• Өнөөдөр 2024-04-27

108 төвд өөрөө очсон гэх хүүгийн эгч Б: БИД ТАЛИЙГААЧ ДҮҮГИЙНХЭЭ ТАВАН ХҮҮХДИЙГ ӨСГӨЖ БАЙГАА. ДҮҮ МИНЬ ТӨӨРЧ, САНДАРЧ ЯВАХАД БИДНИЙГ ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭГЧ БОЛГОЖ ГҮТГЭСЭНД ГОМДОЖ БАЙНА

2022-09-12,   1687

АЛГА БОЛСОН ХҮҮ ТӨӨРЧ, ЦАГДААГИЙН АЛБАН ХААГЧИД 108 ТӨВД ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ

          Ерөнхий боловсролын 127 дугаар сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч О гэх хүү алга болж, улс даяар эрэн хайв. Тодруулбал, Баянзүрх дүүргийн XXI хороонд есдүгээр сарын 8-ны 17:30 цагийн үед хүү сургуулиасаа гарч явсан байдаг. Азаар хүүг эсэн мэнд олж, хүүхэд хамгааллын төвд байлгаж байгаа гэх.

         Харин алга болсон хүү хүүхэд хамгааллын 108 төвд өөрөө очсон, аав, ээж нь нас барсан, нагац эгчтэйгээ хамт амьдардаг, гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг байсан гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан билээ. Тэгвэл бид энэ талаарх мэдээллийг хүүгийн ар гэр, ангийн багш, цагдаагийн албан хаагч, хүүхэд хамгааллын төвийнхнөөс тодруулан хүргэж байна.

-Дүү нь хаана байгаа вэ. Асран хамгаалагчдад нь хүлээлгэж өгсөн үү?

         -Дүү маань хаана байгаа нь тодорхойгүй байна. Ямар ч байсан хамгаалах газарт л байгаа болов уу. Дүүгээ алга болсноос хойш өнөөдрийг хүртэл уулзаж чадахгүй байна. Хамтарсан багийнхан гэрт ирээд үнэлгээ, шалгалт хийгээд явсан. Хариу нь 72 цагийн дараа гарч байж, бидэнтэй уулзуулах юм байна лээ. Өнгөрсөн баасан гарагаас хойш хариу гарах өдрийг нь тэвчээртэйгээр хүлээж байна. Ямар ч гэсэн эсэн мэнд, эрүүл саруул байгаа байх. Гэхдээ “Олон танихгүй хүний дунд айж, сэтгэл санаагаар унаж байгаа болов уу” гэхээс айж байна. Жаахан хүүхэд хэцүү шүү дээ.

-Тэр өдөр юу болсон юм бэ. Сургуулиасаа тараад гэртээ хариагүй юм уу?

           -Тийм ээ, хичээл орсноос хойш заримдаа манай нөхөр, зарим өдөр нь долдугаар ангийн эгч нь авч байсан. Манай нөхөр ээлжийн ажилтай учраас тэр өдөр сургуулиас нь авч чадаагүй. Долдугаар ангийн дүү маань над руу залгаад “.....ангидаа байхгүй байна, эгч ээ” гэж хэлсэн. Би “Ангийн багшаас нь асуугаад, гэртээ хариад залгаарай” гэж хэлсэн. Дүү маань багшаас нь асуугаад, дүүгээ ангидаа байхгүй болохоор нь гэр рүүгээ очоод “Гэртээ ирээгүй байна” гэж хэлэхээр нь би ажлаасаа гараад, сургууль руу нь очсон. Очоод сургуулийн камер шүүхэд дүү маань ангиасаа гараад, цамцныхаа малгайг өмсөөд, сургуулиас гарсан байна лээ. Тэгээд сургуулийнхаа баруун талаар хойшоо чигтээ буюу гэр рүүгээ явсан байгаа юм. Ингээд л камерын бичлэг тасарчихсан. Бидэнд сургуулийн нийгмийн ажилтан гэх эмэгтэй камер шүүж өгсөн. Олон хүүхэд бужигнаж байх хооронд гараад явчихсан юм шиг байна лээ. Тэгээд багш нь эгч рүүгээ явсан гэж бодсон гэсэн.

-Ганцаараа явсан юм уу. Хаагуур, хаагуур хайсан бэ?

           -Ганцаараа явсан. Сургуулийнхаа хойд талд ангийнхаа охинтой, ээжтэй нь таарсан байна лээ. Ангийнх нь охин “О...... энд гудамжаар гараад хойшоо явсан. Ээж бид хоёр ийшээ явсан” гэж хэлсэн. Хамгийн сүүлд таарсан охины мэдээллээр бид хайж, тэр хавийг самнасан. Ангийнх нь багш, эцэг, эхчүүд, манай нөхөр, дүү нар маань 04:00 хүртэл хайж, эрлийн ажиллагааг зогсоосон. Тэр хавьд хайгаагүй газар үлдээгүй учир арга буюу эрлээ тэр шөнө зогсоосон.

-Цагдаагийн байгууллагад хэзээ хандсан бэ?

           -Сургууль орчмоор хайж байгаад 22:00 цагийн үед цагдаагийн байгууллагад хандсан. Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст өөрийн биеэр очиж өргөдөл гаргасан. Биднийг дүүгээ хайгаад явж байхад буюу 02:00 цагийн үед цагдаагийн байгууллагаас залгаж, “Дүүгээ олсон уу. Хэрэв олоогүй бол хэлтсүүд рүү мэдэгдэж, зарлалаа” гэж хэлсэн. Тэр үеэс л цагдаагийн албан хаагчид хайж эхэлсэн байх. Бид 04:00 цагийн үед гэртээ орж ирээд, 05:00 цагийн үед Гэмтэл согог, судлалын үндэсний төв рүү явсан. Муу л юм бодогддог юм байна лээ. “Гудамжинд гэр рүүгээ харих гээд явж байхад нь машин мөргөчихсөн байх вий, гэмтээд эмнэлэг рүү хүргэсэн юм болов уу” гэж бодогдоод бид эмнэлэг рүү очсон. ГССҮТ-ийн хариуцаж байсан хүн нь “17:30 цагаас хойш харгалзах хүнгүй бага насны хүүхэд хүргэгдэж ирээгүй. Машины осолд орсон хүүхэд хандаагүй” гэж хэлсэн.

-Дүүг тань өөрөө Хүүхэд хамгааллын 108 төвд очсон. Мөн гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг байсан тухай мэдээлэл гарсан. Энэ талаар бодит мэдээлэл өгөхгүй юу?

           -Дүүгээ алга болгоод хямарч явахад ийм худал мэдээлэл гарсанд гайхаж, харамсаж байна. Гарсан мэдээллийн аль ч үнэн биш. Дүүг маань 100 айлын орчимд явж байхад нь нэг эмэгтэй олж, цагдаагийн байгууллагад өгсөн байна лээ. Бид дүүгээ алга болсноос хойш цагдаагийн байгууллагын 102 дугаар руу олон удаа залгасан. “Ямар ч хүүхэд олдоогүй байна” гэх хариулт өгсөн. Дүүг маань танихгүй хүн олж, цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн. Цагдаагийн байгууллага 108 төвд шилжүүлж өгсөн юм шиг байна лээ. Түүнээс биш дүү минь өөрөө тэр төвд нь очоогүй. Гэрээсээ төөрчихсөн хүүхэд шүү дээ. Гэтэл биднийг зоддог, хүчирхийлдэг байсан мэтээр бичиж, дарамталж, заналхийлж байна. Манай гэр бүлд ямар ч хүчирхийлэл байхгүй.

-Хүү тантай амьдраад хэр удаж байгаа вэ. Та хүүгийн ээжийнх нь хамаатан уу?

             -Алга болсон хүү миний төрсөн дүүгийн хүүхэд. Бид хамт амьдраад таван жил болж байна. Хүүгийн аав, ээж хоёр 2017 онд авто ослоор нас барчихсан. Талийгаач дүүгийнхээ таван хүүхдийг би хардаг гэсэн үг. Хүний амьдралд юу эс тохиолдох билээ. Сайхан амьдарч байсан дүү минь нөхөртэйгөө автомашинаар зорчиж яваад, осолд орж, нас барсан. 2-9 насны таван хүүхэд нь өнчрөөд үлдсэн. Нөхөр бид хоёр дүүгийн тав, өөрийнхөө хоёр хүүхдийг өсгөх гэж яваа гэр бүл. Хоолгүй хонуулахгүй, хичээл, номыг нь таслуулахгүй, дутагдах, гачигдах зүйлгүй өсгөх гээд өглөөнөөс үдшийн бүрий хүртэл ажиллаж байна. Гэтэл биднийг хэлэх хэлэхгүй муухай үгээр хэлж, доромжилж байна. Дүү нарыг минь өнчин, өрөөсөн гээд улс даяар зарлаж байна. Тэд энэ тухай мэдээллийг уншаад сэтгэлээр унаж, хямарч, надаас “Эгч ээ, худлаа юм биччихсэн байна, яах вэ” гээд айж байна шүү дээ. Хамаатнууд маань энэ худал мэдээллийг уншаад хямралд орж, гайхаж байгаа. Худал мэдээлэл тарааж, айлын амьдралыг бусниулж байгаа гэдгээ мэдэх хэрэгтэй. Бид хоёр алгын чинээхэн амьтдыг яагаад, яах гэж зодно гэж вэ. Тийм зүйл огт байхгүй. Ямар учраас дүүг минь өгөхгүй байгааг ойлгохгүй байна. Сургуулийн нийгмийн ажилтан нь хүүхэд хамгааллын төвд “Наад хүү чинь бүтэн өнчин, гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг байж болзошгүй, сайн шалгаарай” гэж хэлсэн байна лээ. Сургуулийн орчинд алга болж, гараас гарт дамжаагүй учраас өөрсдөө хариуцлага тооцож магад гэж бодохдоо тэгж хэлж байгаа юм уу. Би үнэхээр үүнийг ойлгохгүй байна. Ямартай ч хамтарсан багийнхан ирээд, шалгаад, хүүхдүүдээс мэдээлэл аваад явсан.

-Дүү тань өмнө нь алга болж байсан уу?

           -Өмнө нь манай гэрт ийм зүйл тохиолдож байгаагүй. Алга болсон дүү минь долдугаар ангийн эгчтэйгээ сургуульдаа явж, ирдэг байсан. Нөхөр маань завтай, ажилгүй өдрөө хүргэж өгч, авдаг байсан. Том хоёр нь өглөө ордог учраас би ажилдаа явахдаа хүргэж өгдөг. Автобусанд ч сууж үзээгүй. Манайх гэж бум бужигнасан жирийн л нэг айл байлаа. Гэтэл өнөөдөр улс даяар гэр бүлийн хүчирхийлэгчид болж хувирлаа. Хэлэх ч үг олдохгүй байна. Олон хүн утас руу залгаж, дарамталж байна.

-Дүүтэйгээ нэг ч удаа уулзаагүй байгаа юм байна. Ямар байдалтай байгаа талаар нь асууж үзсэн үү?

           -Аюулгүй газар байгаа л гэсэн. Ямар ч үг дуугарахгүй, хариулахгүй байгаа гэж байна лээ. Гайхаж байгаа байх. Гэнэтхэн “Ах, эгч чинь зоддог уу, ямар дарамт шахалт байсан бэ. Яагаад гэрээсээ явсан юм бэ” гээд танихгүй хүмүүс асуугаад байхаар. Гэрээсээ зугтаагаагүй, төөрчихсөн хүүхэд юу хариулах билээ. Хурдхан шиг л ах, эгч рүү нь явуулаасай билээ. 7-14 насны дөрвөн хүүхэд дүүгээ, ахыгаа хүлээгээд шаналж байна шүү дээ.

ХҮҮГИЙН АНГИЙН БАГШ Б.ХИШИГЖАРГАЛ: Алга болсон хүү гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаагүй. Ах, эгч нь анхаарал сайн тавьдаг

Бид тухайн өдөр юу болсон талаар тодруулахаар хүүгийн ангийн багш Б.Хишигжаргалтай холбогдлоо. Тэрбээр О хүүтэй хоёрдугаар ангиас нь хойш хамтарч ажиллаж байгаа юм.

         Б.Хишигжаргал багш “Ангийн маань сурагч алга болсонд үнэхээр харамсаж, гайхаж байна. Өмнө нь нэг ч удаа ийм зүйл болж байгаагүй учраас шоконд орлоо. Азаар хүүхэд маань эсэн мэнд олдсонд мөн баяртай байна. Хүүгийн асран хамгаалагч буюу байдаг айлынх нь гэрийн эзэн ирж надтай уулзсан. “Багшаа би ээлжийн ажилтай, дээрээс нь есдүгээр сарын 10 хүртэл сургалттай болчихлоо. Та хүүг маань долдугаар ангийн эгчид нь өгөөд явуулж байж болох уу. Би есдүгээр сарын 10-наас хойш өөрөө авч, хүргэж өгч байна” гэж учирлаж, захисан юм. Тийм учраас би сурагч О-г эгч рүүгээ явчихсан гэж бодсон. Хүүхдүүдийг тарах үед, эцэг, эхчүүдийг гарын үсэг зурж байхад хүү ангиасаа гараад явсан байна лээ. Тэр өдөр 19:00 цагийн үед эгч нь залгаж, гэртээ хариагүй тухай хэлсэн. Тэгээд би хувцсаа сольж, ангийнхаа хүүхдүүдийн эцэг, эхчүүдтэй хайсан. Бид цагаан хоолойгоор зарлаж, үүрийн 04:00 цаг хүртэл хайгаад гэртээ харьцгаасан. Тэгээд өглөө нь олж, хамгааллын төвд очсоныг мэдсэн. Алга болсон сурагч хүү даруухан, хичээлдээ онц сурдаг, багшаасаа гоё бичдэг шүү дээ. Ар гэрийнхэн анхаарал, халамж маш сайн. Дүүгийнхээ сургалт, сурлагад анхаарлаа сайн хандуулдаг хүмүүс байдаг юм. Мөн сурагч О ангийнхаа хамгийн цэвэрч нь. Хичээлдээ нэг ч удаа муухай хувцас, нүүр, гараа угаагаагүй ирж үзээгүй. Биед нь ямар нэгэн шарх, сэтгэл санааны хямрал байгаагүй. Бид чинь биеийн тамирын хувцсаа сольж байхад нь хүүхдүүдийнхээ биеийг харж, анхаарал тавьдаг юм. Миний мэдэхээр хүчирхийлэлд өртөж байгаагүй. Тийм зүйл надад өмнө хэлж, бүртгэгдсэн юм байхгүй” гэлээ.

ХҮҮХДИЙН ТУСЛАМЖИЙН 108 УТАСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ДАРГА ОТГОНЦЭЦЭГ: Хүүг цагдаагийн байгууллагаас хүлээлгэж өгсөн. Хамгаалах байранд сайн байгаа

          Хүүг цагдаагийн албан хаагчид хүлээлгэн өгсөн үү, өөрөө очсон гэдгийг бид Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн дарга н.Отгонцэцэгээс тодрууллаа. Мөн хүүгийн нөхцөл байдлын талаар асуулаа. Тэрбээр “Хүүгийн биеийн байдал сайн байна. Бид шаардлагатай арга хэмжээг шуурхай авч, ажиллаж байна. Хүүг хамгаалах байранд авч, шаардлагатай эмчилгээ, сэтгэл зүйчийн зөвлөгөөг өгсөн. Цагдаагийн байгууллагаас есдүгээр сарын 9-нд “Төөрсөн хүүхэд байна” хэмээн бидэнд хандаж, хүлээлгэж өгсөн. Түүнээс хүү өөрөө манай төвд ирсэн зүйл байхгүй. Хүүхэд хамгааллын хамтарсан баг шалгалтын ажиллагаа явуулж байна. Үнэлгээний хариу гарахаар хүүг буцаах эсэхийг шийднэ” гэлээ.


108 төвд өөрөө очсон гэх хүүгийн эгч Б: БИД ТАЛИЙГААЧ ДҮҮГИЙНХЭЭ ТАВАН ХҮҮХДИЙГ ӨСГӨЖ БАЙГАА. ДҮҮ МИНЬ ТӨӨРЧ, САНДАРЧ ЯВАХАД БИДНИЙГ ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭГЧ БОЛГОЖ ГҮТГЭСЭНД ГОМДОЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 7
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-13 18:09:09
    Зочин: Нагац эгч нь зодож хүчирхийлдэг Заяа заяа гээд яваад байсан эмтэрч л байлаа. Дүүгийнхээ 5 хүүхдийг сайхан өсгөж байгаа маш том буян шүү.108 , Цагдаа хүүхэд хүчирхийлэлд байдаггүй бол гэрт нь хүлээлгээд өгчихмөөр юм .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-12 20:39:42
    zochin: Ene setguulchided es zui gen algaa. unheer muuhai ymaa. Yu ch medehgui bj yaj ingej bichdev bnaa. Ene ehner nohor 2 bol unheer mundag humuus shuu odoo ued hunii huuhdiiv bitgii hel ooriinhio huuhdiig ch harj handHguu humuus olon bgaa shde.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-12 14:48:14
    zochin: Taviin tavan xuuxdiig xalamjlan xumuujuulj baigaa ene ger buliin xosuudiig tur zasgaas niigmiin xalamjiin baiguullagaas xerxen tuslaltsaa uzuulj xalamj uilchilgee uzuuldeg boloxiig lavlan shalgaj medeeleliig niitlex xeregtei
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-12 09:45:19
    Зочин: Монголын сэтгүүл зүй ийм л худал хуурамч бусармаг зүйлээр хоолоо олж иддэг арга ядсан болчихоод байгаам даа. Сэтгүүлч гэх нэрийг уландаа гишгэлж шороотой хутгаж байгаа сэтгүүлчдийнхээ ёс зүй мэдлэг болосролд анхаараач МСНЭ Отгонбаатар аа! Ийм л хүмүүс танай сэтгүүл зүйг муухай харагдуулаад байна. Ёстой игзаар хөдөлчихлөө байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-12 09:45:01
    Зочин: Монголын сэтгүүл зүй ийм л худал хуурамч бусармаг зүйлээр хоолоо олж иддэг арга ядсан болчихоод байгаам даа. Сэтгүүлч гэх нэрийг уландаа гишгэлж шороотой хутгаж байгаа сэтгүүлчдийнхээ ёс зүй мэдлэг болосролд анхаараач МСНЭ Отгонбаатар аа! Ийм л хүмүүс танай сэтгүүл зүйг муухай харагдуулаад байна. Ёстой игзаар хөдөлчихлөө байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-12 09:27:59
    Иргэн: Энэ хэдэн сэтгүүлчид хүний амьдралаар их тоглох болжээ, сенсац л дэгдээж байвал цаана нь байгаа хүний амьдрал, сэтгэл санааг ерөөсөө бодохгүй. Дахин лавлаж, учир начрыг нь олж байж мэдээлэл бэлтгэж баймаар юмаа. Зүгээр л алуурчид болжээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-12 07:57:21
    Иргэн: Сурагаар цуурч, айлын амьдралын орвонгоор нь эргүүлэгх шахжээ. Новшийн болжээ бид.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188