Сүүлийн таван жилийн хугацаанд хугацаат цэргийн албанд мордсон арван аавын хүү харамсалтайгаар амиа алдаад байна. Эх орны хүү болохоор, эх орноо хамгаалахаар, жинхэнэ эр хүн болохоор хөөр баяраар дүүрэн явсан залуус даргадаа дэглүүлж, зодуулж, хүчирхийлэлд өртөж амиа алддаг нь байдаг нэг л хэвийн үзэгдэл болох нь. “Байлдагч амиа алдлаа” гэх мэдээтэй зэрэгцээд иргэдийн дунд “Дарга нь зодсон уу, харуулын дарга нь дэглэсэн үү, яаж яргалсан, яаж тамласан” гээд хардаж, сэрддэг болсон. Хэдхэн хоногийн өмнө Дотоодын цэргийн 05 дугаар ангид алба хааж байсан 18 настай байлдагч амиа алдлаа. Талийгаачийн ходоод задарч, мэс засалд орсон ч шархаа даалгүй амьсгал хураасан юм. Энэ хэргийн талаарх мэдээллийг эх сурвалжаас авч, нэгтгэлээ.
Талийгаач Н өнгөрсөн тавдугаар сард цэргийн албанд татагдсан байдаг. Тэрээр “Цэргийн албан явж, эр хүн болно” хэмээн хөөр баяраар дүүрэн явсан гэх. Талийгаач 45 хоногийн хугацаанд хээрийн бэлтгэлд гарч, тангаргийн баяртаа оролцсон юм. Тангаргийн баяртаа оролцсон өдрөөсөө бие нь муудаж, 05 дугаар ангийн эмч нар “Хоолны хордлого” гэх онош тавьж, эмчилгээ эхлүүлсэн ч бие нь муудаж, эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн юм. Талийгаачийг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хүргэж, ходоод тайрах мэс засал хийсэн ч шархаа даалгүй амьсгал хураасан билээ.
Талийгаач хүүгийн ар гэрийнхэн энэ талаар ярихдаа “Дүүгийн минь Тангаргийн баяраар өвөө, хоёр дүү нь очсон. Цэргийн албанд дурлаж, өөрийнхөө хүсэлтээр явсан учраас дуртай байсан гэсэн. Өвөөтэйгөө зургаа авхуулж, хоёр дүүгээ үнсээд жаргалтай байсан байна лээ. Тэднийг очих үед биеийн байдал нь зүгээр, инээж, ханиагаад л байж байсан. Угаасаа цоо эрүүл, нэг ч удаа эмнэлэг домчоор явж байгаагүй хүүхэд. Цэргийн албанд эрүүл гээд тэнцээд л явсан. Ангийнхан нь эмч нар хоолны хордлого гэсэн онош тавьж, эмчилгээ хийсэн юм билээ. Эмчилгээ нь үр дүнд хүрээгүй, дүүгийн минь бие огцом муудаж, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт яаралтайгаар хүргэсэн гэсэн. Дүүгийн минь ходоодыг тайрч, мэс засал хийсэн. Биднийг очих үед дүүгийн нүүр, биед ил харагдах гэмтэл, шарх байгаагүй. Ходоод нь задарсан гэж хэлсэн. Хоолны хордлогоос болоод, хоол их идсэнээс болоод ходоод нь задарна гэж байх уу. Эмч нар хэлэхдээ “Ходоодыг нь тайрахаас өөр арга байсангүй” гэж хэлсэн. Ходоод нь задраад хугацаа алдсан учраас дотор эрхтнүүдээ гэмтээж, өрөвсүүлж амиа алдсан байх. Ангийнхан нь удирдлагууд бидэнтэй уулзаж, хэлсэн. Дарамт шахалт байгаагүй гэдгээ хэлж байна лээ. Ангийнхан нь камерыг шүүж үзэхэд зодоон, нүдээний асуудал харагдахгүй байна лээ. Гэхдээ камерт тийм зүйл бичигдэж үлдэнэ гэж байхгүй байлгүй дээ” гэсэн юм.
Бид талийгаачийг ямар байдалтай ирсэн талаар Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгээс тодруулахаар холбогдсон боловч мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм. Эх сурвалжийн хэлснээр талийгаач ухаантай эмнэлэгт хүргэгджээ. Гэхдээ биеийн байдал нь маш муу, их хэмжээгээр бөөлжиж, сульдсан байсан гэсэн юм.
Бид энэ талаар Дотоодын цэргийн 05 дугаар ангийн захирагч Ж.Мөнхсолонготой холбогдож, тодруулсан билээ. Тэрбээр “Талийгаач өнгөрсөн тавдугаар сард цэргийн албанд татагдсан байсан. Цэргийн албанд татагдаж ирэхдээ болон амиа алдахаас өмнөх өдрүүдэд биеийн байдал нь хэвийн байсан. Байлдагч ангийн байрлалд бус эмнэлэгт нас барсан. Одоогийн байдлаар шалгалтын ажиллагаа явагдаж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй байна. Манай ангид ямар ч дарамт шахалт байхгүй” гэсэн юм.
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүд 21 аймаг, есөн дүүрэгт ажиллаж, цэргийн ангийн нөхцөл байдалтай танилцаж, шалгалтын ажиллагаа явуулдаг. Шалгалтаар цэргийн ангид дарамт, шахалт, хүний санаанд багтамгүй хүчирхийлэл байгааг тогтоож, холбогдох албаныханд хүргэсэн байдаг. Тэгвэл тус амиа алдсан байлдагчийн хэрэг дээр хэрхэн ажиллаж, ямар шалгалтын ажиллагаа явуулсныг тодруулсан юм.
“Хугацаат цэргийн алба хаагч амиа алдсантай холбогдуулан Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг 2022 оны зургадугаар сарын 18-ны өдөр тус ангид хяналт шалгалт хийж, нөхцөл байдалтай газар дээр танилцаж ажилласан. Тус ангид Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын газар, Дотоодын цэргийн штаб, Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөх хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн алба хаагчид дотоод хяналт, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлүүлэн хийж байгаа бөгөөд комисс хяналт тавьж, мэдээлэл солилцон ажилласан” гэв.
Байлдагч зодуулж, гэмтэл авсан уу, эсвэл хоолны хордлого, их хоол идсэний улмаас ходоод нь задарсан уу гэдэг нь эргэлзээтэй байгаа. Бид Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Р.Чингис холбогдож, нөхцөл байдлын талаар тодруулсан юм. Учир нь, түүний удирдаж байгаа салбарт байлдагчаар очсон цэл залуухан 18 настай залуу амиа алдчихаад байгаа.
-Дотоодын цэргийн 05 дугаар ангид дотоодын хяналт, шалгалт хийж байгаа юу?
-Тэр өдрөөс эхлээд манай дотоодын хяналт шалгалт, Ерөнхий газрын хяналт шалгалтын алба ажиллаж байгаа. Мөн би өөрөө Мөрдөн байцаах албаны тусгай субъектийг мөрдөх хэлтэст албан бичиг явуулсан. Үүний дагуу шалгалтын ажиллагаа явуулж байгаа.
-Урьдчилсан байдлаар шалгалтын хариу юу гэж гарч байгаа вэ?
-Манай дотоодын цэрэгт ямар нэгэн зодоон, дарамт гэсэн дүрмийн бус харилцаа байдаггүй. Офицер, ахлагч нар мэргэжлийн сургуульд сурсан учир бүгдээрээ цэргүүдтэй хууль, дүрмийн дагуу харьцдаг. Үүнээс гадна ямар нэгэн асуудал гарсан тохиолдолд эмнэлэг болон гэр бүлд нь мэдэгдэж холбоотой ажилладаг. Амиа алдсан байлдагчтай холбоотой асуудалд хариуцсан офицерууд болон хуучин цэргүүд дүрмийн бус харьцсан зүйл байхгүй. Хяналтын камерын бичлэг бий. Мөн өвчтэй үед нь бага дарга болон салааных нь байлдагчид байнга хамт байсан. Тэд ямар нэгэн дарамт шахалт, зодоон байгаагүй гэдэг гэрчийн мэдүүлэг өгч байгаа.
-Талийгаачийн ар гэрийнхэн эмнэлэгт хүргэх гэж цаг алдсан гэдэг мэдээллийг өгч байгаа. Эмнэлгийн тусламж яаралтай үзүүлж чадсан уу?
-Хугацаа алдсан эсэхийг хууль хяналтын байгууллага тогтооно. Бид хэлж чадахгүй. Надад ирсэн мэдээллээр бол зургадугаар сарын 15-ны өдөр тухайн ангийн тангараг өргөх ёслол болсон. Байлдагч нарт эргэлт ирсэн гэсэн үг. Ар гэрийнхэн нь тухайн байлдагчид бууз, ундаа зэргийг авч ирж өгсөн. Тэрний дараа бие нь өвдсөн. Бие нь өвдөхөөр нь 05 дугаар ангийн эрүүл мэндийн төв холбогдох эмчилгээнүүдийг хийсэн. Даралт болон бусад үзүүлэлтийг нь үзэхэд гайгүй болсон гэсэн. Маргааш нь биеийн байдал нь хүндэрч, түргэн тусламж дуудаж Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт хүргэсэн. Тус эмнэлэгт хагалгаанд ороод, хагалгааны дараа өнгөрсөн юм байна лээ. Бусад нарийн ширийн зүйлийг бол шүүх шинжилгээний дүгнэлт гарч байж тогтооно. Мэдээж хэрэг цэргийн албан хаагч нас барсан тохиолдолд гэр бүлийнхэн нь зодсон, дүрмийн бусаар харьцсан гэж байнга сэжиглэдэг. Би тийм байр суурьтай байгааг нь ойлгож байгаа. Гэр бүлтэй нь ч энэ талаар уулзаж ярьсан.
-Ар гэрийн зүгээс тухайн байлдагчийг “Түрүүлгээ харуулж хэвтүүлээд дээгүүр нь гүйсэн байж болзошгүй” хэмээн хардаж байгаагаа илэрхийлсэн?
-Зодсон гэдгээс эхлээд тийм хардлагууд юу ч байж болно. Гол нь цэргийн амьдрал өдөр тутам бусдын нүдэнд ил байдаг. Хажууд нь үргэлж бусад цэрэг, дарга нар нь байдаг. Мөн офицерууд нь хамт хонож, байрлаж байгаа шүү дээ. Хүмүүсийн нүдэнд ил өрнөдөг учир нуух ямар ч бололцоогүй байдаг. Ялангуяа өнөөгийн Монгол Улсад бүх юм ил. Тийм болохоор манай зүгээс нуух зүйл байхгүй. Тэгэхээр гэрчийн мэдүүлэг, камерын бичлэгт тулгуурлаж хэлэхэд ямар нэгэн асуудал болоогүй. Одоо шүүх шинжилгээний байгууллага л суурь өвчтэй байсан эсэх талаар нас барах болсон үнэн бодит шалтгааныг тогтоох байх. Ямар ч хүн өөрийгөө 100 хувь эрүүл гэж мэддэггүй, даатгуулсан зүйл байдаггүй шүү дээ.
-Эрүүл учраас цэргийн албанд татдаггүй юм уу?
-Тэр бол ерөнхий үзлэг л хийгддэг байх. Яг нарийн мэргэжлийн эхо болон бусад шинжилгээ хийгддэг эсэхийг тухайн цэргийн комисст ажилласан эмч нараас нь асуух хэрэгтэй.
-Дотоод цэргийн 05 дугаар ангийн өөр байлдагч болон албан хаагчдаас хоолны хордлого авсан хүн бий юу?
-Байхгүй байх. Амиа алдсан байлдагч эргэлтээр авчирсан хоол, ундыг идсэн шүү дээ” гэх мэдээллийг өглөө.
Бид эрүүл хүний ходоод ямар тохиолдолд задардаг талаар Цинжин эмнэлгийн ходоодны их эмчээс тодрууллаа. Тэрбээр “Хүний ходоод задарна гэсэн ойлголт байхгүй. Ходоод дүүрэн агууламжтай буюу хоол их идсэн үед гэмтэл, бэртэл авбал хагарч, цоорч болно. Харин өлөн байх үед гэмтэл, бэртэл авахад ийм тохиолдол гарахгүй болов уу. Их хэмжээний хоол идсэн, эсвэл хоолны хордлогод орсон үед ходоод цоорно гэсэн ойлголт харьцангуй бага. Ер нь гэмтэл, доргилт, цохилтын үед ходоод цоорох магадлал өндөр. Мөн ходоодны хорт хавдартай үед ходоод задардаг. Дэндүү томроод, чинэрээд, багтахаа болихоороо хагарч, задарна” гэв.
Амиа алдсан байлдагчийн биед хийсэн шүүх шинжилгээний дүгнэлт 21 хоногийн дараа гарна. Албаныхан шинжилгээний дүгнэлт гарсан үед л тодорхой мэдээлэл өгнө гэж байлаа. Харин эх сурвалжийн хэлсэн мэдээллээр “Шүүх шинжилгээний урьдчилсан дүгнэлтээр амиа алдсан байлдагч гадны нөлөөгүй, эрүүл мэндийн шалтгаанаар амиа алдсан гэж гарсан байна лээ. Тэгэхээр 18 настай хүүдээ бууз, салат, ундаа эргэлтээр авч очсон өвөөгийнх нь буруу болоод өнгөрөх магадлалтай байгаа” гэлээ.
БАЙЛДАГЧИЙН ХЭРЭГ: АР ГЭРИЙНХЭН НЬ ГАДНЫ НӨЛӨӨТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ, АЛБАНЫХАН ЭРГЭЛТЭЭР ИРСЭН БУУЗ, УНДААНААС ХОРДСОН ГЭВ |
|
2025-03-15 16:32:13
2025-03-15 15:30:12
2025-03-15 14:51:59
2025-03-15 12:10:25
2025-03-15 11:56:24
2025-03-15 11:00:00
2025-03-15 10:52:29
2025-03-15 10:15:58
2025-03-15 10:07:26
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |