Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон улс төрд нөлөө бүхий этгээдүүд нүүрснээсээ үнэтэй тээвэрлэлт хийж, их хэмжээний ашиг олдог гэвэл та итгэх үү. Хулгайн сэжүүр ердөө тээвэрлэлт, хөрс хуулалт хоёроос эхтэй гэдгийг албаныхан онцолсон. Тиймээс нүүрс тээвэрлэлтийн цаана их хэмжээний мөнгө угаалт явагдаж, хилийн цаана бүх данс, тооцооны ажлаа хийдэг гэхээр хэдий хэмжээний мөнгө эргэлддэг болохыг таахын аргагүй. Мөн томчуудын компани хилийн цаана гадаадын дансаар тооцоогоо хийдэг учир улсад төлөх ёстой татвараас ч бас зугтаж чаддаг гэсэн үг. Тэгэхээр нүүрсний компани болон нүүрс тээврийн компаниуд тээвэрлэлтийн аргаар хэрхэн мөнгө “унагадаг” болохыг жолоочийн ярьсан жишээгээр дурдъя.
Жишээлбэл, нүүрс тээврийн жолооч Ц нэг тонн нүүрсийг 95 юаниар тээвэрлэдэг байна. Тэгэхээр 70 тонн нүүрсийг 3.258.500 төгрөгөөр тээвэрлэдэг гэсэн үг. Түүнээс 171.500 төгрөг буюу таван юанийг тус компанийг зуучилж өгсөн хэмээн буцаан төлдөг байна. Нэг эргэлтэд 270 литр шатахуун ордог хэмээн жолоочид ярьдаг. Тэгвэл шатахууныг дунджаар 4500 төгрөгөөр авдаг гэхээр 1.215.000 төгрөгийг шатахуунд зарцуулж, 250.000 төгрөгийг автозамын татварт төлдөг болж байгаа юм. Ингээд үлдсэн мөнгөөр нь буюу 1.3-1.5 сая төгрөгөөр жолооч нь цалинждаг гэсэн үг. Энэ бол зөвхөн хувийнхаа автомашинаар бусдын компанийн нэр дээр явдаг нүүрс тээврийн жолооч нарын жишээ юм.
Харин нүүрс тээврийн компани болон нүүрсний компаниуд давхар чиргүүлтэй буюу дунджаар 140 тонн нүүрс тээвэрлэх чадалтай автомашинууд явуулдаг нь ойлгомжтой. Ингэж тооцоолоод дээрх жишээг арай томоор буюу 140 тонн нүүрс ачдаг томчуудын компанийг өдөрт хэчнээн төгрөгийн цэвэр ашиг олдог болохыг бодож үзье. Нэг тонн тутмыг 95 юаниар тээвэрлэдэг гэж үзвэл, 140 тонн нүүрсийг 6.517.000 төгрөгөөр зөөдөг байх нь. Түүнээс автозамын татварт 250.000, шатахууны төлбөрт дунджаар 1.215.000 төгрөг төлдөг байна. Харин тэд бусдын компанийн нэр дээр хувийнхаа автомашинаар тээвэрлээгүй учир таван юанийн төлбөр компанид буцааж төлдөггүй гэсэн үг. Ингээд нэг удаагийн эргэлтээр буюу нэг автомашинаас дунджаар 5.52.000 төгрөгийн ашиг олдог байх нь. Үүнийг өдөрт 504 автомашин нүүрс гаргадаг гэх УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн жишээгээр тооцоолж үзье. Нэг автомашины ашиг болох 5.52.000 төгрөгийг 504 автомашинд үржүүлэхэд өдөрт 2.546.208.000 төгрөгийг цэвэр ашиг олдог байна. Түүний адил өдөрт нүүрс тээврийн автомашинаа хэдэн зуу, хэдэн зуугаар нь гаргадаг өчнөөн компани бий. Тухайлбал, өчигдөр зөвхөн "Эрдэнэс Тавантолгой" ХК гэхэд нүүрс тээврийн 600 гаруй автомашин гаргасан байгаа юм.
Бид нүүрс нэг тонн нүүрсийг хэдэн юаниар зөөдөг, нүүрс зөөхөд юу өрнөдөг талаар нүүрс тээврийн жолоочоос Д-гээс тодруулсан юм. Тэр замдаа нүүрсээ тээвэрлэж яваа учир нэрээ нууцлахыг хүссэн юм.
-Нүүрсний уртын урт тээвэрлэлт хэдэн километр явж Гашуунсухайтын боомтоор гардаг вэ?
-“Энержи ресурс” ХК, “Тавантолгой” ХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК гээд нүүрсний гурван уурхай бий. Уртын урт тээвэрлэлтийг 247 километр явж Гашуунсухайтын хилээр гардаг. Харин урт гэхээрээ 220 километр яваад Цагаан хаданд нүүрсээ буулгачихдаг юм. Цагаан хадан дээр буулгасан нүүрсийг цааш нь 37 километр богинын тээврээр зөөдөг. Би түүнд нь явж үзээгүй. Би Тавантолгойгоос Цагаан хад руу уртын тээвэрт явдаг.
-Нэг тонн нүүрсийг хэдэн юаниар тээвэрлэдэг вэ?
-Одоогийн байдлаар нэг тонн нүүрсийг 90-95 юаниар тээвэрлэж байна. Нүүрсний автомашин том, жижгээсээ хамаарч 20-30 тонн жинтэй байдаг. Би 68 тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай автомашин барьдаг. Нэг тонн нүүрсийг 90 юаниар тээвэрлэдэг гэж бодоход компани нэг тонн тутмаас таван юань авдаг. Юаниа зах зээлийн ханшаас доогуур бодож өгдөг. Давхар тэрэг нь 140 гаруй тонн нүүрс ачдаг гэсэн. 260-280 литр шатахуунаар бүтэн тойрдог. Литр шатахууныг хувиараа 4500-5000 төгрөгөөр харин компаниар бол 4200 төгрөгөөр авдаг. Мөн автозамын татвар гэж авдаг хувиараа төлөх юм бол 360 мянга, компаниас төлөх юм бол 250 мянган төгрөг төлдөг. Тэгээд сааталгүй явах юм бол жолооч нэг удаад нэг сая гаруй төгрөг авдаг.
-Нүүрс тээврийн жолоочид нэг эргэлтэд хэд хоног явдаг вэ?
-2-3 хоног явж байна. Заримдаа түгжрээд олон хонодог.
-Та нүүрс тээврийн жолоочоор хэдэн жил ажиллаж байна вэ?
-2019 оноос нүүрс тээврийн компанид жолоочоор ажиллаж байна. Өмнө нь хятадын компанийн автомашин барьж, цалинждаг байсан. Харин одоо явсан эргэлтээрээ цалинждаг. Компанидаа хэдэн эргэлт явснаа бүртгүүлж, замын хураамж, шатахуун болон компанийнхаа ашгийг аваад үлдсэнийг нь жолоочийн цалин болгож өгдөг. Сард нэг удаа заримдаа хоёр удаа өгөх үе бий.
-Нүүрс тээврийн жолоочид хэр явж байна вэ?
-Одоогоор сайн явж байна. Би Ханги руу нүүрс ачихаар төлөвлөж байгаа. Ханги руу ачвал бэлэн мөнгөөр цалинжих юм билээ.
-Хилийн цаана нүүрс тээвэрлэлтийн мөнгөө авч, тооцоогоор хийдэг гэх мэдээлэл бий. Энэ үнэн үү?
-Компаниуд уурхайгаас нүүрсээ Хятадад зарахдаа гэрээ хийсний дагуу төлбөр нь банкаар орж ирдэг юм билээ. Заримдаа банк хаалттай учир тооцоо хийж болохгүй гэж яриад байдаг юм. Тэгэхээр гэрээний дагуу төлбөр, тооцоогоо дансаар шилүүлдэг байх гэж боддог” гэсэн юм.
Харин Авто тээврийн үндэсний төвийн Ачаа тээврийн хэлтсийн дарга О.Энхбатаас хэчнээн тээврийн аж ахуйн нэгжийн хэдэн жолоочид "С" зөвшөөрөл олгосон болохыг тодруулсан юм. Тэрбээр “ Хятад, Монгол Улсын Засгийн газрын авто тээврийн хэлэлцээрийн хүрээнд холбогддог. БНХАУ-ын талаас манай талд өгсөн бичгийг тээврийн хэрэгслүүдэд олгох ажлыг зохион байгуулдаг. Гашуунсухайт боомтын хувьд гурван сайдын журмын дагуу боомтын улсын зөвлөлөөс байгуулсан битүүмжилсэн тээврийн багийн хүрээнд 177 аж ахуйн нэгжийн 7126 автомашинд хил нэвтрэх “С” төрлийн зорчих зөвшөөрөл олгосон байдаг. Гашуунсухайт дахь боомтын тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохицуулах Монгол Улсын Шадар сайд, Сангийн сайд, Зам, тээврийн хөгжлийн сайдын хоёрдугаар сарын 14-нд баталсан журам байдаг. Журмын шаардлага хангасан битүүмжилсэн тээврийн багт с зөвшөөрөл олгогдсон. Манайх хэн нэгэн мэргэжилтний хувийн ажлаас хамаарахгүйгээр олгох зорилгоор тээврийн нэгдсэн систем гэх программ хангамжийг нэвтрүүлж, "С" зөвшөөрлийн бичиг олгодог. Тус системд битүүмжилсэн тээврийн багийн мэдээллийг оруулсан. Манайх хувь иргэнд “С” зөвшөөрлийн бичиг олгодоггүй. Татвар, нийгмийн даатгалын өргүй, стандартын шаардлага хангасан аж ахуйн нэгж байгууллагад өгч байгаа. Гашуунсухайт боомтод 600 мянга орчим жолоочид С зөвшөөрөл олгодог байсан. Харин энэ жил 7126 жолоочид “С” зөвшөөрөл олгосон. Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны ажлын албанаас халдвар хамгааллтын дэглэм сахисан аж ахуйн нэгжүүдийг баталдаг. Баталсан мэдээллийн хүрээнд АТҮТ-өөс “С” зөвшөөрөл олгосон. “С” зөвшөөрлийн бичиг олгох эрхийг Боомтын сэргэлтийн Үндэсний хорооноос гаргаж байгаа. Манай байгууллага дангаараа зөвшөөрөл өгөх эрхгүй байдаг” гэв. Гэвч Боомтын сэргэлтийн ажлын албаныхан даргын зөвшөөрөлгүйгээр мэдээлэл өгч чадахгүй. Хэрвээ зөвшөөрөлгүй мэдээлэл өгөх юм бол бид загнуулна. Дарга одоогоор гадаадад байгаа” гэсэн юм.
Авлигатай тэмцэх газраас хоёрдугаар сарын 18-нд АТГ-аас хойшлуулшгүй ажиллагааг явуулж, АТҮТ-ийн К.Айдос, С.Онон, Г.Мэндбаяр, Б.Анхтүвшин нарыг саатуулсан байдаг. Тэднийг олон улсын ачаа тээврийн "С" зөвшөөрлийг эрх мэдлээ ашиглаж бусдад олгож, бусдаас хууль авсан гэх хэргээр буруутгаж байсан билээ. Улмаар өнгөрөгч наймдугаар сард тэдний хэргийг АТГ-аас шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлээд байгаа юм.
НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТИЙН ЦААНА НУУГДСАН МӨНГӨ УГААЛТЫН ХЭРГИЙН МӨРӨӨР... |
|
2024-12-11 13:15:32
2024-12-11 11:38:18
2024-12-11 11:16:58
2024-12-11 11:16:53
2024-12-11 10:57:24
2024-12-11 10:35:47
2024-12-11 09:49:34
2024-12-11 09:02:28
2024-12-11 09:00:00
2024-12-11 08:36:26
2024-12-11 08:14:14
2024-12-11 07:00:05
2024-12-11 07:00:00
2024-12-11 07:00:00
2024-12-11 07:00:00
2024-12-11 07:00:00
2024-12-11 06:00:00
2024-12-11 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |