• Өнөөдөр 2024-05-11

ЖАГСААЛЫН ҮЕЭР СААТУУЛАГДСАН ИРГЭН М: ЦАГДАА НАР БИДНИЙГ БАРИВЧЛАХДАА ЗОДОЖ ДЭВСЭЛЖ, ЯЛТАН ШИГ ХАРЬЦАЖ БАЙСАН

2022-04-11,   992

-2008 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 1-НД БОЛСОН ШИГ ХҮМҮҮС РҮҮ  БУУДЧИХВИЙ ГЭЖ АЙЖ БАЙСАН-  

             Үнийн өсөлтийг эсэргүүцсэн залуусын жагсаалыг цагдаа нар албадан тарааж, хэд хэдэн хүнийг саатуулж, баривчилсан байдаг. Ингэхдээ цагдаагийн албан хаагчид иргэний биед халдаж, зодож, танхайрч, баривчилж байгаа бичлэг цахим сүлжээнд цацагдаад байгаа билээ. Саатуулагдсан иргэдийн дунд 13 настай хүүхэд, жирэмсэн эмэгтэй хүртэл байсан юм. Тэгвэл саатуулах байранд болон жагсаалын үеэр чухам юу болсон талаар хүргэе.

“Монголдоо сайхан амьдаръя” жагсаал дөрөвдүгээр сарын 7-ны 09:00 цагт эхэлжээ. Жагсаалд ойролцоогоор 3000-4000 хүн оролцож, үзэл бодлоо илэрхийлсэн гэх. Жагсаалд оролцсон иргэдийг 18:00 цаг хүртэл таван цагдаа хамгаалж, аюулгүй байдлыг нь хангаж байжээ. Харин 18:00 цагаас хойш бүрэлдэхүүн гарч, залууст шаардлага, сануулга өгсөн байна. Эцэст нь, шөнийн 02:00 цагаас залуусын жагсаалыг албадан тарааж, төв талбайгаас гаргажээ. Энэ хугацаанд цагдаагийн албан хаагчид хүмүүсийг баривчилж, саатуулжээ.

 Энэ талаар ЦЕГ-аас мэдээлэл хийхдээ “Жагсагчид эхэндээ цагдаагийн байгууллагын тавьж байгаа зөвлөмж, шаардлагыг биелүүлж байсан. Харин 18:00 цагт жагсаалын бүтцэт өөрчлөлт орсон.  Ажил тарах ачааллын үед төв замыг хааж эхэлсэн. Учир нь, хүмүүс төв зам руу орж замын хөдөлгөөнд саад учруулж эхэлсэн байдаг. Зүгээр явж байсан хүмүүсийг бид саатуулахгүй. Саатуулагдсан залуус бол гал гаргасан, мод чулуу шидэж, жагсаалыг үймээн болгох оролдлого хийсэн. Одоогийн байдлаар цагдаагийн долоон албан хаагчийн хөл хугарч, толгой нь хагарсан. 20 иргэнийг түр саатуулж, сулласан” гэсэн билээ.

Цагдаагийн албан хаагчид согтуурсан иргэдийг баривчилж, саатуулсан гэдэг. Гэвч иргэдийн олонх нь үүнийг үгүйсгэж, саатуулагдсан иргэдийн дунд согтуу хүн тун цөөн байсан гэдгийг ярьж байв. Саатуулах байранд юу болсон талаар иргэн М-тэй ярилцлаа. Түүний дүүг цагдаагийн албан хаагчид зодож, өшиглөж, дэвсэлж байгаа

-Тэр өдөр яг юу болсон талаар та тодорхой яриад өгөхгүй юу?

-Залуучууд шинэ салхи сэвэлзүүлж, өөр ирээдүйг хүсэж буйгаа тодорхой илэрхийлсэн жагсаал зохион байгууллаа шүү дээ. Би ч гэсэн хоёр хүүхдийн ээж, залуу хүн учраас жагсаалд оролцож, өөрийн үзэл бодлоо илэрхийлэхийг хүссэн. Нийгэм ямар байгаа нь тодорхой учраас энд ярих нь илүүц биз. Өдрөөс өдөрт өссөн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт ард иргэдийг туйлдуулж байна. Ажил хийгээд, хэмнээд ч бидний авч буй цалин  хаана ч хүрэхгүй байна. Үр хүүхдийнхээ ходоодыг ч дүүргэж чадахгүй байгаа нь нууц биш. Ийм учраас л жагсаж, өөрсдийнхөө, үр хүүхдийнхээ төлөө тэмцэх хэрэгтэй гэж бодсон юм. Үзэл бодлоо илэрхийлж, жагссаныхаа төлөө амьдралдаа хэзээ ч хаалгаар нь шагайж үзэх талаар төсөөлж ч үзээгүй саатуулах байранд хонолоо. Эмэгтэй хүнд үнэхээр хүнд байдаг юм байна. “Хоёр хүүдээ очоод юу гэж хэлнэ ээ” гэж бодож байлаа.

-Таныг ямар үндэслэлээр саатуулсан юм бэ?

-18 настай дүү минь орой ажлаа тараад жагсаалд оролцохоор явсан юм. Бид хэд араас нь дүүгээ авахаар очсон. Дүү залгаад “Цагдаа нар ирээд энд бөөн юм болох гээд байх шиг байна. Намайг хурдан ирээд аваарай” гэж хэлсэн. Дүүг авах гээд талбайн зүүн талд очоод машинтайгаа зогссон чинь цагдаа нар “Машинаасаа буу” гээд тушаагаад байсан. Би машинаасаа буугаад, нөхөр маань зогсоол хайхаар явсан. Тэгээд дүүтэйгээ уулзаад, “Ажлаа хий” гээд хашхираад явж байтал дүүг минь цагдаа нар бариад авсан. Хоёр цагдаа зулгаагаад, явахгүй гээд эсэргүүцэл үзүүлэхэд нь нэг цагдаа өшиглөж, дэвсээд чирээд аваад явсан. Би дүүгийнхээ араас гүйж очоод цагдаа нарт нь “Яагаад та нар хүүхэд баривчлаад байгаа юм бэ” гэсэн чинь л “Эгчийг нь ч бас баривчил” гээд хоёр цагдаа миний гарыг мушгиад, өчөөд гавлаад машинд суулгасан. Яг л хүн алж, хүрээ талсан хүн шиг гавлаад, ялтантай харьцаж байгаа юм шиг хашхираад байсан. “Гаваа тайлаад өгөөч” гээд зөндөө гуйсан. Надтай хамт баригдаж, цагдаагийн машинд суусан хоёр эмэгтэй “Гавыг нь тайлаад өгөөч. Жирэмсэн хүн хэцүү байна шүү дээ” гэж байж арай хийн гарыг минь сулласан. Дүүг маань зодож, танхайрсан цагдаад очоод, “Яагаад байгаа юм бэ” гэж хэлсний төлөө л намайг баривчлаад аваад явсан даа.

-Таны аль саатуулах байр руу авч явсан бэ?

-Намайг машинд суулгачихаад “Согтуу байна” гээд Төмөр замын эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэх байр руу авч явсан. Би ямар ч архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, хэрэглэдэггүй гэдгээ хэлсэн ч итгээгүй. Эрүүлжүүлэх байранд очоод согтолт хэмждэг багажаар үзэж байж намайг эрүүл гэдгийг мэдсэн. Тэгээд Дэнжийн мянгын саатуулах байранд хүргэсэн. Надтай хамт явсан гурван эмэгтэйн нэгнээс нь согтууруулах ундаа илэрсэн юм билээ. Тэгээд эрүүл биднийг аваад явсан.

-Дэнжийн мянгын саатуулах байранд нөхцөл байдал ямар байсан бэ?

 -Дөрвөлжин жижиг өрөөнд дөрөв, дөрвөөрөө нь оруулсан. Өрөө болгоны үүдэнд цагдаа манаж, хүмүүсийг элдвээр хэлж, загнаж, дарамталж байсан. Эмэгтэйчүүдийг нэг өрөөнд оруулаад, бие засахыг нь хүртэл хориглосон байсан. “Бие засмаар байна” гэхэд “Дуугүй, хүлээж бай” гээд загнаад байдаг юм байна лээ. Бас маш их ам цангаж, харангасахын наагуур юм болж хэлэхэд “Уух юм өгөхгүй, хүлээж бай” гээд байсан. Тэгээд өглөө гарахын өмнөхөнтэй хар цай, нэг зүсэм талх өгч байна лээ. Зүгээр ч өгчихгүй “Наад хэдийнхээ талхыг хүргээрэй” гээд хонгилоор нэг хашхираад байсан. Бид талхыг нь идээгүй, хар цайг нь уугаад гарсан. Ам цангаад уухаас өөр арга байгаагүй. Шөнөжин загнаж, нааш, цааш нь сольж, дарамталж, “Хана руугаа налаад зогс” гээд ялтантай харьцаж байгаа юм шиг байсан. Арга ядаад “Бид хүн алчихсан гэмт хэрэгтэн юм уу. Хүний эрхийг зөрчөөд байна” гэж хэлэхэд “Дуугүй бай” гэсэн. Эмэгтэйчүүд биднийг харин ч бага дэглэсэн байх. Нөгөө камерт байгаа залуусыг шөнөжин тамлаж, зовоосон.

-Таны болон дүүгийн тань бие зүгээр үү?

-Миний гарыг хүчтэй мушгиснаас болоод тохой хэсэгт хавдсан байсан. Бусдаар бол миний бие зүгээр. Харин дүүдээ их санаа зовж байсан. Бид хоёр тэр орой цагдаа нарт баригдаж яваад уулзаж чадаагүй юм. Олны нүдэн дээр тэгж аймар зодож байгаа юм чинь нүднээс далд алахаас наагуур болсон байх гэж айж байлаа. Тэгээд өглөө нь гарахынхаа өмнө дүүтэйгээ коридорт таарсан. Хоёр ялтан шиг юм цагдаа нараар хамгаалуулаад коридорт зөрж өнгөрсөн. Дүү рүүгээ харсан чинь биед нь ил харагдах шарх, гэмтэл байгаагүй. Тэгээд бага зэрэг тайвширсан. Цагдаа нар маргааш нь миний дүүг дагуулж яваад эмчид үзүүлж, зургийг нь авхуулсан байна лээ. Зүгээр гэж гарсан гэсэн.

-Саатуулагдсан 20 гаруй хүнээс шинжилгээ авсан гэсэн үү?

-Үнэндээ бол 20 хүн байсан гэдэг нь худал. Миний харснаар жагсаалаас баригдаж ирсэн 50-60 хүн байсан. Маргааш нь өөрсдийнхөө өгсөн өргөдөл, байцаалттай танилцуулах гээд нэг зааланд оруулдаг юм билээ. тэгэхэд ойролцоогоор 60 хүн лав байсан. Бүгд жагсаалаас ирсэн хүмүүс гэсэн. Цагдаа нар нь хэлэхдээ “Та нар жагсаалд оролцож, үймээн үүсгэсэн учраас саатуулсан” гэж хэлсэн. Тэгэхээр холбогдох хүмүүсийн хэлсэн тоо худал. Бүх хүнээс шээсний шинжилгээ авсан. Бүгдийг нь нэг нэгээр нь ариун цэврийн өрөө оруулж, зориулалтын аяганд бие засуулж, шинжилгээг нь авсан. Тэр дундаас хоёр хүнээс мансууруулах бодис илэрсэн гэсэн. Чухам илэрсэн эсэхийг нь мэдэхгүй.

-Та бүхнийг саатуулах байрнаас гарахад ямар нэгэн зүйл хэлсэн үү?

-“Дахиж жагсаал руу явахгүй юм байгаа биз дээ” гэж асууж байсан. Бид шууд талбай руу явна гэдгээ хэлсэн. Бусдаар өөр зүйл хэлээгүй. Үнэндээ бол цагдаа нар л өөрсдөө эхэлсэн шүү дээ.

-Яагаад тэр вэ. Жагсагчдыг чулуу шидэж, үймээн үүсгэсэн гэсэн шүү дээ?

-Бид чулуу шидээгүй. Цагдаа нар эхлээд бамбайныхаа цаанаас иргэд рүү чулуу шидсэн. Бүх зүйлийг тэд эхэлсэн. Хүмүүс “Бид ийм зүйл хүсээгүй шүү. Цагдаа нар өөрсдөө долдугаар сарын 1-ийг хүсээд байгаа юм уу” зэргээр бухимдаж, эргүүлээд ууж байсан ус, ундааныхаа савыг чулуудсан. Бид эхэлж чулуу шидээгүй. Хажууд нь хараад явж байсан би үүнийг 100 хувь баталж хэлнэ. Тэгээд дүүг минь сэтгүүлч нарт ярилцлага өгөх хэрэггүй зэргээр дарамталсан байна лээ. 2008 оны долдугаар сарын 1 шиг юм болж, иргэд рүүгээ буудах вий гэж айж байлаа

-Согтуу хүмүүс байсан уу?

-Саатуулагдсан хүмүүс дунд 4-5 хүн л согтуу байсан байх. Олонх нь эрүүл, 18-30 насны залуучууд байсан даа. Миний дүүгээс ч архи, согтууруулах ундаа илрээгүй. Жаахан хүүхэд шүү дээ. Тэгэхэд архи уугаад, үймээн үүсгэсэн иргэнийг албадан саатуулсан ухааны зүйл ярьсан байна лээ.

 


ЖАГСААЛЫН ҮЕЭР СААТУУЛАГДСАН ИРГЭН М: ЦАГДАА НАР БИДНИЙГ БАРИВЧЛАХДАА ЗОДОЖ ДЭВСЭЛЖ, ЯЛТАН ШИГ ХАРЬЦАЖ БАЙСАН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188