Хулгайн нүүрсний мөнгөөрөө Казахстанд орон сууцны хороолол барьсан гэх “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дарга асан Х.Нурлатыг дахин цагдан хорих эсэхийг өнөөдөр шийднэ. Угтаа бол түүнийг өнгөрсөн аравдугаар сарын 28-нд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Худалдан авалтын хэлтсийн дарга асан Б.Отгонжаргалтай хамт 48 цагийн хугацаатай цагдан хорьсон байдаг. Тухайн үед үргэлжлүүлэн хорих шаардлагагүй хэмээн үзэж, суллаж байсан юм. Хууль хяналтын байгууллагынхан тэр өдрөөс хойш багагүй шалгалтын ажиллагаа явуулж, ноцтой сэжим илрүүлээд байгаа гэх. Тодруулбал, Х.Нурлатыг бусадтай хамтарч, үүсгэн байгуулласан компаниараа дамжуулж, мөнгө угааж, хулгайн нүүрсний мөнгөөрөө Казахстанд хаус хороолол барьсан гэх мэдээлэл олдоод байгаа аж. Уг мэдээллийн мөрөөр хууль хяналтын байгууллагынхан шалгалтын ажиллагаа явуулж байна.
Тодруулбал, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнгөрсөн баасан гарагт мэдээлэл өгөхдөө “Нүүрсний хулгайчдыг жагсагчид зарла гэж байгаа. Би АТГ-ын дэд дарга Г.Азжаргалыг зарим мэдээллийг ил болгож хэлэх болов уу гэж бодож байна. Жишээлбэл, "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн удирдлагад ажиллаж байсан Х.Нурлатын хамаарал бүхий компани нь Бүгд найрамдах Казахтсан Улсын Алматы хотод тансаг зэрэглэлийн орон сууцны хороолол барьж байгуулсан гэх асуудлыг шалгаж байна. Гэхдээ энэ хүнийг эцсийн байдлаар гэм буруутай гэж зарлаж болохгүй. Яг үүнтэй адил УИХ-ын тэр, тэр гишүүн гэж зарлах нь мөрдөн шалгах ажиллагаа явагдаагүй байхад зохимжгүй” гэж мэдэгдээд байна.
Х.Нурлатын гол хамтрагч нь Улаанбаатар хот дахь гаалийн газрын улсын байцаагч З.Сырымбек гэнэ. Тэрбээр эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Х.Нурлаттай хамтарч нүүрсний мөнгөөр Казахстанд хаус хороолол барьсан байж болзошгүй нөхцөл байдал илрээд байгаа юм.
Тодруулбал, нүүрсний хулгайн асуудалтай холбогдуулан 2022 оны арванхоёрдугаар сарын 7-8-нд шилжих шөнө “Эрдэнэс таван толгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарын найман хүнийг хойшлуулшгүй журмаар баривчилсан. Хоригдсон найман хүнээс зургаан хүнийг нь цагдан хорих саналаа прокурорын байгууллагаас шүүхэд хүргүүлсэн байдаг.
Тус саналыг арванхоёрдугаар сарын 9-нд хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, мөн хуулийн 14.10 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 14.13 дугаар зүйлийн 1, 8, 9, 10 дахь хэсэгт тус тус зааснаар яллагдагч Б.Ганхуяг, Б.Нарантуяа, С.Энхтөр, С.Энхтүвшин, З Сырымбек нарт нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн юм. Харин Х.Нурлатыг цагдан хорих санал гарсан ч өнөөдөр хэлэлцэхээр хойшлуулаад байгаа билээ.
Компанийн газрын дарга, гаалийн улсын байцаагч яаж нүүрсний хулгайч болж, гаднын улсад өндөр зэрэглэлийн хаус, орон сууцны хороолол барьсан бэ гэх асуулт эндээс урган гарч ирнэ. Х.Нурлат нь 2016 оноос “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын даргаар ажиллаж эхэлсэн байдаг. Харин гаалийн улсын байцаагч З.Сырымбек нь Буянт-Ухаа гаалийн газрын даргаар ажиллаж байгаад 2018 оноос одоогийн албан тушаалдаа томилогдсон байдаг юм билээ. Тэднийг холбож байгаа хамаарал нь “Онлайнложистикс" компани. Мөн нэг нутаг буюу Баян-Өлгий аймгийн Өлгий хот.
“Онлайнложистикс" компанийг Х.Нурлат 2008 онд үүсгэн байгуулж, З.Сырымбек хувьцаа эзэмшиж ирсэн. 2021 оны аравдугаар сарын 11-нийг хүртэл тус компанийн захирлаар Х.Нурлат ажиллаж байгаад гүйцэтгэх захирлаар Б.Эрдэнээ гэх хүнийг томилж, өөрийнхөө компаниас нэрээ хасуулжээ. Одоо тус компанийг Зухай Сырымбек, Батбаяр Эрдэнээ, Батбаяр Чөдөр-Эрдэнэ нар хариуцаж, хувьцаа эзэмшдэг. Өөрөөр хэлбэл, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Онлайнложистикс" компанийн бүртгэл, бичиг баримтаас харахад Х.Нурлат тус компанид хамааралгүй юм шиг хэрнээ “нууц ноён” нь гэсэн үг. Үүнийг батлах ганцхан жишээ нь, “Онлайнложистикс" компани нь Х.Нурлатын гэрийн хаяг болон бусад НҮТББ-ын хаяг дээр бүртгэлтэй байдаг аж.
Х.Нурлат, З.Сырымбек нар тус компаниараа мөнгө угааж, хулгайн нүүрсний мөнгийг Казахстан руу гаргасан байж болзошгүй байгаа юм. Үүгээр ч зогсохгүй эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хулгайн нүүрсний мөнгөөрөө өндөр зэрэглэлийн орон сууцны хороолол барьсан. Ингээд зогсохгүй барилгын ажил дуусаж, орон сууцны хороолол ашиглалтад орсон гэх мэдээлэл бий.
Х.Нурлатын мөнгө угаасан гэх энэ хэрэгт хэн хамаатай вэ, түүний ард хэн байгаа вэ гэдгийг хууль хяналтын байгууллагынхан шалгаж байна. Магадгүй компанийн газрын дарга, гаалийн байцаагч бие дааж уг хэргийг үйлдэх боломжгүй гэж үзэж байж болох. Олон нийт ч мөн ингэж хардаж байгаа юм.
Х.Нурлат нь 2016 онд буюу “Эрдэнэс таван толгой” ХК-д ажилд орохдоо Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай ойр дотно байсан талаар эх сурвалжууд мэдээлж байна. Тодруулбал, тэрбээр Х.Баттулгын эзэмшлийн барилгад байрлаж, хамтран ажилладаг байсан гэнэ.
Харин өөр нэг сэжүүр нь Х.Нурлат нь “Эрдэнэс таван толгой” ХК-д ажиллаж байхдаа УИХ-ын гишүүн “Ажнай” Д.Бат-Эрдэнэтэй ойртож, хамтарч ажиллаж эхэлсэн гэнэ. Хамтарч эхэлсэн цагаасаа тэд нүүрсний хулгайн хэрэгт хуруу дүрж, улсыг цөлмөсөн байж болзошгүй аж.
Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ хоёр өдгөө нүүрсний хулгайн “автор” болтлоо цоллогдож, зарлагдаад байна.
Х.Нурлатын хамтрагч, гаалийн байцаагч З.Сырымбек нь УИХ-ын гишүүн асан А.Бакейн эхнэрийн төрсөн дүү. Х.Нурлат хамтрагчийнхаа хүргэн ахын дэмжлэгээр “Эрдэнэс таван толгой” ХК-д ажилд орж, ногоон гэрлээр газрын даргаар томилогдсон гэх мэдээлэл зарим хэвлэлээр цацагдаад байна.
Бид энэ талаар УИХ-ын гишүүн асан А.Бакейнаас тодруулахад “Нэр нь яригдаад байгаа хүн манай эхнэрийн төрсөн дүү мөн. Гэхдээ уг асуудал нь надад огт хамаагүй. Мөн намайг Х.Нурлатыг албан тушаалд хүргэсэн гэж ярьж байна. Энэ бол ташаа мэдээлэл. Казакууд нэг нэгийгээ танина. Үүнтэй адилхан буюу Х.Нурлат миний хувьд жирийн л нэг таньдаг залуу. Гэхдээ манай хадам дүүтэй хамтарч ажилладаг гэдгийг нь мэддэггүй байсан. Залуучууд бие биеэ дэмжээд ажиллаж л байдаг шүү дээ. Тэдний асуудлыг мэдэх шаардлага надад байхгүй. Би эрдмийн мөр хөөгөөд, мөрөөрөө ажиллаж, амьдарч байгаа хүн. Би Х.Нурлатыг яаж албан тушаалд томилуулах юм бэ. Тухайн үед буюу 2016 онд би УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийг дуусгавар болгосон шүү дээ. Дээрээс нь МАН, Ардчилсан намын намайг сонсож, миний санал болгосон хүнийг албан тушаалд томилно гэж үү” гэлээ.
Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс Эрдэнэс таван толгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дарга асан Х.Нурлаттай холбогдох гэсэн боловч тэрбээр гар утсаа унтрааж, цахим хаягаа хаажээ.
Харин бид Казахстанд хаус хороолол барьсан гэх гаалийн байцаагч З.Сырымбекийн эхнэр С.Еркегултай холбогдож, зарим зүйлийг тодрууллаа.
-Таны нөхрийг нүүрсний хэрэгт буруутгаж, цагдан хорьлоо. Та ямар байр суурьтай байна вэ?
-Нөхрийг минь хэлмэгдүүлж, цагдан хорьсон. Энэ бол хэлмэгдүүлэлт, гүтгэлэг. Удахгүй зөв, буруу нь илрээд хар, цагаанаараа ялгарах байлгүй дээ.
-Таны нөхөр бусадтай хамтарч гадаадад орон сууцны хороолол барьсан юм уу?
-Тийм зүйл гэж юу байх билээ дээ. Хэрэв тийм байсан бол юу гэж өнөөдөр ингээд байж байх юм бэ. Энэ бол ор үндэслэлгүй, худал мэдээлэл. Яагаад ингэж худал мэдээлэл тарааж, хүнийг хэлмэгдүүлж байгааг гайхаж байна.
-Хууль хяналтын байгууллагынхан урьдчилсан байдлаар тогтоосон гэсэн шүү дээ?
-Казахстанд манай нөхөртэй адилхан нэртэй хүн байдаг юм билээ. Тэр хүнтэй андуурчихсан юм болов уу гэж бодож байна. Би нөхрийнхөө алхсан, гишгэсэн болгоныг мэддэг. Ийм зүйл үнэхээр байхгүй. Би хувьдаа итгэж байна.
-Х.Нурлаттай хамтарч компани эзэмшдэг юм байна шүү дээ. Та үүнийг нь мэдэх үү?
-Хуулийн байгууллага шалгаж байгаа учраас би өөр мэдээлэл өгмөөргүй байна.
Казахстанд хаус хороолол барьсан гэх гаалийн байцаагч З.Сырымбекийн эхнэр С.ЕРКЕГУЛ: Нөхрийг маань адилхан нэртэй хүнтэй андуурч, хэлмэгдүүлж байна |
|
2025-03-16 12:31:13
2025-03-16 11:14:21
2025-03-16 10:27:49
2025-03-16 10:21:01
2025-03-16 09:50:03
2025-03-16 09:40:58
2025-03-15 16:32:13
2025-03-15 15:30:12
2025-03-15 14:51:59
2025-03-15 12:10:25
2025-03-15 11:56:24
2025-03-15 11:00:00
2025-03-15 10:52:29
2025-03-15 10:15:58
2025-03-15 10:07:26
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |