• Өнөөдөр 2024-04-29

ЗУДАНД ЗУТАРСАН МАЛЧИД, ЗУСАРДАГСДАД ЗУЛГУЙДУУЛСАН САЛБАРЫН САЙД

2024-02-22,   4230

      Сүүлийн хэд хоног хот, хөдөөгөөрөө хуваагдаад, малчин, талхчнаараа талцаад үзэлцэж байна, сошиалд. Арчаагүй малчид л гэнэ, арай дэндүү даварсан л гэнэ. Мах, ааруул хоёроо тэнгэрийн үнээр шахчихаад татвараа биднээр төлүүлдэг л гэнэ, тэгж уурлацгааж байна, хотынхон. 
 
Хотынхон хөдөөгийнхөнд яагаад ийм дургүй болчихов гэхээр, төр малчдыг илүү халамжлаад байгаа юм. Төр яагаад малчдыг илүү халамжлаад байна гэхээр, ихэнх улстөрчид орон нутгаас, малчдын саналаар сонгогддог. Тэгэхээр аварга малчных нь шагналыг гардуулж нэг харагдаад, өвөл цаг хүндрэх үед боодол өвс, шуудай тэжээл барьж ирж дахин нэг харагдчихвал ирэх сонгуулиар саналыг нь бараг авчихлаа гэсэн үг. Ийм л учраас төр малчдад илүү халамжтай, хайртай болж харагдаад байгаа юм, хотынхонд. Саяны хэд хоногт орон нутгаас сонгогдсон бүх түшээд хурган дээл, каракул малгайгаар ижилсээд “Хөдөөд зудтай, хөөрхий малчид минь зутарч байна аа” гэцгээгээд тойргууд руугаа тонн, тонноор нь өвс, тэжээл, гурил, будаа ачаад явцгаалаа. Өнгөрсөн зун Дарь-Эхэд үер нэрвэхэд Баянзүрхийн түшээд гурил, будаа бариад очсон уу. Сэлбэ эрэгт гамшиг болоход Д.Сумъяабазараас өөр хэн очсон бэ. Өөрөөр хэлбэл, хот, хөдөөгийнхөн гэх талцлыг төр өөрөө бий болгоод байгаа юм. 
 
     Харин төр, малчин хоёрыг холбож байгаа гүүр, өөрөөр бол малчин, талхчны талцлыг өдүүлж байгаа эцсийн буруутан нь ХХААХҮЯ. Яамнаас жил бүр хэдэн мянган малчныг улсын, аймгийн, сумын аварга малчнаар тодруулж, тойргийнх нь улстөрчөөр улаан тууз хүзүүнд нь зүүлгүүлдэг. Төрийн түшээд түүнд нь амташчихсан, анаж байгаад шагналууд нь хэвлэгдмэгц “шуудайлж” аваад тойрог руугаа одно. Энэ жил л гэхэд яамнаас 400 гаруй сая төгрөгөөр аварга малчдад тараах мөнгөн аяга хийлгэж, тойргийнх нь улстөрчдөд өгөөд явуулсан. Төрийн түшээд, аймаг, сумынх нь удирдлагууд том том жийптэйгээ, телевизүүд дагуулан аварга малчныд ирж, улаан туузаа зүүж өгөнгөө “Малаа мянга хүргэсэн та л монгол соёлоо авч явна, та л мундаг” гээд байхаар хажууд нь харж суусан саахалтынх нь малчин “Малаа мянга хүргэе, түүн шиг болоё” гэсэн зорилго тавина. Мал нь хоёр мянга хүрэхээр хошой аварга малчин болгож, дахиад л өнөөх төрийн түшээд хүрч очно. Өнөөх саахалтын малчны зорилго дахиад цаашлана. Яг ийм зарчмаар үе үеийн улстөрчид ХХААХҮЯ-аар дамжуулан малчдыг шагналаар хөөрөгдөж, хариуд нь сонгуулиар саналыг нь авч ирсэн. Хүзүүнд нь улаан тууз зүүж өгөөд, баахан магтаад буцсан улстөрчийг сонгуулиар хүрээд ирэхээр нь саналаа өгөхгүй байж чадахгүй, малчдад тийм жудаг байхгүй. Саяны сар шинээр ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн шадар цэрэг, ТЕГ-ын дарга асан Б.Заяабалыг дагуулан Увсын малчдаар тойрч, аварга малчны шагналуудыг тараасан. Үргэлжлүүлэн өвс тэжээл тарааж яваа. Яах гэж тэр вэ, Б.Заяабалыг малчдад танилцуулж, сонгуулиар яваад очих нүүртэй болгож байгаа хэрэг шүү дээ. Төр өөрөө ингэж сонгуулийн төлөө, саналын төлөө малчдыг улаан туузны төлөө уралдуулсаар, эцэст нь малын тоо толгой 70 сая давж, бэлчээрийн даац хэд дахин хэтэрч, сүүлдээ бэлчээрээ булаалдан буудалцдаг болсон. 
 
      Уг нь аварга малчин болоход олон шалгуур үзүүлэлт, журам бий. Малаа дөрвөн улиралд өөрөө малладаг байх, туслах малчид давхар ажиллуулж орон нутагтаа ажлын байр бий болгосон байх, мах, сүүний орлогоосоо доройтсон бэлчээрээ сайжруулахад зарцуулдаг байх, бэлчээрийнхээ даацад малынхаа тоог тохируулсан байх, нэг малд 50 кг-аар тооцож өвс тэжээлээ хангалттай нөөцөлсөн байх, мал осгохооргүй өвөлжөө, хаваржаатай байх, гэх мэтчилэн. Гэтэл одоо ХХААХҮЯ ердөө “малчдын шагналын үйлдвэр” шиг л болсон. Өвөлдөө өвс тэжээл хангалттай бэлдсэн үү, хашаа хороо нь ганц хавсарганд нурж унахааргүй бүрэн бүтэн үү гэх мэт наад захын шаардлагыг ч харгалзахаа больчихсон. Өнгөрсөн сар шинийн баярын өмнөхөн Х.Болорчулууны зөвлөх Б.Батбаатар аварга малчны шагналд хамаатан садан, найз нөхөд, морины хобби нэгтнүүдээ дур мэдэн шалгаруулж, АТГ-ынханд ачигдахдаа тулж байсныг сануулах хэрэгтэй байх. Олон малчинд шагнал өгөхийн хэрээр улстөрчид олон айлаар орж, олон санал авах боломж нэмэгдэнэ гэх маягтай. 
 
Төр шагналаар, өвс тэжээлээр малчдын саналыг ингэж аваад сурчихсан, энэ тактиктаа гарчихсан учраас ХХААХҮЯ-ыг намын тавиулууд, төрийн томчуудын ах дүү, амраг садных нь томилгооны талбар болгочихсон. Өөрөөр бол, ХХААХҮЯ-ийг бодлого боловсруулах чадваргүй, чадамжгүй байлгах нь төрд ашигтай байгаад байгаа хэрэг л дээ. Хэрвээ төр уламжлалт мал аж ахуйг эрчимжсэн мал аж ахуйд шилжүүлье, бэлчээрийн доройтлыг сайжруулъя, жил тутам хэдэн мянган малчны хот харлаж, хот руу нүүдэллэдэг байдлыг зогсооё гэж бодсон бол ХХААХҮЯ-ийг жинхэнэ хөдөө аж ахуйн мэргэжилтэй, ур чадвартай боловсон хүчнүүдээр дүүргэх байсан. 

Жишээ болгож, ХХААХҮЯ-ны удирдлагын таван хүний намтрыг сонирхож үзлээ. Сайд нь өөрөө тариаланч, гурилын үйлдвэрийн эзэн, ашиг сонирхлын зөрчил нэвт ханхлуулсан нэгэн. Сайдын зөвлөх нь уяач. Дэд сайд нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хүүхэд байхаасаа “хормойдсон” маркетингийн менежер. Төрийн нарийн бичгийн дарга нь Оюутны холбоо, МАН-ын гал тогоо, “цүнх баригч” маршрутаар орж ирсэн нийгмийн багш. Төрийн захиргаа удирдлагын газрын дарга нь сайдтайгаа нэг нутаг, Т.Аюурсайханы авга эгч. 70 гаруй сая малтай монголын мал аж ахуйн салбарын бодлогыг тодорхойлох, хөгжүүлэх мэргэжилтэй, чадвартай баг энэ мөн үү. Бодит байдал ийм л байна. 

ЯАМНЫ 01
 
   Х.Болорчулуун агрономич мэргэжилтэйгээрээ түрий барьж, Ардын намынхан дундаа арай мэргэжлийнх гэж зүтгэсээр ХХААХҮ-ийн сайдаар томилогдсон. “Дорнод гурил”-ын эзэн Х.Болорчулуунд ХХААХҮЯ-ийг өгсөн нь “чононд хонь хадгалуулснаас өөрцгүй” гэж дээр, дооргүй шүүмжлээд ч тусыг олоогүй. Учир нь, Х.Болорчулуун УИХ-ын сул гишүүн байхдаа ч хамаарал бүхий этгээдүүдийнхээ компаниар ОБЕГ, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”, ШШГЕГ тэргүүтэй төрийн байгууллагуудын тендерүүдийг, тэр байтугай одоо удирдаж буй яамныаа тендерүүдийг ч түүж байсан баримтууд бий. ЖДҮХС-аас ч “хулгайлалцаж” 950 сая төгрөг авсан байдаг. Тийм ч учраас Х.Болорчулуун газар тариалан, мал аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх гэсэндээ биш, “Дорнод гурил”-ийнхаа үйл ажиллагааг өргөжүүлэх гэж сайд болсон гэж олон нийт итгэл алдарчихсан хэрэг. 
 
Үнэндээ ч Х.Болорчулуун сайд болсноосоо хойш 20 тэрбум төгрөгөөр үхэр ээмэгжүүлнэ гэж нийгмийг хэсэг бухимдууллаа, амьд мал гаргана гаргахгүй гэж бужигнууллаа. Бусдаар тэр гэх тэмдэгтэй ажил хийсэнгүй. Өдгөө тэр Ц.Идэрбат, Б.Бат-Эрдэнэ хоёртой хамт Хэнтий, Дорнод, Сүхбаатараар өвс, тэжээл, хүнс тарааж яваа. 
 
ЯАМНЫ 02
     
   Дэд сайд М.Ганхүлэг саяны сар шинээр хөх торгон дээлээр гангарчихсан, Хэнтийдээ Аварга малчдын шагнал “тарааж” яваа харагдсан. Гэвч шуурга, шамарга эхэлж, цаг хүндэрснээс хойш гэгээн дүрээ ганц ч харуулсангүй. Ёсыг бодож “Хэнтийд цаг хүнд байна” гэх агуулгатай ганц нэгхэн пост л сошиалд “чулуудаж” харагдах. Хэнтийн ИТХ-ын төлөөлөгч биш, ХХААХҮ-ийн дэд сайд болсноо одоо ч ойлгоогүй яваа гэлтэй. 
Зуданд зутардаг малчдын, ганд гачилдаг тариаланчдын зовлон ойлгох яагаа ч үгүй энэ залууг Л.Оюун-Эрдэнэ хүчээр дэд сайдын сэнтийд аваачсан. Тэгэхдээ ХААИС-ийг төгссөн, мэргэжлийн, залуу боловсон хүчин гэж сошиалаар сайшаалгаж зүтгүүлснийг нь яана. Үнэндээ, ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийг төгссөн, мэргэжил нь маркетингийн менежер юм билээ. 
 
Түүх сөхвөл, Л.Оюун-Эрдэнэ 2002 онд “Дэлхийн зөн”-гийн Хэнтий дэх салбарын захирлаар ажиллаж байхдаа “Хүслэн” гэх хүүхдийн бүлгэм нээж, анхны гишүүнээрээ 10 гаруйхан настай М.Ганхүлэгийг элсүүлж байв. Тэр цагаас хойш М.Ганхүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хажуугаар ер холдоогүй, хормойдсоор ирсэн. Л.Оюун-Эрдэнийг ЗГХЭГ-ын дарга байх үед нь Олон нийтийн харилцаа хариуцсан зөвлөхөөр нь ажиллаж байлаа. Ерөнхий сайд болсных нь дараа Ажлын албаных нь гишүүн, давхар зөвлөхөөр нь улирч ажиллаж байв. Мөн Л.Оюун-Эрдэнийн 2016 оноос хойш тэргүүнээр ажилласан Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирлаар М.Ганхүлэг ажиллаж ирсэн. Тэр бүү хэл, М.Ганхүлэг Л.Оюун-Эрдэнийн төрсөн дүү Б.Буяннэмэхтэй “Ашид пресс” ХХК-ийг хамтран эзэмшдэг болж халаасаа ч нэгтгээд амжсан. Ингэж 10 гаруйхан настайгаасаа өөрийг нь дагасан М.Ганхүлэгийг Л.Оюун-Эрдэнэ улс төр дэх “хөтөлгөө морь” болгож, эхлээд Хэнтийн ИТХ-ын төлөөлөгч болгосон, одоо ХХААХҮ-ийн дэд сайд болгочихоод буй нь энэ. Хэзээ нэг өдөр Л.Оюун-Эрдэнэ тайзнаас буухдаа М.Ганхүлэгийг гол дүрээр үлдээнэ гэсэн алсын тооцоололтой гэсэн үг шүү дээ. 
 
Уг нь цаг хүндэрч, зуд нүүрлэсэн ийм үед ХХААХҮ-ийн дэд сайд нь том артай танхи хүү биш, салбарын, мэргэжлийн хүн байсан бол тариа будаа, гурилнаас бусдыг мэдэхгүй сайддаа том нөмөр болох байсан биз. 
 
ЯАМНЫ 03
 
     ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Т.Жамбалцэрэн гэх залуу ажиллаж буй. МУИС-ийг төгссөн, мэргэжил нь нийгэм судлалын багш. Сургуулиа төгсөөд МАН-ын улс төрийн ажилтан, Өвөрхангай аймгийн Оюутны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга хийж явахдаа Я.Содбаатарт тоогдож, туслах, зөвлөх нь болсон. Ингээд 2016 оны сонгуульд нь хүчин зүтгэж, хариуд нь ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга болтлоо дэвших замаа зассан намтартай. Товчхондоо, малыг биш МАН-ыг л сайн мэдэх нэгэн. 
 
Намтрынхаа цөм хэсэгт цув, цүнх барьж явсан ч Т.Жамбалцэрэн өдгөө Дорноговийн Алтанширээд хайгуулын лицензүүдтэй “Минерал ресоурс менежмент” ХХК, “Очир дайрга” ХХК, “Аурум ресоурс” ХХК, “Ачлалт хүү” ХХК-уудад хувь эзэмшдэг болсон. Уг нь тэр ХХААХҮЯ-нд биш, УУХҮЯ-нд л байх ёстой нэгэн байж. 
 
ЯАМНЫ 04
 
    ХХААХҮЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар Г.Саран гэх эмэгтэй томилогдоод удаагүй байгаа. Г.Саран УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы авга эгч, мөн Дорнодынх. Тиймдээ ч Дорнодын гишүүд Г.Сарангаас албан тушаал харамладаггүй. 
 
Тухайлбал, Г.Саран Дорнод аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байлаа. Улмаар 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа Н.Номтойбаяр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болж, Г.Саранг Дорнодоос дуудан авчирч, яамны харьяа НДЕГ-ын дэд даргаар томилж байв.  2020 онд Т.Аюурсайхан авга эгч Г.Сарангаа НДЕГ-ын дэд даргаас даргад зүтгүүлсэн ч хүчрээгүй. Харин одоо Х.Болорчулуун Г.Саранг дэргэдээ авч, Төрийн захиргааны удирдлагын газрын даргаараа томилоод буй нь энэ. 
 
Х.Болорчулуун сайд болсноосоо хойш Г.Сарангаас гадна Дорнодоос Х.Цогоо гэгчийг Хүнс, хөнгөн үйлдвэрийн хяналтын хэлтсийн даргаар, Б.Санчирдорж гэгчийг Салбарын хяналтын газраараа тус тус томилж, дэргэдээ татжээ. Сайд нь аль нутгийнх байна, яамны удирдлагууд нь тухайн нутгийнхнаар дүүрдгийн бэлээхэн жишээ энэ болж байна. 
 
ЯАМНЫ 05
 
     Х.Болорчулууныг сайд болсноос хойш зөвлөхөөр нь Б.Батбаатар гэгч ажиллаж буй. Б.Батбаатар нь Өвөрхангай аймгийн уугуул, “Молор-Эрдэнэ” уяачдын холбооны тэргүүн, ММСУХ-ны Ажлын албаны дарга, Аймгийн алдарт уяач цолтой. Хүнсний, газар тариалангийн, мал аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн гээд олон салбарын бодлогыг нэгтгэж тодорхойлох ёстой сайд нь алдарт уяачаар зөвлүүлэхээр бодлого гарах гарах нь ойлгомжтой биз. Х.Болорчулуун өөрөө Дорнод аймгийн Морин спорт уяачдын холбооны УЗ-ийн гишүүн. Тэгэхээр тэд төрийн ажлаар биш, хурдан морины хоббигоороо дотноссон хэрэг л дээ. 
 
Бас Б.Батбаатар гэгч нь будилааны эзэн. Тодруулбал, өнгөрсөн жилийн сар шинийн баярын өмнө аймгууд өөр өөрсдийн аварга малчин, шилдэг тариаланч, фермерүүдийнхээ нэрсийг тодорхойлж, ХХААХҮЯ-нд ирүүлснийг нь Х.Болорчулуун, Б.Батбаатар хоёр дур мэдэн өөрчилж, өөрсдийнхөө хамаарал бүхий этгүүдүүд, хамаатан садан, найз нөхдийнхөө нэрийг оронд нь бичиж, шагналд тодорхойлсон нь илэрч, АТГ-т дуудагдаж байв. Цаашилбал, төсвийн 20 тэрбум төгрөгөөр үхэр ээмэгжүүлэх “супер” санааг ч Б.Батбаатар Х.Болорчулуунд зөвлөсөн гэдэг юм билээ. 
 

ЗУДАНД ЗУТАРСАН МАЛЧИД, ЗУСАРДАГСДАД ЗУЛГУЙДУУЛСАН САЛБАРЫН САЙД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 8
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-27 17:55:59
    Малнууд: Ийм чадваргүй, мэдлэггүй шуналын туламуудаар удирдуулж байгаа салбар уналтанд орох нь аргаггүй шүү дээ. !!! МУ-ын гол салбарын нэг 8,9 хувийн уналттай гарсан.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-27 17:35:12
    Зочин: Биокомбинатын өргөтгөлийг зогсоож хувьд авах сонирхолыг илэрхийлэгч нь Жамбалцэрэн.Одоо Биокомбинатын даргаар мэргэжлийн бус нутаг нэг Энхөмарыг тавиад самарч байгаа.Өөрөө ТУЗ даога
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-22 16:22:25
    зочин: газрын гэлүү хэлтсийн дарга болорчулуун гээд нэг сайн эр байдаг гэсэн үү энэ яаманд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-22 15:02:04
    Зочин: Ээмэг Болорчулуун бүтэхгүй ээ. Олигтой ч ажил санаачлан хийж чадахгүй, телевизийн өмнө олигтойхон ч ярьчихаж чадахгүй, яамаа ч өөд нь татаж чадахгүй дан мэдлэг муутай шахаасны цүнх баригч нараар хүрээлүүлсэн арчаагүй хог. Энэ тэгээд МАН намын яам юм уу?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-22 14:06:16
    zochin: Bolorchuluun ichehgui ee ene tenegee tataj avaach ee Dornodiinhin mini. Yamiig bolovsrolgui humuuseer duurgelee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-22 11:05:05
    цц: мал малчдын өөрсдийнх нь өмч -Яг үнэн хотынхонд тусалдаг хөдөөнийхэн гэж бна уу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-22 08:44:03
    ХАН ХЭНТИЙ: ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙДДАА БАЯР ХҮРГЭЕ. МАЛЧИД БОЛОН СУМ ОРОН НУТАГТ УЧИРЧ БАЙГАА БЭРХШЭЭЛИЙГ ГАЗАР ДЭЭР НЬ ШИЙДЭЖ БАЙГААД ТАЛАРХАЖ БАЙНА. СУМ ОРОН НУТАГ МААНЬ ХҮН ЭМНЭЛЭГТЭЙ ФУРГОН МАШИНТАЙ БОЛЛОО. МАЛЧИД ЗУДАНД БЭЛДСЭН ТЭЖЭЭЛЭЭ ЗАРЦУУЛЖ ДУУСААД БАЙСАНД ТӨР ЗАСГААС ӨВС ТЭЖЭЭЛ ӨГЧ МАЛЧИДДАА ТУСЛАСАНД ТАЛАРХАЖ БАЙНА.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-22 08:39:15
    Ү: Ерөнхий сайд санаатай юм чинь бас нэг Б.Буяннэмэх гэдэг төрсөн дүүтэй аж . Хаашаа янзын хэдэн эцэг ,хэдэн эхтэй хонь хурга нийлүүлчихсэн юм шиг болчихсон гар бүл вэ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188