Хотын даргын суудлаа өгч, хорооны даргын суудлаа авч үлдсэн Д.Сумъяабазарыг нэг мөр “шалдалж” орхижээ, өчигдөр. Өөрөөр бол, хотын МАН-ын хороог Х.Нямбаатарт шилжүүлж өгөх шийдвэр гарчээ. Уг нь ирэх сонгуульд Д.Сумъяабазар хотын МАН-ын хороогоо удирдаж, харин Х.Нямбаатарыг Ерөнхий менежерээр нь ажиллуулахаар тогтоод байсан. Ердөө 10-аадхан хоногийн өмнө ч Д.Сумъяабазар ингэж л ярьж суусан. Атал нэр дэвшигчид тодрохоос ердөө дөрөв хоногийн өмнө ийнхүү хотын МАН-ын хороог Х.Нямбаатар хариуцахаар болж байна. Өнгөц харвал, хамар хашааны ах Х.Нямбаатараасаа өөр хэнд ч итгэдэггүй Л.Оюун-Эрдэнийн ужиг зан дахин сэдэрсэн, эсвэл Хууль зүйн сайдаас нь буулгаж, Хотын дарга болгосныхоо эцсийн зорилгыг биелүүлж байна гэж харагдана.
Харин ухаж харвал, энэ томилгоогоор Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар хоёрын төрийг түр биш, бүр хаанчлах төлөвлөгөө албан ёсоор ил болж байна. Өөрөөр хэлбэл, МАН дөрөв хоногийн дараа буюу ирэх даваа гарагт Бага хурлаа хуралдуулж, нэр дэвшигчдээ тодруулахаар товлосон. Энэ дөрөв хоногт Л.Оюун-Эрдэнэ төв МАН-ын даргын хувиар хөдөөгийн долоон тойргоо, Х.Нямбаатар хотын МАН-ын даргын хувиар хотын зургаан тойргоо тус тус зураглана. Хэн, хаана нэр дэвшихийг, хэн хэн жагсаалтад багтахыг зөвхөн тэр хоёр шийднэ. Ирэх дөрвөн жил өөрсдийнх нь өөдөөс үг, үйлдэл сөрөхгүй, хэлснээр нь хийж, харцаар нь хөдлөх ам өчиг өгөхгүй бол мандат олгохгүй, жагсаалтад багтаахгүй байх эрх зөвхөн тэр хоёрт бий гэсэн үг. Чухамдаа, ирэх дөрөв хоногт тэд тойргуудаа өөрсдөдөө ашигтайгаар, төлөвлөгөөний дагуу зураглаж чадвал ирэх дөрвөн жил хэмжээлшгүйгээр хаанчлах боломжтой болно.
Эргээд харвал, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар хоёр энэ дөрөв хоногийн төлөө, хаанчлалын төлөвлөгөөгөө эхлүүлэхийн төлөө өнгөрсөн гурван жилийг зориулжээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн гурван жил гаруй хугацаанд Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар хоёр улстөрчдийн дунд Хөгжлийн банкны хулгай, нүүрсний хулгай гэх мэт угсраа “дэлбэрэлт”-үүдийг зохион байгуулж, “нээлттэй сонсгол”-уудаар айлгаж, ичээсний цаад зорилго нь эцсийн мөчид тойрог зураглах, мандат олгох энэ эрх мэдлийн төлөө л байж шүү дээ. Одоо тэдэнд тойргуудыг хүссэнээрээ зураглаж, ирэх дөрвөн жил хэн гэдэг 126 хүн парламентад суухыг тодруулахад нь саад, садаа болох хүн байхгүй. Байсныг нь тэд “нээлттэй сонсгол”-уудаар нугачин дарчихсан гэсэн үг.
Одоо тэдэнд тойргуудыг хүссэнээрээ зураглаж, хаанчлалын төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд нь ганц саад болох боломжтой бул хар чулуу нь генсек Д.Амарбаясгалан. Тиймдээ ч эцсийн мөчид саад болохыг эртнээс тооцоолж, түүнд эхлээд “нүүрсний хулгай”-н хэрэг гэх баас нялсан. Д.Амарбаясгалан өмхий ханхлуулаад ирэхээрээ өөрсөд рүү нь гүйж ирнэ гэж тооцоолсон хэрэг л дээ. Гэвч энэ тооцоолол зөрсөн, өөрөөр бол Д.Амарбаясгалан бууж өгөөгүй. Одоо Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар хоёрт Д.Амарбаясгаланг буулгаж авах нэг хэрэг үлдсэн нь “ногоон автобус”-ны хэрэг. Яагаад долоон сар сураг ажиггүй байсан Д.Сумъяабазар 10-аадхан хоногийн өмнө гэнэт гарч ирж “Д.Амарбаясгалан бол “ногоон автобус”-ны хэргийн автор” гэж зарлав, яагаад “ногоон автобус”-ны хэргийн нээлттэй сонсголыг энэ сарын 21, 22-ны өдрүүдэд буюу нэр дэвшигчдийн нэрсийг тодруулсны маргааш нь зохион байгуулахаар товлов. Бодоод үзэхээр, Д.Амарбаясгаланд өгч байгаа “Тойрог зураглахад битгий саад бол, саад болбол “ногоон автобус”-ны гэрчүүдээр өөрийг чинь заалгаж, карьерыг чинь төгсгөнө” гэсэн сануулга л гэж харагдаж байна.
Ямартай ч, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар хоёрын хаанчлалын төлөвлөгөө ийнхүү албан ёсоор ил болж, идэвхжиж эхэллээ. Анх Ерөнхий сайдын тамгыг гардаж авахдаа л “Урт, удаан засагламаар байна” гэж ард түмнээс царайчилж байсан Л.Оюун-Эрдэнэ одоо энэ хүслээ хүчээр гүйцэлдүүлэх боломжтой болж байх шиг. Монгол жижигхэн, гэхдээ хамар хашааны ах дүү хоёрт хаанчлуулах хэмжээний жижигхэн гэж төсөөлсөнгүй явжээ, бид.