• Өнөөдөр 2025-03-31

XI ТОЙРОГ: УГИЙН УЛААН ТОЙРГИЙГ ЦЭНХЭРТҮҮЛЭХ ЦУЦАШГҮЙ ХҮСЭЛТНҮҮД БУЮУ АН-ЫН ГОРИЛОГЧИД

2024-04-30,   7292

      Эргэлт.мн мэдээллийн сайт сонгогчдын мэдлэгт зориулан “Сонгууль-2024” булангаа нээж, УИХ-ын сонгуулийн хот, хөдөөгийн 13 тойрогт нам намаас нэр дэвшихээр горилогчдыг цувралаар танилцуулж буй. Энэ удаад Сонгинохайрхан дүүрэг буюу XI тойрогт АН-аас горилогчдыг танилцуулж байна. 
     УИХ-ын сонгуулийн XI тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт “М-Ойл групп” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Пунсалмаа, “ТНГРИ инвест” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Очирбат, “Инээд интертайнмэнт” ХХК-ийн хувьцаа эзэмшигч буюу “Comedylab” клубын гишүүн Н.Амаржин, “Парламент” телевиз, Gerelnews.mn мэдээллийн сайт буюу “Гэрэл плас медиа групп” ХХК-ийн Ерөнхий захирал Ж.Отгонбаяр, УИХ дахь АН-ын бүлгийн Ажлын албаны зөвлөх Н.Батжаргал нар горилж буй ажээ. Тэднээс, 2020 оны УИХ-ын сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт АН-аас ханьсаж дэвшээд унасан, ирэх сонгуулиар даагаа нэхэхээр хамт дэвшиж буй Г.Очирбат, Б.Пунсалмаа хоёрыг онцлон танилцуулъя. 

“ТОДИ” ЖИВХНИЙ ҮЙЛДВЭРИЙН ЭЗНЭЭС ТӨМРИЙН ХҮДРИЙН УУРХАЙН ЭЗЭН БОЛСОН Г.ОЧИРБАТ

“ТНГРИ инвест” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ганбатын Очирбат- ШУТИС-ийн КТМС-ийг төгссөн, хүний нөөцийн менежер мэргэжилтэй. Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайханы аав Б.Тогтмолын “Хүчит шонхор” ХХК-ийн харьяа махны захад менежер, “Витафит групп”-ын Хүний нөөцийн албаны дарга, Борлуулалт хариуцсан дэд захирлаар ажиллаж байгаад 2013 оноос хувийн бизнесээ эхлүүлсэн. Г.Очирбат 2020 оны УИХ-ын сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт АН-аас нэр дэвшээд унасан. Тухайд үед Г.Очирбат жилдээ 520 сая төгрөгийн орлоготой, 1.2 тэрбум төгрөгийн хоёр орон сууц, 3.2 тэрбум төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлж байв. 
 
     Бизнесийн тухайд, Г.Очирбат Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайханы төрсөн ах Т.Батмөнхтэй “Сүлд шонхор” ХХК, “ТНГРИ инвест” ХХК-уудыг хамтран эзэмшдэг. “Сүлд шонхор” ХХК, “ТНГРИ инвест” ХХК-ууд нь “Тоди” хүүхдийн шивх “Өд” ариун цэврийн цаас, “Амт” бэлэн гоймон зэргийг үйлдвэрлэдэг. Т.Батмөнхийн тухайд, НДЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан нэгэн.  
 
Цаашилбал, Г.Очирбат “Цагаан цахир гол” ХХК-ийг Хятадын “Зө-Юүе” ХХК-тай хамтран эзэмшдэг. Г.Очирбатын “Цагаан цахир гол” ХХК нь Хэнтий аймгийн Дархан сумын нутагт байх MV-0173540 дугаартай Майхан толгой болон MV-021868 дугаартай Баруун гэх төмрийн хүдрийн ордын ашиглалтын лицензийг тус тус эзэмшдэг. Харин “Зө-Юүе” ХХК нь Хэнтий аймгийн Дархан сумын нутагт байх MV-010085 дугаартай Хар төмөртэй гэх төмрийн хүдрийн ордын ашиглалтын лицензийг эзэмшдэг. Ноцтой нь, дээрх ордууд нь стратегийн ордын жагсаалтад бүртгэх 39 ордын нэг буюу “Монголросцветмет” ТӨХК-ийн Баргилт ордтой хил залгаа байрлаг. 

МАН-ЫН ХУУЧЧУУЛТАЙ ХЭТЭВЧЭЭРЭЭ ХОЛБОГДСОН “М-ОЙЛ”-ЫН ЭЗЭН Р.БАТБАЯРЫН ГЭРГИЙ Б.ПУНСАЛМАА

“М-Ойл групп” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Бадамдоржийн Пунсалмаа- МУИС-ийг төгссөн, эдийн засагч мэргэжилтэй. 2006 оноос хойш нөхөр Р.Батбаярынхаа “М-Ойл групп” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа. Б.Пунсалмаа 2020 оны УИХ-ын сонгуулиар СХД-т АН-аас нэр дэвшээд унасан. Тухайн үед Б.Пунсалмаа жилд 85 тэрбум төгрөгийн орлоготой, 2.4 тэрбум төгрөгийн дөрвөн орон сууц, хоёр хаустай гэж мэдүүлж байв. Мөн Б.Пунсалмаа 2023 онд АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд УИХ-ын гишүүн асан “Фортуна” хочит Н.Батбаярын охин Б.Жаргаланд ялагдаж байв.
 
      Бизнесийн тухайд, Б.Пунсалмаа, түүний нөхөр Р.Батбаяр хоёр шатахууны толгой компаниудын нэг “М-Ойл групп” ХХК-ийг хамтран эзэмшдэг бөгөөд Б.Пунсалмаа гүйцэтгэх захирлаар, нөхөр Р.Батбаяр нь Ерөнхий захирлаар нь ажилладаг. 
Р.Батбаярын хувьд, эхнэрээ АН-аас хоёр дахь удаа УИХ-д сойж буй боловч өөрөө бизнесээ МАН-ынхантай хамтран явуулдаг. Жишээ дурдъя. 
 
- Р.Батбаяр УИХ-ын гишүүн Сү.Батболдын хүү Б.Баттүшиг, төрсөн ах С.Бат-Очир хоёртой “Глобал лайн” ХХК-ийг 2008 оноос хойш хамтран эзэмшдэг. Б.Пунсалмаа анх “Глобал лайн” ХХК-ийн санхүүгийн менежерээр ажилладаг байсан. “Глобал лайн” ХХК нь импортоор шатахуун оруулж ирдэг. 
 
- Р.Батбаяр нь Хотын дарга асан, "Алим" хочит Ц.Батбаярын төрсөн дүү Ц.Бат-Эрдэнэтэй “Тайширын хүдэр” ХХК-ийг 2011 оноос хойш хамтран эзэмшиж байгаа. “Тайширын хүдэр” ХХК нь Говь-Алтай аймгийн Тайшир сумны нутагт байх MV-017077 дугаартай Бор нуур гэх төмрийн хүдрийн ордын ашиглалтын лицензийг эзэмшдэг. 
 
- Р.Батбаяр, Б.Пунсалмаа хоёр “М-Ойл групп” ХХК-аараа “Бумбын шовх” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Ноцтой нь, “Бумбын шовх” ХХК-ийг Хотын дарга асан, "Алим" хочит Ц.Батбаяр төрсөн дүү Ц.Ганцэцэг эзэмшдэг байсан. 2008 онд Ц.Батбаяр УИХ-ын гишүүн болмогцоо төрсөн дүү Ц.Ганцэцэгийнхээ “Бумбын шовх” ХХК-ийн нэр дээр Хотын дарга Т.Билэгтээр захирамж гаргуулж, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн хойно, БНСУ-ын Элчин сайдын яамны баруун талд 1.8 га газар олгуулж авсан. Ингээд “Бумбын шовх” ХХК-ийг Р.Батбаяр, Б.Пунсалмаа хоёрт шилжүүлсэн. Өдгөө Р.Батбаяр, Б.Пунсалмаа хоёр “Бумбын шовх” ХХК-ийн өнөөх 1.8 га газар дээр нь “Глобал таун” гэх тансаг зэрэглэлийн дөрвөн блок 22 давхар орон сууцны хотхон барьж байгаа. 
 

XI ТОЙРОГ: УГИЙН УЛААН ТОЙРГИЙГ ЦЭНХЭРТҮҮЛЭХ ЦУЦАШГҮЙ ХҮСЭЛТНҮҮД БУЮУ АН-ЫН ГОРИЛОГЧИД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-30 20:17:32
    Зочин: Мундаг бизнесч эмэгтэйг сонгоно оо, хэл хазаж нөхөр булаалдаж, дээлний хээ ярьсан хүүхнүүдээс 100 хувь илүү. Сонгоно.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-30 12:31:01
    Зочин: Пунсалмаа гэгчийг сонгож пиздаагаараа хий эргэв. Зургийг нь харараасч дургүй хүрч байна. Хурцтай хамаралтай гэж байгаа. Бүү үзэгд. Төрд оруулах байтугай төрсөн гэртээч оруулмааргүй бузардаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-30 10:29:06
    Хм: Комeди гар мар ч тууж явах шиг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-30 09:01:28
    Их мэдэх: Сумъяабазар, Энхбаярын шулага, цагаан хоолны багш Анужин, дээд боловсролгүй Алтаншагай, Хулгайч Ганбямбын Дөлгөөн 5 МАН-д үсэрээд л ганцхан суудал авчирна
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188