Иргэн М.Галягийн дүү, 45 настай эмэгтэй 2021 оны есдүгээр сарын 28-нд нас баржээ. Талийгаач ковидын халдвар авч, эмчлүүлэхээр Өргөө амаржих газарт хэвтсэн ч эмч, сувилагчийн буруугаас үүдэж, зүрх нь зогссон талаар түүний ар гэрийнхэн ярьж байна. Бид талийгаачийн эгч М.Галятай ярилцлаа.
-Талийгаач дүү тань хэзээ эмнэлэгт хэвтсэн юм бэ. Тухайн үед ямар эмчилгээ хийж байсан бэ?
-Талийгаач миний үеэл дүү байсан юм. Багш мэргэжилтэй, мэргэжлээрээ ажилладаг, чадварлаг эмэгтэй байлаа. 2021 оны есдүгээр сарын 15-нд ковидын шинж тэмдэг илэрч, эмч дүү рүүгээ ярьсан юм байна лээ. “Эгчийнх нь бие тавгүйрхээд байна. Ковидын халдвар авчих шиг боллоо. Эмчилгээ хийлгэхгүй бол болохгүй. Гэр рүүгээ явбал хүүхдүүд маань эрсдэлд орно” гэж хэлээд ажилладаг эмнэлэгт нь очсон. Тухайн үед ковидын халдвар авсан хүний тоо олон, эмнэлэг олдохгүй шахуу байна лээ шүү дээ. Аль танил талаа бараадаж, яриулсан нь л эмнэлэгтэй залгаж байсан үе. Тэгээд нэгдүгээр амаржих газарт хэвтсэн. Тэгээд эмч нь утсаар зааварчилгаа өгч, улаан бүсэд ажиллаж байсан сувилагч буруу тариа хийснээс болж дүү минь амиа алдсан. Сувилагчийг тариа хийхэд нь “Эмч ээ, эмч ээ” гэж хэлээд л хоёр гар нь суларч, ухаан алдаад унасан гэсэн. Тэгээд дахиж ухаан ороогүй. Таван хоног сэхээнд байгаад, есдүгээр сарын 28-ны өглөө бурхан болсон.
-Сувилагч ямар тариа хийсэн юм бэ. Өмнөх өдөр нь тэр тариаг нь хийсэн юм уу?
-Ковидын эмчилгээ гэж дархлаа дэмжих дусал, тариа хийдэг шүү дээ. Энэ эмчилгээгээ хийлгэж байх явцад нь талийгаачийн зүрхний хэм алдагдаж, пульс нь унасан юм байна лээ. Эмчлэгч эмч нь зүрхний хэмийг нь хэвийн болгохын тулд атропин гэх тариа бичиж өгсөн гэсэн. Ингэхдээ “Шингэлж тарьдаг тариа шүү” гэж хэлээд, найруулаад өгсөн байгаа юм. Тэгээд дараагийн өдөр нь “Одоо зүрхний хэм алдагдалтад нь атропин тарина шүү” гэж утсаар хэлсэн байгаа юм. Эхний өдөр нь шингэлж тарина гэдгийг хэлсэн, найруулаад өгчихсөн учраас дахиж шингэлэх талаар хэлээгүй юм шиг байна лээ. Тэгээд өнөөх сувилагч нь эм, тариан дундаасаа өмнөх өдөр нь эмчийн шингэлж, найруулж өгсөн атропиноо хайсан гэсэн. Олдохгүй болохоор нь хөргөгч онгойлж, төстэй нэртэй атропайн гэх тариа байхаар нь аваад, дүүд минь тарьсан байгаа юм. Ингэхдээ огт найруулахгүйгээр дуслыг нь салгаад, тарьчихсан юм байна лээ. Дүү минь сувилагчийг дөнгөж тарьж эхлэхэд л “Эмч ээ” гэж хэлээд л ухаан алдсан гэсэн. Эмч нар зүрхний массаж, иллэг хийгээд ухаан ороогүй учир Сэхээн амьдруулах тасаг руу аваад явсан. Сэхээнд тав хоног ухаан орохгүй байсаар хорвоогоос одчихсон.
Дүүд минь андуурч тарьсан атропайн гэдэг тариа нь мэс заслын үед тарьдаг зүрхний булчин сулладаг тариа юм байна лээ. Харин эмчийнх нь шингэлж өгсөн тариа нь зүрхний хэм алдагдалтыг хэвийн хэмжээнд болгодог атропин гэх тариа байсан. Энэ тариаг хөргөгчинд хадгалах шаардлага байхгүй юм байна лээ. Дүүд минь буруу тариа хийсэн сувилагч ядаж ямар тариаг хөргөгчинд хадгалах вэ гэдгийг ч мэдэхгүй байна шүү дээ.
-Ар гэрийнхэнд хэзээ хэлсэн юм бэ?
-Сэхээнд ороод хоёр хонож байхад нь биднийг дуудсан. Тэгээд “Болохоо байлаа. Сувилагч буруу тариа хийснээс болж ийм зүйл боллоо” гэж хэлсэн. Аппаратад байгаад, зүрх цохилоод байгаа учраас бид дүүгээ ухаан орно гэж итгэж байсан. Гэхдээ аппарат салгахаар л зүрх нь зогсоод байсан. Тэгэхээр хэдийнэ амьсгал хураачихсан байсан юм байна лээ. Хүчээр буюу аппаратаар л амьдруулаад байсан гэсэн үг.
-Эмнэлгийн зүгээс тариа андуурч хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн үү?
-Тийм ээ, гэхдээ дүүгийн минь аминд хүрсэн сувилагч өчигдрийг хүртэл бидэнд ирж уулзаагүй. Өчигдөр шүүх хурал дээр л царайг нь харж, таарлаа. Энэ сувилагч өнөөдрийг хүртэл ажлаа хийгээд л явж байна. Гэтэл миний дүүгийн дөрвөн хүүхэд өнчирч, аав, ээж ч үгүй хорвоог туулж байна шүү дээ. Эмнэлгийн зүгээс буруу тариа хийсэн сувилагчид хариуцлага тооцсон гэсэн. Гэхдээ цалингийн хэдэн хувиар л торгосон гэсэн дээ.
-Талийгаач дөрвөн хүүхэдтэй гэсэн шүү дээ. Нөхцөл байдал ямар байна вэ?
-Хүнд л байна даа. Том хүү нь 2021 оны нэгдүгээр сард БНСУ-д сурахаар явсан. Аав нь амьд байхдаа хүүгээ боловсролтой болгохын тулд найз руугаа явуулсан юм. Дөнгөж аравдугаар ангиа төгсөөд байсан байх. Тэгээд тэнд очоод удаагүй байхад нь аав, ээж хоёр нь хоёулаа бурхан болчихсон. Тэндээсээ ирж ч чадахгүй, байж ч чадахгүй байж байна. Гэхдээ бид тэр хүүхдийн ирээдүйг бодож байгаа учраас “Миний хүү наанаа яаж ийгээд сураад, өөрийгөө болгоод яв” гээд ятгаад л байгаа. Удаах хүү нь ШУТИС-ын хоёрдугаар дамжааны оюутан. Хоёр багийнх нь том нь тавдугаар анги, бага нь дөрвөн настай. Ээжийнхээ мөөмнөөс гараагүй байхдаа өнчирч үлдсэн ганц охин л хэцүү байна. Одоо ээжийнх нь төрсөн дүү харж байгаа.
-Уучлаарай, нөхөр нь яагаад бурхан болчихсон юм бол?
-Хүргэн маань замын компанид инженерээр ажилладаг байлаа. 2021 оны гуравдугаар сарын 7-нд эхнэр, охиноо баярлуулж, халамжилж байгаад ажилдаа явсан гэсэн. Гуравдугаар сарын 8-нд ажил дээрээ унтаад, өглөө нь сэрээгүй. Зүрх нь хаагдсан гэж хэлсэн. Ковид, вакцины нөлөө байсан байх гэж бид харддаг. Тэгээд ажлаас нь дүү рүү минь залгаад хүргэнийг нас барсан тухай шууд хэлчихсэн юм байна лээ. Биднийг гэрт нь очиход дүү минь өөрийн ухаангүй, сэтгэл зүйн гүн хямралд орчихсон байсан. Тэрнээс хойш сэтгэл санаа нь тавгүй явсаар дархлаа нь унаж, намар нь ковидын халдвар авчихсан. Хэдэн хүүхдээ халдвар халдаахгүй гэсэндээ эмнэлэгт хэвтээд, бурхан болчихсон. Нөхрөө алдаад зургаан сар болж байсан дүүг минь эмнэлгийн байгууллагынхан хорвоогоос явуулчихсан шүү дээ. Дөрвөн хүүхэд нь өнчирч, өртэй байранд л амьдарч байна даа.
-Ипотекийн зээлээр авсан байр юм уу. Даатгалгүй байсан хэрэг үү?
-Хоёр дүү минь амьдралын төлөө хоёулаа л хоёр талд зүтгэж байсан. Хашаа, байшингаа зарж, 2016 онд 120 сая төгрөгийн байр авсан юм байна лээ. Ингэхдээ 30 саяыг нь урьдчилгаанд өгч, 90 саяыг нь ипотекийн зээлээр гаргуулж авсан. Тэгээд зээлнээс нь 76 сая төгрөг дутуу байгаа. Өөрөөр хэлбэл, хүүхдүүд нь 76 сая төгрөгийн өртэй байранд амьдарч байна гэсэн үг. Цар тахлын үе учраас ипотекийн зээлээ төлөөгүй юм байна лээ. Угаасаа улсаас царцаах шийдвэр гарсан шүү дээ. Даатгал нь хамт зогсчихсон гэсэн үг. Тэгээд л даатгалгүй гээд хүүхдүүд нь байрныхаа өрийг насанд хүрсэн хойноо төлөхөөр болчихоод байна даа. Дунд хүүг нь их сургуулиа төгссөний дараа зээлээ төлөх банкны шийдвэр гарсан байна лээ. Хоёр дүү минь байраа өв залгамжлах эрхээр авсан ч өвөө дагаад өр нь ирсэн байгаа. Шинэ хуулиар бол цалингийн доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлснээр хохирол тогтоогдоно гэсэн байна. Надад дөрвөн хүүхдийг нь орох оронтой үлдээх гэсэн бодол байгаа. Түүнээс миний дүү одоо босоод ирэх биш, ард нь үлдсэн дөрвөн хүүхдийг нь бодож байна. Миний дүү өнөөдөр амьд байсан бол зээлээ төлөөд, хүүхдээ аваад явах байсан. Гэтэл эмч, сувилагчийн буруугаас болж ийм нөхцөл байдал үүсчихээд байна шүү дээ.
М.ГАЛЯ: Нөхрөө алдаад зургаан сар болж байсан дүүд минь сувилагч буруу тариа хийснээс зүрх нь зогссон. Дөрвөн хүүхэд нь өртэй байранд өнчрөөд үлдлээ |
|
2025-03-16 15:19:34
2025-03-16 14:49:56
2025-03-16 14:32:50
2025-03-16 14:17:24
2025-03-16 14:06:21
2025-03-16 12:47:06
2025-03-16 12:31:13
2025-03-16 11:14:21
2025-03-16 10:27:49
2025-03-16 10:21:01
2025-03-16 09:50:03
2025-03-16 09:40:58
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |