• Өнөөдөр 2024-05-13

ЭРХ МЭДЛЭЭ АШИГЛАН ЭРЛИЙЗ МОРЬ УРАЛДУУЛЖ, БАГИЙН ДАРГА Э-Г ЗОДСОН АРГАЛАНТ СУМЫН ЗАСАГ ДАРГА Б.БАТЖАРГАЛ ГЭЖ ХЭН БЭ

2022-07-11,   1646

           Сумын Засаг дарга нь наадамчин олныхоо нүдэн дээр төрийн албан хаагчдаа зодоод, танхайрч байхыг бид харлаа. “Чи ажлаа өг” гээд даналзаж, эрх мэдэл албан тушаалаараа далайлгаж, төрийн албан хаагчдын нэр хүндийг шавартай хутгахыг ч бас харлаа. Сумын наадамд бишгүй л зодоон, нүдээн, хэрүүл маргаан болж байхыг харсан байх. Гэхдээ бүхэл бүтэн сум толгойлж, удирдан чиглүүлж байгаа Засаг дарга нь хуурай агсам тавьж, наадмын талбайнхаа хойморт тоос манаргаж байсныг харсангүй. Энэ эмгэнэлтэй, инээдтэй, зэвүүцмээр үйл явдлыг Төв аймгийн Аргалант сумынхан үзлээ, харлаа, тэд ингэж наадлаа.

        Тодруулбал, Төв аймгийн Аргалант сумын Засаг дарга Б.Батжаргал тус сумын нэгдүгээр багийн дарга Э, Засаг даргын Тамгын газрын дарга Ш нарыг зодож, танхайрав. Тэрбээр эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, үүнийг нь эсэргүүцсэн төрийн албан хаагчдаа зодож, биед нь санаатайгаар халджээ. Түүний зодооныг гурван ч хүн салгах гээд хүчин мөхөстөж байгаа бичлэг цахим сүлжээнд цацагдаж, олон нийтийн шүүмжлэлд өртөөд байна. Аргалант сумынхан Засаг даргаасаа болоод нүүрээ хийх газаргүй болж, “Амьтны элэг доог боллоо” хэмээн бухимдуу байгаа гэнэ. Харин Засаг дарга нь зодоон хийсэн өдрөөсөө хойш амралтаа авч, усанд хаясан чулуу шиг алга болжээ.  

ЗАСАГ ДАРГА Б.БАТЖАРГАЛЫГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ШАЛГАЖ БАЙНА

        Төрийн албан хаагчийн ёс зүй, үүргийг умартаж, ёс зүйгүй үйлдэл гаргаж, хүний биед санаатайгаар халдсан Аргалант сумын Засаг дарга Б.Батжаргалыг хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа аж. Түүнээс хэд хэдэн удаа мэдүүлэг авч, шалгалтын ажиллагааг эхлүүлжээ.

           Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс өгсөн  мэдээллээр “2022 оны долоодугаар сарын 7-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын баяр наадмын үеэр зодоон болж, төрийн албан хаагчид зодолдсон бичлэг цахим сүлжээнд цацагдсан. Шалгалтын ажиллагаагаар Аргалант сумын Засаг дарга Б багийн дарга Э нар нь үл ойлголцон маргалдсан гэдэг нь тогтоогдсон. Олон нийтийн газар хэрүүл маргаан үүсгэн бусдын биед халдсан зөрчлийг Төв аймгийн цагдаагийн газрын Зөрчлийн хэрэг бүртгэх тасаг шалгаж байна” гэсэн юм.

Мөн эх сурвалжийн хэлснээр түүнийг бусдаас хахууль авч, морь уралдуулсан байж болзошгүй хэмээн шалгаж байгаа аж.

          Өөр эх сурвалжийн өгсөн мэдээллээр “Засаг дарга Б.Батжаргал сумын цагдаагийн хэсгийн байцаагчийг зодох шахсан. Зодоон болох үед нь цагдаа ирж, салгах гэсэн боловч чадаагүй. Харин ч бүр цагдаа руу дайрч, давшилж байгаа харагдана лээ. Тэгэхээр багийн дарга Э-г дарамталж, гомдолгүй гэсэн өргөдөл бичүүлж аваад, хэргийг хаах байх. Сумын цагдаа Засаг даргыг яаж ч чадахгүй нь тодорхой. Сайндаа Зөрчлийн хуулиар 100 мянган төгрөгөөр торгох байх” гэв.

Б.БАТЖАРГАЛ БАГИЙН ДАРГА Э, ЗДТГ-ЫН ДАРГА Ш НАРЫГ ЯАГААД ЗОДСОН БЭ

          Тэдний зодоон Аргалант сумын наадмын эхний өдөр болжээ. Б.Батжаргал нь Засаг даргаас гадна сумынхаа Морин спорт уяачдын холбооны даргын үүргийг давхар хашдаг ажээ. Тэрбээр морины комиссын гишүүдтэйгээ хамт уралдах хүлгүүдийг шинжиж, хэмжиж гарааны зурхайд гаргасан байна. Гэтэл тэрбээр эрх мэдлээ ашиглаж, эрлийз хэмээн хасагдсан морийг уралдуулж, хэл ам болжээ.

          Энэ талаар эх сурвалж хэлэхдээ “Засаг дарга Б.Батжаргал эрх мэдлээ ашиглаж, эрлийз морь уралдуулсан. Хэмжилтээр хасагдсан морийг нууцаар уралдуулж, будилаан үүсгэсэн. Тэрбээр морьд гарааны зурхайд гарчихаад байхад хасагдсан морийг нууцаар явуулж, уралдуулсан. Өөрийнх нь биш ч гэлээ хамаарал бүхий этгээдийнх нь юм билээ. Уяач нь Аргалант сумын иргэн, Засаг даргын ойрын хүн байгаа юм. Өнөөх хасагдсан эрлийз морь нь сумын наадамд түрүүлсэн. Гараанаас гарахад хасагдсан морь түрүүлэхээр хэл ам бололгүй яах вэ. Мөн багийн дарга Э-ийн ахын морь зургаад хурдалсан юм. Хэрэв Засаг дарга нууцаар морь уралдуулаагүй байсан бол багийн дарга Э-ийн ахын морь айргийн тавд орох байсан. Энэнээс болоод л хэрүүл үүссэн. Багийн дарга Э морины комиссын гишүүн учраас хэл ам хийсэн юм билээ. Тэгээд Засаг дарга Б.Батжаргал “Энэ хүний морь уралдаж болохгүй юу. Түрүүлж болохгүй юу” гээд төрийн албан хаагчдыг зодсон. Мөн багийн дарга Э-г ажлаа өг хэмээн дарамталсан байна лээ. Сумын иргэд эрлийз морины уяачаас Засаг дарга хахууль авсан байж болзошгүй гэж хардаж байгаа. Хэрэв үгүй бол яагаад нууцаар уралдуулж, хэл ам хийсэн хүмүүсийг зодно гэж вэ. Сумын иргэд тайлбар хийхийг шаардсан боловч зугтаачихсан” гэв.

БАГИЙН ДАРГА Э АРДЧИЛСАН НАМЫН ГИШҮҮН УЧРААС ЗАСАГ ДАРГА Б.БАТЖАРГАЛ УДАА ДАРАА ХАВЧИН БООГДУУЛЖ, ДЭЭРЭЛХЭЖ БАЙСАН ГЭВ

          Бид энэ талаар Засаг дарга Б.Батжаргалаас тодруулах гэсэн боловч утсаа унтраасан байлаа. Мөн багийн дарга Э-тэй холбогдох гэсэн ч утас нь салсан байсан юм. Баяр наадмын амралт эхэлж, төрийн албан хаагчид амарсан талаар ЗДТГ-ын ажилтан хэлэв.  

        Засаг дарга Б.Батжаргал нь МАН-аас сонгогджээ. Аргалант суманд МАН ялалт байгуулж, сум удирдаж байгаа аж. Харин Ардчилсан намаас цөөхөн хүн ИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгч, багийн  дарга хийж байгаагийн нэг нь нэгдүгээр багийн дарга Э гэнэ. Энэ талаар Аргалант сумын иргэн хэлэхдээ “Багийн дарга Э Ардчилсан намын гишүүн. Түүнийг Засаг дарга удаа дараа хясан боогдуулж, ажлаас нь чөлөөлнө гэж дарамталдаг гэсэн. Залуу хүн тулдаа тэсээд, итгэж сонгосон багийнхаа иргэдийн төлөө ажиллаж байгаа байх. Б.Батжаргал дарга хүнтэй эвтэй харьцдаггүй, дээрэлхүү хүн. Залуучуудыг тэр дундаа хясан боогдуулж, эрх мэдлээрээ далайлгаж, сүрдүүлдэг юм билээ” гэв.

АРГАЛАНТ СУМЫН ЗДТГ-ЫН ДАРГА: БАГИЙН ДАРГА Э АЖЛАА ХИЙЖ БАЙГАА. МИНИЙ БИЕ ЗҮГЭЭР

          Цахим сүлжээнд цацагдсан бичлэгт Засаг дарга Б.Батжаргал нь ЗДТГ-ын дарга Ш-ийг сэгсчиж, түлхэж унагаж байгаа харагдсан. Бид ЗДТГ-ын дарга Ш-тэй холбогдож, хэргийн талаар тодруулахад “Миний бие зүгээр, асуудал байхгүй. Төрийн албан хаагчид амарч байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй. Багийн дарга Э-г ажлаас нь халаагүй, ажлаа хийж байгаа шүү дээ. Засаг дарга хаана байгааг би сайн мэдэхгүй байна. Ажил эхэлсний дараа энэ бүгдийг тодруулах нь зүйтэй. Би энэ хэргийн талаар юу ч яримааргүй байна” гэв.

Мөн төрийн албанаас дотоод хяналт, шалгалт явуулж байгаа болон ёс зүйгүй Засаг даргад ямар хариуцлага үүрүүлэх талаар Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатараас тодруулах гэсэн боловч утас нь холбогдохгүй байсан юм.

ТАНХАЙ ЗАСАГ ДАРГА Б.БАТЖАРГАЛ ГЭЖ ХЭН БЭ

           Засаг дарга Б.Батжаргал нь биеийн тамирын багш байжээ. Тэрбээр Аргалант сумын уугуул бөгөөд 2016 оноос сумын Засаг даргаар ажиллаж байгаа аж. Түүний аав Б нь мөн тус сумын Засаг даргаар ажиллаж байжээ.  Тэрбээр жилийн 26,1 сая төгрөгийн орлоготой бөгөөд Хаан банканд 22 сая төгрөгийн зээлтэй. Түүнчлэн 2019 онд гэр бүлийн орлого нь 46 сая байсан бол 2020 онд 8.9 сая болж буурчээ. Б.Батжаргал нь 67 сая төгрөгөөр үнэлэгдэх амины орон сууцтай хэмээн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгажээ. Тэрбээр үхрийн фермтэй, сайн үүлдрийн дөрвөн үхрээ 8.4 сая төгрөгөөр үнэлж, өвөлжөөний газар нь 7.5 сая төгрөг гэнэ. Жийп болон туулах чадвар өндөр,Mitsubishi, Pajero io автомашинтай бөгөөд 18 сая төгрөгийн үнэлгээтэй. Үнэт эдлэл нь 3.0 сая, хадгаламж нь 5.5 сая төгрөг аж.


ЭРХ МЭДЛЭЭ АШИГЛАН ЭРЛИЙЗ МОРЬ УРАЛДУУЛЖ, БАГИЙН ДАРГА Э-Г ЗОДСОН АРГАЛАНТ СУМЫН ЗАСАГ ДАРГА Б.БАТЖАРГАЛ ГЭЖ ХЭН БЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 7
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-07-18 22:37:29
    зочин: ийм удирдалгуутай сум орон нутагийн хөгжил нь ямар байх вэ удирдалгуудн бүгд тархины тураалтай эргүү малнууд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-07-16 19:57:57
    Зочин: Зөв мэдээлэл оруулсан л байна ш дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-07-15 13:37:31
    Энхбаатар: Дандаа худал хуурмаг зүйл нийтэлсэн байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-07-15 10:11:34
    Баагий: Мэдээлэл түгээж байгаа бол ул суурьтай ор үндэстэй юм ярина байгаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-07-11 10:31:41
    zochin: aimaar dogschin schiruun bur zodood nudeed alach n bainlee , ter ymarch chariuugui um dee ter mongoliin tsagdaa nar !!! , Naad zodonch dargad chuuliin arga chemjee avaachee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-07-11 10:03:06
    Том: Наад новшийн шээсээ огцруул...гэрээ тойрсон хашаан дотроо л томор...гараад чи бол хэн ч биш чацга...аль суманд 1 иймэрхүү хүнэнцэрүүд бдг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-07-11 08:28:59
    zochin: Иймэрхүү өөрийгөө вант улсын эзэн шиг бодсон юмнуудыг шууд огцруулах хэрэгтэй!!! Ямар эцгээсээ өвлөж авсан хааны суудал биш дээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188