• Өнөөдөр 2024-04-27

О.БАТНАЙРАМДАЛ: Төрөөс шатахууны үнэд хязгаарлалт тогтоовол хангамжид шууд нөлөөлнө

2021-12-07,   691

 
            Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
 
         -МАН-ын 30 дугаар Их хурлын үеэр Засгийн газраас Эдийн засгийн тусгаар тогтнолын төлөөх “Зууныг эхлүүлэх зургаан сэргэлт” буюу  “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцууллаа. Мэдээж манай улсын эдийн засгийн уналт, сэргэлт уул уурхайн салбартай шууд хамааралтай. Тиймээс ирэх жилүүдэд эдийн засгаа сэргээх чиглэлд салбар яам ямар бодлого баримталж байна вэ?
 
         -МАН-ын дарга Шинэ сэргэлтийн зургаан бодлого дэвшүүлсэн. Үүний дөрөв дүгээр аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх хэмээн онцолсон байгаа. Өөрөөр хэлбэл, аж үйлдвэр хөгжинө гэдэг нь цаашдаа нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн гаргаж, эдийн засгийн тусгаар тогтнолоо хангана гэсэн үг. Энэ хүрээнд уул уурхай, хүнд үйлдвэрийн салбар дэлхийд өрсөлдөх хамгийн том салбар ба аж үйлдвэржилтийг манлайлах ёстой гэж үзэж байна. Тиймээс манай салбар олборлолтоос боловсруулалт руу шилжсэн мега төслүүдээ хөгжүүлэхэд анхаарч байна.

     Тухайлбал, нүүрс баяжуулах үйлдвэр, Эрдэнэтийн зэсийн баяжмалын үйлдвэр, Алтанширээтийн Газрын тос боловсруулах үйлдвэр зэрэг бий. Мөн ганга боловсруулах үйлдвэр байгуулна. Ингэснээр түүхээр нь олборлож экспортолж байгаа бүтээгдэхүүнүүддээ нэмүү өртөг шингээж, экспортод гаргана. Энэ нь аж үйлдвэржсэн Монгол Улс болох их суурийг тавьж байгаа юм. Энэ бодлогын хүрээнд манай салбар олборлолтоос боловсруулалт руу шилжих бодлого, эдийн засгийн тусгаар тогтнолыг хангах төрийн бодлого болно.

 
       -Аж үйлдвэржсэн Монгол Улс болно гэж олон жил ярьсан ч өнөөдрийг хүртэл биеллээ олоогүй, цаасан дээрх төслүүд нь урагшлахгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Энэ удаад ямар  ахиц гарах вэ?
 
      -Аж үйлдвэржсэн Монгол Улс гэдэг зорилтыг “Алсын хараа-2050” урт хугацааны баримт бичигт ч тусгасан байдаг. Энэ бодлого гурван арван жилээр тодорхойлогддог баримт бичиг. Эхний арван жилдээ эдийн засгийг чөдөрлөж байгаа хязгаарлагдмал хүчин зүйлсийг бид арилгах хэрэгтэй. Ингэж гэмээнэ бид эдийн засгаа тэлэх, дотоодын жижиг, дунд үйлдвэрлэл хөгжих суурийг нь тавих юм. Яг үүнтэй ижил энэ Засгийн газрын хөтөлбөрт олборлолтоос борлуулалт руу чиглэсэн хөтөлбөр тэр дундаа нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэг мега төслүүдийн ажил явж байгаа.
 
        Тэр мега төслүүдийг санхүүжүүлэх механизм нь Үндэсний баялгийн сан байна. Үүний хүрээнд Уул уурхайн хүнд үйлдвэрийн яамнаас Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулан Их хуралд өргөн барихад бэлэн болоод байна. Үндэсний баялаг сан маань эрдэнэс Монголын цогц шинэчлэл байх болно. Ингэснээр төсөвт хэт ачаалал үүсгэхгүй том мега төслүүдээ санхүүжүүлэх юм.
 
        -Оюутолгойн гэрээг сайжруулах, энэ орд газраас Монголын тал ашиг хүртэл асуудал дээр яамны зүгээс хэр анхаарч байгаа бол?
 

     -Оюутолгойтой холбоотой асуудал манай яамны бодлогод тусан байгаа. Далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх нь манай салбарын дараагийн төвшний асуудал болох юм. Хэлэлцээр хоёр талдаа харилцан ашигтай байх ёстой. Ингэснээр урт хугацаандаа энэ уурхайн бүтэн хүчин чадлаар нь  ажиллуулах боломж бүрдэнэ.

 
        -Монгол Улсын экспортын бүтээгдэхүүний 90 хувийн нүүрсний экспорт бүрдүүлж байгаа. Гэтэл өнөөдөр энэ бүтээгдэхүүний гаралт зогсонги байдалд байна. Үүнд салбар яам хэрхэн анхаарал хандуулж байна вэ?
 
          -Нүүрс бол уул уурхайн голлох бүтээгдэхүүн мөн. Цар тахлын нөхцөл байдал ойрын хугацаанд арилахгүй нь тодорхой боллоо. Тиймээс байгаль орчинд илүү ээлтэй, хүний харилцаа багатай, хорогдол багатай бүтээгдэхүүнээ гаргах шаардлага үүсээд байна. БНХАУ-аас тавьж байгаа шаардлагын дагуу чингэлэгт тээврээр тээвэрлэх бодлогын шийдэл рүү орж байгаа. Тодруулбал, Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомт дээр чингэлэгт тээврийн тернамилын бүтээн байгуулалт явуулахаар болсон. Гашуунсухайт боомт дээр чингэлэгт тээврийн тернамилын бүтээн байгуулалтын ажил дууссан.
 
        Энэ чингэлэгт тээврийн тернамил бүтэн хүчин чадлаараа ашиглалтад орсноор жилд 8-19 сая тонн нүүрс гаргах боломжтой. Бид задгай тээврийн хажуугаар чингэлэгт тээврийн тернамилаар нэмж гаргах юм. Шивээхүрэн боомт дээр бүтээн байгуулалтын ажил 65-70 хувьтай явж байгаа. Дараа жил ашиглалтад орчихно гэсэн үг. 2019 онд задгай тээврээр бид 37 сая тонн нүүрс гаргаж байсан. Үүн дээр нэмж хоёр чингэлэгт тээврийн тернамил ашиглалтад орсноор нүүрсний тээвэрлэлт нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байгаа.
 
       -Саяхан манай улс шатахууны үнийн асуудал дээр төрөөс зохицуулалт хийхгүй, зах зээлийнх нь зарчмаар явуулна гэсэн байр суурийг илэрхийлсэн. Газрын тосны үнэ дэлхийн зах зээлд унасан хэр нь шатахууны үнэ нэмэгдсэн нь эргэлзээ төрүүлж байна. Шатахууны үнийн асуудал салбар яам хэрхэн анхаарч байгаа вэ?
 
        -Шатахуун дундаа өргөн хэрэглээний АИ-92 шатахууны үнийг зах зээлийн зарчмаар нь явуулна гэж байгаа юм. Энэ хүрээнд бид шатахууны хангамжийг тогтвортой байлгах хэрэгтэй гэж үзэж байгаа. БНХАУ, БНСУ дизель түлшний хомстолд орсон жишээ гарсан. Тэгэхээр ханган нийлүүлэлт хамгийн чухал. Тиймээс үүний хүрээнд өргөн хэрэглээний шатахууны үнэд төрөөс зохицуулалт хийхгүй, зах зээлийн зарчмаар нь явуулна гэдэг бодлого баримталж байгаа. Ингэснээр зах зээлийн эрэлт, нийлүүлэлтээр үнээ тодорхойлоод явна.
 
        Төрөөс оруулж байгаа зохицуулалт нь нэг удаагийн огцом хэлбэлзэлгүй байх гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, нэг удаагийн үнэ нэмэгдэлт нь нийт үнийн дүнгийн таван хувь буюу 100 төгрөгөөс дээш нэмэхгүй байх гэдэг шаардлага тавьж байна. Ингэснээр инфляц хөөрөгдөх зэрэг шокоос хамгаалсан зохицуулалт болно. 2019 онд Олон улсын валютын сангаас гаргасан шатахууны талаар баримтлах зөвлөмж дээр энэ талаар тусгасан байдаг.
 
         -Цаашид шатахууны импорт тасалдахгүй, эрэлт үүсэхгүй гэх баталгаа байна уу?
 
          -ОХУ-ын газрын тосны үйлдвэр дээр жил болгон их засвар хийгддэг. Энэ удаагийн их завсар ковидын нөхцөл байдлаас шалтгаалан бага зэрэг удааширсан. Үүнээс шалтгаалж шатахууны нийлүүлэлт дээр доголдол гарсан. Бид цаашид нийлүүлэлтдээ анхаарч, тогтвортой байлгах нь зүйтэй гэж үзсэн. Тиймээс шатахууны үнийг зах зээлийн зарчмаар нь явуулах нь зүйтэй. Төрөөс шатахууны үнэд хязгаарлалт тогтоовол хангамжид шууд нөлөөлнө.
 

О.БАТНАЙРАМДАЛ: Төрөөс шатахууны үнэд хязгаарлалт тогтоовол хангамжид шууд нөлөөлнө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-07 23:20:29
    Зочин: Шатахуун импортлох тусгай зөвшөөрлөө цуцлах хэрэгтэй. Тэгвэл олон эх сурвалжаас шатахуун Монголдоо оруулж ирнэ. Гол нь шинжилгээ, хяналтыг маш сайн хийх ёстой.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-07 15:38:12
    Зочин: Төр мах зардаггүй компаниудад зөвшөөрөл л олгодог .Төр өөрийн мөнгөөр бинзен авна гэж байхгүй зах зээлийн жамаараа хувийн хэвшил зөөгөөд 20 гаран жил болж байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-07 09:46:21
    Зочин: Тийм юм бол нөөцөө хангалттаы нэмэгдүүлээч. Төр нөөцөөрөө зах рүү интервенц хийх хрэгтэй ш тээ үнэ өсөх үед нь энэ бол төрийн хийх ёстой ажил штээ. Мах гаоргаж зардаг шиг
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188