• Өнөөдөр 2024-04-20

ТАВАН ХҮНИЙ АМИНЫ ҮНЭТЭЙ СОНГУУЛЬ

2022-07-01,   706

         Монголын төр таван иргэнээ буудаж, хөнөөсөн аймшигт хар өдөр өнөөдөр тохиож байна. Сонгуулийн будлианаас үүдэлтэй иргэдийн эсэргүүцлийн жагсаал эцэстээ үймээн самуун болж, таван халуун амь тасраад 14 жил өнгөрчээ. Өнгөрсөн 14 жилийн хугацаанд юу өөрчлөгдөж, талийгаачдын ар гэрийнхэн болон хохирогчид хэрхэн амьдарч байгааг  тоймлон хүргэж байна.

ДОЛДУГААР САРЫН 1-НД ХҮҮГЭЭ АЛДСАН Ц.ЭНХБАЯР: Би хүүгийнхээ шарил дээр очоод хүүдээ “Амиа алдсан таван залууг би төлөөлөөд үлдсэн. Иргэнээ бууддаггүй төртөө болтлоо явна” гэж амласан

Буудуулж амиа алдсан залуусын хамгийн залуу нь 23 настай байлаа. Түүнийг Энхбаярын Доржсүрэн гэдэг байсан юм. Талийгаачийг хүзүүнд нь буудаж, амийг нь хөнөөсөн байдаг.

Талийгаачийн аав Ц.Энхбаяр ярихдаа:

Хамгийн сүүлд уулзахдаа “Амралтын өдөр хүрээд ирнэ ээ” гээд унадаг дугуйгаа түрээд, хашааны хаалгаараа гарч явсан хүүгийн минь дүр нүдэнд харагдаад, ороод ирэх л юм шиг санаж, 14 жилийн ард гарлаа даа. Сонгууль будилаантай болсон гэдгийг Ерөнхийлөгч хэлж, СЕХ хүлээн зөвшөөрч, бүх нам энэ үйл явдалтай эвлэрчихсэн байсан болохоор сонгуулийг дахин явуулахгүйгээр ард түмний анхаарлыг татахын тулд зохион байгуулалттайгаар гаргаж ирсэн хэрэг. Ингэж л бид өнөөдрийг хүртэл хардаж ирсэн. Долдугаар сарын 1-нд амиа алдаж, шархдаж, бэртсэн иргэдийн ар гэр нэгдэж, Хохирогчдын холбоо байгуулсан байдаг. Бид тухайн үеийн Ерөнхий сайд байсан С.Баяр, Хууль зүйн сайд буюу Онц байдлын шуухай штабын дарга Ц.Мөнх-Оргил нарыг буруутай гэж үздэг. Тэднийг “Та нар ямар нэгэн байдлаар буруугаа хүлээ” гэж хэлж байлаа. Гэтэл энэ хүмүүс өнөөдрийг хүртэл буруугаа хүлээгээгүй. Уучлал хүсэхгүй байна гэдэг чинь “Бидний хийсэн үйлдэл, санаа зөв. Харин тав биш 10 хүнийг буудах байсан” гэсэн утга байх. Монголын төр миний хүүг, таван аавын сайхан хүүг гудамжинд нохой шиг хөөж буудчихаад ганц удаа ч уучлал гуйхгүй, хөшөө барих алга дарам газар олгож чадахгүй 14 жил болж байна. Ардчилсан холбооноос хөшөөний уралдаан зарлаж, сургамж хөшөөний загвар бий болсон. Шалгарсан загвараа бүтээл болгох гэж хөөцөлдөөд үнэхээр барахгүй, цөхрөөд орхисон. Би хүүгийнхээ шарил дээр очоод хүүдээ “Амиа алдсан таван залууг би төлөөлөөд үлдсэн. Иргэнээ бууддаггүй төртөө болтлоо явна” гэж амласан болохоор төрийн тогтолцоог өөрчлөхийн төлөө хичээж, зүтгэж явна. Миний хүүдээ амласан амлалт заавал биелэх болно. Монголчууд “Цэцгийн толгой тасалдаггүй үртэй, Цэцдийн толгой авдаггүй төртэй байхыг хүснэ” гэж зүгээр ч нэг хэлчихээгүй юм аа. Ийм төртэй хүссэн, хүсээгүй болно гэж би боддог.

Тэр долдугаар сарын 1-н бүрд сэтгэл нь тавгүй, эзгүй, гомдол, цөхрөл үүрч, тээж 14 жилийг үдэж байгаа нулимстай ярьсан. Долдугаар сарын 1-ний хохирогчдын холбооныхон 14 жил Төв талбай, Хэлмэгдүүлэлтийн хөшөөнд цэцэг өргөж, зул асааж сууна.   

ДОЛДУГААР САРЫН 1-НД ХҮҮГЭЭ АЛДСАН Д.ТУНГАЛАГ: Монголын төрд голдоо ортол гомдож байна. 14 жил болоход хэн нэгнийг “Таны хүү биднээс болж амиа алдчихлаа, эгч ээ” гээд уучлалт гуйгаад хүрээд ирэх болов уу гэж өдөр болгон харуулдсан

Төрдөө буудуулж, амиа алдаагүй байсан бол түүний хүү өнөөдөр 41 нас хүрэх байжээ. Олон сайхан хүүхдийн аав болж, газар дээрх ганц хүүгээ “хагас өнчин” гэх хаалганы цаана үлдээхгүйгээр түүний хүү амьдарч байх байлаа. Магадгүй цагдаагийн албандаа хоёргүй сэтгэлээр зүтгэж, гавьяаныхаа амралтад гарах хугацаагаа тэсэн ядан хүлээгээд, ижийтэйгээ цуг сууж байх байсан биз ээ. 27-хон настай хүүгээ алдсан ээж Д.Тунгалаг яриаг уншигч та бүхэнд хүргэж байна.

“Хүү минь тэр өдөр Сүхбаатарын талбайн орчимд гэртээ харихаар явж байгаад суманд өртөж, амиа алдсан. Тухайн өдөр талийгаачийн хадмынхан Дорнод аймгаас хонь явуулсан байсан. Тэрийгээ найзтайгаа явж, авчраад манай хашаанд авчирч, уясан юм. Уг нь хонио янзлах гэж ирсэн юм билээ л дээ. Би “Хар шөнө амьтны амь таслаад яах вэ, миний хүү. Маргааш өглөө бол” гэж хэлээд хүүгээ явуулсан. Гэрээс гарахдаа “Ээж ээ, энэ улс оронд чинь айхтар зүйл болж байна шүү. Та дүүг битгий гэрээс гаргаарай. Би гэртээ харилаа” гэж хэлээд л гарсан. Тэгээд л хариагүй, маргааш нь цогцсыг нь хүлээж авсан.

Бусад шиг өдөржин чулуу шидэж, Төв талбайд өнжөөгүй юм. Гэртээ харих замдаа л залуу хүн учраас Төв талбайгаас орсон юм шиг байна лээ. Эсвэл ороогүй ч байж магад. Тэр хавьд явж байгаад цагдаа нарт хөөгдөж байсан залуусын хоморгод өртсөн байх. Гадаад хэргийн яамны урд замд явж байхад гүрээний судас руу нь буудсан байгаа юм. Тэгээд хүү маань цусаа урсгаад зугтаж байхад цагдаа нар араас нь гүйцэж очоод зодсон гэсэн. Түүнийг нь харсан залуус бичлэг хийсэн байсан. Цагдаа нар миний хүүг долдугаар сарын 1-ний хохирогч Ц.Энхбаярын хүүтэй андуурсан юм шиг байна лээ. Уг нь миний хүү цагаан хувцастай явж байхад улаан хувцастай байна гээд буудчихсан гэсэн. Буудсан хүнийг нь ч тэгээд олсон л доо.

Монголын төрд голдоо ортол гомдож байна. 14 жил болоход хэн нэгнийг уучлалт гуйгаад “Таны хүү биднээс болж амиа алдчихлаа, эгч ээ” гээд хүрээд ирэх болов уу гэж өдөр болгон харуулдсан. Энэ хугацаанд хүүгээ хүлээгээгүй өдөр гэж байхгүй. Толгойтын автобусандаа өнөөдөр биш ч маргааш суугаад ирнэ гэж итгэсэн, даанч миний хүү ирээгүй. Одоо ч хүүгээ ирэхгүй нь гэдэгтээ эвлэрч сууна. Зүүдэндээ хүртэл хүүтэйгээ уулзаж, “Өнөөдөр оройтож очно шүү” гэж хэлж байгаа нь чихэнд сонсогдоод байдаг юм. Хэрэв өнөөдөр амьд байсан бол цагдаагийн албаа нэр төртэй хаагаад л үеийн нөхөдтэйгөө алхаж явах байсан даа” гэсэн юм.

БУУДУУЛСАН ХОЁР ЗАЛУУ ХАГАЛГААНД ОРЖ, ХӨЛӨӨ ТАЙРУУЛЖЭЭ

        Энэ хар өдөр дөрвөн хүн буудуулж, нэг хүн угаартаж нас барахаас гадна хоёр хүн буудуулж, хүнд гэмтсэн байдаг. Тэдний нэг нь Ж.Батзаяа. 16 хан настай хүү хөлдөө буудуулж, хиймэл хөлтэй 14 жил амьдарч байгаа. Олон улсын урлагийн сургуулиас урилга авсан есдүгээр ангийн хүү амралтаараа ажил хийж, мөнгө олох гэж байгаад хөлдөө буудуулчихсан. Тэр өдрөөс, 2008 оны долдугаар сарын 1-нээс хойш түүний амьдрал орвонгоороо эргэж, хөгжлийн бэрхшээлтэй, хүний асаргаанд насыг элээж байна даа. Одоо тэр 30 настай залуу болжээ. Тэр 2018 онд хагалгаанд орж, хиймэл хөлтэй насаараа эрүүл мэндээрээ хохирч яваа юм. Түүнийг буудсан, зодсон цагдаагийн албан хаагч өнөөдрийг хүртэл олдоогүй.  

Ж.Батзаяа “Талбайн хажуугаар явтал гал түймэр гарсан, хүмүүс бужигналдаж байсан. Яг л дайн болсон мэт. Сонирхол татаж, юу болсныг мэдэхийн тулд галын тэнд очсон. Галын хажууд хүн байхын аргагүй утаатай, нүд хорсож байсан. Талбайг нэвт гарахаар Улаанбаатар зочид буудлын тийш алхсан. Гэтэл урдаас цагдаа нар гараад ирсэн. Хүмүүс цагдаад баригдаж болохгүй шүү, наадуул чинь зодно гэж орилж байсан. Тэгээд тэдний үгээр орж хойшоо гарах гэтэл мөн урдаас цагдаа нар гараад ирсэн. Цагдаа нар хоёр талаас шахаад ороод ирсэн. Би хаашаа явахаа мэдэхгүй талбайн голд, Сүхбаатарын хөшөөний гинжин дээр хэсэг суулаа. Гэтэл цагдаа нар бүр дайрч, түрээд ирсэн. Хүмүүс Монтелийн тийш бүгд зугтсан, би ч дагаад гүйлээ. Олон хүнээ дагаад л явсан. Шангри-Лагийн тийш чиглэн гүйж байтал буун дуу гарсан. Нэг сэрсэн буланд хэвтэж байсан. Хүмүүс чулуу шидэлцээд, хөлийн тэндээс 5-6 бамбайтай цагдаа ирж байсан. Би “ах аа авраарай, туслаарай” гэхэд хоёр дахь цагдаа нь “Чи наанаа тэр чигтээ үхээрэй” гээд дэвсэж байсан. Ухаан алдаад нэг сэрсэн талбай дээр байсан, баахан хүмүүс тойрсон. Дахин нэг сэрсэн машин дотор, эмнэлэгт байсан” хэмээн хэвлэлд ярилцлага өгсөн байдаг юм билээ. Тэр одоо Налайх дүүрэгт амьдарч байна.

Дараагийнх нь “Дорнод”-ын Энхбат гэх залуу. Түүнийг цагдаагийн албан хаагчид гэдэс хэсэгт нь буудаж, шархдуулсан байдаг. Тэрбээр шаардлагатай эмчилгээг хийлгэж, цаг алдалгүй эмнэлгийн тусламж авч, азаар амьд үлдсэн байдаг юм билээ. Тэрбээр БНСУ-д эмчлүүлж, Хохирогчдын холбооныхноос холбоо тасарсан юм гэнэ лээ. Одоо түүнийг ямархуу байгааг, яаж амьдарч байгааг мэдэх хүн ховор байна.

      Төв талбайдаа, энхийн цагт идэрхэн насны залуучууд буудуулж, угаартаж, хоморголон ачигдаж, бэртэж, гэмтэж, зодуулсан 2008 оны долдугаар сарын 1-нийг талийгаач, хохирогчдын ар гэрийнхнээс өөр дурсах хүн алга.

       14 жил өнгөрөхөд таван айлын голомт эзгүйрч, хагацал, харууслын жимээр хоёр залуу алхаж, 100 гаруй залуу “Ял эдэлж байсан” гэх хар тамга даруулжээ. Үүнээс өөр өөрчлөгдсөн зүйл алга. Талийгаачдаа хүндэлж, нэхэн дурссан хэлмэгдүүлэлтийн хөшөөний газар ч олдохгүй байсаар 14 дэх жилтэй золгож байна.


ТАВАН ХҮНИЙ АМИНЫ ҮНЭТЭЙ СОНГУУЛЬ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188