• Өнөөдөр 2024-04-20

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАН ХААГЧДЫН ТҮҮСЭН САМРЫГ ХУРААН АВЧ, ХУУЛЬ БУСААР БОРЛУУЛСАН ГЭХ МАНДАЛ СУМЫН ЗДТГ-ЫН ДАРГА Д.ЛУВСАНДАВГА, БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ Ж.ВОЛООЖ НАРЫГ ШАЛГАЖ БАЙНА

2023-01-18,   1074

       Сэлэнгэ аймгийн Мандал сумын удирдлагууд шүүхийн шийдвэр гараагүй байхад иргэдээс хурааж авсан самраа зарж, борлуулсан талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, Мандал сумын Тамгын газрын дарга Д.Лувсандавга, Байгаль орчны хяналтын тасгийн дарга Ж.Волоож нар эрх мэдэл, албан тушаалын байдлын урвуулан ашиглаж, иргэдээс хурааж авсан 830 кг самрыг дуудлага худалдаагаар зарсан гэх. Ингэхдээ шүүхийн шийдвэр гараагүй, иргэдийн буруутай эсэх нь тогтоогдоогүй байхад дуудлага худалдаа зохион байгуулсан гэнэ. Уг үндэслэлээр Д.Лувсандавга, Ж.Волоож нарыг хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа аж.

     Өөр нэг ноцтой зүйл нь, уг хураасан самрыг Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын удирдлагууд албан хаагчдаа дайчилж, түүлгэсэн байж болзошгүй гэнэ. Бид энэ мэдээллийн мөрөөр дараах хүмүүстэй холбогдож, мэдээлэл авлаа.

МАНДАЛ СУМЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Д.ЛУВСАНДАВГА: ОНЦГОЙ БАЙДЛЫН УДИРДЛАГУУД АЛБАН ХААГЧДЫГ ДАЙЧИЛЖ, ТӨРИЙН ЭЗЭМШЛИЙН МАШИНААР ХУУЛИЙН БУС ХУГАЦААНД САМАРТ ЯВСАН НЬ ТОГТООГДСОН

        Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Лувсандавга "Онцгой байдлын албан хаагчид эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, төрийн эзэмшлийн автомашинаар хууль бусаар самарт явсныг олж тогтосоон. Тодруулбал, Мандал сумын Онцгой байдлын удирдлагууд төрийн эзэмшлийн машинаар төрийн албан хаагчдыг дайчилж, байгалийн баялгийг ашиглах хуулийн хугацаа нь болоогүй байхад самар түүж, тээвэрлэсэн байдаг. Уг хэргийг иргэдийн гомдол, мэдээллээр АТГ-аас илрүүлж, онцгой байдлын албан хаагчдын самрыг хурааж авсан юм байна лээ. Тэгээд харьяаллынх нь дагуу Мандал суманд шилжүүлж, хуулийн дагуу шийдвэрлэх үүрэг өгсөн. Засгийн газрын тогтоолын дагуу хураагдсан эд зүйлсийг худалдан борлуулах, устгах комиссын дарга нь ЗДТГ-ын дарга байдаг. Үүний дагуу би хүлээж авсан. Тэгээд бид хурааж авсан самрыг нь чингэлэгт хадгалж, шүүхийн шийдвэр гарахыг хүлээсэн. Гэвч намар эрт, болц нь болоогүй, түүхий байхад түүсэн нойтон самар нь хөгцөрч, муудах шинжтэй болсон. Шүүхийн шийдвэрийг хүлээвэл хэн ч авах боломжгүй болох гэж байсан. Тэгэхээр нь үнэлгээ тогтоох Ажлын хэсэгт хандаж, дүгнэлт гаргуулсан. Ажлын хэсгээс “Уг нойтон самрыг ойрын хугацаанд яаралтай худалдан борлуулж, тодорхой хэмжээний орлогыг төсөвт оруулахгүй бол энэ самар хог дээр хаягдах нь” гэсэн дүгнэлт гарсан юм. Энэ дүгнэлтийн дагуу л дуудлага худалдаа зохион байгуулсан. Дуудлага худалдаанд дөрвөн хүн оролцож, Улаанбаатар хотын иргэн авсан. Дуудлага худалдаанд ялсан болон ороцсон хүмүүс дунд миний таних хүн байхгүй. Мөн тухайн үед самрын ханш кг нь 14 мянган төгрөгийн үнэтэй байсан. Нэгдүгээрт, хөрцөрсөн, хатсан, чанарын шаардлага хангахгүй самар байсан учраас кг-ийг нь хямдруулж, 8000 төгрөгөөр дуудлага худалдаанд оролцуулж, зарсан. Одоо бүр дуудлага худалдаагаар авсан хүн нь “Буцааж самрыг нь өгнө. Миний хэрэгцээ шаардлагыг хангаагүй самар өгсөн” гээд хэл ам болоод байгаа. Одоо хэрэг нь шүүх дээр явж байгаа байх. Дуудлага худалдаагаар борлуулсан самрын долоон сая гаруй төгрөгийг орон нутгийн төсөвт оруулсан. Хэн нэгний хувийн дансаар аваагүй, төрийн данс руу орсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийг хүлээсэн бол онцгой байдлын албан хаагчдын хууль бусаар түүсэн самрыг хог дээр хаях байсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Намайг дуудлага худалдааг хууль бусаар зохион байгуулсан гэх үндэслэлээр хууль хяналтын байгууллагад гомдол өгсөн гэж Мандал сумын Онцгой байдлын хэлтсийн дарга н.Одхүү хэлсэн. Тэгэхээр энэ хэргийг хууль хяналтын байгууллагаас шалгаж л байгаа байх” гэлээ.  

Ж.ВОЛООЖ: ДУУДЛАГА ХУДАЛДААНД ЯЛСАН ИРГЭДЭД ТУСЛАЖ, ХУВИЙН МАШИНААРАА ҮЙЛЧИЛСЭН НЬ ҮНЭН

    Онцгой байдлын албан хаагчдын түүсэн самрыг АТГ-аас хураан авч, Зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа юм байна. Харин хураагдсан самрыг хэрхэх, зарж борлуулах уу, устгах уу гэх шүүхийн шийдвэрээс урьтаж сумын удирдлагууд дуудлага худалдаа зохион байгуулж, хямд үнээр борлуулжээ. Тодруулбал, кг-ийг нь 8000 төгрөгөөр буюу зах зээлийн ханшаас хямд зарсан талаар эх сурвалж мэдээллээ. Мөн үүгээр ч зогсохгүй дуудлага худалдааг зохион байгуулсан Байгаль орчны хяналтын тасгийн байцаагч Ж.Волоож нь өөрийнхөө хувийн машинаар самрыг нь зөөж, Улаанбаатар хот руу тээвэрлэжээ.  

     Бид уг асуудлаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын Байгаль орчны хяналтын тасгийн дарга Ж.Волоож “Цагдаагийн байгууллагаас уг хэргийг шалгаж, надаас тайлбар, мэдүүлэг авсан. Эргэж надад хариу тайлбар хэлээгүй. Онцгой байдлын албан хаагчид хууль бусаар самар түүсэн гэдэг нь нотлогдсон. Зөрчлийн хэрэг учраас харьяаллын дагуу Мандал сум руу шилжүүлсэн. Бид үүн дээр нь хариуцлага тооцсон л асуудал байгаа юм. Чийгтэй, нойтон самар гэсэн улсын байцаагчийн акт гаргаж, би ЗДТГ-ын даргад хүлээлгэн өгсөн байдаг. Үүний дагуу л дуудлага худалдаа зохион байгуулсан. Улаанбаатар хотоос  ирсэн хүн дуудлага худалдаанд ялсан. Тэр өдөр баасан гараг, ажлын цаг тарж байсан учраас би дуудлага худалдаанд ялсан хүн рүү залгаад “Самраа ирж ав. Ажлын цаг дуусах гээд байна” гэж хэлсэн. Гэтэл “Захаас Улаанбаатар явах унаа олсонгүй. Олдохгүй байна” гэхээр нь “Миний ачааны машин Улаанбаатар руу явах гэж байна. Ачаад явбал яв” гэж хэлсэн. Тэр хүмүүс ирж, очих түлшийг нь хийгээд миний ачааны машиныг аваад явсан. Би өөрөө яваагүй. Энэ хэрэг шүүхээр л шийдэгдэх юм шиг байна. Би нэг мөсөн сайн шалгаад, тогтоогоосой гэж хүсэж байна. Хууль хяналтын байгууллага шалгаж байгаа учраас энэ хэрэг удахгүй нэг талдаа гарна байх. Дуудлага худалдааны үнийг Үнэ тогтоох үнэлгээний ажлын хэсгээс асуух нь зүйтэй. Өөр нэг тайлбар хэлэхэд, намар эрт түүсэн, хатаж муудсан, хөгцөрсөн самар гэдгийг орон нутгийн иргэд мэдэж байсан. Ийм учраас орон нутгийн иргэд дуудлага худалдаанд оролцох сонирхолгүй байсан” гэлээ.

Иргэдээс хурааж авсан самар. Сэлэнгэ аймгийн Мандал сум. 2022.11.04

Ш.ОДХҮҮ: МАНАЙ АЛБАН ХААГЧИД АЖЛЫН ШУГАМААР ЯВАХ ЗУУРТАА САМАР ТҮҮСЭН ЮМ БАЙНА ЛЭЭ

         Онцгой байдлын албан хаагчдыг хэн, ямар нэртэй дарга даачилж, хууль бусаар самар түүлгэснийг хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа аж. 

         Бид Мандал сумын Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Ш.Одхүүтэй холбогдлоо. Тэрбээр “Онцгой байдлын албан хаагчид өнгөрсөн намар хувиараа самар түүхээ явсан. Төрийн албан хаагчдыг дайчилж, төрийн машинаар самарт явсан гэх зэрэг хэргийг би мэдэхгүй. Энэ асуудлыг манай удирдлагууд мэдэж байгаа байх. Энэ талаар би тайлбар өгөх боломжгүй. Төрийн болон хувийн машинаар самарт явсныг би мэдэхгүй. Манай албан хаагчид эргүүлд явах ажлын хажуугаараа л 10 гаруй шуудай самар түүгээд ирсэн юм шиг байна лээ. Манай хэлтэс аймгийн Онцгой байдлын газарт харьяалагддаг” гэсэн юм. 

 


ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАН ХААГЧДЫН ТҮҮСЭН САМРЫГ ХУРААН АВЧ, ХУУЛЬ БУСААР БОРЛУУЛСАН ГЭХ МАНДАЛ СУМЫН ЗДТГ-ЫН ДАРГА Д.ЛУВСАНДАВГА, БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ Ж.ВОЛООЖ НАРЫГ ШАЛГАЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-19 10:23:33
    Zochin: Болоожоо худлаа ингэж яахнав дэ. Чи 8-р зарсан нэртэй 18 мянгаар хотод аваачиж тушаагаа биздэ. Хотоос ирсэн гээд бгаа хүн чинь чамаас авсан болж жүжиглэсн дундаас нь юу ч аваагүй шдэ. Чи битгий ийм хөгийн байлда. Луяагаар шийдвэр гаргуулаад зарж мөнгө болгохыг нь чи зохион байгуулсан биздэ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-18 14:24:42
    Зочин: За Одхүү чи самарт явуулсан биз дээ. Ингэж иэлзэх юм уу хаха чи бол арай2
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188