• Өнөөдөр 2024-04-27

Б.ГАНХУЯГТАЙ ХОРШСОН “НҮҮРСНИЙ БҮЛЭГЛЭЛ”-I: 2.2 их наяд төгрөгийн ОЛБОРЛОЛТЫН гэрээ болон 501 сая ам.долларын КОНЦЕССЫН гэрээ

2022-11-03,   3110

       Засгийн газар “Эрдэнэс тавантолгой” ХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг болон эрх бүхий дөрвөн албан тушаалтныг ажлаас нь чөлөөлж, тэднийг АТГ-т шалгуулахаар хандаад байгаа. Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой” ХК-д явуулж буй энэ ажиллагаа нь үндсэн хоёр зорилготой. Нэгдүгээрт, нүүрсний экспортыг цэгцлэх, ашгийг нь нэмэгдүүлэх замаар ам.доллар татан төвлөрүүлэх. Хоёрдугаарт, “Эрдэнэс тавантолгой” ХК-д эзэн суусан “Нүүрсний бүлэглэл”-ийг зайлуулах давхар зорилго агуулж буй гэх. 
       
      Тэгвэл Засгийн газарт ч захирагдахаа больсон, “Эрдэнэс тавантолгой”-д эзэн суусан “Нүүрсний бүлэглэл” гэж чухам хэн гэдэг, ямар хүмүүсийг нэрлэж, цоллоод байгаа юм бэ, гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг тэдэнтэй ямар холбоо сүлбээтэй байв гэдгийг эрэн сурвалжлахаар энэхүү цувралыг эхлүүлж байна. 
       
     Эхний дугаартаа, Б.Ганхуягийг гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үед “Эрдэнэс тавантолгой” ХК-тай 2.2 их наяд төгрөгийн олборлолтын гэрээ байгуулж, Засгийн газраас “Тавантолгой-Манлай-Ханги” чиглэлийн 501 сая ам.долларын концесс авсан, басхүү “Эрдэнэс тавантолгой” ХК-тай хувийн компаниараа нүүрс тээврийн гэрээ байгуулж байсан Э.Оюутцэцэн гэх залууг танилцуулж байна. Чухамдаа тэр Б.Ганхуягийн үед “Эрдэнэс тавантолгой”-д эзэн мэт аашилж байжээ. 
 
БАРИМТ 1: Э.ОЮУТЦЭЦЭН “ТИ ТИ ЖИ ВИ СИ ӨҮ” ХХК-ИАРАА “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ТАЙ 2.2 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ОЛБОРЛОЛТЫН ГЭРЭЭ БАЙГУУЛЖЭЭ 
       
      “Эрдэнэс тавантолгой” ХК өнгөрөгч 2021 оны арваннэгдүгээр сард “Цанхийн зүүн уурхайн гэрээт олборлогч” шалгаруулах 2.2 их наяд төгрөгийн санхүүжилттэй тендер зарлажээ. 2.2 их наяд төгрөг гэдэг бол Монгол Улсын бүтэн жилийн төсвийн 10/1-тэй тэнцэх асар их мөнгө. Ноцтой нь, тендерийн мэдээллийн санд бүртгэгдсэнээр 2.2 их наяд төгрөгийн тус тендер “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК дангаараа оролцож, шалгарчээ.
 
      Ингэхдээ 1 м3 уулын цулын ажлыг 10,366 төгрөгөөр буюу нийт 2.229.281.898.600 төгрөгөөр гүйцэтгэх саналаар шалгарсан юм байна. Улмаар 2021 оны арваннэгдүгээр сарын 9-нд “Эрдэнэс тавантолгой” ХК тендерт шалгарсан “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-тай гүйцэтгэлийн 36 сарын гэрээ байгуулж, 2022 оны нэгдүгээр сарын 5-наас олборлолтоо эхлүүлжээ. Гэрээнээс онцлох нэг заалт нь, “Эрдэнэс тавантолгой” ХК 2.2 их наяд төгрөгийн төлбөрөө төгрөгөөр болон нүүрсээр хийхээр тохиролцжээ. Гэрээний эхний нүүрт “Эрдэнэс тавантолгой” ХК-ийг төлөөлж Б.Ганхуяг, “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-ийг төлөөлж Э.Оюутцэцэн гэх нэр дурайж байгааг тодруулж харуулав.
     
       “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 2.2 их наяд төгрөгийн тендерт дангаараа оролцож шалгарсан “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-ийг Сингапурын “Файв Хиллс Холдингс” компани болон Энхболдын Оюутцэцэн эзэмшиж иржээ. “Эрдэнэс тавантолгой” ХК-тай 2.2  их наяд төгрөгийн гэрээ үзэглэх үедээ Э.Оюутцэцэн компанийнхаа гүйцэтгэх захирал байсан. Харин 2021 оны арваннэгдүгээр сарын 9-нд буюу дээрх 2.2 их наяд төгрөгийн гэрээ зурагдсанаас ердөө 10 хоногийн дараа Э.Оюутцэцэн “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-ийн эзэмшигчийн бүртгэлээс нэрээ хасуулж, өөрийнхөө оронд гүйцэтгэх захирлаар Бадралын Баттуул гэгчийг томилсон байдаг ажээ. 
 
     Сонирхуулахад, Э.Оюутцэцэнгийн оронд “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-ийн гүйцэтгэх захирал Бадралын Баттуул нь БНХАУ-ын иргэн Донг Зунг Гуанг гэгчтэй хамтран “Фэд транс ложистик” ХХК-ийг эзэмшдэг. “Фэд транс ложистик” ХХК нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрсийг БНХАУ руу автомашинаар тээвэрлэхээр гэрээ байгуулсан гол компаниудын нэг ажээ. Өөрөөр хэлбэл, нэг компаниараа “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Цанхийн уурхайн олборлолтыг хариуцаж, нөгөө компаниараа “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрс тээвэрлэлтийг хариуцаж байгаа гэсэн үг. 

БАРИМТ 2: Э.ОЮУТЦЭРЭН “ТАХИЛТ ХАЙРХАН ТРАНС” ХХК-ИАРАА ЗАСГИЙН ГАЗАРТАЙ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”-Н УУРХАЙГААС ХАНГИ БООМ ХҮРТЭЛ 477 КМ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМ БАРИХ 501 САЯ АМ.ДОЛЛАРЫН КОНЦЕССЫН ГЭРЭЭ БАЙГУУЛЖЭЭ  

      Засгийн газар 2019 оны долдугаар сарын 31-нд тухайн үеийн Үндэсний хөгжлийн газраар дамжуулан “Тахил хайрхан транс” ХХК-тай “Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн авто зам төсөл”-ийг хэрэгжүүлэх Зураг төсөл боловсруулах-Барих-Ашиглах-Шилжүүлэх нөхцөлтэй Концессын гэрээ байгуулж байв. Тус гэрээнд Засгийн газрын төлөөлж, тухайн үеийн Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, “Тахилт хайрхан транс” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Жи Лингшинг гарын үсэг зурсан байдаг. Энэхүү гэрээ нь “Тахилт хайрхан транс” ХХК “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн уурхайгаас Дорноговь аймгийн Ханги-Мандал боомт хүртэл 477 км хатуу хучилттай автозамыг 501 сая ам.долларт багтаан барьж, тус замаараа өөрсдөө 27 жил нүүрс зөөж ашиглаад Засгийн газарт хүлээлгэн өгөх нөхцөлтэй гэрээ юм. 
       Тэгвэл Засгийн газраас Тавантолгой-Ханги чиглэлийн концессын гэрээг авч, өөрсдийн барьсан замаа 27 жил ашиглаж, эзэмшиг эрхтэй болсон “Тахилт хайрхан транс” ХХК-ийг өнөөх Энхболдын Оюутцэцэн эзэмшдэг ажээ. Харин гүйцэтгэх захирлаараа БНХАУ-ын иргэн Лай Зэн Бао гэгчийг ажиллуулж байгаа юм байна. Хамгийн сонирхолтой нь, Энхболдын Оюутцэцэн нь “Тахилт хайрхан транс” ХХК-иа 2018 оны арванхоёрдугаар сард байгуулжээ. Ингээд ердөө долоон сарын дараа буюу 2019 оны долдугаар сард Засгийн газраас дээр дурдсан Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн концессын гэрээг авч чадсан байгаа юм. Өөрөөр бол, Засгийн газар, тухайн үеийн УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар байгуулагдаад ердөө долоон сар болж байсан компанитай 501 сая ам.долларын концессын гэрээ үзэглэсэн болж таарч байна. 
 
 
 

БАРИМТ 3: Э.ОЮУТЦЭЦЭНГИЙН “ТИ ТИ ЖИ ВИ СИ ӨҮ” ХХК, “ТАХИЛТ ХАЙРХАН ТРАНС” ХХК БОЛОН ААВ Ц.ЭНХБОЛДЫНХ НЬ “ЭС ЭМ АЙ” ХХК-ИУД НЭГ ХАЯГ ДЭЭР БҮРТГЭЛТЭЙ БАЙДАГ

     “Эрдэнэс тавантолгой” ХК-иас 2.2 их наяд төгрөгийн тендер авсан “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК, Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн уурхайгаас Ханги боомт хүртэл 477 км хатуу хучилттай авто зам барих концесс авсан “Тахилт хайрхан транс” ХХК хоёулаа “Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Моннис цамхаг, VI давхар” гэх нэг хаяг дээр бүртгэлтэй байдаг ажээ. Өөрөөр хэлбэл, дээрх хоёр компанийн цаана Сингапур, Хятадын компаниудаас гадна Энхболдын Оюутцэцэн гэх нэг хүн байдгийн бас нэг баталгаа юм. 
 
Мөн “Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Моннис цамхаг, VI давхар” гэх хаяг дээр “Эс Эм Ай” гэх компани давхар бүртгэлтэй байдаг ажээ. Судалж үзвэл, энэ компанийг Энхболдын Оюутцэцэнгийн аав буюу Цэндийн Энхболд эзэмшдэг юм байна. Ц.Энхболд нь “Эс Эм Ай” ХХК-ийг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад бүртгэлтэй “Жаянт фийлд групп” компанитай хамтран эзэмшдэг. Энэ компани нь Булган аймгийн Сайхан сумын нутагт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын гурван тусгай зөвшөөрөлтэй ажээ. Мөн Ц.Энхболд Сингапурын “Green Energy Prosperity” компанитай хамтран “Грийн энержи просперити” ХХК-ийг эзэмшдэг. Энэ компани нь Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутагт ашигт малтмалын ашиглалт, хайгуулын хоёр, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт ашиглалтын нэг тусгай зөвшөөрөлтэй юм байна. 
 
Харин Ц.Энхболд гэгч өөрөө хэн болохыг судалж үзвэл, Уул уурхайн хүрээлэнгийн дэд захирал, АМХЭГ-ын Уул уурхайн албаны захирал, ҮХЯ-ны ГУУГ-ын орлогч дарга, “МАК” ХХК-ийн Төлөвлөлт, эдийн засаг, судалгаа, хөгжлийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Уул уурхайн салбарт нөлөө ихтэй нэгэн аж.

      Энэ мэтээр “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягтай хоршиж, тус компанид эзэн суусан Энхболдын Оюутцэцэн гэгчийг цааш хөөвөл УУХҮ-ийн сайд асан, одоогийн Хотын дарга Д.Сумъяабазар, тэр байтугай Эрүүл мэндийн сайд С.Энхболд руу хөтөлдөг жим ч гарч ирдэг ажээ. 

 
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ... 
 

Б.ГАНХУЯГТАЙ ХОРШСОН “НҮҮРСНИЙ БҮЛЭГЛЭЛ”-I: 2.2 их наяд төгрөгийн ОЛБОРЛОЛТЫН гэрээ болон 501 сая ам.долларын КОНЦЕССЫН гэрээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 11
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-17 08:07:13
    Раёх: Сумъяабазарт тэнэг хүн л итгэнэ. УИХ-ын гишүүн, сайд, хотын дарга толгойд багтахгүй юм аа сайн шалгах хэрэгтэй.!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-17 08:05:43
    Мс: Үхэж байсан бузруудыг босож ирэхгүй болтол нь гуйлгачин болгоод шоронд хатаадаг хууль төртэй болоосой. Сумъяа Базар болон түүний гэр бүлийнхэн юу гэж зүгээр байх вэ? Но байж л байгаа хэллээ. Шуналууд!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-04 07:49:19
    Төмөр өө: Хууль энэ тэх зөрчсөн үгүй нь тогтоохдох байх л даа.Гэхдээ энэ том төсөлд бяртай санхүүтэй том компагиуд л оролцож хийх байлгүй дээ.ЭТТ үнэхээр их мөнгөтэй бол өөрсдөө хийх байсан байх.Мөнгөгүй болохоор л концесс гэрээ хийж зам бариулах гэж дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-04 00:52:47
    Зиа боль,: Гуйцэтгэгч тодруулах гэж тендер зарладаг биздээ! Тэгээд ялсан байна. Сайн байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-03 22:50:17
    Зочин: Боловсролын яаманд байсан Батсайхан гэгч балай этгээд бас дарганцар хийж байсан бас оролцсондоо!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-03 21:19:21
    Ман: Новшнууд МАН намдаа хандив өгсөн биз дээ Одоо яаж ч чадахгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-03 21:19:20
    Ман: Новшнууд МАН намдаа хандив өгсөн биз дээ Одоо яаж ч чадахгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-03 20:31:24
    sumya bol avilgach: Sumya said baihdaa TTJVCO-goos 4 sai dollariin ******** naizaaraa damjuulaj avsan. Shalgah heregtei
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-03 20:31:22
    sumya bol avilgach: Sumya said baihdaa TTJVCO-goos 4 sai dollariin ******** naizaaraa damjuulaj avsan. Shalgah heregtei
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-03 18:22:18
    Гончиг: Хогнууд юмаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-03 11:21:49
    Zochin: Үхэр Сумьяа ингэнээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188