• Өнөөдөр 2024-05-15

XI ТОЙРОГ: Х.НЯМБААТАРЫН “ЦЭРЭГ”-ҮҮДЭЭР ТОЛГОЙЛУУЛСАН МАН-ЫН ГОРИЛОГЧИД

2024-04-29,   3048

     Эргэлт.мн мэдээллийн сайт сонгогчдын мэдлэгт зориулан “Сонгууль-2024” булангаа нээж, УИХ-ын сонгуулийн хот, хөдөөгийн 13 тойрогт нам намаас нэр дэвшихээр горилогчдыг цувралаар танилцуулж буй. Энэ удаад Сонгинохайрхан дүүрэг буюу XI тойрогт МАН-аас горилогчдыг танилцуулж байна. 
     2020 онд Сонгинохайрханаас Х.Нямбаатар, Б.Жаргалмаа, П.Анужин, Н.Учрал, Д.Сумъяабазар нар сонгогдсон. Нөхөн сонгуулиар, Д.Сумъяабазарын оронд Э.Батшугар орж ирсэн. Тэгвэл ирэх сонгуульд Н.Учрал Сүхбаатар дүүргээс дэвшинэ. Х.Нямбаатар Хотын даргын ажил, албаа үргэлжлүүлнэ. Б.Жаргалмаа тойргоороо үзэгдэхээ больсон, тиймдээ ч түүнийг ирэх сонгуулиар төрийн түшээгээс зодог тайлж, телевизийн салбартаа эргэн очих яриа гарах болсон. Тэгэхээр ирэх сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт Хотын дарга асан Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн П.Анужин, Э.Батшугар нар дэвших тооцоо, таамагтай байна. Харин үлдсэн хоёр мандатын төлөө Хотын орлогч П.Сайнзориг, СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагай, НИТХ-ын асан С.Мөнхчулуун, Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч асан Г.Дөлгөөн нар горилж буй ажээ. 

ХЭНТИЙН ХУНТАЙЖ Г.ДӨЛГӨӨН

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч асан Ганбямбын Дөлгөөн- Хэнтий аймгаас 1992, 2000, 2008 онуудад УИХ-ын гишүүнээр гурав сонгогдож, сүүлд 2016-2020 онд Хэнтий аймгийн Засаг дарга, аймгийнхаа МАН-ын хорооны даргаар ажиллаж асан Н.Ганбямбын хүү. Тиймдээ ч төсвийн мөнгөөр гадаад сурч, төрийн мэдлийн банкуудын даргын суудлуудыг дамжих ажиллаж ирсэн залуу. 
 
      Тодруулбал, Г.Дөлгөөн МУИС-ийг Эдийн засагчаар төгсөж, 2013-2015 онд Боловсролын зээлийн сангийн 16 мянган ам.доллараар Люксембургийн Вант Улсын Люксембургийн их сургуульд эдийн засагчаар магистр хамгаалсан. 2015 онд буцаж ирээд Монголбанканд Ахлах хянан шалгагчаар нэг жил ажиллаад, 2016 онд Хөгжлийн банкны Дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын дарга болж төрд томорсон.  Учир нь, аав Н.Ганбямба нь 2016 оны УИХ-ын сонгуулиар Хэнтийд нэр дэвших мандатаа “бандааш” Д.Гантулгад “бэлэглэж”, оронд нь өөрөө Хэнтий аймгийн Засаг даргаар заларч, хүү Г.Дөлгөөнийгөө Хөгжлийн банкы Дэд захирал болгосон гэлцдэг. Ингээд Г.Дөлгөөн Хөгжлийн банкны Дэд захирлаар хоёр ажиллаад 2018 онд Төрийн банкны Гүйцэтгэх захирал болж дэвшсэн. Мөн хоёр жил ажиллаад, 2020 онд  Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр дэвшин томилогдсон. Товчхондоо, Хэнтийн угшлаараа, басхүү улс төрд нэр, нөлөөтэй аавынхаа буянаар Монголбанк, Төрийн банк, Хөгжлийн банк гэсэн улсын гурван банканд даргын суудал дамжиж “эрхэлсэн” нэгэн.
 
Сонирхуулахад, ардын хүүхдүүдтэй “арсалдаж” Боловсролын зээлийн сангаас 16 мянган ам.доллар буюу 50 орчим сая төгрөг авсан Г.Дөлгөөн 2019 онд Төрийн банкны гүйцэтгэх захирал байхдаа 2.2 тэрбум төгрөгийн долоон орон сууцтай, нэг оффистой гэж мэдүүлж байлаа. 
 
      Цаашилбал, 2022 онд Хөгжлийн банкны хулгайн хэрэг ил болж, тус банкны Тэргүүн дэд захирлаар нь ажиллаж байсан Г.Дөлгөөн нэн түрүүнд холбогдсон. Тодруулбал, Г.Дөлгөөнийг “Монгол мах экспо” ХХК-д 31.9 тэрбум, “Монгол эм импекс” ХХК-д 7.3 тэрбум, “Инжир” ХХК-д 4.7 тэрбум, “Баруун баян транс” ХХК-д 10 тэрбум, “Пирамид орд” ХХК-д 15 тэрбум төгрөгийн зээлийг тус тус хууль бусаар олгуулсан буюу ТЭЗҮ-гүй, барьцаа хөрөнгө хангалтгүй, чанаргүй зээлийн үлдэгдэлтэй, шаардлага хангахгүй, зээл олгоход эрсдэлтэй гэдгийг нь мэдсээр байж албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж тухайн компаниудад зээл олгохыг дэмжсэн гэж үзэж байв. Хоржоонтой нь, Г.Дөлгөөн Хэнтийн гэдэг угшлаараа, басхүү Ардын намд нөлөөтэй ааваараа “нөлөөлүүлж” Хөгжлийн банкны хэргээс хэргээ тусгаарлуулж, улмаар уснаас хуурай гарч дөнгөсөн. Хөгжлийн банкны хэргээс мултарсныхаа хэргийг гаргахын тулд өнгөрсөн оны сүүлчээр Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн ажлаа өгч, СХД-ээс УИХ-д нэр дэвших бэлтгэлээ хангаж эхэлсэн. Магад, СХД-ээс Х.Нямбаатар, Н.Учрал тэргүүтэй Хэнтийнхэн улиран сонгогдож ирсэн учраас өөрт нь ч боломж бий гэж тооцоолсон биз. 
 
Бизнесийн тухайд, Г.Дөлгөөн аав Н.Ганбямбатайгаа “Жонон холдинг” ХХК, “Жонон даатгал” ХХК-уудыг, эхнэр Б.Солонготойгоо “Эс Ди Солюшнс” ХХК-ийг эзэмшиж ирсэн. Сонирхуулахад, Н.Ганбямба алдарт “Жонон даатгал” ХХК-ийнхаа нэрийг “Иншүрко” ХХК болгож, өдгөө гүйцэтгэх захирлаар нь Г.Дөлгөөний эхнэр Б.Солонго ажиллаж буй. Ноцтой нь, Б.Солонго Сангийн яамны харьяа “Үндэсний давхар даатгал” ХК-ийн газрын даргаар давхар ажилладаг. Нөхөр болон хадам аавынхаа даатгалын компанийн захирлаар ажилладаг мөртөө төрийн өмчит даатгалын компанид давхар газрын даргаар ажиллах нь ашиг сонирхлын асар том зөрчил боловч Хэнтийн бэр учраас нөлөөлдөг бололтой юм. 

ТӨСВИЙН МӨНГӨӨР СУРЧ, САЙДЫН ТУСЛАХААС ХОТЫН ОРЛОГЧ БОЛСОН П.САЙНЗОРИГ

 Хотын орлогч Пүрэвжавын Сайнзориг- Ааваараа Завхан, ээжээрээ Ховдынх. Отгонтэнгэр их сургуулийг 2005 онд төгссөн, хуульч мэргэжилтэй. 2006-2008 онд Байгаль орчны сайд И.Эрдэнэбаатарын цув, цунхийг барьдаг туслахаар нь хоёр жил ажилласан. И.Эрдэнэбаатарын тухайд, П.Сайнзоригийн ээжтэй нь нэг нутаг буюу Ховдын уугуул, мөн Д.Загджавын нагац ах, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын Эх-орон намын генсек гэдгээрээ төр, түмэнд эчнээ танигдсан нэгэн. Улмаар П.Сайнзориг 2008 онд Боловсролын зээлийн сангаас 32 мянган ам.долларын зээл авч, Австралийн Нью Соүф Вэйлсийн их сургуульд хууль зүйн магистр хамгаалахаар явсан. Төрийн сайдын туслах байсан түүнд Боловсролын сангийн зээл хялбар олдсон биз. 
 
      П.Сайнзориг 2012 онд Австралиас буцаж ирээд Байгаль орчны яамандаа нэг жил ажиллаад, 2013 он Хууль зүйн яам руу шилжиж, тус яамны Хууль зүйн бодлогын газарт хоёр жил мэргэжилтнээр ажилласан. Ингээд 2016 онд Хууль зүйн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга, 2022 онд Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга болж дэвшсэн. Улмаар өнгөрөгч 2023 онд Х.Нямбаатар Хотын дарга болмогцоо П.Сайнзоригийг орлогчоороо дэргэдээ авсан. Х.Нямбаатар өөрөө ирэх сонгуульд дэвшихгүй учраас өөрийнхөө тойрог Сонгинохайрхандаа П.Сайнзоригийг сойж буй. 
 
      Хотын орлогч П.Сайнзориг нэр дээрээ компанигүй. Гэхдээ ноцтой нэг баримт байна. Намтарт нь дурдсанчлан, П.Сайнзориг 2006-2008 онд Байгаль орчны сайд И.Эрдэнэбаатарын туслах байсан. Тэгвэл Байгаль орчны сайд И.Эрдэнэбаатар 2007 онд “Хөгжил хайрхан” ХХК-д Дархан цаазат Богдхан уулын Шажин хурхын аманд 9.0 га газар олгож байсан гэх. Ноцтой нь, “Хөгжил хайрхан” ХХК-ийг 2006 онд П.Сайнзоригийн аав Нацагийн Пүрэвжав, төрсөн дүү Пүрэвжавын Дагвасүмбэрэл хоёр үүсгэн байгуулж, эзэмшиж байгаад өнгөрсөн онд татан буулгасан байдаг ажээ. Өөрөөр хэлбэл, П.Сайнзориг Байгаль орчны сайд И.Эрдэнэбаатарын туслах байхдаа аав, дүү хоёрыгоо Богд уулын аманд 9.0 га газартай болгож, хожим худалдаж хөлжүүлсэн байж болзошгүй ажээ.  

Т.БИЛЭГТИЙН ТУСЛАХААС Д.СУМЪЯАБАЗАРЫН ИВЭЭЛД БАГТСАН Н.АЛТАНШАГАЙ

СХД-ийн Засаг дарга Наранцэцэгийн Алтаншагай- Архангай аймгийн Жаргалант суманд төрж өссөн. Архангай аймгийн Хүмүүн цогцолбор сургуулийг 2002 онд төгсөж, жүдо, чөлөөт бөхийн тамирчин болохоор “Шонхор” дээд сургуульд элсэж хотод орж ирсэн. Гэвч “Шонхор” дээд сургуульд нэг жил сураад хаясан. 
 
     Ингээд 2004 онд сонгуулиар МАН-д элсэж, сурталчилгааны сонин тарааснаар МАН-тай амьдралаа холбосон. 2008 онд Нийслэлийн МАН-ын хорооны дарга, Хотын дарга Т.Билэгтийн туслах болж, хоёр жил ажилласан. Дараа нь, 2012 онд СХД-ийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазарын ивээлд багтаж, СХД-ийн МАН-ын хорооны дэд даргаар ажиллаж эхэлсэн. 2017-2018 онд СХД-ийн Засаг дарга Ж.Сандагсүрэнгийн орлогчоор нэг жил ажилласан. Улмаар 2018 онд Д.Сумъяабазар Нийслэлийн МАН-ын хорооны даргаар дэвшиж, Н.Алтаншагай дагаад Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга болж дэвшсэн. Ингээд 2020 онд НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, СХД-ийн Засаг даргаар томилогдсон байдаг. 

ХОТЫН ДАРГЫН СЭНТИЙ БУЛААЛДАЖ, АРДЫН НАМААСАА “ХӨӨГДӨЖ” ЯВСАН С.МӨНХЧУЛУУН

НИТХ-ын төлөөлөг асан Самданнямын Мөнхчулуун- Улаанбаатарын уугуул. Толгойтын 42-р сургуулийг 1997 онд, Техникийн их сургуулийг 2001 онд тус тус төгссөн. 2001-2008 онд Германд амьдарсан. Буцаж ирээд 2009 оноос Нийслэлмйн өмчийн харицлааны газрын Концессын хэлтсийн даргаар, 2012 оноос СХД-ийн ЗДТГ-ын даргаар, 2016 оноос НИТХ-ын төлөөлөгч, МАН-ын бүлгийн даргаар ажилласан. 2019 оны хоёрдугаар сард МАН-ын Удирдах зөвлөлөөс Хотын даргад С.Амарсайханыг нэр дэвшүүлж, НИТХ-аар оруулсан. Гэтэл С.Мөнхчулуун заалнаас өөрийгөө нэр дэвшүүлж, С.Амарсайхантай өрсөлдсөн. Шанд нь, С.Мөнхчулуун албан тушаалын төлөө намынхаа бодлогыг сөрсөн “хэрэг”-ээр МАН-аас “хөөгдсөн”. Улмаар 2020 оны УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт бие дааж нэр дэвшээд унасан. Намар нь НИТХ-ын сонгуульд ч нэр дэвшээгүй. Ингээд С.Мөнхчулуун 2021 онд арга буюу МАН-даа эргэн элсэж, 2022 онд ШӨХТГ-ын даргаар томилогдож байв. Дараа нь жил, 2023 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн Ерөнхий аудитороор томилогдсон. 
 
     Бизнесийн тухайд, С.Мөнхчулууныг НИТХ-ын төлөөлөгч байхад төрсөн дүү С.Бямбацогт нь диксо байрны үүдэнд согтуу сэлэм эргүүлэн танхайрч, сошиалын “од” болж байсныг санаж буй байх. Тэгвэл С.Бямбацогт нь С.Мөнхчулууны эхнэр Т.Ариунбулагтай “Ви Ай Пи Эс” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Харин “Ви Ай Пи Эс” ХХК нь төрийн байгууллага, төрийн өмчит үйлдвэр, обьектуудад гэрээт харуул, хамгаалалтын үйлчилгээ үзүүлдэг. Жишээ нь, “Ви Ай Пи Эс” ХХК нь “Цемент шохой” ТӨХК-ийг хамгаалах 768 сая төгрөгийн тендер, Ус сувгийн удирдах газрыг хамгаалах 1.1 тэрбум, Хөдөө, аж ахуйн их сургуулийг хамгаалах 297 сая төгрөгийн тендер тэргүүтэй төсвийн 20 тендерт ногоон гэрлээр шалгарсан. 
 
   Сонирхуулахад, С.Мөнхчулууны хадам ээж Л.Оюунцэцэг, хадам дүү Т.Наранбулаг нарынх нь “Наранбулаг сервис” ХХК болон “Шилэн” хочит Б.Цогтгэрэлийн хадам ээж У.Булган, эхнэр Д.Мандхай нарынх “Улаанбаатар радио” ХХК-ууд нийслэлийн өмчит Баруун сэлбэ үйлчилгээний төв буюу “Нарны титэм” барилгыг “булаацалдан” бүтэн 20-иод жил шүүхдэлцэж буй. 
 

XI ТОЙРОГ: Х.НЯМБААТАРЫН “ЦЭРЭГ”-ҮҮДЭЭР ТОЛГОЙЛУУЛСАН МАН-ЫН ГОРИЛОГЧИД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 8
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-29 19:56:09
    S: SEKSDI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-29 15:26:59
    Зочин: Мөнхчулууныг дэмжинээ чадвартай залуу боловсон хүчин гэж боддог
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-29 15:24:31
    Зочин: Хөгжлийн банкны хулгайч Г.Дөлгөөн гэж нөхөр одоо юун дэвших вээ. Шалгуулах ёстой шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-29 15:18:11
    Зочин : Алтаншагайг дутуу судалдсан байна. Монгол Улсын Их Сургуулийг Улс төр судлаач мэргэжилээр төгссөн. Мэргэжилээрээ ажиллаж байгаад МАН-д элссэн. СХД-ийг өөд нь татаж авч яваа залуу гэж боддог.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-29 13:21:47
    зочин: Сумъяабазар хулгайч одоо болих хэрэгтэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-29 12:46:39
    Отгоо: Алтаншагай дөлгөөн нар болоогүй шүү нусан банди нар зүгээр байгаарай сумьяабазараа суганы үгнүүдээ эхлээд ажил хийлгээд сургачихсан дараа нь том том юм яриул
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-29 11:55:44
    Sumiya boliyo: Sumiyabazar odoo boliochdee gishuunii suudlaa hayaad hotiin darga bolood bsn
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-29 08:32:05
    09: Сонгинохайрхан дүүрэгт МАН нэг ч санал авахгүй
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188