• Өнөөдөр 2024-05-06

МАРТАГДСАН ХҮН

2021-04-23,   768

          Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөх боломжгүй болохтой зэрэгцэн Ерөнхий сайд асан Р.Амаржаргал АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй байгаагаа “Клаб хаус”-т илэрхийлэв. Нэр дэвших хүсэл зоригийнхоо тухай Р.Амаржаргал “Би ямар ч байсан өөрийнхөө нэрийг намын дотоод сунгаанд бүртгүүлнэ. Яагаад гэвэл үүссэн нөхцөл байдал, шийдэл болгох гэж байгаа гаргалгаа зэргийг хараад байхад би ер нь энэ дотор байж байх нь зөв юм байна, би оролцох нь зөв юм байна, би нэр дэвшихээ илэрхийлэх нь зөв юм байна гэдэг итгэл надад төрсөн” хэмээн тайлбарлажээ. 
 
Ерөнхий сайд асан Р.Амаржаргалын хувьд С.Эрдэнийн талын АН-ын хүн. С.Эрдэнийн талын буюу М.Тулгатай даргатай АН-ын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд идэвхтэй бэлдэж байгаа гэх. Өчигдөр тус нам цахимаар хуралдаж, “Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчид тавигдах нийтлэг шалгуур” гэгчийг танилцуулсан. Тухайлбал, АН-аас нэр дэвшигч нь парламентын засаглалыг тууштай хамгаалагч байх, гуравдагч хөршийн бодлогыг тууштай дэмжигч байх, хууль бусаар хөрөнгөжөөгүй, хоёроос доошгүй гадаад хэлийг эзэмшсэн байх, өдөр тутмын ажил болон гэр бүл нь шилэн байх зэрэг үндсэн шаардлагуудыг тавина гэдгээ зарласан. 
 
АН-ын дээрх шалгуур нь Х.Баттулгын эсрэг буюу Р.Амаржаргалд яг нийцүүлж гаргасан шалгуур гэмээр харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, Улсын дээд шүүх АН-ын асуудлыг нэг тийш болгож, сонгуульд оролцох эрхийг нь нээж өгсөн нөхцөлд тус намаас Р.Амаржаргал нэр дэвших нь бараг л тодорхой буюу хамгийн боломжит хувилбарт тооцогдож байгаа гэх. Боломжит гэдэг нь төдийлөн сонголтгүйгээр АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хэмжээний нэр цэвэр, туршлагатай гэж хэлж болох АН-д үлдсэн ганц хүн нь л тэр болно.  
 
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ын “мөнхийн” өрсөлдөгч МАН-аас Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэр дэвшихээ илэрхийлж буй. Хэрвээ АН Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайд Р.Амаржаргалыг нэр дэвшүүлбэл энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн гол өрсөлдөөн Монгол Улсын 21 болон 30 дахь Ерөнхий сайд нарын дунд өрнөнө гэсэн үг. 
 

Р.АМАРЖАРГАЛ АРДЧИЛСАН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БУУХИАГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ЧАДАМЖТАЙ ЮУ

 
         Гэхдээ 2016 оноос хойш хаа нэг хэвлэлд ярилцлага өгч, хурал зөвлөгөөнд суухаас бусдаар сураг алдарч, “мартагдсан” шахуу Р.Амаржаргал нэр хүнд нь “халуунаараа” байгаа У.Хүрэлсүхтэй өрсөлдөх чадамжтай юу гэдэг нь эргэлзээтэй. 
 
Тухайлбал, Р.Амаржаргалын хувьд анх 1996 онд Ардчилсан Холбоо эвслээс нэр дэвшин УИХ-ын гишүүн болсон. 2004 онд бие даан, 2008 онд АН-аас Ховд аймагт, 2012 онд Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж тус тус ялалт байгуулж байсан. 2016 оны сонгуульд нэр дэвших байсан ч АН-аас нэр дэвших эмэгтэй квот дутсан учраас өөрийн квотыг өгч, нэрээ татсан гэдэг. Тэрбээр, 38 настайдаа буюу 1999 оны долдугаар сарын 30-аас 2000 оны долдугаар сарын 26-ны хооронд жил шахам л 21 дэх Ерөнхий сайдаар ажилласан. 
 

Тэр хэдий УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа сонгогдон ажиллаж байсан ч хэрвээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болбол гол нэрийн хуудас нь Ерөнхий сайд асан гэх "гуншин" нь байх болно. Өөрөөр хэлбэл, Төрийн тэргүүн байх хэмжээний төр удирдаж байсан туршлагатай эсэх нь сонгогчдын гол шалгуур. Энэ утгаараа Р.Амаржаргалын хувьд УИХ-ын гишүүн асны хувиар биш Ерөнхий сайд асны хувиар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэсэн үг.  Гэвч эсэргээрээ энэ нь түүний сул тал болж ч мэднэ. Өөрөөр хэлбэл, одоогоос 20 жилийн өмнө Ерөнхий сайдаар ажиллаж байсан Р.Амаржаргалын хэлж байсан үг, хийж эхлүүлсэн ажил, үзэл бодлыг нь марталгүй санаж, "Ерөнхийлөгч байх ёстой хүн мөн" гэж итгэж хүлээж байсан сонгогч хэр олон байгаа вэ гэдэг нь асуудал. Эсрэгээрээ түүний өрсөлдөгч У.Хүрэлсүхийн хувьд 30 дахь Ерөнхий сайдаар дөрвөн жил шахам ажиллаж, өөрийн хүсэлтээр суудлаа буугаад гурван сар л болж байгаа. 

 
Ингээд харвал, 20 жилийн өмнө Ерөнхий сайд байсан, сүүлийн таван жил бараг л үзэгдээгүй Р.Амаржаргалыг сонгох уу, эсвэл сүүлийн таван жил үгийг нь сонсож, үйлдлийг нь ажиглаж, "хариуцлага хүлээж огцорлоо" гэхэд нь халаглаж суусан У.Хүрэлсүхийг сонгох уу гэдэг нь бараг л тодорхой асуулт юм. 
 
Товчхондоо, Р.Амаржаргалд ардчилсан Ерөнхийлөгчийн буухиаг үргэлжлүүлж чадах хэмжээний нэр хүнд алга байгаа нь АН-ын гол асуудал болчихоод байна. 
 
 
 

МАРТАГДСАН ХҮН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-23 23:00:02
    zochin: Hiisen buteesen yumgui. Suudliin gol...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-23 10:34:50
    Дэндүү зөөлдөнө. : Энэ нэмэргүй ээ. Хийсэн ажилгүй, дэмжигчгүй, зүгээр л томоотой хүн.
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188