АТГ-ынхан албан тушаалтнуудын оффшор бүс дэх хууль бус хөрөнгүүдийг хурааж авах ажиллагааг зохион байгуулж буй. Хамгийн сүүлд, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэр эрхэлсэн орлогч захирал асан З.Ганбаатарын авлигын мөнгөөрөө худалдан авч, төрсөн хүү Г.Эрдэнэчулууныхаа нэр дээр эзэмшиж байсан Лондон хот дахь 110 м2 дөрвөн өрөө орон сууцыг хурааж авсан. Өдгөө тус орон сууцыг түрээсэлж байгаа бөгөөд түрээсийн орлогыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын харьяа “Энэрэл” асрамжийн газрын үйл ажиллагаанд зарцуулж байгаа. Тэгвэл З.Ганбаатар тус 4.3 тэрбум төгрөгийн авлигыг хэзээ, хэнээс авч, хэрхэн орон сууц болгож угаасан баримтыг танилцуулж байна.
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН ҮЙЛДВЭР ЭРХЭЛСЭН ОРЛОГЧ ЗАХИРАЛ АСАН З.ГАНБААТАР ОХУ-ЫН “СП ЗАО ИВС” КОМПАНИАС АВАХ АВЛИГЫН 4.3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨ ВИРЖИНИ АРАЛ БУЮУ ОФФШОР БҮСЭЭР ДАМЖУУЛСАН НЬ
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын үйлдвэр эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байсан З.Ганбаатар нь албан тушаалаа ашиглан ОХУ-ын “СП ЗАО ИВС” компанид давуу байдал олгож, 2003-2012 оны хооронд 78.3 сая ам.долларын тоног төхөөрөмж нийлүүлэх, ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан. Ийнхүү илт давуу байдал олгож, өндөр үнийн дүнтэй гэрээ байгуулсныхаа хариуд тус компанийн Үйлдвэр хариуцсан захирал Зимин Алексей Владимировичаас 4.3 тэрбум төгрөгийн авлига авсан нь тогтоогдсон. Ингэхдээ З.Ганбаатар энэхүү авлигын мөнгөө өөрийн найз, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын инженер Л.Дэлгэрбатын оффшор бүсэд бүртгэлтэй компаниар дамжуулж авсан байдаг.
Тодруулбал, ОХУ-ын “СП ЗАО ИВС” компанийн Петербург хот дахь “Nomos” банкан дахь 40702840700450548201 тоот данснаас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн инженер Л.Дэлгэрбатын Их Британийн Виржинийн Аралд үүсгэн байгуулсан “Process control intelligent application” компанийн Латви улсын “As Citadele” банкан дахь LV11PARX0009790520001 тоот ам.долларын данс руу 3.3 сая ам.доллар шилжүүлсэн.
З.ГАНБААТАР АВЛИГЫН 4.3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨ ХҮҮ Г.ЭРДЭНЭЧУЛУУНЫХАА ОФФШОР БҮСЭД БҮРТГЭЛТЭЙ “POWER WIT LIMITED” КОМПАНИЙН ДАНСААР ХҮЛЭЭЖ АВСАН НЬ
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын инженер Л.Дэлгэрбат өөрийн оффшор бүс дэх “Process control intelligent application” компанийн дансанд орж ирсэн тус 3.3 сая ам.долларыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын орлогч захирал З.Ганбаатарын төрсөн хүү Г.Эрдэнэчулууны оффшор бүсэд байгуулсан “Power wit limited” компанийн Хонг Конг дахь “NSBC” банкны 640099589838 тоот ам.долларын данс руу шилжүүлсэн.
Ингэхдээ:
-
2010 оны наймдугаар сарын 10-нд 765.000 ам.доллар
-
2010 оны есдүгээр сарын 21-нд 510.000 ам.доллар
-
2011 оны дөрөвдүгээр сарын 21-нд 600.000 ам.доллар
-
2011 оны тавдугаар сарын 4-нд 480.000 ам.доллар,
-
2011 оны тавдугаар сарын 13-нд 520.000 ам.доллар
-
2012 оны дөрөвдүгээр сарын 13-нд 500.000 ам.доллар гэж зургаан удаагийн гүйлгээгээр нийт 3.3 сая ам.доллар буюу 4.3 тэрбум төгрөгийг шилжүүлж өгсөн байдаг. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын инженер Д.Дэлгэрбат гэгч нь оффшор бүс дэх “Process control intelligent application” компаниа ашиглаж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тэй 5.0 тэрбумын төгрөгийн 12 гэрээ байгуулж, 2.0 тэрбум төгрөг олсон бас нэг хэрэг бий. Гэхдээ бид З.Ганбаатарын 4.3 тэрбум төгрөгийн авлигын хэргийг танилцуулж байгаа учраас Л.Дэлгэрбатын 2.0 тэрбумын хэргийг үлдээсэн болно.
З.ГАНБААТАР АВЛИГЫН 4.3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨРӨӨ ЛОНДОНД 110 М2 ДӨРВӨН ӨРӨӨ ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВЧ, УГААСАН НЬ
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын орлогч захирал З.Ганбаатар ОХУ-ын “СП ЗАО ИВС” компаниас авах ёстой авлигын мөнгө нь оффшор бүсээр дамжин Л.Дэлгэрбатаас төрсөн хүү Г.Эрдэнэчулууных нь “Power wit limited” компанийн Хонг Конг дахь “NSBC” банкны дансанд орж дууссаны дараа угаах ажилдаа орсон.
Тодруулбал, З.Ганбаатар хүү Г.Эрдэнэчулууныхаа “Power wit limited” компанийн данснаас 569.060 Английн фунт стерлинг буюу 1.1 тэрбум төгрөг гарган авч, тус мөнгөөрөө 2012 оны долдугаар сарын 24-ний өдөр ИБНВУ-ын Лондон хотод “4 Quebec wharf, 315 kingsland roud, hanckney, London, E8 4D” хаяг дээрх 110 м2 дөрвөн өрөө орон сууцыг худалдаж авсан байгаа юм. Тус орон сууцыг анх авахдаа хүү Г.Эрдэнэчулууныхаа нэр дээр авсан бөгөөд удалгүй Г.Эрдэнэчулууны эзэмшдэг “Монголиан смелтинг корпорейшн” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн байдаг.
4.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АВЛИГА АВЧ, ЛОНДОН ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВЧ УГААСАН З.ГАНБААТАРТ 20 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОХ ЯЛ ОНООСОН НЬ
“Эрдэнэт үйдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэр эрхэлсэн орлогч захирал асан З.Ганбаатар, түүний хүү Г.Эрдэнэчулуун нарыг шүүх хурал 2022 оны хоёрдугаар сарын 28-нд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Харамсалтай нь, албан тушаалаа ашиглаж 4.3 тэрбум төгрөгийн авлигыг оффшор бүсээр дамжуулан авч, Лондон орон сууц болгож угаасан нь тогтоогдсон З.Ганбаатарт 20 сая төгрөгөөр торгох, нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээр хасах, зургаан сарын хугацаанд Улаанбаатар хотоос гарахыг хязгаарлах ял оноосон байдаг.
З.ГАНБААТАРЫН АВЛИГЫН МӨНГӨӨРӨӨ ХУДАЛДАЖ АВСАН ЛОНДОН ХОТ ДАХЬ 110 М2 ДӨРВӨН ӨРӨӨ ОРОН СУУЦЫГ ХУРААЖ АВСАН НЬ
Шүүх хурлын үеэр З.Ганбаатар “Миний худалдаж авсан Лондон дахь 110 м2 үл хөдлөх хөрөнгө “Монголиан смелтинг корпорэйшн” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байгаа. Энэ компанийн бүх хувьцааг орон сууцтай нь хамт ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т шилжүүлж өгөх хүсэлтэй байна” гэх хүсэлт гаргасан. Энэ дагуу З.Ганбаатар, түүний хүү Г.Эрдэнэчулуун нарын эзэмшдэг “Монголиан смелтинг корпорэйшн” ХХК-ийг 2021 оны есдүгээр сарын 23-нд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т шилжүүлсэн. Улмаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд хэлэлцээд тус 110 м2 дөрвөн өрөө орон сууцыг түрээсэлж, түрээсийн орлогыг “Энэрэл” асрамжийн төвийн үйл ажиллагаанд зарцуулах шийдвэр гаргасан байдаг.
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН ОРЛОГЧ ЗАХИРАЛ АСАН З.ГАНБААТАР ХҮҮ Г.ЭРДЭНЭЧУЛУУН, ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ АСАН Х.БАДАМСҮРЭНГИЙН ХҮҮ Б.БАДРАХЖАРГАЛ НАР ХАМТРАН БИЗНЕС ХИЙЖ ЭХЭЛЖЭЭ
Сонирхолтой нэг баримт байна. Тодруулбал, дээр харуулсанчлан З.Ганбаатар, түүний хүү Г.Эрдэнэчулуун нарын “Монголиан смелтинг корпорэйшн” ХХК нь өдгөө “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Хоохорын Бадамсүрэнгийн нэр дээр бүртгэлтэй байдаг. Энэ компани "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т шилжих хүртлээ “Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, 103-р байр, 504 тоот” хаяг дээр бүртгэлтэй байсан. Энэ бол З.Ганбаатар хүү Г.Эрдэнэчулууны амьдардаг хаяг. Энэ хаяг дээр одоо Г.Эрдэнэчулууны “Эм бэр кэрнэл” ХХК, “Мон минериалс трансцендент ложистик” ХХК-иуд бүртгэлтэй байдаг. Эндээс “Мон минериалс трансцендент ложистик” ХХК нь анхаарал татна. Тодруулбал, “Мон минериалс трансцендент ложистик” ХХК-ийг өнгөрөгч 2022 оны есдүгээр сарын 28-нд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын орлогч захирал асан З.Ганбаатар хүү Г.Эрдэнэчулуун, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал асан Х.Бадамсүрэнгийн хүү Б.Бадрахжаргал нар хамтран үүсгэн байгуулжээ. Оффшор бүс дэх орон сууцаа хураалгасан, хүлээж авсан хоёр хүний хүүхдүүд нь бизнесийн хамтрагчид байх нь хэр зохимжтой вэ.
