• Өнөөдөр 2024-04-30

VII ТОЙРОГ: “АЖНАЙ” Д.БАТ-ЭРДЭНИЙН ТУСЛАХУУДААР ТОЛГОЙЛУУЛСАН АН-ЫН ДОЛООН ГОРИЛОГЧ

2024-04-17,   1312

   Эргэлт.мн мэдээллийн сайт сонгогчдын мэдлэгт зориулан “Сонгууль-2024” булангаа нээж, УИХ-ын сонгуулийн хот, хөдөөгийн 13 тойрогт нам намаас нэр дэвшихээр горилогчдыг цувралаар танилцуулж буй. Өмнөх дугаартаа бид говийн бүсийн VII тойрогт МАН-аас горилогчдыг танилцуулсан. Харин энэ удаад говийн бүсийн VII тойрогт АН-аас горилогчдыг танилцуулж байна. 
   Говийн бүсийн VII тойрогт МАН-аас АТГ-ынханд байтугай, АНУ-ын хууль хяналтынханд ч “хүчрэгдэхээ” больсон Сү.Батболд, төмөр зам, төмрийн хүдрийн магнат Б.Дэлгэрсайхан, дуулиант “нүүрсний хулгай”-н хэргээс мултарч дөнгөсөн Н.Наранбаатар, газрын наймааны "эцэг" Б.Наранхүүгийн “эрдэнэ мэт” эгч Б.Саранчимэг тэргүүтэй “томчууд” нэр дэвшинэ. Тэгвэл тэдний эсрэг АН-аас “Ажнай” Д.Бат-Эрдэнэ том, жижиг хоёр туслахаа сөргүүлэн сойж буй ажээ. 

“АЖНАЙ” Д.БАТ-ЭРДЭНИЙН “ХОЙД ДҮР”, ТОМ ТУСЛАХ Р.СЭДДОРЖ 

Өмнөговь аймгийн Засаг дарга Ренчинбямбын Сэддорж- Өмнөговь аймгийн уугуул. “Хан-Уул” дээд сургуулийг төгссөн, математикч мэргэжилтэй. Их сургуулиа төгсмөгцөө буюу 2002 онд “Ажнай” Д.Бат-Эрдэнийн “Ажнай корпораци”-ийн Маркетингийн албаны даргаар ажилд орсон. 2004 онд “Ажнай” Д.Бат-Эрдэнийг УИХ-ын гишүүн болмогц хувийн туслах нь болж дэвшсэн. Улмаар “Ажнай” Д.Бат-Эрдэнийн цув, цүнхийг таван жил барьж гүйсний шагналд 2009 онд “Тавантолгой” ХК-ийн Санхүү хариуцсан дэд захирал болж, 2013 оноос “Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлсэн. Ингээд “Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар долоон жил ажиллаад 2020 онд Өмнөговь аймгийн Засаг даргаар томилогдсон намтартай.  
 
     2022 оны намар АТГ-аас “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, Р.Сэддорж хоёрыг “нүүрсний хулгай”-н хэрэгт хамтад нь шалгаж буйгаа нийтэд зарласан. Гэвч “Ажнай” Д.Бат-Эрдэнэ “нүүрсний хулгай”-н хэргээ өөрөө үүрч, харин Р.Сэддоржийгоо “нүүрсний хулгай”-н хэргээс мултлахаар эрх баригчидтай “гар барьсан”. “Тохироо”-ны дагуу Р.Сэддоржийг “нүүрсний хулгай”-н хэрэгт гэрчээр дуудсан дүр үзүүлж, “Тавантолгой” ХК-ийг долоон жил удирдахдаа 350 сая төгрөгийн урамшуулал авснаас өөр гэмгүй мэтээр толгойг нь илээд тавьж явуулсан. Өдгөө Р.Сэддорж ирэх сонгуулиар Төрийн ордонд “Ажнай” Д.Бат-Эрдэнийн “хойд дүр” болж орж ирэхээр говийн тойргийг тун идэвхтэй тойрч буй. 
 
Бизнесийн тухайд, Р.Сэддорж нь Ажнай” Д.Бат-Эрдэнийн хүү Б.Билгүүн, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Н.Энхбат хоёртой “Говь төрх” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Харин эхнэр С.Хашцэцэг нь “Галтваань” ХХК-ийг тус тус эзэмшдэг. Сонирхуулахад, Р.Сэддоржийн “Галтваань” ХХК нь Цогт-Овоо, Ханбогд сумдад 30 га газартай. 

“АЖНАЙ” Д.БАТ-ЭРДЭНИЙН ЖИЖИГ ТУСЛАХ Н.ЭНХБАТ

Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Насанбуянгийн Энхбат- Өмнөговь аймгийн Баяндалай сумын уугуул. 2007 онд ХААИС-ийн Бизнесийн сургуулийг төгссөн, эдийн засагч мэргэжилтэй. Их сургуулиа төгсмөгцөө буюу 2007 онд “Ажнай” Д.Бат-Эрдэнийн туслах болж, хоёр жил цув, цүнхийг нь барьж гүйсэн. Улмаар 2010 онд Өмнөговь аймгийн Хаан банкны захирлаар томилогдож, 2020 он хүртэл ажилласан. Энэ завсарт 2012, 2016, 2020 онд Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр гурав дараалан сонгогдсон. Улмаар 2020 оны арваннэгдүгээр сард Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн Уул уурхай, байгаль орчин, дэд бүтэц хариуцсан орлогч болж, 2023 оны тавдугаар сард Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр томилогдсон намтартай.
 
  Өдгөө Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Н.Энхбат, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж хоёр говийн тойргийг дөрөө харшуулан тойрч байгаа. Өөрөөр бол, “Нүүрсний хулгай”-н хэргээр УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөж, төрийн тайзнаас буусан “Ажнай” Д.Бат-Эрдэнэ ирэх сонгуулиар Төрийн ордонд өөрийгөө хоёр хувилж орж ирэхээр бэлтгэж буй нь энэ.  
 
Бизнесийн тухайд, Н.Энхбат нь УИХ-ын гишүүн асан “Ажнай” Д.Бат-Эрдэнийн хүү Б.Билгүүн, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж хоёртой “Говь төрх” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Цаашилбал, Н.Энхбат нь Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч В.Мөнхбат, ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир, ИТХ-ын төлөөлөгч Н.Хүрлээ, ИТХ-ын төлөөлөгч Ш.Баянбат, ИТХ-ын дарга асан Х.Түмэнбаяр, ИТХ-ын төлөөлөгч асан Ч.Батжаргал нартай “Өм нэгдэл” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Ноцтой нь, Н.Энхбатын “Өм нэгдэл” ХХК нь Өмнөговь аймгийн улс төр, бизнесийн асар том “лобби бүлэг” гэж ойлгож болно. Тухайлбал, Н.Энхбатын хамтрагчид болох В.Мөнхбат, Ш.Баянбат хоёр нь Өмнөговь аймгийн барилгын бүх тендерүүдийг хамдаг бол Н.Хүрлээ, Ч.Батжаргал, Х.Түмэнбаяр, Б.Эрдэнэ-Очир дөрөв нь Өмнөговь аймгийн нүүрсний тээврийг атгадаг. Товчхондоо, УИХ-ын сонгуульд горилж буй Н.Энхбатын ард “Ажнай” Д.Бат-Эрдэнээс эхлээд Өмнөговь аймгийн АН-ын улс төр, бизнесийн бүх томчууд зогсож байгаа гэсэн үг. 

“ЭРЭЛ”-ИЙН Б.ЭРДЭНЭБАТЫН ТУСЛАХААС ТӨРИЙН ТҮШЭЭ БОЛСОН Р.ЭРДЭНЭБҮРЭН

АН-ын дэд дарга Равжихын Эрдэнэбүрэн- Дундговь аймгийн уугуул. 1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн, эрх зүйч мэргэжилтэй. Их сургуулиа төгсмөгцөө УИХ-ын гишүүн, “Эх орон” намын дарга, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын туслахаар ажиллаж эхэлсэн. Улмаар 2004 оны сонгуулиар Б.Эрдэнэбатын дэмжлэгээр УИХ-ын гишүүнээр сонгогдож байв. Цүнх барьсан туслахаас шууд тамга атгасан түшээ болох хувь төрийн түүхэнд Р.Эрдэнэбүрэнгээс өөр тийм ч олон хүнд тохиогоогүй байх. Дараа нь, 2008-2011 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийн зөвлөхөөр ажиллаж байгаад 2012 онд БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга болж дэвшсэн. Улмаар 2015 оны арванхоёрдугаар сард ажлаа өгч, оронд нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зөвлөх болж, 2016 оны УИХ-ын сонгуульд Дундговьтоо  нэр дэвшихээр бэлдэж эхэлсэн. 
 
      Гэвч 2016 оны дөрөвдүгээр сард АТГ-аас Р.Эрдэнэбүрэнг баривчилсан. Тодруулбал, түүнийг БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга байхдаа орон сууцны үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ бусдаас их хэмжээний авлига авсан байж болзошгүй хэргээр ийн баривчилж байв. Үргэлжлүүлэн Р.Эрдэнэбүрэнг яллагдагчаар татаж, бусдаас авлигад авсан 1.0 тэрбум төгрөг төгрөгөөрөө Хан-Уул дүүргийн 11-р хороо, “Ривер гарден” хотхонд зургаан өрөө байр, хоёр автомашины зогсоол худалдаж авсан үндэслэлээр шүүхэд шилжүүлсэн. Гэвч 2018 онд шүүхээс Р.Эрдэнэбүрэн гэм буруугүй гэж үзэж сулласан байдаг. 
 
Бизнесийн тухайд, Р.Эрдэнэбүрэн “Гравити майнинг трейд” ХХК, “Сонголт дизайн” ХХК, “Тоска” ХХК-уудыг эзэмшдэг. Ноцтой нь, Р.Эрдэнэбүрэнгийн “Сонголт дизайн” ХХК, “Тоска” ХХК-ууд нь тендерийн мангасууд, тэр дундаа Дорноговь аймгийн барилгын тендерүүдийг “түүдэг” гэмтэй. Тухайлбал, “Сонголт дизайн” ХХК нь төрийн 100 тендерт, “Тоска” ХХК нь зургаан тендерт оролцсон байдаг.

ГОВЬСҮМБЭРИЙН НООС, НООЛУУР, МАХНЫ ҮЙЛДВЭРҮҮДИЙН “БОСС” Л.ОДСЭР

Дундговь аймгийн Засаг дарга асан Лувсандоржийн Одсэр- Говьсүмбэр аймгийн уугуул. Цэргийн нэгдсэн дээд сургуулийг төгссөн, Артиллерийн командийн офицер мэргэжилтэй. 1995 оноос хойш хувиараа бизнес эрхэлж, “Чойр-од” ХХК, “Чойр хайрхан” ХХК-уудаа удирдаж байгаад 2012 онд Говьсүмбэр аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Улмаар 2013-2016 онд Говьсүмбэр аймгийн Засаг даргаар ажилласан. Ингээд 2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас Б.Наранхүүтэй ханьсаж нэр дэвшээд унасан. 
 
Бизнесийн тухайд, Л.Одсэрийн “Чойр хайрхан” ХХК нь 2012 онд ЖДҮХС, Чингис бондын зээлээр Говьсүмбэр аймагтаа ноос угааж боловсруулах үйлдвэр байгуулсан. Мөн “Чойр хайрхан” ХХК нь төсвийн барилгын тендерүүдэд оролцдог бөгөөд хамгийн сүүлд 2020 онд Сүхбаатар дүүрэгт 320 хүүхдийн суудалтай сургууль барих 3.4 тэрбум төгрөгийн тендерт шалгарсан. Мөн Л.Одсэрийн “Мон эко лэмб” ХХК нь махны үйлдвэртэй, том сүлжээ дэлгүүрүүдэд “Mongolian lamb” нэрээр хурганы мах нийлүүлдэг. 

БАНК БУСЫН БОСС Д.АЛТАНГЭРЭЛ

АН-ын ҮБХ-ны гишүүн Доржрэнцэнгийн Алтангэрэл- Цэргийн нэгдсэн дээд сургууль төгссөн, улс төр судлаач мэргэжилтэй. Дорноговь аймгийн уугуул. Техникийн их сургуулийг төгссөн, электроникийн инженер мэргэжилтэй. “Метро пласт” ХХК-ийн Ерөнхий захирал, “Нэт капитал санхүүгийн групп”-ын ТУЗ-ийн дарга намтартайгаар 2020 оны УИХ-ын сонгуульд Дорноговь аймагт АН-аас нэр дэвшээд унасан. Ирэх сонгуульд даагаа нэхэхээр дахин горилж, говийн тойргуудыг тойрч яваа. 
 
Бизнесийн тухайд, Д.Алтангэрэл нь ээж, дүү нартайгаа хамт банк бус, санхүүгийн салбарыг “атгадаг”. Тодруулбал, Д.Алтангэрэл нь төрсөн дүү Д.Сүндийтэйгээ ББСБ-ын үйлчилгээ үзүүлдэг “Нэт капитал санхүүгийн групп” ХХК, “Нэт капитал девелопер” ХХК-уудыг хамтран үүсгэн байгуулж, удирдаж ирсэн. Төрсөн дүү Д.Сүндий нь 2020 оны УИХ-ын сонгуульд Чингэлтэй дүүрэгт “Сахигтун” эвслээс нэр дэвшээд унасан. Ноцтой нь, Б.Сүндий 2021 онд удаа дараагийн гэр бүлийн хүчирхийлэл болон авлигын хэргүүдээр гурван жилийн хорих ял авч, хоригдож байгаад өнгөрсөн онд суллагдсан. Бага дүү Д.Жавзандулам нь “Нэт капипал”-ын 20 охин компанийг удирддаг. Харин ээж Д.Сүгжлхам нь “Асманы булаг” ХХК-аараа Дорноговь аймагтаа ББСБ, сүлжээ ломбард ажиллуулдаг ажээ. 

Л.ГАНТӨМӨРИЙН ЗӨВЛӨХ Г.ГАНБААТАР

АН-ын дарга Лу.Гантөмөрийн зөвлөх Гомбын Ганбаатар- Дорноговь аймгийн уугуул.  Цэргийн нэгдсэн дээд сургуулийг төгссөн, улс төр судлаач мэргэжилтэй. АН-ын "гал тогоо"-г сахиж байгаад 2012 онд олонх болмогц нь 2012-2016 онд Дорноговь аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан. Улмаар 2016 оны УИХ-ын сонгуульд Дорноговь, Говьсүмбэр аймагт АН-аас нэр дэвшээд УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгт ялагдаж унасан. Ирэх сонгуульд даагаа нэхэхийн тулд өнгөрсөн оноос АН-ын дарга Лу.Гантөмөрийн Зөвлөхөөр томилогдон ажиллаж байгаа. 
 
Бизнесийн тухайд, Г.Ганбаатар “Гэгээн дорно” ХХК-ийг эзэмшдэг. “Гэгээн дорно” ХХК нь Хамрын хийдийн хажууд “Говийн өглөө” жуулчны бааз ажиллуулдаг.

АН-ЫН "ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ" Б.ЭНХМӨНХ

УИХ дахь АН-ын бүлгийн Ажлын албаны дарга Батжаргалын Энхмөнх- Өмнөговь аймгийн уугуул. “Идэр” дээд сургуулийг төгссөн, сэтгүүлч мэргэжилтэй. 2016-2017 онд Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч, 2019-2021 онд Өмнөговь аймгийн АН-ын дэд дарга, 2021-2022 онд АН-ын Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, 2023 оноос УИХ дахь АН-ын бүлгийн Ажлын албаны даргаар ажиллаж байгаа. 
 

VII ТОЙРОГ: “АЖНАЙ” Д.БАТ-ЭРДЭНИЙН ТУСЛАХУУДААР ТОЛГОЙЛУУЛСАН АН-ЫН ДОЛООН ГОРИЛОГЧ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 7
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-29 12:56:23
    нам бус нь бна : Эдний дотор хийсэн юмтай, хэлэх үгтэй нь хүмүүс бас бн. Р.Эрдэнэбүрэн нь өөрийн төрсөн сум Гурвансайханыг жишиг шинэ сум болгон тохижуулсан.Ингэхдээ ихэнх санхүүг гадны хандивлагчлаас босгосон, иргэдийн оролцоог хөгжүүлсэн бн. Үүний ачаар Дундговьд 2020 онд АН олонх болсон ........... өдгөө олон сумын ерөнхий төлөвлөгөөг гарган ажлыг эхлүүлээд бгаам билээ.............. Ийм хүнийг л дэмжицгээнэ шүү хэдүүлээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-19 08:53:36
    Залуучдаа дэмжих хэрэтэйй: Энэ дундаас ганц ЭНХМӨНХ д цэвэр залуу бн даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-17 13:59:50
    S: ANYSIN SEXSYG UILCHLGE80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-17 13:20:47
    Шүг: Сэддорж тэнэг яахаараа танайд санал авдаг билээ. Дундговийхон өмнөговьд хэзээч нэг хүнч санал бгөхгүй толгойгоо тавъя!!! 3.билүү 4 чёнжийг нь хухчихсан аймаг шүүдээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-17 11:38:00
    S: SEXSDN MERGJLN80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-17 11:01:59
    Жамсран: Юу бичээд байгаа хүүр вэ?! Нанзадын наранбаатар нүүрсний хэргээс яаж хэзээ мултарсан юм бэ?! Хэн мулталсан юм бэ?! Үнэн зүйл бичнэ шүү!!!???
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-17 07:12:40
    Дэлхий: Дундговийн Засаг дарга Цагаанхүүгийн Мөнхбат аль ч үзүүлэлтээрээ энэ горьдогчдоос хамаагүй илүү шүү. Дэвшүүлэхгүй бол эд нарын хэн нь ч лав л Дундговьд сураггүй. Сэддорж арай илүү санал авна. Бусад нь байхгүй. Юугаар ч мөрийцөхөд бэлэн.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188