МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж МАХН-тай нэгдэх эсэх асуудлыг хэлэлцсэн. Нөгөө талд МАХН-ын Гүйцэтгэх товчоо цахимаар хуралдаж хоёр нам нэгдэх хийгээд хамтын ажиллагааны гэрээний талаар шийдвэрлэжээ. Улмаар "МАН, МАХН: Нэг зорилго, нэгдмэл бодлого" сэдэвт хэлэлцүүлэг өрнүүлэх үеэр хоёр нам нэгдэх болсныг зарлалаа.
Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "Хоёр намын нэгдэх ажил амжилттай явж байна. Энэ цагт хоёр нам нэгдэж улс орны эрх ашиг, ард иргэдийн эрх ашгийн төлөө ажиллах хэрэгтэй . Хоёр намын зүгээс хамтын гэрээгээ байгуулж, намын их, бага хурлуудаа товлон зарлана. Үүсэл гарал нэгтэй хоёр нам хүчээ нэгтгэж зүтгэх нь зөв юм. Эвлэлдэн нэгдэж хамтдаа зүтгэх нь юу юунаас илүү чухал гэж МАН-ын гишүүд үзэж байна. МАХН-ын ч гишүүд адилхан бодолтой байгаа" гэлээ.
МАХН-ын дарга Н.Энхбаяр "МАХН, МАН-тай эвлэлдэн нийлж, ард түмнийхээ эрх ашигийг дээдлэн эв санаагаа нэгтгэн ажиллана. УИХ-д 62 суудалтай МАН-тай манай нам угшил, үүсэл, санаа зорилго нэгтэй нам. Зорилго нэгтэй тул МАХН нь өрсөлдөх биш МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүнийг дэмжинэ. Ард түмний өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдэхийн тулд хамтарч ажиллана" гэв.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Хоёр нам зүүн төвийн үзэл баримталтай. Хэрэгжүүлж байгаа мөрийн хөтөлбөр нь нийгэмд шударга ёсыг тогтоох, эв нэгдэлтэй байлгахад чиглэсэн бодлого, чиглэл нь нэг. Намууд нэгдэх асуудал таван жил яригдсан. 2021 он гарсаар энэ чиглэлээр нэлээн идэвхтэй ажиллаж байна"
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга "Хоёр нам нэгдэх үйл явц үргэлжилж байна. Нэг зүгт харж явах нь бидний ирээдүйн хөгжилтэй шууд холбоотой. Тиймээс тодорхой зорилгын төлөө нэгдэх үйл явцыг харж байна. Тухайлбал, хүний эрхийг өндрөөр үнэлсэн хууль, эрхзүйн орчныг бий болгохын төлөө хоёр намын гишүүд дэмжиж байна" гэлээ.
МАН, МАХН нэгдэхээ албан ёсоор зарлалаа |
|