• Өнөөдөр 2024-04-20

ДОТУУР БАЙРНААСАА АЛГА БОЛЖ, АМИА АЛДСАН ОХИНЫ ХЭРЭГТ ХЭН Ч ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭГЭЭГҮЙ

2022-01-14,   2547

- СУМЫН ЗАСАГ ДАРГАД САНУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ АВЧ, СУРГУУЛИЙН ЗАХИРЛЫГ БАГА АНГИЙН БАГШ БОЛГОЖ, АНГИ, БАЙРНЫ БАГШ, ЖИЖҮҮР НАР АЖЛАА ХИЙЖ БАЙНА-

2021 оны аравдугаар сарын 21. Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын ерөнхий боловсролын сургуулийн 17 настай сурагч О дотуур байрнаасаа алга болов.

2021 оны аравдугаар сарын 31. Сурагч О-г буудуулж нас барсан байдалтай нутгийн залуу Б-ийн цогцостой хамт уулнаас олов.

2021 оны арваннэгдүгээр сарын 2. Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогчоор ажлын ажлын хэсэг Өвөрхангай аймгийн Зүүнбаян-улаан суманд ажиллав.

2021 оны арваннэгдүгээр сарын 4. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хариуцлага алдсан Өвөрхангай аймгийн боловсролын газар, сургуулийн удирдлага, байрны багшид багаар нь хариуцлага тооцно гэв.

         Хэргийг эргэн сануулбал, 17 настай сурагч охиныг нутгийн залуу, 23 настай Б үерхэхийг удаа дараа шаардаж, гуйж байсан гэдэг. Талийгаач залуу алга болохынхоо өмнөх өдөр охинтой аж ахуйн хашаанд уулзаж, дарамталсан байж болзошгүй гэх мэдээллийг эх сурвалжууд өгөөд байгаа. Тус хашаанд тэднийг уулзаж байхад охины анги удирдсан багш, байрны багш харж, ирж уулзсан гэдэг. Ангийн багш нь охиныг дотуур байрны гадаа буулгаж, утсыг нь хурааж аваад оруулсан. Байрны багш нь жижүүртээ хүлээлгэж өгөөд гэртээ харьсан. Охиныг 21:00 цагийн үед ангийнх нь найз буюу талийгаач Б-ийн дүү дотуур байрнаас гаргаж өгсөн. Байрны жижүүр эрэгтэй алга болсныг нь нэг өдрийн дараа мэдэж, ар гэрийнхэнд нь хэл хүргэсэн байдаг. Эрлийн ажиллагааг 10 хоног үргэлжлүүлж, эцэст нь О-г талийгаач Б-ийн цогцостой хамт уулнаас олсон юм. Эрлийн хугацаанд сум, сургуулийн удирдлагууд хайхрамжгүй хандаж, охиныг нь хайр дурлалдаа шатаж, эр дагаж явсан мэтээр тоомжиргүй хандаж, цаг хугацаа алдсан хэмээн ар гэрийнхэн үзэж байгаа. Тэр бүү хэл буу аваад явсныг нь мэдсээр байж нуун дарагдуулсан, “Хоёр буутай ирдэг байж” гэх залуугийн бичсэн мессежийг “Одоогийн залуучууд бэлгэвч, пивоо ингэж хэлдэг юм” гэж төөрөгдүүлсэн гэх. 

                 2022 оны нэгдүгээр сарын 14. Дотуур байрнаасаа алга болсон охин нас бараад 84 хоног болжээ. “Одоогийн байдлаар хэн, ямар хариуцлага хүлээсэн бэ. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн хэлсэн багаар нь хариуцлага тооцож, боловсролын салбарт шинэчлэл хийх мэдэгдэл биелсэн үү. “Одоо босоод ирэх биш дээ. Гэхдээ жаахан охиныхоо нэр төрийг сэргээмээр байна” хэмээн хаана хандаж, хэнд хэлэхээ мэдэхгүй явсан охины аав, ээж хоёрын хүсэл биелсэн үү” гэдэгт хариулт хайлаа.

Л.ЭНХ-АМГАЛАН: ХУГАЦААТАЙ ҮҮРЭГ ӨГСӨН

            Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Яамны зүгээс ёс зүйн хариуцлага алдсан Өвөрхангай аймгийн Боловсролын газрын удирдлага, Зүүнбаян-Улаан сумын сургууль, дотуур байрны багш нарт хариуцлага тооц” гэх албан шаардлагыг Өвөрхангай аймгийн ЗДТГ-т хүргүүлсэн байгаа. Аймгийн Боловсролын газрын даргыг аймгийн Засаг дарга томилж, чөлөөлдөг. Мөн сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нарыг тухайн сумын Засаг дарга томилж, чөлөөлдөг учраас зохицуулалт шаардлагатай байна. Яамны зүгээс хугацаатай үүргийг өгсөн. Тавьсан шаардлагын хариу, өгсөн хугацаат үүрэг нэгдүгээр сарын 15-20-нд дуусна. Ирэх долоо хоногт аймгийн Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ хийнэ. Энэ үеэр Өвөрхангай аймгийн Засаг даргад гэрээний нэг хэсэг нөхцөл болгож тавих болно. Хэрэв тавьсан шаардлага, үүрэг биелүүлэхгүй бол Засгийн газрын хуралдаанаар Өвөрхангай аймгийн Засаг даргад хариуцлага тооцуулах асуудлыг оруулна” гэжээ.

ЗҮҮНБАЯН-УЛААН СУМЫН ЗАСАГ ДАРГА Г.БААСАН: НАДАД САХИЛГЫН ШИЙТГЭЛ БУЮУ САНУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ АВСАН

         Хэрэг гарснаас хойш хэнд хариуцлага хүлээлгэх нь хүлээлтийн байдалтай байгаа бололтой. Энэ талаар Зүүнбаян-Улаан сумын Засаг дарга Г.Баасан “Удахгүй шүүхээс эцсийн шийдвэр гарах учраас хүлээлтийн байдалтай байна. Сургуулийн багш нар болон  холбогдох бүхий л хүмүүсээс мэдүүлэг авсан.  Аймгийн Засаг даргаас надад сахилгын буюу сануулах арга хэмжээ авсан байна лээ. Би өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд сургуулийн захирал Д.Болдмааг  үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байгаа. Д.Болдмаа захирал нь өнгөрсөн оны тавдугаар сард өөрийн хүсэлтээр ажлаа өгөх хүсэлтээ өгсөн байсан. Ковидын үед ажиллах хүнгүй байсан учир түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон юм. Сурагч охинтой зөрж орж ирсэн гэх заал хариуцагч Б-д ямар хариуцлага тооцохыг шүүхийн шийдвэрийн дараа шийднэ. Талийгаач охины аав, ээжтэй одоогийн байдлаар очиж уулзаагүй байна. Оршуулгын ёслолд нь оролцсон. Хүүхдүүдийг буу авч явсан гэдгийг хэн ч мэдээгүй. Хэрэв мэдсэн бол эрлийн үйл явц өөрөөр өрнөх байлаа. Хууль хяналтын байгууллагынхан шалгалтын ажиллагаа явуулж, хэргийг прокурорт шилжүүлсэн ” гэлээ.

СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ Л.БОЛДМААД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭЖ, БАГА АНГИЙН БАГШ БОЛГОЖЭЭ

Харин сургуулийн захирал Д.Болдмаад хариуцлага хүлээлгэж, бага ангийн багш болгожээ. Болгосон ч гэж тэрбээр хоёр албан тушаал зэрэг хашдаг байсан аж. Түүнийг өөрөө хүсвэл бага ангийн багшийн ажлаас нь чөлөөлөх боломжтой гэнэ. Энэ талаар сургуулийн захирал асан Д.Болдмаагаас тодруулахад “Түр орлон гүйцэтгэгчийн ажлаасаа чөлөөлөгдсөн мэдээлэл өгөхгүй” гэлээ.

БАЙРНЫ БАГШ ХҮҮХДҮҮДЭЭ ЖИЖҮҮРТ ХҮЛЭЭЛГЭЖ ӨГСӨН УЧИР АЖЛААС НЬ “ЧӨЛӨӨЛӨХГҮЙ”

           Сурагч охиныг талийгаач залуу Б өмнө нь хүчирхийлэхийг завдаж, нийтийн байр руу чирч байхыг харсан гэх байрны багш. “Аав, ээжид битгий хэлээрэй” гэхэд нь хэлээгүй өршөөсөн. Зөв үерхэхийг зөвлөсөн. “Аав, ээжээс нь зөвшөөрөл ав” гэж өнөөх залууд нь хэлсэн гэх байрны багш  Б.Хоролсүрэнд ямар хариуцлага тооцсон бэ. Бид түүнтэй холбогдож, мэдээлэл авах гэсэн боловч утсаа унтраасан байлаа.

         Харин сумын Засаг дарга Г.Баасан “Хариуцлага хүлээлгээгүй. Тухайн өдөр байрны багш хүүхдээ жижүүрт хүлээлгэж өгөөд явсан байсан. Хэрэг гарах үед байгаагүй. Ийм учраас ямар хариуцлага хүлээлгэхийг мэдэхгүй. Д.Болдмааг сургуулийн захирал байхад нь “Та хариуцлага хүлээлгэх багш нартаа хариуцлага хүлээлгэ” гэж хэлсэн. “Өөрөөр явахын хооронд хэнд ч хариуцлага хүлээлгэхгүй” гэж хэлнэ лээ” гэв.

АНГИЙН БАГШ С.ЛХАМНОРЖМАА: ХЭРЭГ ШИЙДЭГДСЭНИЙ ДАРААНЭР ХҮНДЭД ХАЛДСАНГЭЖ ШҮҮХЭД ХАНДАНА

                 Ангийн багш С.Лхамноржмааг охины утсыг хураан аваагүй бол “Охин минь гэмт этгээд буутай ирж байгааг мэдэх байлаа. Хэрэв мэдсэн бол байрнаасаа хууртаж гарахгүй байсан” хэмээн охины ар гэрийнхэн гомдолтой байгаа. Ангийн багшид одоогийн байдлаар ямар нэгэн хариуцлага хүлээлгээгүй бөгөөд хэвийн ажлаа хийж байгаа аж.

Охины ангийн багшид ямар хариуцлага хүлээлгэсэн талаар өөрөөс нь тодрууллаа. Тэрбээр “Ажил явдлын үеэр байцаагдаж байсан учраас сургуулийн хамт олонтой очиж уулзаж чадаагүй. Дараа нь талийгаач охины ээж ном, дэвтрийг нь авахаар ирсэн. Тэр үед нь уулзаж, ярилцсан. Хэсэг хугацааны дараа охины аав ирж, уулзсан. Сургуулийн нийгмийн ажилтан бид гурав уулзаж, хэргийн талаар ярилцсан. Би охины гар утсыг хурааж авсан нь үнэн. Гэхдээ алгадаж, зодож цохиогүй. Олон удаа байцаагдаж, цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. Хэрэг шийдэгдсэний дараа танай сайтыг болон сэтгүүлчийг цагдаад өргөдөл гаргаж өгөх болно. Миний зургийг зөвшөөрөлгүй авч, мэдээлэл цацсан учраас “Нэр хүндэд халдсан” гэх шалтгаанаар шалгуулах болно” гэлээ.

ТУХАЙН ӨДӨР ГАРЧ БАЙСАН ЖИЖҮҮР БАЙРНЫ ЖИЖҮҮР БИШ УЧРААС ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙ БОЛОЛТОЙ

              Охиныг алга болдог өдөр байрны жижүүр коронавирусийн халдвар авсан учир оронд нь сургуулийн жижүүр Н.Нэргүй гэх залуу гарсан байдаг. Тэрбээр охиныг алга болохыг мэдээгүй бөгөөд аваарын шатны хаалгаар хүн орж, өсвөр насны охины тасаг руу орсон гэдгийг ч мэдээгүй гэх. Тэрбээр албан бус ажилд томилогдож, хүний оронд жижүүрт гарч байсан учир хариуцлага хүлээхгүй бололтой.

Бид Өвөрхангай аймгийн Засаг дарга Ишдорж, Боловсролын газрын дарга Пүрэвсүрэнтэй холбогдож мэдээлэл авах гэсэн боловч татгалзлаа. Одоогийн байдлаар Боловсролын газрын дарга Пүрэвсүрэнд ямар нэг хариуцлага хүлээлгээгүй байгаа аж. Харин тэрбээр ковидын халдвар авч, эмнэлэгт эмчлүүлж байгаа гэдгээ хэлсэн юм.

          Охины амь үнэгүйдэж, хариуцлага алдсан бүхий л хүмүүсийн хэн нь ч хариуцлага хүлээхгүй бололтой. Тэд бүгд л өөрсдийгөө өмөөрч, “Би тийм шалтгаантай байсан” гэх тайлбарыг цагдаагийн байгууллагад өгч, уснаас хуурай гарахыг эрмэлзэж, хичээж суугаа бололтой. Харин охины аав, ээж хоёр жаахан үрийнхээ нэр төрийг сэргээлгэх гэж тарчилж, олон хүний “Охины чинь буруу байсан юм биш үү” гэх харцанд сонжуулж, багтах байх газраа олж ядан тэмцэж байна.

     Л.Энх-Амгалан сайд аа, аав, ээж хоёр нь охиныхоо амийг нэхсэнгүй, харин охиноо амар тайван, нэр цэвэр явуулахыг хүсэж сууна. Зүүнбаян-Улаан сумын сургуулийн удирдлагад хариуцлага алдаж, нэг хүүхдийг амийг үнэгүйдүүлчихлээ. Өөр нэгэн ноцтой зүйл нь дотуур байрны жижүүрээр хэнийг ч хамаагүй томилж, дуртай цагт нь дуртай хүнийг нь жижүүрт гаргаад өсвөр насны охидыг аюулд оруулж, хүчирхийлэлд өртөх нөхцөл байдал үүсгэлээ. 

 


ДОТУУР БАЙРНААСАА АЛГА БОЛЖ, АМИА АЛДСАН ОХИНЫ ХЭРЭГТ ХЭН Ч ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭГЭЭГҮЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-16 19:21:19
    ZOCHIN: HAIRAN...TENEGUUDIIN GART...HAIRANSHDEE..
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-15 00:42:30
    х: ОДООНЫ ХҮҮХДҮҮД ЮУН БАГШ НАР БИТГИЙ ХЭЛ ЭЦЭГ ЭХИЙНХЭЭ ҮГЭНД ОРОХООСОО ӨНГӨРСӨН ЮМНУУД Л БАЙДАГ Ш ДЭЭ ХИЧЭЭЛЭЭС ИЛҮҮ ЗӨВХӨН БӨГСНИЙ АЖЛАА Л БОДДОГ Ш ДЭЭ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-15 00:40:20
    f: ОХИН ААВ ЭЭЖЭЭСЭЭ НУУЖ ДУРТАЙДАА Л ТЭР ЗАЛУУТАЙ ЯВАЛДАА БИЗ ДЭЭ ЭЦЭГ ЭХЧҮҮД НЬ ХҮҮХДҮҮДЭЭ БАГШ НАРААС ИЛҮҮ ХАРЖ ХАНДАЖ ЯВАХ ЁСТОЙ БИЗ ДЭЭ ХҮҮХДҮҮДЭЭ БУРУУ ХҮМҮҮЖҮҮЛЧИХЭЭД ОДОО ҮХСЭН ЭЭ ХИЙЖ ХУЦАЦГААГААД БАЙГАА ЮМ ЭЦЭГ ЭХЧҮҮД НЬ Ч ГЭСЭН ДЭЭД БОЛОВСРОЛ МЭДЛЭГ БАЙХГҮЙ ЯАЖ ХҮМҮҮЖҮҮЛЭХЭЭ Ч МЭДЭХГҮЙ МЭДРЭЛ МУУТАЙ ДЁБИЛҮҮД
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-14 17:52:16
    иргэн: Нийгмийн ялзрал. Уг шугамандаа сайд нь өөрөө л хариуцлага хүлээх ёстой, ажлаа хийж явсан бусад улсыг хамруулах шаардлага байхгүй. Тэр хоёрыг ер нь цагдаад хориод байх хэцүү. Ийм явдал үнэндээ хаа сайгүй байгаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-14 11:52:13
    zochin: chairan ochin !, chariuuchlaga aldsan chumuust mon bolovsroliin saidad arga chemjee avach estoi. Chuul chaaztai uls bizdee. Ylam l zovlontoi bolood baichiin ene uls !!!, za er n odooch tevchichgui!!!
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188