• Өнөөдөр 2024-04-30

VII ТОЙРОГ: “ОФФШОРЧИД”-ООР ТОЛГОЙЛУУЛСАН МАН-ЫН ДОЛООН ГОРИЛОГЧ

2024-04-15,   965

       Эргэлт.мн мэдээллийн сайт сонгогчдын мэдлэгт зориулан “Сонгууль-2024” булангаа нээж, УИХ-ын сонгуулийн хот, хөдөөгийн 13 тойрогт нам намаас нэр дэвшихээр горилогчдыг цувралаар танилцуулж буй. Өмнөх дугаартаа бид  VI тойрог буюу Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймагт АН, МАН-аас горилогчдыг танилцуулсан. Энэ удаад говийн бүсийн VII тойрогт МАН-аас горилогчдыг танилцуулж байна. 

ГАЗРЫН НАЙМАА, ТОМИЛГОО, ТЕНДЕР, ЖДҮ, БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САН... Б.САРАНЧИМЭГ

УИХ-ын гишүүн Батсүхийн Саранчимэг- Дундговь аймгийн уугуул. 2008, 2012 онуудад НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. НИТХ-ын төлөөлөгч байхдаа буюу 2010-2015 онд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлаар таван жил давхар ажиллаж, төрд ч, түмэнд ч танигдаж амжсан. Улмаар 2016, 2020 онуудад Баянзүрх дүүргээс УИХ-ын гишүүнээр улиран сонгогдсон. Гэвч ирэх сонгуульд говийн тойрогт горилж буй. 
 
Газрын наймаа- Төрсөн дүү Б.Наранхүү нь АН-ынх боловч МАН-ын М.Энхболдтой 25 жилийн тэртээгээс газрын наймаагаар ганзага нийлж, мөнгөөр, мориор хоршиж ирснийг бүгд мэднэ. Тэгвэл Б.Наранхүүгийн хувийн хуульчаар ажиллаж байгаад хожмоо газрын наймааны хамтрагч нь болсон Б.Билэгсайхан гэж хүн бий. Б.Билэгсайхан нь Б.Наранхүүтэй хамтран алдарт “Суруга Монгол”-ын газарт эзэн сууж, өдгөө “Акояа резиденс” гэх тансаг зэрэглэлийн хотхон барьж, худалдаад дуусч буй. Гэтэл Б.Билэгсайхан нь УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, түүний нөхөр Д.Мөнхбаатар хоёртой 2012 оноос хойш “Шинэ зууны Улаанбаатар эрдэм шинжилгээний төв”-ийг хамтран эзэмшиж ирсэн, нэгдмэл ашиг сонирхолтой этгээд нь. Тэгэхээр Б.Наранхүүгийн газрын наймааны хэрэг Б.Саранчимэгээс холуур өнгөрөхгүй гэсэн үг. 
 
Томилгоо- Б.Саранчимэгийг 2016 онд УИХ-ын гишүүн болсны дараахан нөхөр Д.Мөнхбаатар нь “Буянт-Ухаа” нисэх буудлын даргаар томилогдсон. Дараа нь, Иргэний нисэхийн ерөнхий газрын Аэродроны дарга болсон. Ингээд зогсохгүй, Б.Саранчимэгийг 2020 онд хоёр дахиа УИХ-ын гишүүн болсны дараа нөхөр Д.Мөнхбаатар нь “Монголын төмөр зам” ТӨХК-ийн дэд захирлаар томилогдсон. Цаашилбал, Б.Саранчимэгийн төрсөн дүү Б.Оюунчимэгийн нөхөр В.Үнэнбат нь “Дүнжингарав” худалдааны төвийн менежерээр ажиллаж байгаад 2016 оны сонгуулийн дараа ХХААХҮЯ-ны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Гүйцэтгэх захирлаар томилогдож, дараа нь ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга болж байв.
 
Боловсролын зээлийн сан- Б.Саранчимэгийн бага дүү Б.Оюунчимэг гэх эмэгтэй бий. 2016 онд АНУ-ын Киунсландын их сургуульд магистр хамгаалахаар Боловсролын зээлийн сангаас 16 мянган ам.долларын авсан гэх асуудал нь өнгөрсөн онд нийтэд ил болсон. 
 
Тендер- Б.Саранчимэг, нөхөр Д.Мөнхбаатарынхаа хамт “Жонон лүндэг” ХХК, “Гранд фиорэ” ХХК-уудыг эзэмшиж ирсэн. “Жонон лүндэг” ХХК нь Б.Саранчимэгийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал байхад мод, бутны суулгац, үрсэлгээ нийлүүлдэг байсан гэдэг. Харин “Гранд фиорэ” ХХК нь нийслэлийн ЕБС-уудын үдийн хоолны мах, гурил, будаа гэх мэт хүнсний материалуудыг нийлүүлж ирсэн баримт бий. 
 
ЖДҮ- Б.Саранчимэгийн төрсөн дүү Б.Одончимэг нь “Сингапур хэльткейр сентр” ХХК-аараа ЖДҮ-ээс 800 сая төгрөгийн зээл авсан. Б.Саранчимэг “Манай дүү зээл авсан нь үнэн, гэхдээ би нөлөөлөөгүй” гэж бултсан. Харин Б.Наранхүү “Би дүүгийнхээ ЖДҮ-ийн зээлийг төлчихнө. Бүр, нэмээд дүүдээ хоёр тэрбум төгрөг өгнө” гэж аархсан байдаг. 

ДОРНОГОВИОС ДЭЛХИЙД ДАНСЛАГДСАН ОФФШОРЧИН Б.ДЭЛГЭРСАЙХАН

УИХ-ын гишүүн Борхүүгийн Дэлгэрсайхан- Дорноговийн уугуул. Зах зээл шилжих үед Дорноговь аймагтаа цагдаа байсан. Зах зээлийн дараа, 1993 онд “Дорнын говь” ХХК-ийг төрсөн ах Б.Ганхуягтайгаа хамтран үүсгэн байгуулж, бизнест хөл тавьсан. Эхэндээ махны бизнесээр дагнаж байгаад, дараа нь хятадуудтай хамтран “Болд төмөр ерөө гол” ХХК-ийг байгуулж, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт орших “Баянгол”-ын төмрийн хүдрийн уурхайг ухаж эхэлснээр олон улсад зартай оффшорчин болсон намтартай. Улмаар 2016, 2020 онд УИХ-ын гишүүнээр улиран сонгогдож, 2023 оноос Түгжрэлийн сайдын давхар дээлтэй болсон. 
 
      УИХ-ын гишүүн, Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайханы салбар бүрд “өндөглүүлсэн” компаниуд болон тив алгасуулан байгуулсан оффшор компаниудыг нь танилцуулбал цаг, цаас эс хүрэлцэнэ. Иймд одоогийн гурван гол бизнесийг нь товч танилцуулъя. 
 
Төмөр зам- УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Монголиан транс лордс” ХХК, “Монголиан транс лайн” ХХК, “Монголиан транс ложистик” ХХК, “Монголиан транс лидер” ХХК гэх төмөр замын компаниудтай. “Монголиан транс ложистик” ХХК-аараа 2009 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт байрлах “Баянгол”-ын уурхай руугаа 115 км төмөр зам тавьж, Монголын анхны хувийн төмөр замтай хүн болсон. Дараа нь, дахиад 2019 онд Дорноговь аймгийн Алтанширээ суманд төмрийн хүдэр баяжуулах үйлдвэр рүүгээ 12 км төмөр зам барьж байв. Энэ туршлагаараа дулдуйдан 2022 онд “Монголиан транс лайн” ХХК, “Монголиан транс ложистик” ХХК-аараа Засгийн газраас Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км төмөр замын концессыг гэрээг авч, улмаар 2022 оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулсан. Гэрээ ёсоор Б.Дэлгэрсайхан Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км төмөр замыг 20 жил эзэмшиж ашиглаад улсад шилжүүлж өгнө. Өөрөөр бол, Ханги боомтоор төмөр замаар гарах, орох бүх ачаа бүтэн 20 жил Б.Дэлгэрсайханы “халаас”-аар дамжина гэсэн үг.  
 
Уурхай- Эхэнд дурдсанчлан Б.Дэлгэрсайханы “Болдтөмөр ерөө гол” ХХК нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт орших “Баянгол”-ын төмрийн хүдрийн уурхайг олборлодог. Өөрөөр бол, улсын уурхайнуудын дараа орох хамгийн том хувийн уурхай. “Болд төмөр ерөө гол” ХХК нь 950 гаруй ажилчинтай гэхээр хэр том компани болох нь тодорхой биз. Сонирхуулахад, Б.Дэлгэрсайханы үү Д.Баярцэнгэл нь “Клиффорд воллес катеринг” ХХК нь 200 ажилчинтай, “Болд төмөр ерөө гол” ХХК-ийн ажилчдын хоол, уурхайн кемпын өдөр тутмын үйл ажиллагааг хариуцдаг. 
 
Тендер- УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы үүсгэн байгуулсан “Дорннын говь” ХХК-ийнх нь Ерөнхий захирлаар төрсөн ах Б.Ганхуяг нь ажилладаг. Тэгвэл Б.Ганхуягийн хүү Г.Гантулга нь “Гантулга трейд” ХХК-ийг эзэмшиж, удирддаг. “Гантулга трейд” ХХК нь Дорноговь аймгийн бүхий л барилгын тендерүүдийг дангаараа хуу хамдаг. Жишээ нь, “Гантулга трейд” ХХК нь Дорноговь аймгийн Сайншандад түрээсийн орон сууц барих 13.5 тэрбум төгрөгийн тендер, Сайншандад 150 ортой цэцэрлэх барих 1.6 тэрбум төгрөгийн тендер, Замын-Үүдэд 100 ортой цэцэрлэх барих 962 сая төгрөгийн тендер, Сайншандад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв барих 3.2 тэрбум төгрөгийн тендер, Замын-Үүдэд соёлын төв барих 3.0 тэрбум төгрөгийн тендер зэрэгт тус тус шалгарсан байдаг. 

Б.ДЭЛГЭРСАЙХАНЫ “СҮҮДЭР” Т.ЭНХТҮВШИН

УИХ-ын гишүүн Төмөртогоогийн Энхтүвшин- Дорноговь аймгийн уугуул. Дорноговийн улс төр, бизнесийн баруун, зүүний магнайд зогсдог “босс”-ууд болох УИХ-ын гишүүн асан Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан хоёроос “хөтлүүлж” өдий зэрэгт хүрсэн дардан намтартай. Тодруулбал, Б.Дэлгэрсайханаас өмнө Дорноговийг Ж.Батсуурь “атгадаг” байлаа. Ж.Батсуурь 2000-2008 онд Дорноговьд найман жил засаглахдаа долоон жилд нь Т.Энхтүвшинг дэргэдээ суулгаж, тамгаа бариулсан. Улмаар Ж.Батсуурийг УИХ-ын гишүүн болсны дараа Т.Энхтүвшин хотод шилжин ирж, Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга, НМХГ-ын Санхүүгийн хяналтын хэлтсийн даргаар тус тус ажилласан. Улмаар Т.Энхтүвшин Засаг дарга болохоо мэдсэн, мэдэрсэн юм шиг 2015 онд буцаад Дорноговь аймагтаа очсон. Ингээд дараа жил нь буюу 2016 онд “төлөвлөсөн” ёсоор Дорноговийн Засаг даргаар томилогдож байв. Харин Засаг дарга болсноос нь хойж харж хандаж, 2020 онд УИХ-ын гишүүн болгосон хүн нь УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан. Өдгөө ч Б.Дэлгэрсайхан Т.Энхтүвшинг УИХ-ын гишүүнээр улираахаар говийн тойргоор тойрч буй. 
 
УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин “Бэл капитал” ХХК, “Сайхан улаан оргил” ХХК, “Бурхант тал” ХХК-уудыг үүсгэн байгуулж, ТУЗ-ийн дарга, Ерөнхий захирлаар нь ажиллаж байсан. Харин 2020 онд УИХ-ын гишүүнээр сонгогдохдоо “Бурхант тал” ХХК-аа өөрийнхөө нэр дээр үлдээж, “Сайхан улаан оргил” ХХК, “Бэл капитал” ХХК-уудаа хамаарал бүхий этгээдүүддээ шилжүүлсэн. Тус бүрээр нь танилцуулъя. 
 
- “Бурхант тал” ХХК-ийг Дорноговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч асан Д.Баярсайхан\2020 онд бурхан болсон\-тай хамтран үүсгэн байгуулж, эзэмшиж ирсэн. Одоо ч Т.Энхтүвшин ХОМ-тээ “Бурхант тал” ХХК-ийн 50 хувийг эзэмшдэг гэж мэдүүлдэг. Сонирхуулахад, Д.Баярсайханы төрсөн эгч Д.Баярмаа нь Т.Энхтүвшинг УИХ-ын гишүүн болсноос хойш буюу 2020 оноос хойш “Болор аграмба” ХХК-аараа Дорноговь аймгийн Саранхөхөө театрын барилгын 9.5 тэрбум төгрөгийн тендер, Дорноговь аймгийн Сайншанд сумын 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын 7.8 тэрбум төгрөгийн тендер зэрэгт шалгарсан баримт бий. 
 
- “Бэл капитал” ХХК-аа эхнэрийнхээ төрсөн дүү Г.Мягмаржавын нэр дээр шилжүүлсэн. Хадам дүү Г.Мягмаржав нь Т.Энхтүвшингийн “Бэл капитал” ХХК-ыг эзэмшиж, удирдахаас гадна Д.Оджаргалын “М Си Эс групп”-ын охин компаниуд болох “М Си Эс инвестмент” ХХК, “М Си Эс венчерс” ХХК-уудын гүйцэтгэх захирлаар, такси үйлчилгээний салбарт ноёлж буй “Юбикаб холдинг” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар тус тус ажилладаг.
 
- “Сайхан улаан оргил” ХХК-аа төрсөн ахынхаа хүү Э.Урантөгсийн нэр дээр тус тус шилжүүлсэн. Төрсөн ахынх нь хүү Э.Урантөгс нь Т.Энхтүвшингийн “Сайхан улаан оргил” ХХК-ийг эзэмшиж, удирдахын сацуу 2018 онд “Сайхан говь рөүд” ХХК-ийг үүсгэн байгуулсан. “Сайхан говь рөүд” ХХК нь 2021 оноос хойш Дорноговь аймгийн төв Сайншандын авто замуудад тэмдэглэгээ хий, сард сааруулагч тавих 108 сая төгрөгийн тендер, “УБТЗ” ХНН-ийн эзэмшлийн өртөө, зөрлөгүүдийн өргөтгөл хийх 2.4 тэрбум төгрөгийн тендерт тус тус оролцсон байдаг. 

ЖДҮ-ЧИН Л.ЭНХБОЛД

УИХ-ын гишүүн асан Лувсангийн Энхболд- Өмнөговь аймгийн уугуул. 2002 онд “Ди энд Эл групп” ХХК-ийг байгуулж, бизнест хөл тавьсан. 2004 оноос улс төр сонирхох болж, “Монголын говийн хөгжил сан” ТББ, “Өмнөговийн залуучуудын хөгжлийн төв” ТББ-уудыг байгуулж, тэргүүнээр нь ажиллаж байгаад 2012 онд Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч болсон. Ингээд 2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон. 
 
    Гэвч Л.Энхболд 2018 онд туслах Э.Чагнаасүрэнгийнхээ нэр дээр байгуулсан “Хас транс говь” ХХК-д ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн зээл олгуулахын тулд ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт эрх мэдэл, албан тушаалаараа нөлөөлсөн болох нь тогтоогдож, яллагдагчаар татагдсан. Улмаар 2019 оны нэгдүгээр сард Улсын Ерөнхий прокуророос дуулиант ЖДҮ-чид болох Б.Батзориг, Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир Л.Энхболд нарын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулж ирсэн ч МАН-ынхан Л.Энхболдыг олонхоороо хамгаалж үлдэж байдаг. Энэ хэргээсээ болж Л.Энхболд 2020 оны сонгуульд нэр дэвших эрхээ хасуулсан ч хариуд нь ялгүй үлдэж, улмаар 2020 оны арваннэгдүгээр сард “Эрдэнэс монгол” ХХК-ийн Дэд захирлаар томилогдож “шарх”-аа нөхөж байв. 
 
Хэдий ЖДҮ-гийн “хар тамга”-тай ч МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн найз, бас “нүүрсний хулгай”-н анхы шүгэлийг үлээж байсан гэдгээрээ говийн тойрогтоо горилж буй.
 

БИЗНЕСТ 30 ЖИЛ, ТӨРД 20 ЖИЛ “НОЁЛСОН” СҮ.БАТБОЛД

УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболд- Ааваараа Сүхбаатар аймгийн, ээжээрээ Дундговь аймгийн уугуул. 1993 оноос хойш “Алтай трейдинг” ХХК-ийнхаа Ерөнхий захирлаар ажиллаж байгаад 2000 онд Гадаад харилцааны дэд сайд болж, төрд орж ирсэн. Улмаар 2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, өнгөрсөн 20 жил Төрийн ордноос гараагүй. Уг нь Сү.Батболдын тойрог Сүхбаатар дүүрэг боловч 2020 онд ээжийнхээ нутаг Дундговьд нэр дэвшиж сонгогдсон. Ирэх сонгуульд ч мөн говийн тойрогт Ардын намынхнаа ахалж орохоор бэлтгэл хангаж буй. 
 
    УИХ-ын гишүүн Сү.Батболдын гэр бүлийн мэдэлд байдаг дотоод дахь бизнесүүдээс нүүрэн холбооны “Скайтел” групп, IPTV-ийн “Скаймедиа” компани, Тэнгис кино театр, “Чингис хаан” зочид буудал, “Е mart” сүлжээ худалдааны төвүүд, ноолууран хувцасны “Алтай кашмир” брэнд, өргөн нэвтрүүлгийн “Стар” телевиз зэргийг дурдаж болно. Харин Сү.Батболдын гадаад дахь бизнесүүд гүйцэгдэхээ больж, оффшорын олон компаниуд нь тоогоо алдаж, олон улсын хэвлэлүүдийн нүүрэнд хэрэг, заргатайгаа залагдах нь хэвийн үзэгдэл мэт болсон. Хамгийн сүүлд л гэхэд, өнгөрөгч гуравдугаар сард Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разакын шүүх хурал болж, хавтас хэрэгт нь авагдсан баримтууд дунд Сү.Батболдын оффшор компаниуд руу 14 сая ам.доллар шилжүүлсэн баримт байсан нь дэлхий нийтэд дуулиан тарьлаа. Араас нь, Сү.Батболдын АНУ-ын Нью Йорк хотын төвд байрлах тансаг зэрэглэлийн хоёр орон сууцыг битүүмжилж, хурааж авахаар болсон мэдээллүүд ч гарч буй. Гайхмаар нь, АТГ-ынханд ч, АНУ-ын хууль хяналтынхантай “ачигдах” дээрээ тулчихаад буй атлаа тайван гэгч нь сонгуульдаа бэлдэж, тойргоо тойрч яваа нь гайхмаар ч юм шиг...

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ”-Н 17-ГИЙН НЭГ Н.НАРАНБААТАР

УИХ-ын гишүүн Нанзадын Наранбаатар- Өмнөговь аймгийн уугуул. 2004-2009 онд Өмнөговь аймгийн ЗДТГ-ын дарга, “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга, 2016-2020 онд Өмнөговь аймгийн Засаг даргаар ажилласан. Улмаар 2020 онд МСНЭ-ийн Ерөнхийлөгч асан Х.Мандахбаяртай ханьсан нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон намтартай. 
 
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар өөрөө “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байснаас гадна 2016 онд Өмнөговь аймгийн Засаг дарга болсноосоо хойш 10 жилийн ангийн найз С.Мөнхбаярыгаа “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаа, мөн 10 жилийн найз Д.Батзоригийгоо “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилуулж, тэднээр дамжуулан “Тавантолгой” ХК-ийг “атгаж” байсан. 
 
Тиймдээ ч 2022 оны арванхоёрдугаар сард АТГ-аас УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг анхны 17 нүүрсчингийн нэг гэж нийтэд зарласан. Улмаар Ерөнхий прокуророос Н.Наранбаатарыг бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулж ирсэн ч МАН-ынхан УИХ-д олонхоороо хамгаалж үлдсэн байдаг. Нэг талаас, Н.Наранбаатар “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан, МАН-ын бүх нүүрсчдийг цээжээрээ нэрлэх мэдэх нэгэн учраас ийн хамгаалж үлдэхээс аргагүй байсан ч гэдэг. 
 
Бизнесийн тухайд, Н.Наранбаатарын төрсөн дүү Н.Наранбат нь шатахууны монопол компаниудыг нэг болох “НИК” ХХК-ийг “Петровис”-той хамтран эзэмшдэг. Мөн Н.Наранбаатарын төрсөн дүү Н.Очгэрэл нь “Өлзийт ойл” ХХК, “Жавхлант оч транс” ХХК, “Сэрсэн говь” ХХК, “Эв повер майнинг” ХХК-уудыг эзэмшдэг бөгөөд энэ компаниуд нь “Тавантолгой” ХК, “Эрдэнэс тавантолгой” ХК-уудаас нүүрс худалдаж авах, урд хөрш рүү тээвэрлэх үйл ажиллагаа явуулдаг. 

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ДЭМЖЛЭГТЭЙ Ө.ЗОЛБАЯР

ЕТГ-ын ХМА-ны дарга Өлзийбаярын Золбаяр- Сэтгүүлч мэргэжилтэй, ФМ102.1 радио, “ТМ” телевиз, “Ийгл” телевизэд тус тус ажиллаж байсан. Улмаар 2017 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэвлэлийн төлөөлөгч нь болж, 2021 онд Ерөнхийлөгч болмогц нь Хэвлэлийн мэдээллийн албаны даргаар нь дэвшин томилогдож байв. 
 
Хэдий төрд ажилласан туршлага, түрийвч хоёр нь нимгэн боловч он гарснаас хойш говийн тойрогт горилж эхэлсэн. Эхлээд УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин гуравтай говийн тойргийг тойрсон. Харин сүүлийн үед УИХ-ын гишүүн Б.Саранчимэгтэй хамт тойрч яваа.
 

VII ТОЙРОГ: “ОФФШОРЧИД”-ООР ТОЛГОЙЛУУЛСАН МАН-ЫН ДОЛООН ГОРИЛОГЧ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-16 09:18:47
    зочин : Сү Батболд одоо болноо, горьдсон амьтан бэ ханаж цадмаар юм. Дэлгэрсайхан Сэлэнгийн хүдрийг төмрөөр нь шахуугаар хар хятадад 20 жил зарсан, ичгүүргүй хамар. Одоо болно. Наранбаатар 1Е жилийн ангиараа нийлж Өмнөговиос их баялаг хүртсэн дээ. Ичгүүр байвал татгалз
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-15 17:14:49
    Дорноговийн иргэн: Сүр гарчигтай, жул бичилттэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-15 10:54:56
    Болд: Батсүхийн Саранчимэг гэгчийг нэр дэвшүүлэхгүй байгаа даа.эрхбиш
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188