Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутаг Эмээлт багт энэ сарын 1-нд үер бууж, малчин өрх гэртэйгээ урсаж, гэрийн эзэгтэй, хоёр настай хүүгийн хамт эндсэн харамсалтай хэрэг гарсан.
Тэгвэл бид уг ослын талаар талийгаачийн ар гэртэй холбогдож тодрууллаа. Тэрбээр “Энэ сарын 1-нд 17:00 цагийн орчимд аадар бороо орж, уулын үер буусан. Энэ үеэр манай саахалт айл үерт өртөж, гэртэйгээ урссан харамсалтай үйл явдал боллоо. Үер буух үеэр манай нөхөр малд явж байгаад тэднийхийг урсаж байхыг нь харсан юм билээ. Ингээд тусламж үзүүлэхээр мотоциклтойгоо очсон ус гаталж чадахгүй өөрөө урсах шахаад буцсан гэсэн. Буцаж гэртээ ирээд бидэнд хэл дуулгасан.
Үер цаг орчим үргэлжилсэн. Бид үер гаталж чадахгүй, сум руу тусламж дуудаад, арайхийж гэрт нь очсон. Биднийг очиход гэр нь аль хэдийнэ урсчихсан, нөхөр нь хоёр хүүхэдтэйгээ уснаас гарсан байсан. Талийгаач бага хүүхэдтэйгээ урсчихсан, олдоогүй. Үерээс гарсан хоёр хүүхдийн бүх хувцсыг нь урсгачихсан, хүнд байдалтай байсан. Бид гэртээ авч ирж дулаацуулж, хувцас өгсөн. Хүүхдүүдийн биеийн байдал гайгүй. Том нь тавдугаар анги, бага нь энэ жил сургуульд орох насны хүүхдүүд байгаа.
Харин аав нь уснаас гарахдаа бэртсэн юм шиг байна. Хөл нь доголж, хамаг бие нь халцарсан байна лээ. Сэтгэл санааны хувьд маш хүнд байдалтай байна. Том хүү нь сэтгэл санаа нь хямраад хэцүү л байна. Их ус юу юугүй л хамаг юмыг нь урсгаад явчихдаг юм байна. Малын хашаа хороо бүгдийг нь хамаад л урсгачихсан. Сумын төвөөс өнөөдөр нэг гэр авчирч өглөө. Бүх л эд хөрөнгө нь урсчихсан учраас юм болгон л хэрэг болж байна. Хэдийгээр ар гэрийнхэн нь хэлээгүй ч миний хувьд сайхан сэтгэлт монголчууд маань сайн үйлсийн аян зохион байгуулж, энэ гэр бүлд туслах болов уу уй гашууг нь хуваалцах болов уу гэж найдаж байна” гэлээ.
Үерт урсаж, нас барсан ээж, хүүгийн ар гэр: Эхнэр, хүүхдээ усанд алдсан нөхөр нь хоёр хүүхэдтэйгээ хүнд байдалтай байна |
|