• Өнөөдөр 2024-05-16

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН Г.ДӨЛГӨӨН, Д.РИНЧИНДОРЖ НАРЫГ “ХЭНТИЙНХ” ГЭДГЭЭР НЬ ХАМГААЛЖ ҮЛДЭВ ҮҮ

2023-01-20,   845

     Өнгөрсөн хавраас хойш жил тойрон олон нийтийн анхаарлын төвд байсан Хөгжлийн банкны хэрэг хууль хяналтынхныг дамжин, эцсийн шатанд шилжих болтол Хэнтийн гаралтай хоёр дарга “сугараад” үлдчихжээ. Тодруулбал, Прокуророос Хөгжлийн банкны хэрэгт албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан,  мөнгө угаах, хахууль авах, өгөх, санхүүгийн баримт хуурамчаар үйлдэх, ашиглах, нотлох барим хуурамчаар бүрдүүлэх, худал мэдүүлэх зэрэг гэмт үйлдлүүдээр холбогдсон 80 хүн, дөрвөн компанид яллах дүгнэлт үйлджээ. Гэтэл АТГ-аас Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон Г.Дөлгөөн, Д.Ринчиндорж нарын хэргийг прокуророос тусгаарлах санал гаргаж, авч үлджээ.  Ийн тусгаарлагдаж үлдсэн Хөгжлийн банкны Дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирал асан Ганбямбын Дөлгөөн, Хөгжлийн банкны Санхүүжилт, Хөрөнгө оруулалтын эрсдэлийн хэлтсийн захирал асан Дашдэлэгийн Ринчиндорж нар нь хоёулаа Хэнтийн угшилтай, хоёулаа том артай гэдгээрээ бусдаасаа “сугарч” үлдсэн байна.  
 
     Ер нь Хэнтийн угшилтай хэн ч байсан улс төрд, хууль хяналтын байгууллагад хялбархан тушаал дэвшдэг болсон нь нууц биш. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтийнх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хэнтийх, тэр байтугай Г.Занданшатар нь ч Хэнтийтэй холбоотой намтар бий. Хууль хяналтад л гэхэд, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Хэнтийнх, ЦЕГ-ын дарга Ж.Болд, дэд дарга П.Оростогоо хоёулаа Хэнтийнх, ШШГЕГ-ын дарга О.Амарсанаа У.Хүрэлсүхээр дамжиж Хэнтийнх гээд цааш үргэлжилнэ. Тэгвэл Хэнтий угшилтнууд ийнхүү улс төрд, хууль хяналтыг “эзэлсэн” нь багадаад, сүүлдээ Хэнтийн угшилтай л бол авлига, албан тушаалын “хэрэгтэн” байсан ч хамгаалагдаж үлддэг болж байгаа дүр зураг тодорч байна. Харин Г.Дөлгөөн, Д.Ринчиндорж нарыг хэн хамгаалж үлдэв гэдэг асуултад хариулт хайвал, “Ерөнхийлөгчийн “харьяанд” АТГ байдаг” гэх товч хариулт тохирох биз ээ. 

Г.ДӨЛГӨӨН, Д.РИНЧИНДОРЖ НАР ХӨГЖЛИЙН БАНКАНД ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙХДАА ТАВАН КОМПАНИД 68.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ХУУЛЬ БУСААР ОЛГУУЛСАН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН

      Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын дарга асан Г.Дөлгөөн, Хөгжлийн банкны Санхүүжилт, Хөрөнгө оруулалтын эрсдэлийн хэлтсийн захирал асан Д.Ринчиндорж нар “Монгол мах экспо” ХХК-д 31.9 тэрбум, “Монгол эм импекс” ХХК-д 7.3 тэрбум, “Инжир” ХХК-д 4.7 тэрбум, “Баруун баян транс” ХХК-д 10 тэрбум, “Пирамид орд” ХХК-д 15 тэрбум төгрөгийн зээлийг тус тус хууль бусаар олгуулсан буюу ТЭЗҮ-гүй, барьцаа хөрөнгө хангалтгүй, чанаргүй зээлийн үлдэгдэлтэй, шаардлага хангахгүй, зээл олгоход эрсдэлтэй гэдгийг нь мэдсээр байж албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж тухайн компаниудад зээл олгохыг дэмжсэн хэрэгт холбогдсон. Г.Дөлгөөн, Д.Ринчиндорж нарын энэ гэмт хэрэг бол Эрүүгийн хуулийн 22.1.2-д “Албан тушаалаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасаж, нэг жилээс тав хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж яллагдах гэмт хэрэг юм. 

УИХ-Д ХЭНТИЙГЭЭС ГУРВАН УДАА СОНГОГДСОН, МАН-ЫН “АРХАГ”-УУДЫН НЭГ Н.ГАНБЯМБЫН ХҮҮ ДӨЛГӨӨН ГЭЖ ХЭН БЭ

    Хөгжлийн банкны дэд захирал асан, өдгөө Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж буй Г.Дөлгөөн Хэнтийн угшилтай, УИХ-д гурван удаа сонгогдсон МАН-ын хууччуулын нэг Н.Ганбямбын хүү гэдгээрээ Хөгжлийн банкны хэргээс мултарч үлдэхээр санаархаж буй ажээ. 
 
Г.Дөлгөөний хувьд 2008 оны хавар МУИС-ийг Эдийн засагч мэргэжлээр төгсөж, намар нь Монголбанкны Төлбөр тооцоо бүртгэлийн газарт Нягтлан бодогчоор ажилд орсон. Тухайн үед буюу 2008 онд аав Н.Ганбямба нь Хэнтий аймгаас гурав дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдоод байлаа. 
 
Г.Дөлгөөн 2016 онд Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд ЭҮУГ-ын захирлаар томилогдсон. Түүнийг энэ албан тушаалд томилогдох үед аав Н.Ганбямба нь УИХ-д нэр дэвших мандатаа Д.Гантулгад “бэлэглэж”, оронд нь Хэнтий аймгийн Засаг даргаар заларч байв. Өөрөөр бол, Н.Ганбямбыг Хэнтийгээс нэр дэвшихээс татгалзаж, мандатаа “бэлэглэснийхээ” хариуд хүү Г.Дөлгөөнийгөө Хөгжлийн банканд дэд захирал болгож, өөрөө Хэнтийг засаглах эрх авсан ч гэх яриа бий. Г.Дөлгөөн Хөгжлийн банкны дэд захирлаар хоёр ажиллаад 2018 онд Төрийн банкны гүйцэтгэх захирал болж, мөн хоёр жил ажиллаад, 2020 оноос Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр дэвшин томилогдсон. Товчхондоо, Г.Дөлгөөн Эдийн засагч мэргэжилтэй, эрх баригч намд нөлөөтэй аавынхаа буянаар Монголбанк, Төрийн банк, Хөгжлийн банкны удирдах албан тушаалуудыг цөмийг нь хашсан нэгэн. 
 
 
Харин Г.Дөлгөөний аав Н.Ганбямбын тухайд, 1958 онд Хэнтий аймагт төрсөн. Хэнтий аймгийн Норовлинд сумын сургуульд II анги хүртлээ сураад Өндөрхаанд шилжин ирж, тэндээ ахлах сургуулиа төгссөн. 1980 онд МУИС-ийг Нийгмийн ухааны багш мэргэжлээр төгсөж, 1985 он хүртэл Хэнтий аймгийн Өндөрхаан, Бор-Өндөрт багш, хичээлийн эрхлэгчээр ажилласан. Улмаар 1985 онд МАХН буюу одоогийн МАН-д элсэж, түүнээс хойш Ардын намын “буян”-ыг хангалттай эдэлж яваа нэгэн. Дээрээс нь, Г.Дөлгөөн 2008 оноос төрд ажиллаж буй атлаа 1.9 тэрбумын орон сууц, 230 сая төгрөгийн хадгаламж, 160 саяын төгрөгийн малтай зэргээр хөрөнгөө мэдүүлдэг нэгэн. 
 
Н.Ганбямба 1992, 2000, 2008 онуудад гурван удаа УИХ-ын гишүүнээр Хэнтий аймгаас сонгогдсон. Дунд нь ХХАА-ын дэд сайдын албыг ч хашиж байлаа. Улмаар дээр дурдсанчлан 2016 оны УИХ-д нэр дэвшихээр УЗ-өөрөө хүртэл ороод байсан ч нэрээ татаж, оронд нь Хэнтий аймгийн Засаг дарга болсон. Хэнтийг дөрвөн жил засаглаад, 2020 оны наймдугаар сард одоогийн УИХ-ын гишүүн Ц.Идэрбатад шилжүүлэн өгч байв.  
 

ХЭНТИЙН ЦЭРГИЙН АНГИЙН ДЭД ХУРАНДАА Ч.ДАШДЭЛЭГИЙН ХҮҮ Д.РИНЧИНДОРЖ ГЭЖ ХЭН БЭ

       Хөгжлийн банкны Санхүүжилт, Хөрөнгө оруулалтын эрсдэлийн хэлтсийн захирал асан Д.Ринчиндоржийн хувьд мөн л Хэнтийн угшилтай, Хэнтийн цэргийн ангийн бэлтгэл дэд хурандаа Ч.Дашдэлэгийн хүү гэдгээ мөн л Хөгжлийн банкны хэргээр мултрахаар оролдож байгаа ажээ. 
 
Д.Ринчиндоржийн хувьд, Монголын толгой баячуудтай, тэр тусмаа Хөгжлийн банкны зээлдэгчидтэй бизнесийн холбоо, хамааралтай явж ирсэн нь анхаарал татах намтартай. Тухайлбал, Д.Ринчиндорж нь “Алтай констракшн” ХХК-ийн захирал Хадбаасангийн Бат-Эрдэнэтэй “Дээднэ” ХХК-ийг хамтран эзэмшиж ирсэн. Х.Бат-Эрдэнийн хувьд “Монгол драй милк” ХХК-иараа дамжуулан Хөгжлийн банкнаас 47 тэрбум төгрөгийн зээл авч, эргэн төлөлгүйгээр найдваргүй зээлдэгчдийн нэг болсон. Энэ хэргээрээ хоригдоод ч амжсан. 
 
Цаашилбал, Д.Ринчиндорж Хөгжлийн банканд ажиллахаа больсноосоо хойш алдарт “Моннис интернэйшнл” ХХК-ийн Санхүү хариуцсан захирал буюу Санхүүгийн албаны даргаар ажиллаж байгаа ажээ. “Моннис групп”-ийн хувьд 2019 онд Хөгжлийн банкнаас “Моннис майнинг экьюпмент” ХХК-иараа 107 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. 
 
    Харин Д.Ринчиндоржийн аав Чойдогийн Дашдэлэгийн хувьд, Хэнтий аймгаар овогдолдог. Тодруулбал, Ч.Дашдэлэг нь Зэвсэгт хүчний жанжин штабын Ар талын газрын материал хангалтын хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байгаад, 2000 оны сүүлээс өдийг хүртэл Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт байх Зэвсэгт хүчний 232 дугаар ангид Эдийн засагчаар ажиллаж ирсэн, бэлтгэл дэд хурандаа цолтой. 2018 онд Зэвсэгт хүчний 97 жилийн ойгоор тухайн үеийн Х.Баттулгаас Үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртэж байв. Сонирхуулахад, Ч.Дашдэлэгийн санхүүг нь хариуцаж ирсэн Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн хувьд Батлах хамгаалах салбарын мал аж ахуйг хариуцдаг. Тиймдээ ч Зэвсэгт хүчний анги, нэгтгэлүүдийн хүнсний махыг тус анги хариуцаж ирсэн байдаг. 
 

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН Г.ДӨЛГӨӨН, Д.РИНЧИНДОРЖ НАРЫГ “ХЭНТИЙНХ” ГЭДГЭЭР НЬ ХАМГААЛЖ ҮЛДЭВ ҮҮ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-20 16:00:05
    Зяин: Мэдлэг боловсролтой залуусаа ингэж намндаг болсон нь харамсалтай.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-20 11:57:25
    зочин: Ерөнхийлөгч ийн ТГ-ын дарга Янгуг Содбаатарын ах Я. Содэрдэнийг мөн ялаас сугалж үлдээсэн юм биш үү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-20 10:39:37
    pkxny: хэнтийхэн өөрсдийгөө алтан урагыхан гэдэг гэсэн үү
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188