• Өнөөдөр 2024-05-17

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫГ “ЦӨЛМӨЖ”, ГУРВАН САРЫН ДОТОР 129 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕРТ ЯЛСАН “СЕТУНАРИ” КОМПАНИТАЙ ТАНИЛЦ

2022-04-15,   1433

               Эрүүл мэндийн сайд асан С.Ламбааг сайдын суудалд суухаас хэдхэн сарын өмнө байгуулагдаж, түүнийг сайд байх үед нь ид хүчээ зузаатгасан гэгдэх “Сетунари” компани эрүүл мэндийн салбарт өрнөж буй, байж болох бүхий л том тоотой тендерийг хуу хамаж, хумсалж, монополь үүсгэсэн гэдгээрээ алдартай. Эмнэлгүүдэд өндөр үнэтэй тоног төхөөрөмж, урвалж оношлуур, эм, ханган нийлүүлэх тендерт зөвхөн дээрх компани ялалт байгуулж, төсвийн мөнгийг салхинд хийсгэдэг сүлжээ, гаж тогтолцоо хэдэн жилийн өмнөөс л гинжин хэлхээ шиг үргэлжилж байгаа. Зөвхөн “Сетунари” гэх компани ялах, ялалт байгуулах тендерийн шалгаруулалтыг зохион байгуулж, ил, далдаар олон жил тус компанийг Эрүүл мэндийн салбар “угжиж” байгаа гэх. Сайд нь, эмнэлгийн дарга нар нь ч эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус компанийн үйл ажиллагааг улаан цайм дэмжиж, “Зөвхөн “Сетунари”  компанийн нийлүүлж байгаа урвалжийг ашигла, тэр компанийн лабортори руу өвчтөн явуулж төлбөртэй шинжилгээ хийлгүүлж бай” гэсэн үүрэг даалгаврыг үеийн үед өгдөг гэх яриа олон жил дамжин үргэлжилж байгаа. Тэгвэл дээрх компанийн ажилладаг, ажилладаггүй өндөр үнтэй эмнэлгийн тоног төхөөрөмж, зөвхөн тус компанийн нийлүүлдэг урвалж бодис, оношлуураар ажилладаг аппаратууд нийлүүлдэг сүлжээ одоо ч хүртэл үргэлжилсээр байгаа ажээ. Төсвийн мөнгөөр тоглож, дураараа дургиж, дунд чөмгөөрөө наргиж, эрүүл мэндийн салбарыг мөнгө олох бохир бизнес болгосон тус компанийг хууль хяналтын байгууллагынхан шалгах цаг нь нэгэнт болжээ.

“СЕТУНАРИ” КОМПАНИЙН ЭВДЭРХИЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ҮНДЭР ҮНЭЭР НИЙЛҮҮЛЖ ЭХЭЛСЭН ТҮҮХ

         “Сетунари” компанийн төсвийн мөнгийг тэрбум тэрбумаар нь “иддэг”, эвдэрхий тоног төхөөрөмж нийлүүлдэг сүлжээ хэзээнээс бий болсон бэ гэдгийг эргэн сануулах нь зүйтэй болов уу. Тус компани нь 2008 оны нэгдүгээр сард байгуулагдсан байдаг. Анх УКТЭ болон бусад гуравдугаар шатлалын эмнэлэгт улсын төсвийн хөрөнгөөр 200-300 сая төгрөгийн үнэ бүхий 2-5 төрлийн бүрэн автомат лабораторийн аппарат нийлүүлж байжээ. Энэ нь тухайн үедээ дэлхийд чанараараа гайхагддаг Германы “Roshe” компанийн тоног төхөөрөмж юм. Компанийн удирдлага болон Эрүүл мэндийн яамны холбогдох албан тушаалтнууд “Хамгийн багадаа арван жил ямар нэгэн эвдрэл гэмтэл гарахгүй ажиллах хүчин чадалтай” хэмээн онцлон ярьж байсан гэнэ. Гэтэл төд удалгүй нөгөөх зах зээлийн үнээс хэт их үнэтэй тоног төхөөрөмжүүд нь тараа таниулаад эхэлжээ. Биохимийн оношлогооны аппарат, гематологийн оношлогооны аппарат, иммунологи, шээс, PCR оношлогооны аппарат нь маш олон төрлийн урвалж, оношлууруудыг ашиглах нь тодорхой болсон гэнэ. Гэхдээ өөр компаниудын үйлдвэрлэж байгаа урвалж тус аппарат, хэрэгсэлд огт таарахгүй.Таарсан ч аппарат нь амархан эвдэрдэг болжээ. Тодруулбал, Зөвхөн Германы “Roshe” компанийн үйлдвэрлэж байгаа урвалж дээрх тоног төхөрөөмж, аппаратуудад таарах аж. Мэдээж Германы компанийн урвалж нь маш өндөр үнэтэй. Гэсэн ч худалдаж авахаас өөр аргагүй. Ингэж л Монголын эрүүл мэндийн салбарт өөрсдийн үйлдвэрлэсэн урвалжаа нийлүүлж жилд хэдэн тэрбум төгрөгийн ашиг олох боломжийг “Сетунари” компани олж авсан байна. Үнэтэй аппарат эмнэлэгтээ суурилуулчихсан улсын эмнэлгүүд Германы “Roshe” компани үйлдвэрлэж, “Сетунари” компани албан ёсны гэрээт борлуулагчаар оруулж ирж байгаа урвалжийг ашиглахаас өөр сонголтгүй. Өөрөөр хэлбэл,  Улсын эмнэлгүүд “Сетунари” компанийн хэлсэн үнээр урвалж худалдаж авахаас өөр сонголтгүй болдог. Тэгвэл дээрх эмгэнэлтэй, гашуудалтай тохиолдол өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байгаа ажээ. Харин илүү нууцын тохиргоо, чанд байдалд шилжиж, мөнгө идэх арга нь боловсон, мэргэжлийн түвшинд шилжсэн гэнэ.

“СЕТУНАРИ” КОМПАНИ ОН ГАРСААР УЛААНБААТАР ХОТЫН 10 ЭМНЭЛЭГ, 17 АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ӨНДӨР ДҮНТЭЙ ТЕНДЕРТ ОРОЛЦОЖ, ЯЛАЛТ БАЙГУУЛЖЭЭ

          Хэзээнээс алдартай “Сетунари” компани нь эрүүл мэндийн салбарт байж болох бүхий л тендерийг хуу хамдаг. Эрүүл мэндийн салбарын өнцөг булан бүр рүү хуруу, гараа дүрээд амжсан гэх. Тус компани нь 2008 онд байгуулагдсан цагаасаа хойш 320 тендерт оролцжээ. Оролцсон тендерийнхээ 80-90 хувьд ялж, үр дүнд хүрсэн гэнэ. Тэгвэл “Сетунари” компанийн 2022 оны эхний гурван сарын байдлаар ялалт байгуулсан өндөр дүнтэй тендерийг танилцуулж байна.

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эмнэлэг

-Эмнэлгийн нийт тоног төхөөрөмжийн хугацаат сэлбэг хэрэгслийг нийлүүлж, засвар үйлчилгээ хийх ажил худалдан авах- 800 сая төгрөг

-Эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж, бодис худалдан авах- 3.772.390.260 төгрөг (хүлээгдэж байгаа)

Архангай аймгийн орон нутгийн өмчийн газар

-Эм бэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл- 1.821.378.300 төгрөг (хүлээгдэж байгаа)

Батлан хамгаалах яам

-ЦТЭ-ийн хэрэгцээт эм бэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл- 7.593.375.300 төгрөг

Баян-Өлгий аймгийн эрүүл мэндийн газар

-Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн байгууллагуудын 2022 оны эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж бодис нийлүүлэх ажил- 1.823.548.142 төгрөг

Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг

-Эм бэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл бэлтгэн нийлүүлэх- 1.915.470.900 төгрөг (хүлээгдэж байгаа)

Булган аймгийн орон нутгийн өмчийн газар

-Аймгийн Нэгдсэн эмнэлэгийн 2022 оны эм, эмнэлэгийн хэрэгсэл нийлүүлэх- 989.351.888 төгрөг

Г.Тувааны нэрэмжит Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэг

Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж оношлуур нийлүүлэх-1.030.929.500 төгрөг

Говь-Алтай аймгийн орон нутгийн өмчийн газар

Нэгдсэн эмнэлэгт эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх- 1.997.821.002 төгрөг (Нэгдүгээр сарын 4)

Нэгдсэн эмнэлэгт эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх- 1.997.821.002 төгрөг (Хоёрдугаар сарын 27)

Гэмтэл согог судлалын үндэсний төв

Эм,эмнэлгийн хэрэгсэл, лабораторийн урвалж, цус цусан бүтээгдэхүүн худалдан авах- 6.015.496.000 төгрөг

Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар

-Эм, бэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах /Аймгийн хэмжээнд/         3.117.785.035 төгрөг

Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газар

Дорноговь Аймгийн нэгдсэн эмнэлэг, Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлгийн 2022 оны хэрэгцээт эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах- 2.883.000.000 төгрөг (хүлээгдэж байгаа)

Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв

ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЭЛ- 3.829.787.800 төгрөг (хүлээгдэж байгаа)

Завхан аймгийн орон нутгийн өмчийн газар

Нэгдсэн эмнэлэгт 2022 онд хэрэглэгдэх эм , эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх           843.568.097 төгрөг

Намхай-Очирын Нямдаваагийн нэрэмжит хавдар судлалын үндэсний төв

Хавдар судлалын үндэсний төвд эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур нийлүүлэх-8.000.000.000 төгрөг (хүлээгдэж байгаа)

Хавдар судлалын үндэсний төвд эрхтэн шилжүүлэх эмчилгээний эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур нийлүүлэх- 800.000.000 төгрөг (хүлээгдэж байгаа)

Орхон аймаг дахь бүсийн оношилгоо, эмчилгээний төв

Орхон аймгийн БОЭТ-н эм,эмнэлгийн хэрэгсэл,урвалж бодис нийлүүлэх тендер- 3.000.000.000 төгрөг

П.Н.Шастины нэрэмжит улсын гурав дугаар төв эмнэлэг

Эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж, оношлуур худалдан авах- 8.353.882.181 төгрөг

Сэлэнгэ аймгийн орон нутгийн өмчийн газар

Эм бэлдмэл эмнэлгийн хэрэгсэл- 1.748.007.612

Төв аймгийн орон нутгийн өмчийн газар

Аймгийн Нэгдсэн эмнэлэг, 27 сумын 2022 оны эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах- 1.600.000.000 төгрөг

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг

Эм, эмнэлгийн хэрэгсэл-5.324.234.600 төгрөг

Увс аймгийн нэгдсэн эмнэлэг

Увс Аймгийн Нэгдсэн Эмнэлгийн Эм эмнэлгийн хэрэгсэлийн тендер 1.849.062.181 төгрөг

Улсын нэгдүгээр төв эмнэлэг

Өндөр өртөгт тусламж үйлчилгээний эмнэлгийн хэрэгсэл худалдан авах      13.271.429.180 төгрөг

Онцлог тусламж үйлчилгээний эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах- 10.851.614.000 төгрөг (хүлээгдэж байгаа)

Онцлог тусламж үйлчилгээний эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах- 10.851.614.000 төгрөг (хүлээгдэж байгаа)

Халдварт өвчин судлалын үндэсний төв

ХӨСҮТ-д эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж оношлуур худалдан авах   11.043.956.200 төгрөг

Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэг

Нэгдсэн эмнэлэгт Эм бэлдмэл эмнэлгийн хэрэгсэл худалдан авах   1.580.000.000 төгрөг

Хөвсгөл аймгийн орон нутгийн өмчийн газар

Эм Эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх           - 2.659.274.800 төгрөг

Цус сэлбэлт судлалын үндэсний төв

Эм бэлдмэл эмнэлгийн хэрэгсэл- 5.910.344.500 төгрөг

Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв хоёр

Эм бэлдмэл эмнэлгийн хэрэгсэл  10.065.827.200 төгрөг

Өвөрхангай аймгийн орон нутгийн өмчийн газар

Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 2022 онд хэрэглэгдэх эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж нийлүүлэх- 2.008.767.126 төгрөг

Энэ бол зөвхөн “Сетунари” компанийн энэ оны эхний гурван сарын хугацаанд ялалт байгуулсан тендерийн үнэ. Үүн дотор хүлээгдэж байгаа, нээгдсэн хэдхэн тендер бий.  Мөн өнгөрсөн 2020, 2021 онд энэ үнэ хоёр дахин илүү байсан гэдгийг онцолж хэлье.

ТЕНДЕРТ НОГООН ГЭРЛЭЭР ШАЛГАРДАГ “СЕТУНАРИ” КОМПАНИЙН ЭЗЭН ХЭН БЭ

                                “Сетунари” компани улсын эмнэлгүүдэд зах зээлийн үнээс хэд дахин өндөр үнэтэй оношлогооны аппарат, урвалж нийлүүлж хэдэн тэрбум төгрөгийн ашиг олоод зогссонгүй. Бүр лаборатори, оношлогооны салбарын зах зээлийг гартаа оруулж их хэмжээний ашиг олох төлөвлөгөө хэрэгжүүлж эхэлсэн байдаг. “Сетунари” компаниас салбарлан гарсан компани нь “Бона Вита” гэх нэртэй лаборатори, оношлогооны компани. 2015 онд Эрүүл мэндийн яамнаас “Бона Вита” компани эмнэлзүйн нэгдсэн лабораторын үйл ажиллагаа эрхлэхээр тусгай зөвшөөрөл авсан байдаг аж. “Сетунари”, “Бона Вита” хоёр компанийн цаад эзэн герман нөхөртэй Д.Энхтуяа гэх эмэгтэй байдаг гэнэ. Харин “Бона Вита” компани Д.Сэрж гэх эмэгтэйн нэр дээр байдаг байсан. Харин 2020 оны зургадугаар сарын 30-наас Д.Сэрж гүйцэтгэх удирдлагыг Ониогийн Дэмбэрэлд шилжүүлсэн байна.

                                “Сетунари” ХХК /РД:5189845/ нь 2008 оны нэгдүгээр сарын 3-нд байгуулагдсан гэдгийг эхэнд хэлсэн билээ. Тус компани Бясалгал иогийн  дамжаа хичэллүүлэх, гадаад худалдаа, эм эмнэлгийн хэрэгсэл, оношлуур, тоног төхөөрөмж, ханган нийлүүлэх импортлох, Гадаад худалдаа эрхлэх, эм, эмэнэлгийн  хэрэгсэл, тоног төхөөрөмж импортлох, ханган нийлүүлэх, худалдах, эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур, тоног төхөөрөмж, ханган нийлүүлэх, импортлох гэсэн зургаан чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Дуламсүрэнгийн Энхтуяа гэх эмэгтэй үүсгэн байгуулсан. 10 жилийн хугацаанд бүтэцдээ өөрчлөлт оруулаагүй тус компани нь 2021 оны авардугаар сарын 11-нд гүйцэтгэх захирлаар Товуудоржийн  Мөнхбаясгалан гэх хүнийг томилсон байна.

                                “Сетунари” ХХК нь “Анлимитед интеллиженс” ХХК /РД: 6103383/-ийн хувьцааг эзэмшдэг. Тус компанийг 2016 оны есдүгээр сарын 1-нд байгуулсан. Захирлаар нь Дуламсүрэнгийн Энхтуяа ажиллаж байгаад өнгөрсөн онд Дэмбэрэлийн Ариунзаяаг гүйцэтгэх захирлаар бүртгэсэн. Зар сурталчилгаа хийх, Бизнесийн чиглэлээр зөвлөгөө өгөх, Бизнес, маркетингийн чиглэлээр зөвлөгөө өгөх чиглэлэээр үйл ажиллагаа явуулдаг.

                                “Сетунари” ХХК нь “Магнуссентурион констракшн” ХХК /РД: 5934273/-ийн хувьцааг эзэмшдэг. Тус компанийг 2015 оны хоёрдугаар сарын 15-нд байгуулсан. Гүйцэтгэх захирлаар нь Ванганжилийн Гантулга ажилладаг. Өргөх байгууламж угсралтын ажил, Барилга угсралтын ажил, Гадаад худалдаа, 0.4-10кВ-н цахилгаан дамжуулах шугам, дэд  станцын угсралт, засвар, түүний туршилт тохируулга дагалдах ажил үйлчилгээ, интерьер, экстрьер, дизайн хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

                                “Сетунари” ХХК нь “Транс континентал” ХХК /РД: 6103405/-ийн хувьцааг эзэмшдэг.Тус компанийг төв компаниасаа найман жилийн дараа буюу 2016 оны есдүгээр сарын 1-нд байгуулсан байдаг. Автомашинаар ачаа тээвэрлэх үйл ажиллагаа явуулах чиглэлтэй. Гүйцэтгэх захирлаар нь Борхүүгийн Баасанхүү гэдэг хүн ажилладаг.

                                “Сетунари” ХХК-ийн үүсгэн байгуулагч Дуламсүрэнгийн Энхтуяа нь “АКШОБИ” /РД:5688167/ ХХК-ийн ерөнхий захирал. Тус компанийн хувьцаа эзэмшигч нь “Транс континентал” ХХК.  “АКШОБИ” ХХК нь 2013 оны гуравдугаар сарын 23-нд байгуулагдасан. Аялал жуучлал, Автомашины худалдаа, Соёл, урлагын арга хэмжээ зохион байгуулах,Гадаад худалдаа, Барилгын материалын худалдаа, Барилгын тоног төхөөрөмжийн худалдаа, Автомашины худалдаа, Урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

                                Мөн түүний нэр дээр  “Буянт-Оношлогоо” ХХК /РД: 2672049/ байдаг аж. Тус  компанийг 2006 оны хоёрдугаар сарын 24-нд байгуулсан нь бүртгэл дээр байдаг. Гадаад худалдаа, Шүдний холимог үзлэг, оношилгоо, НАСЗ, зүрх судасны оношилгоо, уламжлалт, дотрын өвчний оношилгоо, эмчилгээ зүрхний ЭКГ, эхо оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

                                Бид дараагийн дугаартаа “Сетунари” ХХК-ийн нийлүүлсэн өндөр дүнтэй тоног төхөөрөмж, ямар эмнэлгийн зоорийн давхарт “хог” болон хэвтэж байгааг баримттайгаар хүргэх болно.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

 


ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫГ “ЦӨЛМӨЖ”, ГУРВАН САРЫН ДОТОР 129 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕРТ ЯЛСАН “СЕТУНАРИ” КОМПАНИТАЙ ТАНИЛЦ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188