-Бидэнд хоол тарааж байсан эгч халдвар авсан гээд зогсож байсан. Бид “Эгчээ, энэ өвчин эдгэрдэг шүү. Биеэ бодоорой” гэж хэлээд өнгөрсөн-
Алтанбулаг боомтоор хил нэвтэрсэн ачаа тээврийн жолооч 29 настай эрэгтэй Д нь “Энхсаран” сувилалд 21 хоног тусгаарлагдаад гарсан байдаг. Түүнийг гэртээ хариад дөрөв хонож байхад нь албаныхан “Та гэрээсээ гарч болохгүй. Бид очиж шинжилгээ авах шаардлагатай байна" хэмээсээр коронавирусийн халдвартай гэдгийг нь илрүүлж, дотооддоо халдвар алдсан гэдгийг зарласан. Жолооч Д энэ дөрөв хоногийн хугацаанд зохиолын дуучны 2800 гаруй үзэгчтэй тоглолт үзэж, эхнэр, дөрвөн настай хүү, хадам дүү, төрсөн ээж, ахынхаа эхнэр гээд хэд хэдэн хүнд вирус халдаасан нь батлагдаад буй. Мөн үүний дараа “Энхсаран” сувилалд тусгаарлагдаж байсан хэд хэдэн хүнээс халдвар илэрсэн. Бид халдвар хаана алдагдсан талаар коронавирусийн халдвар авсан иргэн М-тай ярилцлаа.
-Таныг коронавирусийн халдвар авсан гэж сонслоо. Биеийн байдал нь ямар байна вэ?
-Би аравдугаар сарын 19-нд БНСУ-аас ирээд, “Энхсаран” сувилалд 22 хоног тусгаарлагдаад, 23 дахь хоног дээрээ халдвартай авсан нь батлагдсан. БНСУ-д нэг, эх орондоо ирээд гурван удаа коронавирусийн шинжилгээ өгөхөд хариу нь сөрөг гарсан юм. Бидний тусгаарлалтын хугацаа дууссан ч гаргахгүй, дахин 14 хоног тусгаарлана гэж хэлсэн. Бид тэмцэл хийсээр байгаад 23 дахь хоног дээрээ ХӨСҮТ-д ирсэн. ХӨСҮТ-д ирэхэд бага зэргийн халуурч эхэлсэн учраас маргааш өглөө дахин шинжилгээ авсан. Ингээд “Халдвар илэрлээ” гээд эмчилгээний тасаг руу шилжүүлсэн. Одоогоор эмчилгээгээ хийлгээд, бага зэргийн халуунтай хэвтэж байна. Хамар байнга битүү, цээжээр бага зэрэг хатгуулж байгаа зовиуртай байна.
-Та өөрийгөө тусгаарлалтын 21 хоногийн хугацаанд халдвар авсан гэж үзэж байгаа юм билээ. Халдвар хаанаас авсан гэж бодож байна вэ?
-Сувилалд байсан хүмүүсийг “Өөрсдөө халдвар, хамгаалалтын дэглэмээ барьсан юм уу” гэж олон хүн асууж байна. Өөрсдийнхөө эрүүл мэндийн төлөө тусгаарлагдаж байгаа болохоор дэглэмээ маш сайн барих нь ойлгомжтой шүү дээ. Миний хувьд “Энхсаран” сувиллаас халдвар авсан хүний олонхийг нь халуун усны газраас авсан гэж бодож байгаа. Харин би болон надтай хамт байсан хүн халуун усны газраар үйлчлүүлээгүй, өрөөндөө шүршүүртэй байсан. Бид “Энхсаран” сувиллын ажилчдаас халдвар авсан байх магадлал маш өндөр байгаа юм. Одоо ХӨСҮТ-д “Энхсаран” сувиллын хэд хэдэн ажилтан коронавирусийн халдвар авсан гээд бидэнтэй хамт эмчлүүлж байгаа. Тэгэхээр халдвар халуун усны газарт тархаад, тус газрын ажилчид халдвар аваад, тусгаарлалтад байсан хүмүүст тэд тараасан байх магадлалтай байгаа биз. Би гэхэд л хоол тараадаг хүнээс халдвар авсан байх гэж бодож байгаа. Бид "Энхсаран" сувилалд коронавирусийн голомт байна гэж тэмцэл хийсний үр дүнд албаныхан халдвартай жолоочийг олж илрүүлсэн. Тэрнээс тэд сайн дураараа тэр жолоочийг олж халдвартай эсэхийг нь шинжилж, тогтоогоогүй. Хэрвээ бид тэмцэл хийгээгүй бол одоогийнхоос ч хүнд нөхцөл байдал бий болох байсан байх.
Бид "Энхсаран" сувилалд коронавирусийн голомт байна тэмцэл хийсний үр дүнд албаныхан халдвартай жолоочийг олж илрүүлсэн. Тэрнээс тэд сайн дураараа тэр жолоочийг олж халдвартай эсэхийг нь шинжилж, тогтоогоогүй.
-Сувиллын ажилчид та нарын өрөөгөөр ордог байсан юм уу?
-Хүмүүсийн өрөөгөөр ордоггүй байсан. Цэвэрлэгээгээ бид өөрсдөө хийдэг. Өрөөний үүдэнд аягатай хоол үлдээгээд явдаг байсан. Бид хоолоо идчихээд, аягаа үүдэнд байдаг ширээн дээр тавьдаг. Тэгэхээр халдвартай хүн бидний идэх аяганд хүрээд, хоол өгч байна гэдэг чинь тэндээс халдвар авах нь ойлгомжтой шүү дээ. Хоол, хүнсний ажилтан бидний аяганд хүрснээс бусдаар бид хүнтэй уулзаагүй, харилцаагүй.
-Хоол тараадаг хүн нь халдвар аваад таньтай цуг эмчлүүлж байгаа гэсэн үг үү?
-Тийм ээ, өчигдөр эмчилгээний тасаг руу шилжүүлэхэд хоол тарааж байсан эгч халдвар авсан гээд зогсож байсан. Бид “Эгчээ, энэ өвчин эдгэрдэг шүү. Биеэ бодоорой” гэж хэлээд өнгөрсөн.
Хоол тарааж байсан эгч халдвар авсан гээд зогсож байсан. Бид “Эгчээ, энэ өвчин эдгэрдэг шүү. Биеэ бодоорой” гэж хэлээд өнгөрсөн.
-“Энхсаран” сувиллын нөхцөл байдал ямар байсан бэ. Эрүүл ахуйн шаардлага хангаж байсан уу?
-Үүнд л гол асуудал байгаа юм. Эрүүл ахуйн шаардлага огт хангаагүй сувилал. Хаа сайгүй хулгана гүйдэг, түүнийгээ устгах гэж хор цацсан байсан. Би хулганын хоронд хордож, гараар минь улаан юм туурсан. Одоогийн байдлаар надад коронавирусийн эсрэг эмчилгээнээс гадна, хордлого тайлах эмчилгээ хийж байгаа. Коронавирусээр үхэхээсээ өмнө хордож амиа алдахаа шахлаа. Эрүүл ахуйн шаардлага хангаагүй байж, вирус хамгааллын шаардлага хангана байж байхгүй шүү дээ.
Би хулганын хоронд хордож, гараар минь улаан юм туурсан. Одоогийн байдлаар надад коронавирусийн эсрэг эмчилгээнээс гадна, хордлого тайлах эмчилгээ хийж байгаа. Коронавирусээр үхэхээсээ өмнө хордож амиа алдахаа шахлаа.
-Албаныхан тус сувилалд байсан хүмүүсийг өрөөгөөр сэлгүүцэж явахдаа халдвар тараасан гэж байгаа. Тэнд үнэхээр хүмүүс өрөөгөөр хэсдэг байсан юм уу. Жишээлбэл, та өрөөнөөсөө гарсан уу?
-Би тэнд байж байгаад халдвар авсан хүн учраас үнэн бодит зүйлийг ярьж байгаа. Гэхдээ зөвхөн өөрийнхөө тухай ярих нь зүйтэй болов уу. Би болон надтай хамт байсан хүн тусгаарлалтын хугацаанд өрөөнөөсөө огт гараагүй. "Хэрэв намайг өрөө дамжиж, халдвар авсан гэж байгаа бол камерын бичлэгээ шалгаж үз, шалгаад өг" гэж хэлж байгаа. Харин нэгдүгээр давхарт байсан 29 настай жолооч Д бусдын өрөөгөөр орсон эсэхийг мэдэхгүй. Эрүүл ухаанаар бодоод үзэхээр хүн өөрийгөө хамгаалж байгаа учраас юу гэж тийм эрсдэлтэй алхам хийх билээ дээ.
-Тэнд ажиллаж байгаа цагдаа, эмч болон албаныхан хэр шаардлага тавьж, хариуцлагатай байсан бэ?
-Сувиллын хонгилоор яваад тэд тэр бүр хүмүүсийг шалгаад, ор, гар гэж хэлээд байдаггүй юм билээ. Хүмүүс ч ор, гар гэж хэлүүлэхээр байгаагүй. Харин халуун усны газар руу явахдаа л хянуулж, цагдуулж байсан байж магад. Тэнд ажиллаж байсан цагдаа болон бусад албынхан “Би шаардлага тавьж, ажлаа хийж байна” гээд тусгаарлалтад байгаа хүмүүстэй ялтан шиг харилцдаг юм билээ. Байнга л дарамтлаад, сэтгэлзүй үнэхээр тогтворгүй байсан. Ядаж байхад хоол нь гэж авах юмгүй, идэх аргагүй амт муутай. Гэхдээ би 21 хоног тэсэж, 22 дахь хоног дээрээ хэлсэн.
-Өрөө чинь гаднаасаа цоожтой байдаг байсан уу?
-Цоожгүй.
-Тус сувилалд БНСУ, Алтанбулаг боомтоор орж ирсэн иргэд л тусгаарлагдсан байсан уу?
-Үгүй, БНСУ, Энэтхэг, Франкпурт, ОХУ-аас ирсэн хүмүүс байсан. Өөр нислэгээр, өөр улсаас ирсэн хэрнээ бүгдээс нь халдвар илэрсэн. Аравдугаар сарын 19-нд БНСУ-аас 260 хүн ирснийг дөрвөн буудалд тусгаарласан. Гэтэл бусад гурван буудалд буусан хүмүүсээс халдвар илрээгүй хэрнээ зөвхөн “Энхсаран” сувиллаас илэрсэн. Энэ нь тус сувиллыг халдварын голомт гэх баталгаа болж байгаа юм. Одоогийн байдлаар тус сувилалд байсан 21 хүнээс халдвар илэрсэн гэдэг албан бус тоо байна. Тэнд байсан хүмүүс дотоод чатаар ийм тоо гаргаж ирсэн. Одоо миний өрөө болон хажуу өрөөнд дандаа “Энхсаран” сувилалд байсан хүмүүс хэвтэн эмчлүүлж байна. Бид эрүүл ирээд, “Энхсаран” сувиллаас халдвар авчихлаа. Албаныхан үүнийг няцааж, жолоочийг 21 хоног дээрээ халдвартай гарч яваад бусдад халдвар тараачихлаа гэж иргэдийг төөрөгдүүлээд байна.
Одоо миний өрөө болон хажуу өрөөнд “Энхсаран” сувилалд байсан хүмүүс л хэвтэн эмчлүүлж байна.
-Дотоод чат дээр чинь хүмүүс өрөөгөөр орсон, гарсан тухай ярьж байна уу?
-Үгүй, нэгнийхээ өрөөгөөр орж гарсан ганц ч хүн байхгүй.
-Ямар хүмүүс нь шүршүүртэй өрөөнд орсон юм бэ. Төлбөр нь өндөр байсан юм уу?
-Анх биднийг “Монголика” зочид буудалд байрлуулах гэж байсан. Тэнд тав юм уу есөн хүнтэй хамт тусгаарлана гэхээр нь зөвшөөрөөгүй. Тусгаарлалт гэдэг чинь тус тусдаа байх ёстой атал тав эсвэл есөн хүн хамт байна гэдэг чинь байж боломгүй зүйл. Хэрэв муугаар бодоход нэг нь халдвартай байвал бүгд тусна гэсэн үг биз дээ. Нэг хүний нэг сая 60 мянган төгрөг төлөөд есөн хүн есөн сая гаруй төгрөгөөр нэг өрөөнд шавааралдаж байна гэж юу байх вэ дээ. Тэгээд “Энхсаран” сувилалд тусгаарлагдсан юм. Шүршүүртэй өрөөний хувьд азаар орсон гэх үү дээ.
-Таныг цахим орчинд мэдээлэл тараасан гээд хууль хяналтын байгууллагаас ямар нэг байдлаар хязгаарлахыг оролдож байна уу?
-Манай гэрийнхэн Эрдэнэт хотод амьдардаг юм. Өчигдөр манай гэрийнхэн рүү цагдаагийн байгууллагын ажилтан залгаад “Цагдаагийн хэлтэс дээр ирж асуултад хариулж, гарын үсэг зур” гэж хэлсэн байна лээ. Гэхдээ ямар шалтгаанаас гэдэг нь тодорхойгүй. Мөн манай эгчид миний тухай хэлээд “Энэ ямар учиртай хүн, ямар мэдээлэл хийгээд байна вэ” гэж асуусан байна лээ. Би ойр дотны хүний утасны дугаар гэхээр нь ээж, эгч хоёрынхоо дугаарыг өгсөн байсан юм. Харин бүр илт заналхийлсэн дарамт шахалт ирээгүй. Дотооддоо нэгэнт халдвар алдчихлаа, өнгөрсөн хэрэг боллоо. Харин одоо албаныхан алдсан алдаагаа ухамсарлаад, урдах ажлаа сайн хийгээсэй л гэж би хүсэж байгаа учраас үнэнийг хэлээд байгаа юм. Тэрнээс хэн нэгний мууг үзэх гээгүй.
Бид эрүүл ирээд, “Энхсаран” сувилалаас халдвар авчихлаа.
КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРТАЙ ИРГЭН Д.Мөнхбат:Вирус “Энхсаран” сувиллын халуун усны газраас ажилчдаар нь дамжиж, иргэдэд халдварласан |
|
2025-03-14 18:54:37
2025-03-14 17:18:01
2025-03-14 16:03:27
2025-03-14 15:22:44
2025-03-14 15:12:58
2025-03-14 15:01:03
2025-03-14 14:40:19
2025-03-14 14:13:05
2025-03-14 14:01:35
2025-03-14 13:58:00
2025-03-14 13:03:33
2025-03-14 12:06:37
2025-03-14 11:37:28
2025-03-14 11:30:43
2025-03-14 11:20:27
2025-03-14 10:21:56
2025-03-14 09:53:42
2025-03-14 09:50:57
2025-03-14 09:50:33
2025-03-14 09:44:12
2025-03-14 07:00:39
2025-03-14 07:00:00
2025-03-14 07:00:00
2025-03-14 07:00:00
2025-03-14 07:00:00
2025-03-14 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |