• Өнөөдөр 2024-05-03

ХЭРГИЙН МӨРӨӨР: Машины царцсан мотортоо хий гэж өгсөн 10 литр техникийн спиртийг тэд ууж, дөрөв нь нас бараад байна

2020-12-07,   1327

Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутагт бичил уурхайд ажиллаж байсан долоон хүн техникийн спирт ууж, дөрөв нь нас барсан хэргийн тухай бид өчигдөр мэдээлсэн. Тэгвэл энэ хэргийн мөрөөр Ergelt.mn мэдээллийн сайт эрэн сурвалжиллаа. 
 
    Энэ хэргийн тухай дуудлага анх өнгөрсөн бямба гарагт буюу энэ сарын 05-ны 19:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад ирсэн байдаг. Улмаар цагдаа, эмнэлгийн тусламжийн баг хэргийн газар очиход техникийн спирт уусан долоон иргэний нэг нь газар дээрээ нас барсан байж. Гурван иргэн нь Хайлааст багийн эмнэлэгт хүргэгдээд нас амиа алдсан байна. Үлдсэн гурван иргэнийг Улсын нэгдүгээр төв эмнэлэгт авчирч, хордлого тайлах эрчимт эмчилгээ хийж байгаа ч нэгийнх нь бие маш хүнд байгаа юм. Товчхондоо, энэ хэргийн улмаас 31-49 насны дөрвөн хүн нас барж, 40 настай нэг иргэний биеийн байдал маш хүнд байна. 

Баттай эх сурвалжийн бидэнд өгсөн мэдээллээр уг хэрэг Заамар сумын Хайлааст багийн нутагт уул уурхайн олборлолт хийдэг “Баянгол тариалан” ХХК-ийн ажилчдын кембэд болжээ. Эх сурвалж хэргийн тухай “Тэр долоон хүний ууж хордсон техникийн спиртыг “Хүйтэнд мотор нь царцаад байгаа дөрвөн машинд хувааж хий” гэж өгсөн юм байна лээ.  Нийт 10 литр техникийн спирт өгсөн байгаа юм. Гэтэл тэрийг нь машинууддаа хийхгүй, өөрсдөө ууснаас болж хордож, нас барсан гэж ярьцгааж байна. 10 литр спиртээ уумагцаа бүгд таталт өгсөн. Тэгээд нэг нь газар дээрээ нас барж, цагдаа, эмнэлэгт дуудлага өгсөн юм билээ” гэв.  

    Энэ талаар Заамар сумын Хайлаас багийн Засаг дарга А.Ганцэцэгээс тодруулахад “Хайлааст баг 4000 гаруй хүн амтай. Өөр аймаг, сумдаас ирсэн бичил уурхайчин олон бий. Хөл хорио тогтоосон өдрөөс хойш дэлгүүрүүдийн бүх архи, согтууруулах ундааг лацадсан. Гэртээ байсан монгол архиа уусан нэг л зөрчил илрээд байсан. Гэтэл ийм хэрэг гарчихлаа. Яг ямар шалтгаанаар техникийн спирт уусныг мэдэхгүй байна. Гэхдээ хүмүүсийн яриад байгаа шиг хавтгайрсан архидалт болоод, халуурсандаа техникийн спирт уусан гэж бодохгүй байна. Тухайн газарт ашиглалтын А зөвшөөрөлтэй компани, сумын Засаг дарга, бичил уурхай эрхлэгчийн гурвалсан гэрээгээр бичил уурхайн үйл ажиллагаа явуулдаг. Гэхдээ бичил уурхай гэхээр дандаа л том техникүүд л ажиллаад байдаг. Тухайн уурхай буугаагүй ажиллаж байгаад хэрэг гардаг өдөр техникүүдээ зогсоогоод буух гэж байсан юм байна лээ. Тэгээд л ийм асуудал гарсан. Энэ хэргийн тухай сумын Засаг дарга л сайн мэдэх байх. Миний олж мэдсэнээр тэдгээр хордсон, нас барсан хүмүүсийг ажиллуулж байсан бичил уурхайн эзнийг өнгөрсөн шөнө Төв аймагт аваачиж, эрүү үүсгэн шалгаж байгаа гэсэн” гэсэн юм. 
 
Харин Заамар сумын Засаг дарга Л.Амгаланбаяртай холбогдоход “Яг энэ асуудлаар хуралдаж байна. Эргээд холбогдоё” гэх тайлбар хийлээ. 

Улсын бүртгэлийн мэдээллийн сангаас шүүж үзвэл “Баянгол тариалан”ХХК нь Заамар сумын Хайлаас багийн нутаг Баянгол дэнж гэх газарт MV-009495 дугаартай, 87,6 га талбайтай ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг юм байна. Бид “Баянгол тариалан”ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхтулгатай холбогдход “Яг одоо ном уншуулж байна. Тайлбар хийх боломжгүй” гэсэн юм. 

Ergelt.mn мэдээллийн сайт энэ хэргийн тухай үргэлжлүүлэн мэдээлэх болно. 
 

ХЭРГИЙН МӨРӨӨР: Машины царцсан мотортоо хий гэж өгсөн 10 литр техникийн спиртийг тэд ууж, дөрөв нь нас бараад байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-08 13:33:17
    иргэн: үхэх мөрөөрөө үхэхгүй бас нэг хүний амьдралыг чирээд явдаг новшнууд юмаа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188