• Өнөөдөр 2024-04-20

ӨДРИЙН ТОЙМ: ТӨВ ТАЛБАЙ ДАХЬ ӨЛСГӨЛӨН, ЖАГСААЛЫН ЭРГЭН ТОЙРОНД...

2021-05-08,   23765

         УИХ дахь Ардчилсан намын бүлгийн 13 гишүүн Их жанжин Д.Сүхбаатарын талбайд дөрөв дэх өдрөө улс төрийн өлсгөлөн зарлаж байна. Өнгөрсөн хоногуудад хөл хориотой, Д.Сүхбаатарын талбайг тойруулан цагдаагийн хамгаалалт гарсан байсан учраас Ардчилсан намын гишүүд, дэмжигчид төв талбайд цуглаж, өлсгөлөн зарлаж буй УИХ-ын гишүүдтэй уулзах боломжгүй байсан. Тэгвэл өнөө өглөө 06:00 цагт хөл хорионы дэглэм цуцлагдсанаар иргэд төв талбайд олноороо цуглаж, эмх замбараагүй байдал үүсэх нөхцөл бүрдээд байна. 
 
Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төв талбайд гарч ирж, өлсгөлөн зарлаж буй УИХ-ын гишүүдтэй хаалттай горимоор санал солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар төв талбайд гарч ирж, өлсгөлөнгөө зогсоох талаар хэлэлцээрийн ширээнд суухыг санал болгож, эс бөгөөс хамтдаа өлсгөлөн зарлана гэж мэдэгдсэн. 
 
Тэгвэл өнөөдөр С.Эрдэнийн талын гэх АН-ын дарга М.Тулгат, Э.Бат-Үүл нар төв талбайд ирж, өлсгөлөн зарлаж буй гишүүдтэй уулзаж, санал солилцохыг хүссэн боловч жагсагчид тэднийг хөөж буцаалаа. 
 
Ардчиллын төлөөх гэх энэхүү өлсгөлөн, жагсаал анх хэрхэн эхэлснийг товч танилцуулъя. 
 
        Ардчилсан нам С.Эрдэнийн тал, Ц.Тувааны тал гэж хоёр хуваагдаад даруй хагас жил болох гэж байна. Намын даргын тамгаа булаацалдах төдийнхнөөр эхэлсэн энэ талцал нь улам даамжирч, хоёр тусдаа намын даргын сунгаа явуулж, М.Тулгат, О.Цогтгэрэл гэх хоёр даргатай болсон. Гэвч хэн хэнийг нь Улсын дээд шүүх бүртгэж аваагүй учраас маргаан нь эцэслэгдээгүй. Гэсэн ч зургаа дахь Ерөнхийлөгчөө зургаан жилээр сонгох гэж буй энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд М.Тулгат даргатай Ардчилсан намаас С.Эрдэнийг, О.Цогтгэрэл даргатай Ардчилсан намаас Н.Алтанхуягийг тус тус нэр дэвшүүлсэн. Гэвч Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар УИХ-д суудалтай нэг улс төрийн хүчин зөвхөн нэг хүнийг нэр дэвшүүлэх учиртай. Иймээс Сонгуулийн Ерөнхий хороо С.Эрдэнэ, Н.Алтанхуяг нарын зөвхөн нэгийг нь нэр дэвшигчээр бүртгэнэ гэж мэдэгдсэн. Улмаар УИХ дахь АН-ын бүлгийн 13 гишүүн О.Цогтгэрэл даргатай АН-ын талд байгаагаа илэрхийлж, Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас С.Эрдэнэ нэр дэвших эрхгүй, зөвхөн Н.Алтанхуяг нэр дэвших нь хуульд нийцнэ гэж мэдэгдэж, улс төрийн өлсгөлөн зарлаж эхэлсэн. Мөн тэд "Эрх баригч МАН-ынхан СЕХ, Дээд шүүхэд нөлөөлөх замаар АН-аас С.Эрдэнийн нэр дэвшигчээр захиалж, нэг намын дарангуйлал тогтоох гэж байна" хэмээн мэдэгдсэн нь энэ өлсгөлөнг улам ноцтой байдалд оруулсан юм. 
 
Тэгвэл өлсгөлөн зарлаж буй Ц.Тувааны талыг төлөөлж Н.Алтанхуяг, С.Эрдэнийн талыг төлөөлж Э.Бат-Үүл нар ард түмэнд ямар мэдэгдэл хийснийг хүргэж байна. 
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Өнөөдөр төв талбайд сайн дураараа ирж, ардчиллаа хамгаалах, Монгол Улсынхаа хөгжлийн төлөө өөрсдийнхөө санал бодлыг илэрхийлж байгаа та бүхэнд УИХ дахь АН-ын бүлгийн 13 гишүүнийхээ өмнөөс маш их баярлалаа. Монгол Улсад болж бүтэхгүй асуудал хэрээс хэтэрлээ. 1990 онд бид Монгол орноо ардчилсан, иргэд нь сайн сайхан, боломжийн хэмжээнд амьдардаг улс болгохын төлөө тэмцэж байлаа. Тэр зорилго өнөөдөр биелсэн үү. Өнөөдөр Монгол Улсын хамаг баялаг, Эзэн Чингисийн үлдээж өгсөн тэр бүх баялгийг цөөхөн хүмүүс гаднынхантай нийлж, завшиж байна. Тэр баялгаас олсон мөнгөө гадаадад гаргаж, оффшорт хадгалж байна. Оффшорт хадгалсан мөнгөө буцааж оруулж ирж, Монголын төр засгийг худалдаж авч байна. Ард түмнийх байх ёстой тэр мөнгийг сонгуулийн өмнө өөрсдийн мөнгө мэтээр тараадаг, хуурдаг боллоо. “КОВИД-19” цар тахлын нэрээр гаднаас орж ирж байгаа мөнгийг ч их хэмжээгээр гувчуулж байна. Зөвхөн PCR шинжилгээнд л гэхэд түүнд зарцуулагдах ёстой 50, 60 тэрбум төгрөгийг алга болголоо. Үр дүн багатай ажлуудыг маш их хийж, сурталчилгааг тасралтгүй явуулж байна. Энэ бүхэнд бид цэг тавих цаг болжээ. Одоо бид бүгдээрээ нийлж, Монгол Улсаа улс шиг улс болгож, нэг намын дарангуйллыг хазаарлаж, бидний анх хүсэж байсан тэр ардчиллыг авчрах цаг болсон байна. Үүний төлөө манай 13 гишүүн зориглон өлсгөлөн зарлаж, тэмцлээ эхлүүллээ. Тэмцлийг дэмжиж байгаа ард түмэндээ баярлалаа. Бүгдээрээ хамтдаа урагшаа” гэсэн. 
Харин Ардчиллын анхдагчдийн нэг Э.Бат-Үүл “"Ардчиллын төлөө тэмцэж байгаа гишүүдээ дэмжих гэж л ирлээ. Эв санааны нэгдлээ илэрхийлэх гэлээ. Ардчилсан намынхан хүний үгийг сонсдог. Гэтэл ийм ардчилсан үзэлтнүүд гэж юу байсан юм. Хэзээ ийм ардчилагчид байсан юм. Ногоон малгайтнуудаас дор, коммунист, фашист юмуу хаашаа юм. Ийм байдалд хүргэсэн хүн нь У.Хүрэлсүх. Өнөөдөр хөл хориог сулруулсан учир би энд ирлээ. Баахан согтуу, хөлчүү хүмүүс авч ирээд Ардчилсан намыг айлгана гэж бодоод байгаа юм уу. Би Ардын намын дарангуйллын эсрэг ардчиллаа дэмжих гэж ирлээ, коммунистуудаа" гэсэн юм. 
 

ӨДРИЙН ТОЙМ: ТӨВ ТАЛБАЙ ДАХЬ ӨЛСГӨЛӨН, ЖАГСААЛЫН ЭРГЭН ТОЙРОНД...
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-09 19:24:26
    Zochin: Ardchilsan namd dsndaa xulgach nar uurelchixsen odoo uudluxgui dee xeden tsus ni oirtson teneguud l dagaj salbaganaj corina taraax baix Ardchilsan nam yavj yavj uursduusuu boldog baixgui yu tegeed buruutniig uruuld naaxgaad l ner xundee bur l aldaad baigaa yum daa ard tumen ******** bish shuu
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188