• Өнөөдөр 2024-04-20

Ч.УНДРАМ: Нэгдсэн төсвийн 13 хувийг боловсролын салбарт төсөвлөсөн нь хөгжингүй орнуудын түшинд дөхөж байгаа нь сайшаалтай

2021-10-19,   813

          УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай ярилцлаа.
 
-УИХ-аар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж эхэлсэн. Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжүүлэхээ Засгийн газар мэдэгдээд байгаа. Энэ жилийн төсөв ямар давуу талтай гэж та харж байна вэ?
 
- Монгол Улс түүхэндээ анх удаа  18.1 их наяд төгрөгийн зарлагатай төсөв УИХ-д оруулж ирлээ. Цар тахлын үе буюу сүүлийн хоёр жилд зөвхөн Монгол бус дэлхий нийтээрээ амаргүй цаг үе байлаа. Ирэх жил энэ хямрал харьцангуй сайжрах болов уу гэсэн төсөөлөл байна. Тодруулбал, Дэлхий банк болон бусад олон улсын байгууллагууд дэлхийн эдийн засгийн өсөлтийг 4.8-5 хувьд хүрнэ гэсэн судалгаа хийжээ. Харин Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн төсөлд манай эдийн засгийн өсөлтийг таван хувьд хүрнэ гэж тооцоод үүнд нөлөөлөх гол хүчин зүйл нь түүхий эдийн үнийн өсөлт гэж Засгийн газар үзжээ. 
     2021 оны эхний найман сарын байдлаар алт, зэс, төмрийн хүдэр, нүүрсний үнэ өссөн . Жишээлбэл, зэсийн үнэ энэ онд 9177 ам.доллар байна. Зэсийн үнийг ирэх онд 8915 ам.долларт хүрнэ гэж тооцоолсон байна. Харин нэг унц алт одоо 1803 ам.доллар байгаа. Ирэх жил 1821 ам.долларт хүрнэ гэсэн тооцоо бий. Төмрийн хүдэр 184 ам.доллар байсан бол 140-160 ам.доллар, нүүрс 152 ам.доллараас  ирэх жил 140 орчим ам.доллар болно гэсэн төсөөлөл байгаа юм. Эндээс харахад бид түүхий эдийн экспортоосоо орлогоо бүрдүүлэх боломж харагдаж байна. Үндсэндээ төсвийн орлогыг 16 их наяд гэж үзсэн. Тэгэхээр хоёр их наядын алдагдалтай төсөв боловсруулсан гэсэн үг. Гэхдээ энэ нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг зөрчихгүй. 
 
-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг зөрчөөгүй гэдэг зүйлийг та хэллээ. Гэхдээ энэ хууль өөрөө тогтвортой байж чадаж байна уу?
 
-Энэ хуулийн дагуу бид ирэх оны төсвөө батлаад 11 жил болжээ. Харамсалтай нь, энэ хуулиа бид тогтвортой мөрдөж ирээгүй. Төсвөө өргөн барихаас өмнө энэ хуулиа өөрчилчихдөг сул талтай. 2020, 2021 онд цар тахлын нөхцөл амаргүй байсан учраас бид хуульд өөрчлөлт оруулж болох байсан. Үүнээс өмнөх жилүүдэд өөрчлөлт оруулах шаардлага байсан уу, үгүй юү гэдэг нь эргэлзээтэй. Тиймээс Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа дагаж мөрдөх шаардлагатай. 
 
-Ирэх онд шүүмжлэл дагуулаад байдаг хөрөнгө оруулалтуудын үр өгөөжийг нэмэгдүүлж, төрийн байгууллагуудын урсгал зардлыг багасгана гэж мэдэгдээд байна. Тийм боломж байна уу. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ?
 
-Засгийн газар халамжаас хөдөлмөрт гэсэн зорилтыг дэвшүүлж байгаа нь сайшаалтай, би дэмжиж байна. Манайд сард нэг өрх сая төгрөгийн халамж авдаг тоон мэдээлэл хүртэл гарсан. Тэгэхээр халамжийн бодлогыг зорилт бүлэгт нь чиглүүлэх нь зүйтэй. Халамжийн хавтгайрсан байдлыг цэгцлэх цаг нь болсон.
Төсөвт  дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээр тусгасан . Энэ нь эдийн засгийн чухал ач холбогдолтой. Энэ цаг үед хэмнэлттэй байж, тэвчиж болох зардлаа танах нь  нь маш зөв. Төрийн албаны урсгал болон гаднын томилолтын зардлыг төсөвт суулгахгүй байхаар төсөл боловсруулсан байсан. Үүнтэй уялдуулаад би аудитын чухал баримтыг дурдъя.
 
Жишээ нь 13 яам 32 агентлагт шаардлага хангахгүй 346 автомашин байна. Үүнээс эрсдэл өндөртэй 119 автомашин түүвэрлэн авч үзэхэд 2020 онд шатахууны зардал 361.6 сая төгрөг, сэлбэг, тос бусад зардалд 271.6 сая, дулаан зогсоолын зардал 61.9 сая төгрөг, жолоочийн зардал гээд нийт 1.7 тэрбум төгрөгийн урсгал зардал гарсан байх юм.  Шаардлага хангахаа байсан энэ мэт зүйлд их хэмжээний мөнгө зарцуулахаа болих хэрэгтэй.
 
-Цар тахлын нөхцөл бүрэн арилаагүй, амаргүй цаг үе байна.  Төсвийн орлогоо маш өөдрөгөөр төсөөлөөд байх шиг. Тухайлбал, 37.6 сая тонн нүүрс экспортолно гэж байгаа. Өнөөдөр манай гол экспортлогч орон хилээ хаачихсан байна шүү дээ. Цаашид ч ийм нөхцөл байдал гарахыг үгүйсгэхгүй. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
 
-Энэ асуудлыг УИХ-ын гишүүд анхаарч, судалж байна. Бид төмөр замтай болчихсон. Хоёр улсын хил дээр замын царгийн асуудал байгаа энэ асуудлаа шийдчихээр ажиллаж байгаа юм билээ. Сангийн сайд ч нүүрсний экспортоо нэмэгдүүлэхийн төлөө бүх хүчээ дайлан ажиллана гэж байгаа.
 
-Төсвийн төсөлд тусгаснаар энэ жил боловсролын салбарт шинэчлэл хийхээр төсвийг нь өмнөх жилүүдээс нэмсэн харагдсан. Та боловсролын салбараас орж ирсэн гишүүн. Энэ ажлыг үр дүнтэй эхлүүлж чадах болов уу?

-Энэ намрын чуулганаар Боловсролын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна. Би Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг хэсгийг ахалж байгаа. Манайх төсвийн зарлагын 13.5 тэрбум төгрөгийг боловсролын салбарт зарцуулах юм. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 4.4 хувьтай тэнцэнэ. Боловсролын салбарт тэргүүлдэг хөгжингүй орны төсөвт манайх дүйцэж очиж байгаа нь сайшаалтай ч зөв зүйлд зарцуулах нь хамгийн чухал. 

Бүх хүүхдэд төсвийн зардлыг тэгш хүртээх ёстой гэсэн зарчим баримталж байна. Түүнчлэн ирэх жил багш нарын цалин, урамшууллыг нэмэх асуудлыг судалж, сайн ажилласан багш нарыг урамшуулдаг болох нь маш зөв.
 
-Урсгал зардлаа танаж байна гэж байгаа ч хэмнэлтийн горимд шилжиж чадах уу гэдэг эргэлзээ бий. Таны бодлоор өөр хэмнэж болох өөр ямар урсгал зардал байх байсан бол?
-Миний харж байгаагаар байгалийн баялгаас орж ирж байгаа АМНАТ-ын татвар буюу уул уурхайн орлогыг ойрын хэдэн жил 30, 30 хувиар нь шууд эрүүл мэнд, боловсролын салбарт зарцуулах ёстой гэж би үздэг. Одоо хүүхэд бүрийг хадгаламжтай болгох санал санаачилга гаргаад явж байна. Гэхдээ хадгаламжтай боловсролгүй хүүхэд, эсвэл хадгаламжтай хэрнээ эрүүл мэндийн үйлчилгээ авч чаддаггүй байх нь зохимжгүй.
 
 Засгийн газраас санаачилсан  халамжаас хөдөлмөрт гэсэн бодлого хэрэгжээд үр дүнгээ өгчихвөл маш олон залуус ажлын байртай болж, орлого  нь нэмэгдэнэ. Бас нэг шийдэх  том асуудал нь төрийн өмчит газруудыг цэгцлэх. Энэ ажлаа эрчимжүүлж,  хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлага байна. 
 
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр гишүүд төсөвт оролцож, тойрогтоо мөнгө татдаг байдлыг хязгаарлах тухай ярьдаг ч энэ жил гишүүд дөрвөн тэрбум төгрөг хуваарилсан байна. Та энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?
 
 - Бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажлаас шалтгаалж төсөв нь өөр өөр байгаа.
 
-Та тойрогтоо хуваарилах дөрвөн тэрбум төгрөгөөр юу хийхээр төлөвлөж байгаа бол?
 
-Манай тойрогт дэд бүтэцтэй холбоотой хоёр том төсөв байгаа. Нэгдүгээрт, Сэлэнгэ аймгийн Шаамар сумаас Зэлтэрийн боомт хүртэл хатуу хучилттай зам тавих, баруун сумдын газар тариалангийн сумдад авто зам барих ажил бий. Мөн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгуудад шинэчлэл хийх ажил бий. Бид сонгуульд нэр дэвшихдээ тодорхой асуудлыг шийдэх тухай мөрийн хөтөлбөртөө тусгадаг. Тухайн орон нутагт нэн шаардлагатай ямар ажил байгааг судалж, төсөвт тусгадаг.
 
-Ирэх онд манайх эдийн засгаа сэргээж чадах  болов уу?
 
-Би боломжтой гэж харж байна. Том төсөл хөтөлбөрүүдээ эхлүүлчихвэл ажлын байр нэмэгдэхээс гадна дагаад ,ЖДҮ хөгжинө.
 
-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.
 

 


Ч.УНДРАМ: Нэгдсэн төсвийн 13 хувийг боловсролын салбарт төсөвлөсөн нь хөгжингүй орнуудын түшинд дөхөж байгаа нь сайшаалтай
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-19 14:06:54
    Эрдэнэчимэг: Мундаг гишүүнээрээ бахрахгүй байхын аргагүй юмаа.боловсрол хүн арай л өөр шийдлүүд гаргаж байна таньд улам их амжилт цаашид Монгол улс орноо гэсэн гишүүнд олон төрөөсэй.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188