• Өнөөдөр 2024-04-20

БАЙР СУУРЬ: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүсээгүй

2021-08-25,   1033

             Олон парламент дамнан яригдаж, 2019 онд өөрчлөлт оруулсан Үндсэн хуульд эрх баригч намынхан дахиад “гар хүрэх” сонирхол бий гэх мэдээлэл бий. Угтаа бол энэ асуудлыг эрх баригч намын хэд хэдэн гишүүд сөхөн ярьж байсан удаатай. 2019 онд баталж, 2020 оны тавдугаар сарын 25-наас хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн хууль хэрэгжиж эхэлсэн даруйдаа маргаан дагуулж, эргэлзээтэй заалтууд олон байгааг хуульчид шүүмжилж байв.
 
Тухайлбал, Ерөнхийлөгчийн сонгууль болохтой зэрэгцэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд хийсэн Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиар хуульчид болон гишүүд хэд талцаж, Үндсэн хуулийн цэц дээр хэлэлцсэн. Ийн өнөөдрийг хүртэл зарим зүйл заалтууд маргаантай хэвээр байна. Түүнчлэн мөрдөгдөөд жил гаруй хугацаа өнгөрсөн Үндсэн хуульд дахин нэмэлт, өөрчлөлт оруулах хуульчид ямар байр суурьтай байгааг сонслоо.  
 
ХУУЛЬЧ П.ЭРХЭМБАЯР: ҮНДСЭН ХУУЛЬД ОЙР ОЙРХОН ГАР ХҮРЭЭД БАЙЖ БОЛОХГҮЙ
 
         Хуульч П.Эрхэмбаяр: Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журам гэж бий. Үндсэн хуулийн зургадугаар бүлгийн 68 дугаар зүйлд “Нэгдүгээрт, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилгыг хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтан гаргах бөгөөд саналыг Үндсэн хуулийн цэц Улсын Их Хуралд өргөн мэдүүлж болно. Улмаар УИХ-ын ¾ дээш хувийн буюу 57-оос дээш гишүүнтэй хэлэлцэх ёстой байдаг. 
 
Хоёрдугаарт, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Улсын Их Хурлын гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар ард нийтийн санал асуулга явуулж болно. Санал асуулгыг Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 16-д заасан үндэслэлийн дагуу явуулна” хэмээн заасан байдаг. Мөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд маш тодорхой заалтууд бий. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж болох нөхцөлүүд, үндсэн зарчим, хэзээ яаж оруулах вэ гэдгийг зохицуулсан нарийвчилсан зохицуулалт бий. Жишээлбэл, сонгууль болохоос зургаан сарын өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй, өмнө нь өөрчилсөн заалтаа найман жилийн дотор өөрчлөхгүй гэсэн хуулийн заалтууд байдаг.
 
Мөн Монгол Улсын бүрэн эрхэнд багтаж байгаа 1-3 дугаар зүйл заалтад өөрчлөлт оруулж болохгүй гэдгийг нь хуулиар хамгаалсан. Ер иргэдийн эрх, төрийн байгууллагын тогтолцоо, бүрэн эрхт байдал зэргийг ганцхан Үндсэн хуулиар хамгаалж зохицуулдаг. Тиймээс Үндсэн хуульд ойр ойрхон гар хүрээд байж болохгүй. Гол нь Үндсэн хуулийг үг үсгээр нь тайлбарлаж болохгүй. Хуулийн үзэл санаа, хууль санаачлагч нарийн үг үйлдэл, протокол зэргийг харгалзаж үздэг. Анх баталсан Үндсэн хуулиас гажууд зүйл заалтыг хэн нэгэн дур мэдэж хийж болохгүй. Үндсэн хуулийг өөрчилж болох хамгийн боломжтой цаг үе нь УИХ-д суудалтай намуудын гишүүдийн харьцаа тэнцүү юм уу, олон бие даагчтай, олон намын үзэл баримтлалтай нөхцөл бүрдсэн үед хийвэл хамгийн тохиромжтой. Угтаа бол нэг тал нь маш сайн хяналт тавина гэсэн үг. Одоо бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүсээгүй байна.
 
ХУУЛЬЧ Б.ПҮРЭВСҮРЭН: ҮНДСЭН ХУУЛИЙН ТУХАЙН ӨӨРЧЛӨЛТ НЬ ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ БАЙГАА ЭСЭХ НЬ УРТ ХУГАЦААНД МЭДЭГДДЭГ
 
Хуульч Б.Пүрэвсүрэн: Дэлхийн аль ч улсад Үндсэн хуулиа тогтвортой хэрэгжүүлэх ёстой гэж үздэг. Үндсэн хуульд орох өөрчлөлтийн цаг хугацааны давтамжийг хууль судлаачид ихэвчлэн гаргачихсан байдаг. Хоёрдугаарт Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь ард нийтийн санал асуулга дээр тулгуурлана. Хувь хүний эсвэл нэг Засгийн газрын дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрийн асуудал биш. Үндсэн хуульд 2019 онд өөрчлөлт оруулсан. Үүнийгээ дагаад органик хуулиудад шинэчлэл хийгдэх ёстой.
 
Үндсэн хуулийн тухайн өөрчлөлт нь үүргээ гүйцэтгэж байгаа эсэх нь урт хугацаанд мэдэгддэг. Нэг, хоёр жилийн дотор хуулийн хэрэгжилтийг дүгнэж болохгүй. Энэ удаагийн өөрчлөлтөөр зүй ёсны орох ёстой өөрчлөлтүүд орсон. Тухайлбал, Засгийн газрын тогтвортой байдлын асуудлууд, парламентын хугацааны өөрчлөлтүүд орсон. Хамгийн гол нь Ерөнхийлөгчийн эрх мэдэл болон сонгогдох хугацааг сунгаж зургаан жил болгосон. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа хэн нэгний эрх ашгийг хангаж бус нийт иргэний эрх ашгийг хангах ёстой.

ХУУЛЬЧ П.АМАРЖАРГАЛ: ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛБАЛ, ӨМНӨ НЬ ХӨНДӨӨГҮЙ ЗҮЙЛ ЗААЛТЫГ ӨӨРЧИЛЖ БОЛНО

     
Хуульч П.Амаржаргал: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн журмын тухай хуулиараа өмнө нь орсон өөрчлөлтүүдийг дахин хөндөхгүй гэсэн заалтууд бий. Одоо өөрчлөлт оруулбал, өөр бусад зүйл заалтад оруулах боломжтой. Тухайлбал, Ерөнхийлөгчийн засаглалын асуудлыг хөндөөгүй учир хөндөж болно.
 
Энэ удаагийн хуульд Ерөнхийлөгчийн засаглал, эрх мэдэл хаана яваа нь тодорхойгүй байгаа. нэг талаараа гүйцэтгэх эрх мэдэлтэй байгаа ч юм шиг, нөгөө талдаа хууль талдаа эрх мэдэлд ороод байгаа юу. Үүнийг тодорхой болгож болно.
 

БАЙР СУУРЬ: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүсээгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188