Ардчилсан намын А.Адъяасүрэн УИХ-д орж ирэхээсээ өмнө хятадуудтай хамтарч нүүрсний бизнес хийдэг байлаа. Нүүрсний автомашинууддаа “С” зөвшөөрөл авах гэж авлига өгсөн хэргээр АТГ-т ээрэгдэж, нүүрсний хулгайн хэрэгт яллагдагчаар татагдаад байгаа нэгэн. Тэгвэл УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн хятадуудтай хамтран эзэмшдэг тээврийн компаниуд жолооч нарын эрхийг ноцтой зөрчиж, хууль бус үйлдэл гаргаж байгааг баримт хууль хяналтын байгууллагынхны гарт иржээ. Жолооч нарын гомдол, мэдээллийн мөрөөр компанийн удирдлагуудыг шалгахаар болж, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнд дахин нэг зүйл анги, “хэрэг” нэмэгдэж болзошгүй байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн хятадуудтай хамтран эзэмшдэг байсан компаниуд нь өдгөө “Дайлингийн хишиг тээвэр” ХХК, “Хишиг сайхан ундрах” ХХК, “Ивээл сар транс” ХХК, “Азын хишиг дэлгэрэх” ХХК гэж нэрээ өөрчилж, зүсээ хувилгаад “Эрдэнэс тавантолгой” ХК-иас 504 автомашинаар нүүрс тээвэрлэж байгаа гэх. Тухайлбал, “Тэнгри транс групп” ХХК нэрээ “Дайлангийн хишиг тээвэр” ХХК болгон өөрчилжээ. Харин “Ульгансар транс” ХХК-ийн нэрийг “Ивээл сар транс” ХХК болгон өөрчил, хятадуудтай хамтарч эзэмшиж байгаа юм. Эдгээр компани нь “Эрдэнэс таван толгой” ХК-тай гэрээ байгуулж, нүүрс тээвэрлэсээр байна. Энэ мэт А.Адъяасүрэнгийн хамаарал бүхий компаниуд зүсээ хувиргаад, нүүрс тээвэрлэж байгаа хэдий ч Монгол Улсын хууль тогтомжийг ноцтой зөрчиж, Монгол хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж байгаа баримтыг хүргэж байна.
УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн хятадуудтай хамтарч эзэмшдэг “Хишиг сайхан ундрах” ХХК, “Далай шарга 88” ХХК , “Дайлангийн хишиг тээвэр” ХХК, “ОБА транс” ХХК, “Азийн хишиг транс” ХХК, “Дайлангийн хишиг тээвэр” ХХК-ийн жолооч нар ажил хаялт зарлав. 2023.01.13
“Дайлангийн хишиг тээвэр” ХХК-ийн жолооч Х “Манай компанийн жолооч нар нэгдэж, ажил хаясан. Харамсалтай нь, жолооч нарын амьдрал зогсох гээд байгаа учраас арга буюу ажил хаялтаа зогсоож, тээврээ үргэжлүүлж байна. Би “Дайлангийн хишиг тээвэр” ХХК-д ажил ороод жил орчмын хугацаа өнгөрч байгаа. Миний ажиллаж байгаа компани энэ хугацаанд хүний эрхийг маш ноцтойгоор зөрчиж, олон жолоочийн эрүүл мэндийг эрсдэлд оруулж байна. Манай компанийн жолооч нар “Эрдэнэс тавантолгой” ХК-аас нүүрс тээвэрлэж байгаа. “Эрдэнэс тавантолгой” ХК тендерт оролцдог компаниудаа “Ажилчдын амрах байр, жолоочийн хангамж” зэргийг нь сайтар харж, шалгуурладаг байх. Гэтэл “Дайлангийн хишиг тээвэр” ХХК амрах байр битгий хэл жолооч ороод бие засах ч газаргүй шүү дээ. Яаж ийм компанийг шалгаруулаад байдгийг гайхаж байна. Хэдийгээр “Хишиг сайхан ундрах” ХХК, “Далай шарга 88” ХХК , “Дайлангийн хишиг тээвэр” ХХК, “ОБА транс” ХХК, “Азийн хишиг транс” ХХК, “Дайлангийн хишиг тээвэр” ХХК зэрэг тус тусдаа нэршилтэй ч Дайчин гээд толгой компанитай. Эзэн нь УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, хятадын иргэн Дайчин нар байдаг. Салбарласан олон охин компанитай гэсэн үг. Миний хувьд 20 гаруй хоног машин дотроо амьдарч, кабендаа хоног төөрүүлж байна. Хоолоо хүртэл хоолоо хийж байна шүү дээ. Хэрэв амрах байр байсан бол миний уушиг эрүүл байх байлаа. Кабен халаагч гэдэг чинь хүний уушгийг дуусгадаг юм байна. Энэ компанид ажилладаг 400 гаруй жолоочийн эрүүл мэнд хохирч байна. Ийм их ашиг олж байж жолооч нартаа амрах байр байраад өгөхгүй байгаад гомдож байна. Амьдрал зогсох гээд байгаа учраас аргагүйн эрхэнд тээвэрт явж байна” гэв.
“Далай шарга 88” ХХК-ийн жолооч Р “300 гаруй жолооч нэгдэж, компанийн удирдлагуудад шаардлага хүргүүлсэн байдаг. Компанийн удирдлагуудыг хууль бус үйлдлээ зогсоохыг шаардсан ч жолооч нарын шаардлагыг үл тоож, хайхрамжгүй хандсан хэвээр байна. Бүр шаардлага хүргүүлсэн жолооч нарыг “Машинаа хүлээлгэж өгөөд зайл. Та нараар дутахгүй. Дараагийн жолооч чинь ажлаа хүлээж авахад бэлэн байна. Цалинг чинь хасна, нөхөж олгохгүй” зэргээг дарамталж, боомилж байна. Үүний улмаас жолооч нар арга буюу тээвэрлэлтээ хийж эхэлсэн. Манай компанийн удирдлагууд хятадад байдаг. Энд хариуцаж байгаа хөтөч нэртэй хэдэн хятад бий. Тэр хүмүүс нь даам гарсан. Монгол жолооч нарыг нохой шиг үзэж, элдвэрээ хөөж дарамталдаг. Цалингаараа хааж, боож олон жолоочийн амыг үдэж байна. Цалингаа цагтаа өгөхгүй, байнга элдэв торгууль, төлөөс, шимтгэл нэрээр хасдаг. Барьцаа цалин хураан авч, жолооч нараас шалтаг хайж, жолооч нарыг хохироож байна. Бид анх 4-5 хоногтоо явсан тээврийнхээ хөлсийг авдаг байсан. Сүүлдээ 10-20 хоног цалин олгохгүй, өрөнд орж байна шүү дээ. 2021 оны хугацаат цалингаа авч чадаагүй олон жолооч бий. Тээвэрчдийн цалинг хэзээ олгох нь тодорхойгүй, аргалсаар өнөөдөрт хүрч байна шүү дээ.Үүнээс болж олон жолоочийн ар гэр хохирч, өрөнд орсон” гэлээ.
“Ивээл сар транс” ХХК-ийн жолооч С “Манай компани жолооч нарын хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаа нь үнэн. Жолооч нар уртын тээвэрт яваад машинаа эвдэх юм бол торгуулдаг. Энэ компани чинь хүмүүсийн сайн мэддэгээр УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн хамаарал бүхий компани шүү дээ. Нэрээ л өөрчилсөн болохоос олон жилийн өмнөөс л жолооч нарыг хөдөлмөрийг мөлжиж ирсэн. Дотоод журам нь шинэчлэгдээгүй хэвээрээ байгаа. Сүүлдээ жолооч нарынхаа цалинг олгохгүй, янз бүрийн татаас авдаг болсон. Уртын тээвэрт явж байгаа жолоочийн машин эвдрэхгүй байна гэж байхгүй шүү дээ. Машинхаа дугуйг хагалбал 1500-2000 юаниар торгодог. Цалингийнхаа талыг машины эвдрэл, гэмтэлд өгөөд байвал жолооч нар юугаараа амьдрах юм бэ. Холын замд машиныхаа дугуйг зориудаар хагалаад, компаниа хохироогоод байдаг жолооч гэж байхгүй биз дээ. Ийм л сэтгэлгээгээр хандаад, жолооч нарт торгууль тавьдаг болсон. Энэ шийдвэрийг нэн даруй цуцлах нь зүйтэй. Замын эвдрэл гэмтлээс болж машины дугуй хавагнах бол наад захын асуудал болсон” гэсэн юм.
“Азийн хишиг транс” ХХК-ийн жолооч “Тавантолгойд уртын тээвэрт 430 литр шатахуунаар тээвэр хийж байгаа компани манайхаас өөр байхгүй байх. Бидэнд 430 литр түлш өгч, тээвэрт явахыг шаарддаг. Хэрэв түлшээ хүргэхгүй байвал түлхүүрээ өгөөд яв гэдэг зарчим бий. Бид түлшээ хүргэхийн тулд кабенаа халааж ч чадахгүй, хүйтэнд машинд хоног төөрүүлж байна. Гэхдээ машинаа асаахгүй бол аккумулятор нь суугаад бас л өрөнд орно. 220 км-ийг шулуун туулдаг бол 430 литр түлш хүрэлгүй яах вэ дээ. Даанч уртын оочерт дугаарлана, өөд, өгсүүр замаар явна гээд асуудал их. Хаанаа ч хүрдэггүй түлшний нормтой учраас жолооч нар машиндаа осгох нь холгүй байна. Тээвэрлэлтийн оочер нэмэгдэж, 30-40 км дугаарлаж зогсож байна шүү дээ. “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хашаанд ороод мөн л ийм хэмжээний км-д дугаарлаж зогсоно. Түлш хүрэхгүйн улмаас олон жолооч хээр, хөдөө осгох эрсдэл үүсээд байна. 400 гаруй жолоочийн эрх ашиг ноцтой зөрчигдөөд байна шүү дээ. Үүнийг холбогдох албанхыхан анхааралдаа авч, жолооч нараа анхаарч үзээсэй гэж хүсэх байна” гэлээ.
УИХ-ЫН ГИШҮҮН А.АДЪЯАСҮРЭНГИЙН “БООЛЧЛОЛ” НҮҮРС ТЭЭВРИЙН ЖОЛООЧ НАРЫГ ТУЙЛДУУЛЖ, ЗАМ ДЭЭР ОСГОХОД ХҮРГЭЖЭЭ |
|
2025-03-16 15:19:34
2025-03-16 14:49:56
2025-03-16 14:32:50
2025-03-16 14:17:24
2025-03-16 14:06:21
2025-03-16 12:47:06
2025-03-16 12:31:13
2025-03-16 11:14:21
2025-03-16 10:27:49
2025-03-16 10:21:01
2025-03-16 09:50:03
2025-03-16 09:40:58
2025-03-15 16:32:13
2025-03-15 15:30:12
2025-03-15 14:51:59
2025-03-15 12:10:25
2025-03-15 11:56:24
2025-03-15 11:00:00
2025-03-15 10:52:29
2025-03-15 10:15:58
2025-03-15 10:07:26
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |