• Өнөөдөр 2024-04-26

УИХ-ЫН ГИШҮҮН С.ЧИНЗОРИГ: Хөдөлмөрийн тухай хууль ажилтны ч, ажил олгогчийн ч эрх ашгийг тэнцвэртэй хамгаалсан хууль болсон

2021-07-01,   1580

         УИХ-ын гишүүн С.Чинзоригтой ярилцлаа. 
 
-УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцсэн чухал хуулийн нэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл. Олон жилийн дараа энэ хуульд өөрчлөлт орж буйгаараа нэлээд онцлогтой, анхаарал татсан хууль болж байгаа. Та салбарын сайдаар ажиллах хугацаандаа энэ хуульд өөрчлөлт оруулах ёстой хэмээн хоёр ч удаа өргөн барьж байсан. Энэ удаагийнх хэр чамбай хууль болов?
 
      -Одоо мөрдөж байгаа Хөдөлмөрийн тухай хууль нь 1973, 1991 оны хуулиудын үзэл санааг агуулсан, шилжилтийн шинж чанартай хууль юм. Уг Хөдөлмөрийн тухай хууль батлагдах үеийн хөдөлмөрийн зах зээл, нийгэм, эдийн засгийн байдал нь одоогийнхоос өөр. Төрийн байгууллага нь ажил олгогчийн дийлэнх хувийг эзэлсэн, төрийн болон орон нутгийн өмчит компани давамгайлсан, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын бүтцэд нь жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллага байсан үе. Энэ үед төр ажил олгогч давамгайлж байсан, хөдөлмөрийн харилцааны онцлогтой холбоотойгоор хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулахыг шаардах, хамтын гэрээ, хамтын хэлэлцээрийн үйлчлэх орон зайг үлдээхгүйгээр шууд зааварласан зэрэг сул тал ихтэй юм. 
         Иймд хөдөлмөрийн зах зээлд бий болсон шинэ харилцааны онцлог зохицуулалтууд, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх, хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх тогтолцоог боловсронгуй болгох зорилгоор Засгийн газраас хуулийн төслийг боловсруулан хөдөлмөр, нийгмийн түншлэгч талуудтай зөвшилцөж, Хөдөлмөрийн сайд байхдаа 2015 онд, хуулийн төслөө улам чамбайруулж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байхдаа 2018 онд УИХ-д өргөн барьсан. УИХ-ын даргын хоёр ч захирамжаар хуулийн төслийг Байнгын хороо болон УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулан ажилласан. Уг ажлын хэсэгт миний бие ч орсон.
 
        Ажлын хэсгээс өргөн барьсан хуулийн төслийн ерөнхий үзэл баримтлалыг хөндөхгүйгээр бүлгийн дотор дэд бүлэгт хуваах, зарим бүлгийн байршлыг өөрчлөх, ажилтан, ажил олгогчоос гаргасан саналыг харгалзан зарим нэг харилцааг нэмж зохицуулах, заримыг нь дэлгэрүүлэх зэргээр өөрчлөлт орсон. Иймд ажилтны ч, ажил олгогчийн ч эрх ашгийг тэнцвэртэй хамгаалсан хууль болсон гэж үзэж байна. 
Ажил олгогч ажилтнаа эрүүл аюулгүй ажлын байраар хангах ёстой
-Хэлэлцүүлгийн шатанд гишүүдээс янз бүрийн санал гарч, сөрөг хүчний гишүүд ч хэд хэдэн удаа энэ хуулийн төсөл дээр завсарлага авсан. Үүнд хамгийн маргаан дагуулсан нь ажил олгогчийн эрхийг орхигдуулж байна гэдэг байр суурьтай гишүүн цөөнгүй байсан. Ажил олгогч болон ажилтны эрхийг тэгш хангах талаар оновчтой заалт оруулж чадсан уу?
 
        -Би өмнө нь энэ талаар өөрийн байр суурийг Ажлын хэсэг, Байнгын хороо, чуулганы үеэр илэрхийлж, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгч байсан. Хуулиар хөдөлмөрийн харилцаанд оролцож байгаа ажилтан, ажил олгогчийн харилцан хүлээх үүрэг, эдлэх эрхийг тодорхой заасан.
 
       Өөрөөр хэлбэл, одоогийн хуульд байгаа ажилтан, ажил олгогчийн эрх, үүргийг нэлээд дэлгэрүүлж зохицуулсан. Тухайлбал, ажил олгогч ажилтнаа эрүүл аюулгүй ажлын байраар хангах ёстойгоос гадна ажил үүргээ үнэнч шударгаар гүйцэтгэхийг шаардах, шаардлагатай тохиолдолд сахилгын хариуцлага тооцох зэрэг эрхийг заасан. Энэ хуулиар хөдөлмөрийн харилцааны доод хэм хэмжээг тогтоож өгч байгаа. Үүнээс дээгүүр тогтоох эсэхээ хамтын гэрээ, хэлэлцээрээр тогтоох эрхтэй болж байна. Энэ нь ажил олгогчид олгож буй нэг боломж. 
 
     Ажил олгогчийн болон ажилтны эрх ашгийг тэнцвэртэй хамгаалах нь төрийн үүрэг. Ажил олгогч баялаг бүтээгч мөн. Гэхдээ энэ баялаг чинь ажилтан хүний алтан  гараар бүтээгдэж байдаг. Ажилтан хүн ажилдаа эзний ёсоор хандах, ажил олгогч ажилтандаа хүний ёсоор хандах хандлагыг бий болгох нь чухал байна. 
 
ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРИЙГ ХОРИГЛОХ ЗААЛТУУДЫГ НАРИЙВЧЛАН ЗААСАН
 
-Та Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсны хувьд Монгол Улсын хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдлыг сайн мэднэ. Манайд ер нь тулгамддаг асуудал нь юу байна. Үүнийг хуулийн шинэчлэлээр асуудлыг зохицуулж чадсан уу. Тухайлбал ямар заалт орсон бэ?
 
       -Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар хамгийн түрүүнд онцлох зохицуулалт нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэхээс үл харгалзан хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн л бол хуулийн хамгаалалтад оруулах алхам хийсэн явдал юм. 

      Дараагийн нэг зохицуулалт нь хөдөлмөрлөх суурь дөрвөн эрхтэй холбоотой албадан хөдөлмөрийг хориглох, эвлэлдэн нэгдэх, хамтын хэлэлцээ хийх эрхийг хангах, хүүхдийн хөдөлмөрийг хориглох болон ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхалтыг хориглох заалтуудыг нарийвчлан заасан. Хөдөлмөрийн маргааны тогтолцоог үндэсний онцлог, олон улсын хандлагад нийцүүлэн зохицуулснаараа өмнөхөөс давуу талтай болсон. Хөдөлмөрийн маргааныг шүүхээр шийдүүлнэ гэхээсээ илүүтэй ярилцаж, зөвшилцөж шийдэж байх боломжийг нээж өгсөн. 

 
ЭЭЛЖИЙН АМРАЛТЫН ЗОХИЦУУЛАЛТЫГ ОДОО МӨРДӨЖ БАЙГААГААР НЬ ХЭВЭЭР ҮЛДЭЭХЭЭР ТОГТСОН
 
-Ажилтны ээлжийн амралттай холбоотой зохицуулалт анхаарал татсан заалт байсан. Анх хуулийн төсөлд ээлжийн амралтыг ажилласан жил харгалзахгүй 20 хоног гэж тусгасан бол эцсийн хэлэлцүүлгийн явцад горимын санал гарч хуучин хэвээр нь үлдээхээр болсон. Энэ зөв үү?
       -Ээлжийн амралтыг одоогийнхоор нь мөрдөхөөр хуулийн төслийг өргөн барьж байсан. УИХ-аас байгуулагдсан Ажлын хэсэг судалж үзээд залуу ажилтнуудын гэр бүлийнхээ өмнө хариуцлага хүлээх, мөн зарим ажил олгогч ахмад ажилтны амралтын хоног урт байдгаас шалтгаалан ажилд авах сонирхол буурдаг гэсэн саналын үүднээс ээлжийн амралтын үндсэн хугацааг 20 хоног байхаар, нэмэгдэл амралтын хугацааг хамтын гэрээ, хөдөлмөрийн гэрээгээр тохиролцохоор санал гаргасан байсан юм. Гэвч ажилтнуудаас ирж байгаа санал хүсэлт, одоогийн тогтсон жишгийг харгалзан ээлжийн амралтын зохицуулалтыг одоо мөрдөж байгаагаар нь хэвээр үлдээхээр тогтсон. 
 
      Хүлээж авах үндэслэл байсан гэж үзэж байна. Нэгдүгээрт, аливаа хууль батлахад хүрсэн түвшинг бууруулахгүй, нөхцөлийг дордуулахгүй байх зарчим, хоёрдугаарт, олон жил ажилласан хүн илүү хоногоор амарч энерги, эрч хүч авах шаардлага байдаг гэж үзсэнтэй холбоотой.
        Шинэ хуульд гэрээсээ алслагдмал байдлаар буюу уртын ээлжээр ажиллаж байгаа залуус 14 хоног ажиллаад 14 хоног амрах зохицуулалтыг оруулж өгсөн.
-Мөн хуульд уул уурхайн ажилчдын ажиллах нөхцөлийг тодорхой зааж өгч байгаа. Ер нь уурхайн ажилчдад тулгардаг гол бэрхшээл нь юу байдаг вэ?
 
     -Хуулийг шинэчлэх шаардлага үндэслэлийн нэг нь энэ асуудал байсан. Уул уурхайн салбар хөгжихтэй зэрэгцээд залуус гэрээсээ алслагдсан байдлаар ажиллаж, амьдарч ирсэн.
 
    Зарим компани 45 хоног ажиллуулаад 20 хоног амраадаг үе ч байсан. Гэтэл энэ харилцаа нь одоо мөрдөж буй Хөдөлмөрийн хуулиар зохицуулагдаагүй. Өөрөөр хэлбэл, гэрээсээ алслагдмал байдлаар ажиллаж, амьдарч буй залуусын ажил, амралтын цагийг шинээр зохицуулах шаардлага бий болсон. 
 
       Шинэ хуульд гэрээсээ алслагдмал байдлаар буюу уртын ээлжээр ажиллаж байгаа залуус 14 хоног ажиллаад 14 хоног амрах зохицуулалтыг оруулж өгсөн. Энэ нь уртын ээлжээр ажилладаг залуусын ажил, амралтын цаг нэг горимоор зохицуулах болж байгаа төдийгүй тэдэнд гэр бүлдээ зориулах цаг нэмэгдэж, тэр хэрээр гэр бүл тогтвортой байх гэдэг нийгмийн ач холбогдолтой. 
 
ТӨР БАЙГАА ЦАГТ ХАЛАМЖИЙН БОДЛОГО БАЙХ НЬ ЗҮЙН ХЭРЭГ
 
-Та хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад өмнөхөөсөө дордсон заалтууд орсон байна гэж шүүмжилж байсан удаатай. Энэ заалтуудаа хэлэлцүүлгийн явцад сайжруулж чадсан уу. Хууль хэрэгжээд явахад бэрхшээл үүсэхгүй сайжирсан заалтуудаас дурдаач?
 
       -Хөдөлмөрийн тухай хуульд ажилтны ч, ажил олгогчийн ч, УИХ-ын ч саналыг 100 хувь тусгах боломжгүйг ойлгох хэрэгтэй. Миний хувьд Ажлын хэсгийн хурал дээр ээлжийн амралтын хугацааг 20 болгохыг дэмжихгүй байсан. Харин хэлэлцүүлгийн явцад зассан. 
 
-Ер нь манай улс хөдөлмөр эрхлэлтээс илүү халамжийн бодлогыг баримталдаг гэх шүүмжлэл олны дунд бий. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлээр үүнийг нэг тийш болгох онцлох заалт орж чадав уу?
 
      -Төр байгаа цагт халамжийн бодлого байх нь зүйн хэрэг. Харин халамж зөв хүндээ хүрч байна уу гэдэг өөр асуудал. Манай улсын хувьд ядуурлын хувь өндөр байна. Иймд халамжийн бодлогоор ядуу иргэдийн амьдралыг бүр доош унагахгүйн тулд халамжийн бодлого явуулахаас өөр аргагүй. 

      Харин хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар аажмаар халамжаас гаргах нь чухал. Нөгөө талдаа монголчууд бид цөөхүүлээ. Иймд хүн амаа дэмжсэн бодлого зайлшгүй хэрэгтэй. Хүн амын өсөлтийг дэмжсэн, хүн амын бодлогоо ялгаж салгахгүй нийтэд нь халамж гэж ярьдаг дутагдал бий. 

      Хөдөлмөрийн хуульд өөрчлөлт орсноор иргэдийн хөдөлмөр эрхлэлт нэмэгдэнэ гэж ойлгож болохгүй. Хөдөлмөрийн хуулиар хөдөлмөрийн харилцааны асуудлыг зохицуулдаг. Хөдөлмөр эрхлэлт гэдэг нь макро эдийн засгийн асуудал. Төсөв, мөнгөний бодлого, хөрөнгө оруулалт, үйлдвэржилтийн бодлогоос хамаардаг асуудал. 
 
-Цар тахлын нөлөөгөөр манай улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн байна. Халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбоотой хөл хориог сунгах талаар санал гараад байгаа. Хөл хорио сунгах асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?
 
     -Бид амаргүй сорилттой тулгарч, хүнд нөхцөлд ажиллаж, амьдарч байна. Хөл хорио халдварын голомтыг хумих, тархалтыг бууруулах үндсэн арга мөн үү гэвэл мөн. Бид гурван удаа хатуу хөл хорио тогтоож үзсэн.
 
     Үр дүнгээ өгсөн гэдэгт эргэлзэхгүй байгаа. Гэхдээ халдварын голомт болон нас баралт буурахгүй байна. Хөл хорио тогтоосны дараа халдвар улам нэмэгдэж ирлээ. Тэгэхээр хөл хорио тогтооно гэхээсээ илүүтэй нөхцөл байдал, авч хэрэгжүүлж ирсэн арга хэмжээний үр дүнд бодит үнэлэлт өгч тактик, арга хэмжээгээ өөрчлөх нь чухал байх гэж бодож байна.
 

УИХ-ЫН ГИШҮҮН С.ЧИНЗОРИГ: Хөдөлмөрийн тухай хууль ажилтны ч, ажил олгогчийн ч эрх ашгийг тэнцвэртэй хамгаалсан хууль болсон
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-01 20:33:23
    dok: ajilin honog eerchlegsen bj baiguulguulga alban gazar eerchlegdeegvi geed bhii amraltin 20honog bolson bizdee
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188