяг “Та нар надад нүүрсний гэх бүх хэргийг үүрүүлээд, өөрсдөө төртэйгөө, тамгатайгаа үлдэнэ гэж бодож байгаа бол санасны гарз. УИХ-ын 76 гишүүн бүгдээрээ хүрээд ир. Тойрч суугаад хулгайгаа яръя. Та нар жүжиг найруулж байгаа бол би ч бас найруулъя” хэмээж байлаа. Улмаар Б.Ганхуяг шүүгчдээс татгалзах хүсэлт гаргаж, урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулсан. 
 
     Харин өчигдөр Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарын хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг дахин хийж, анхан шатны шүүх хурлыг энэ сарын 28-нд хийхээр товлов. Б.Ганхуяг энэ удаад “Намайг, миний гэр бүл, хамаатан саданг хамгаалалтад авч өгөөч. Бас намайг цагдан хорих газраас гаргаж өгөөч. Хорих газарт миний амь насыг хэн хамгаалах юм. Надад аюулгүй байдлын баталгаа хэрэгтэй байна. Хамгаалалтад авчихвал нүүрсний хэргийг илрүүлэхэд туслаж, мэдээлэл өгч, хамтарч ажиллахад бэлэн байна. Энд маш ноцтой асуудал, бүр МАН-ын асуудал яригдаж байгаа шүү. Намын асуудлаа ч яръя, нүүрсний хулгайн асуудлаа ч яръя” гэлээ. 
 
Б.Ганхуягийн ес хоногийн өмнөх болон өчигдөр ярьсан ярианых нь агуулгаас анзаарвал, Б.Ганхуяг одоо шалаанд, бас шахаанд орчихсон байна. Өөрөөр хэлбэл, Б.Ганхуяг ес хоногийн өмнө “нүүрсний хулгай”-д хэн хэн холбоотойг зарлахгүй бол ганцаараа хэрэгтэн болох гээд байгаагаа МАН-ынханд хаяглаж эхэлсэн. Харин өчигдөр “нүүрсний хулгай”-д хэн хэн холбоотойг нэр цохоод зарлачихвал өөрийнх нь болон гэр бүлийн гишүүдийнх нь амь нас аюулд орох гээд байгааг нийгэмд хандаж хэллээ. 
 
Нэгтгэж харвал, “нүүрсний хулгай”-н асуудал эцэстээ амь насны асуудал болтлоо хүндэрчихсэн байна. Өөрөөр бол, “Нүүрсний хулгайн”-н жинхэнэ хэрэгтний нэр нэг гэр бүлийн амь насны үнэтэй болчихсон байна гэсэн үг. 

С.ЗОРИГИЙН АМЬ НАСЫГ ХӨНӨӨСӨН ХЭРГЭЭР ХОРИГДОЖ БУЙ Ц.АМГАЛАНБААТАР “БИ Ц.ЭЛБЭГДОРЖ, Э.БАТ-ҮҮЛ НАРААС АЙЖ БАЙНА, МИНИЙ АМЬ НАС АЮУЛД БАЙГААГ АНХААРЧ ӨГӨӨЧ” ГЭВ

     Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр хоригдож буй Ц.Амгаланбаатар өнгөрсөн зургадугаар сард ХЭҮК-ийнхонтой биечлэн уулзах хүсэлт гаргасан. Уулзсаныхаа дараа Ц.Амгаланбаатар ХЭҮК-ийнхонд хоёр хүсэлт гаргасан. Нэгдүгээрт, өөрийнх болон гэр бүлийнхнийх нь амь насад аюул учраад байгаа тул хамгаалалт авах. Хоёрдугаарт, өнгөрсөн хугацаанд удаа эрүүдэн шүүгдсэн, тагнуулынхан өөрийнх нь болон гэр бүлийнхнийг нь амь насанд хэрхэн заналхийлсэн тухай бичлэгээр ярьж, тухайн бичлэгээ нийтэд цацуулах. ХЭҮК-осс Ц.Амгаланбаатарын хоёр хүсэлтийг биелүүлж, түүнийг хамгаалалтад авах тухай хүсэлтийг хууль хяналтынханд гаргасан. Дараа нь, Ц.Амгаланбаатарын яриаг бичлэгээр авч, 11 минут 40 секундын бичлэгийг өнгөрсөн зургадугаар сарын 19-нд нийтэд цацсан байдаг. 
 
 Тодруулбал, Ц.Амгаланбаатар тухайн бичлэгт “Миний хүүг хордуулж ална, эмэгтэйг дүүг хээр аваачиж бусдаар хүчиндүүлнэ, эрэгтэйг дүүг зам гарч байхад нь машинаар дайрч хөнөөнө гэж дарамталдаг байсан. Тэд ингэж дарамтлах бүрдээ “Хэрвээ чи С.Зоригийн хэргийг цаашдаа даагаад явчихвал танай гэр бүлийнхнийг яах ч үгүй” гэдэг. Би одоо Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нараас, тагнуулынхнаас айж байна. Миний амь насанд эрсдэл учраад байгааг та бүхэн анхааралдаа авч өгөөч. Би сүүлийн хоёр сар усанд орсонгүй. Усанд ордог өрөө камергүй учраас би хорлогдхоосоо айгаад усанд ч орж чадахгүй байна. Бас би өдөржин бие засах өрөөнийх хажуугийн камерын өмнө суудаг. Камераас холдхоосоо айгаад байна” гэж ярьсан. С.Зоригийн хэргийн захиалагч гэх хүн одоо болтол ил болоогүй байхад Ц.Амгаланбаатарын "амь насанд аюул учирлаа" гэх агуулгатай бичлэг цацагдсан нь анхаарах ёстой сэдэв мөн. 

“60 ТЭРБУМ”-ЫН ГЭХ 90 МИНУТЫН БИЧЛЭГИЙН ЦАЦСАН Г.ДОРЖЗОДОВЫГ УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Ц.ОЮУНГЭРЭЛИЙН ГЭРТ НУУГДАЖ БАЙХАД НЬ ЦАГДАА НАР БҮСЭЛЖ, “ААВЫНХ НЬ ХҮСЭЛТЭЭР ХАМГААЛАЛТАД АВЧ БАЙНА” ГЭЖ ТАЙЛБАРЛАЖ БАЙВ

    2016 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн буюу 2016 оны тавдугаар сарын 6-нд тухайн үеийн МАН-ын удирдлагуудын “60 тэрбумын” гэх 90 минутын бичлэг цацагдсан. Тус бичлэгт тухайн үеийн МАН-ын дарга М.Энхболдод Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, МАН-ын УЗ-ийн гишүүн А.Ганбаатар нар “Сонгуульд ялж, төрийн эрхийг авсныхаа дараа шат, шатны албан тушаалуудыг тодорхой ханшаар зарна. Энэ схемээр 60 тэрбум төгрөг босгох боломжтой” гэх төлөвлөгөө танилцуулж буй агуулгатай маш ноцтой яриа бичигдсэн байдаг. Тэр бичлэгийг МАН-ын Стратеги судалгааны багт гэрээгээр ажиллаж байсан Г.Доржзодов гэгч анх цацаж, өөрөө ч дуулианы эзэн болж байлаа. Бичлэг задарснаас хойш МАН-ынхан Г.Доржзодовын амь насанд халдахаар заналхийлсэн, их хэмжээний мөнгө амласан, гадаад руу гаргахаар оролдсон гэх мэт ноцтой мэдээллүүд удаа дараа цацагдсаар он дамнасан. 
 
Гэтэл 2017 оны зургадугаар сарын 15-ны өглөө ХУД-ийн 11-р хороо, “Оргил” хотхонд байрлах УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн гэрийг цагдаагийнхан бүхэлд нь “бүсэлсэн”. Г.Доржзодовын амь нас, гэр бүлийнх нь аюулгүй байдалд удаа дараа заналхийлэл ирж байсан учраас тэр гэрээсээ явж, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийн гэрт нуугдаж байсан болж таарсан. Тухайн үед Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяр болон ЦЕГ-аас “ Иргэн Г.Доржзодовын төрсөн аав нь төрийн хамгаалалт авах хүсэлт гаргасан. Иймд аавынх нь хүсэлтийн дагуу иргэн Г.Доржзодовын амь нас, аюулгүй байдлыг хангаж, тухайн байранд хамгаалалт гаргаад байгаа” гэх мэдэгдэл хийж байлаа. 
 
Харин Г.Доржзодов өөрөө Ц.Оюунгэрэлийн гэрийн цонхоор мэдэгдэл хийхдээ “Цагдаагийнхан намайг хамгаалах гэж биш баривчлах гэж ийм олуулаа ирсэн гэж би харж байна. Хэвлэлүүд шаваад эхлэхээр гурван цагдаа хамгаалалтад үлдээд бусад нь буулгачихлаа. Надад болон гэр бүлийнхэнд минь заналхийлэл ирсэн нь үнэн үү гэвэл үнэн. ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат намайг “Энканто”-гийн саунд дуудаж, “1.0 сая ам.доллар өгье, гадагшаа яв” гэж дарамталсан. Бас А.Ганбаатар манай гэрийн гадаа ирж, заналхийлсэн.  Тэр “Нялх хүүхэдтэй болохоор чинь энэ удаа гэрт чинь орсонгүй шүү” гэж байсан. Бас миний араас 8102УБМ гэх улсын дугаартай хар машин дагаж байсан. Мөн Дарханд байдаг аав, ээжийн маань гэрийн хаалгыг үл таних хүмүүс тогшсон” гэж мэдэгдэж байв. 

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТЗАНДАН “ТАГНУУЛЫН ДАРГА Б.ХУРЦ НАМАЙГ ХОРДУУЛЖ АЛНА ГЭСЭН” ХЭМЭЭН ХАМГААЛАЛТ ХҮСЭЖ БАЙВ

   2017 оны арваннэгдүгээр сарын 15-нд ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар томилох эсэх асуудлыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, 78 хувийн саналаар дэмжсэн. Харин тэр өдөр УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Б.Хурцыг Элчин сайд болгож болохгүй, тэр С.Зоригийн хэргийн эрүүдэн шүүлт болон “Эрдэнэт”-ийн 49 хувийн хэргийн гардан гүйцэтгэгч, иймд түүнийг Элчин сайд болгох эсэх асуудлыг УИХ-ын Нээлттэй сонсголоор хэлэлцүүлэх ёстой” гэж байлаа. 
 
Гэтэл маргааш нь буюу 2017 оны арваннэгдүгээр сарын 16-нд УИХ-ын гишүүн Ж.Батзандан УИХ-ын дарга М.Энхболдод хандаж, төрийн хамгаалалт авах хүсэлт гаргаж байв. Ингэхдээ Ж.Батзандан “Өнөөдөр Төрийн ордонд УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын өрөөнд Тагнуулын Ерөнхий газрын дарга Б.Хурцтай таарсан. Гэтэл Б.Хурц “Батзандан аятайхан байгаарай, үгүй бол орон дотор чинь хүнээр хорлуулж, алж чадна шүү” гэж амь насанд минь заналхийлсэн. Миний болон манай гэр бүлийн амь нас, эрүүл мэндэд бодитой заналхийлэл учирч байна” хэмээн мэдэгдэж байлаа. Улмаар хүсэлтийнх нь дагуу Тагнуулын ерөнхий газраас Ж.Батзанданд нэг хамгаалагч гаргаж өгч, гурван сар хамгаалалтад байлгасан. Дараа нь 2019 онд “Эрдэнэт”-ийн 49 хувийн хэргийн асуудал яригдаж байх үед Тагнуулын ерөнхий газраас Ж.Батзанданд дахин хамгаалагч гаргаж өгч байв. 
 

НАМААС, НЭР БҮХИЙ УЛСТӨРЧДӨӨС АЙЖ, ТӨРИЙН ХАМГААЛАЛТ ХҮССЭН ДУУЛИАНЫ ЭЗЭД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 7
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-24 18:52:55
    бат: Гарц нь параламэнтаа 2 тахимтай болсон үед улс хөгжинө
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-21 19:31:57
    Зочин: Батзандан бол новшийн муухай хулгайч. Удам судар муутай гэдгийг нь учир иэдэх хүмүүс ярьдаг. Хэлж байгаа үг хийж байгаа үйлдэл нь энэ хүний ямар хүн бэ гэдгийг ард түмэн мэддэг болсон.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-21 19:31:56
    Зочин: Батзандан бол новшийн муухай хулгайч. Удам судар муутай гэдгийг нь учир иэдэх хүмүүс ярьдаг. Хэлж байгаа үг хийж байгаа үйлдэл нь энэ хүний ямар хүн бэ гэдгийг ард түмэн мэддэг болсон.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-21 19:31:56
    Зочин: Батзандан бол новшийн муухай хулгайч. Удам судар муутай гэдгийг нь учир иэдэх хүмүүс ярьдаг. Хэлж байгаа үг хийж байгаа үйлдэл нь энэ хүний ямар хүн бэ гэдгийг ард түмэн мэддэг болсон.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-21 14:07:10
    W: Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol ********
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-21 13:58:54
    шаабар: Үнэнийг хэлүүлэх ёстой. Нүүрсний хулгайн мөнгөөр МАН санхүүжиж байсан нь үнэн бол энэ намыг шүүхийн шийдвэрээр татан буулгаж таарна. Тийм болохоор шүүх хурлыг нээлттэй хийж Ганхуяг Аюурсайхан хоёрын үгийг сонсох нь зөв. Ер нь энэ мэт олон олон үйлдвлээр МАН ыг тараах цаг болсон гэж харж байна. Тэд нүүрс ЖДҮ, 60 ТЭРБУМЫН СХЕМ, Боловсролын зээлийн сан, ХААг дэмжих сан, Нийгмийн даатгалын сан гээд маш их хулгай хийсэн. Энэ бүхнээс хамт идэлцсэн нь тогтоогдвол АН ч тарж таарна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-21 08:35:25
    эр: ард түмэн үнэнийг хэлбэл Ганхуягын хамгаалнаа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188