• Өнөөдөр 2024-05-03

VI ТОЙРОГ: НҮҮРС, ТЕНДЕРИЙН ХАР ТҮҮХ, БАРААН НАМТАРТНУУДААР ТОЛГОЙЛУУЛСАН АН-ЫН ДОЛООН ГОРИЛОГЧ

2024-04-14,   2643

       Эргэлт.мн мэдээллийн сайт сонгогчдын мэдлэгт зориулан “Сонгууль-2024” булангаа нээж, УИХ-ын сонгуулийн хот, хөдөөгийн 13 тойрогт нам намаас нэр дэвшихээр горилогчдыг цувралаар танилцуулж буй. Өмнөх дугаартаа бид  VI тойрог буюу Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймагт МАН-аас горилогчдыг танилцуулсан. Энэ удаад тус тойрогт АН-аас горилогчдыг танилцуулж байна. 
     Зүүн бүсийн VI тойрогт МАН-аас Л.Оюун-Эрдэнэ, тасралтгүй тав сонгогдсон дархлагдсан Б.Бат-Эрдэнэ, газар тариалан, гурилын үйлдвэрийн магнат Х.Болорчулуун, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Отгонбаяр тэргүүтнүүд нэр дэвшинэ. АН-ын нэр дэвшигчдийн "үхлийн бүс" гэсэн үг. Ядахад, зүүн бүсийн VI тойрогт нэр дэвших долоон горилогчийн дөрөв нь нүүрстэй, хоёр нь тендертэй, нэг нь газрын наймаатай буюу бүгд хар түүх, бараан намтартай байх аж. Хамгийн залуугаас нь эхлэн танилцуулъя. 

УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Ц.ШИНЭБАЯР АГСНЫ ХҮҮ, ДОРНОДЫГ НҮҮРСЭЭР ХАНГАДАГ “АДУУН ЧУЛУУН”-Ы НҮҮРСНИЙ УУРХАЙН БОСС Ш.БЯМБАСҮРЭН

УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх, Дорнод аймгийн АН-ын дэд дарга Ш.Бямбасүрэн- Дорнод аймгийн уугуул. Аав Ц.Шинэбаяр нь Дорнод аймгийн ИТХ-ын дарга, МАХН-ын дэд дарга, 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан. Дараа нь, “Хамуг монголын хөдөлмөрийн нам”-ыг байгуулан удирдаж байлаа. Харин Ш.Бямбасүрэн АН-аас улс төрийн гараагаа эхлүүлж буй бөгөөд 2020 онд Дорнод аймгийн ИТХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшиж, төлөөлөгчөөр сонгогдсон. Өдгөө УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал хоёрыг бараадан зүүн бүсийн тойргийг тойрч, “Аавынхаа эхлүүлээд орхисныг гүйцээнэ” гэж ярьж яваа. 
 
Түүнчлэн, Ш.Бямбасүрэн аав Ц.Шинэбаярынхаа бүх бизнесийг өвлөж авсан. Тухайлбал, Ц.Шинэбаяр Дорнодыг нүүрсээр хангадаг “Адуун чулуун” ХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан. Харин одоо Ш.Бямбасүрэн “Адуун чулуун” ХК-ийн хувьцаа эзэмшигч, ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж буй. Мөн Ш.Бямбасүрэн “Адуун чулуун”-ы нүүрсний уурхайн олборлолт, тээвэрлэлтийг дангаараа хариуцдаг “Найнги” ХХК-ийн эцсийн өмчлөгч, Ерөнхий захирлаар ажилладаг. Алдарт “МАК”-ийн эзэд хүртэл “Адуун чулуу”-ны нүүрсний уурхайд “шунаж” ирсэн гэхээр хэр хэмжээний том уурхай гэдгийг нь тайлбарлах илүүц биз. 
 
Цаашилбал, Ш.Бямбасүрэн “Гранд восток монголиа” ХХК-ийг эзэмшиж, удирддаг. Тус компани Дорнод аймгийг шатахуунаар хангадаг бөгөөд “Стандарт ойл” нэртэй шатахуун түгээх станцуудыг ажиллуулдаг. Өөрөөр бол, Ш.Бямбасүрэн Дорнод аймагтаа шатахууны магнат нь. Мөн Ш.Бямбасүрэнгийн мэдэлд Дорнод аймгийнхаа хамгийн том “Ган хэрлэн” зочид буудал, Зүүн бүсийн худалдааны төв буюу Дорнодын төв зах тус тус бий. 
 

Н.АЛТАНХУЯГИЙН ТОРГОН ЦЭРЭГ, "ЗАСАРДАГГҮЙ" НҮҮРСЧИН Э.ТӨМӨРБААТАР

Дорнод аймгийн АН-ын дэд дарга Э.Төмөрбаатар- Ааваараа Дорнод, ээжээрээ Сүхбаатар аймгийн уугуул.  Дорнод аймгаас 2000 онд хотод орж ирж, 2007 оноос хувийн бизнест орсон. 2012 онд АН-д элсэж, 2012 оны УИХ-ын сонгуулиар Сонгинохайрхан дүүргийн АН-ын штабт ажилласан. 2012 оны сонгуулийн дараагаас Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Ажлын албанд зөвлөх, “Нүүрс” хөтөлбөрийн зохицуулагчаар ажиллаж эхэлсэн. 
 
Улмаар 2014 оны долдугаар сард Н.Алтанхуягийн "цэрэг"-үүд бүгдээрээ “Нүүрс” хөтөлбөрийн 13.6 тэрбум төгрөгийн хэргээр АТГ-ынханд баривчлагдаж, 461-т хоригдсон. Тухайн үед Э.Төмөрбаатар ч мөн Н.Алтанхуягийн торгон цэрэг гэгдэж баривчлагдсан бөгөөд зургаан сар хоригдоод суллагдсан. Гэвч үргэлжлүүлэн зургаан жил байцаагдаж, 2021 онд хэрэг нь хэрэгсэхгүй болсон. Гэтэл нүүрснээс болж зургаан сар хоригдож, зургаан жил байцаагдсан Э.Төмөрбаатар "засрах" байтугай, нүүрсэнд илүү гүнзгий гар дүржээ. Хэдэн жишээ дурдъя. 
 
- Э.Төмөрбаатар төрсөн дүү Э.Төмөрхуяг, Э.Хуягбаатар нартайгаа “Хэт трик групп” ХХК-ийг эзэмшиж, удирддаг. “Хэт трик групп” ХХК нь нэр дээрээ 200 автомашинтай, 100 вагонтой, хятад руу нүүрс, төмрийн хүдрийг авто замаар болон төмөр замаар  зэрэг зөөдөг. 
 
- Э.Төмөрбаатарын “Давхар амжилт” ХХК нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт “Нүүрс баяжуулах үйлдвэр” байгуулах төсөл хэрэгжүүлж эхлээд байгаа. 
 
- Э.Төмөрбаатарын төрсөн дүү Э.Төмөрхуягийн 2017 онд үүсгэн байгуулсан “Нэмэх тээвэр” ХХК нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрсийг Цагаан хад-Ганц мод боомтоор тээвэрлэж ирсэн. Ноцтой нь, “Нэмэх тээвэр” ХХК нь “Эрдэнэс тавантолгой” ХК-аас 4158 тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүй буюу хулгайгаар хил давуулсан гэж “нүүрсний хулгай”-н нээлттэй сонсголд дуудагдсан. 
 
- Э.Төмөрбаатар “Их говь транс ложистик” ХХК нь халдварт тахлын үед буюу 2022 оны нэгдүгээр сараас дуулиант “чингэлэг тээвэр”-ийг гардан гүйцэтгэсэн.  

МАЛЫН ВАКЦИНЫ “МАФИ”-ИЙН ӨСӨХ ИРЭЭДҮЙТЭЙ “ТЕНДЕРЧИН” Д.БАЛДАН

УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх Д.Балдан- Хэнтий аймгийн Мөрөн сумын уугуул. Соёлын тэргүүний ажилтан цолтой, дуучин. 2012, 2014 онуудад бие даасан тоглолтоо Бөхийн өргөөнд хийж, Хэнтийн гаралтай улс төрчид, урлагийн соёлынхныг цуглуулж байсан. Харин одоо Хэнтий аймгийн Ардчилсан залуучуудын холбооны тэргүүнээр ажилладаг. 
 
Наанаа дуучин гэх халхавчтай Д.Балдан цаанаа малын вакцины “мафи”-ийн төлөөлөл. Тодруулбал, Д.Балдан малын эм хангах нийлүүлэх “Дээд эрхэт” ХХК-ийн Ерөнхий захирлаар, аав Д.Дэмбэрэлваанчиг нь мөн малын эм ханган нийлүүлэх “Зон дэм” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажилладаг. Харин Д.Балдангийн төрсөн дүү Д.Пүрэвцэрэн нь Х.Баттулгыг Хөдөө аж ахуйн сайд байхад Төрийн нарийн бичгийн даргаар нь ажиллаж байсан Х.Золжаргалын туслах байсан. Дараа нь ХХААХҮЯ-ны харьяа Мал хамгаалах сангийн захирлаар томилондон ажиллаж байсан. Энэ холбоосоор, Д.Балдангийн “Дээд эрхэт” ХХК, аав Д.Дэмбэрэлваанчигийнх нь “Зон дэм” ХХК-ууд нь ХХААХҮЯ-ны мал гоц халдварт өвчний вакцины тендерүүд болон гоц халдварт өвчний халдвар хамгааллын хувцас хэрэглэлийн тендерүүдийг “түүж” ирсэн. Жишээ нь, Д.Балдангийн “Дээд эрхэт” ХХК нь 2022 онд “Бог малын гоц халдварт мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин нийлүүлэх”-354 сая төгрөгийн тендер, 2023 онд “Гоц халдварт өвчний халдвар хамгааллын нэг удаагийн хувцас нийлүүлэх”- 310 сая төгрөгийн тендерт тус тус шалгарсан. Харин аав Д.Дэмбэрэлваанчигийнх нь “Зон дэм” ХХК нь 2019 онд “Гоц халдварт өвчний ариутгал халдваргүйтгэлийн бодис нийлүүлэх”- 673 сая төгрөгийн тендер, 2021 онд “Гоц халдварт өвчний ариутгал халдваргүйтгэлийн бодис нийлүүлэх”-773 сая төгрөгийн тендерт оролцож, шалгарч байсан. 
 
Ноцтой нь, Мал эмнэлгийн ерөнхий газрын захирал асан Д.Түмэндэмбэрэл өнгөрсөн онд өгсөн ярилцлагадаа “Малын вакцины наймаа, тендерийн будилаан манай салбарт тасардаггүй байсан. Тиймээс би 2018 оноос малын мялзан, шүлхий өвчний вакциныг Орос, Энэтхэгийн үйлдвэрлэгчдээс нь шууд худалдан авч эхэлсэн. Тендерээр биш, үйлдвэрээс нь өөрсдөө худалдаж аваад эхэлсэн чинь вакцины бизнесийнхэн намайг элдвээр дарамталж, АТГ-аар айлгаж эхэлсэн. Намайг “Дээд эрхэт” компанийн захирал Д.Балдан гэж залуу байнга дарамталдаг байсан. Заавал тендер зарла, АТГ-аар чамайг шалгуулна, АТГ-ын дарга манай хамаатан. Бас би нийслэлийн прокурорт маш олон танилтай гэж байнга дарамтална. Сүүлдээ авлига, мөнгө ч амлаж үзсэн” гэж ярьсан байдаг. 

ГАЗРЫН НАЙМААНД “ГАРШСАН” Т.ПҮРЭВХАТАН

АН-ын дэд дарга Төрмөнхийн Пүрэвхатан- Хэнтий аймгийн Өндөрхаанд төрж, өссөн. 2002 оноос хойш Баянгол дүүргийн ЗДТГ-т мэргэжилтэн, Баянзүрх дүүргийн Газрын албанд мэргэжилтэн, Нийслэлийн Өмчийн харилцааны газарт мэргэжилтэн, Ашигт малтмалын газарт мэргэжилтэн, Эрчим хүчний зохицуулах хороонд Хуулийн хэлтсийн даргаар тус тус ажиллаж байсан. 2017 онд төрийн албанаас гарч, Хэнтий аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн болсон. 2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас Э.Бат-Үүл, Ш.Батдэлгэр хоёртой ханьсаж нэр дэвшсэн ч өвдөг шороодсон. Өнгөрсөн онд Х.Баттулгын дэмжлэгээр АН-ын дэд даргаар томилогдсон. Улмаар Т.Пүрэвхатан Х.Баттулгатай хамт МоАХ-ын “Хөх туг” аянаар 21 аймгийг тойрсон. Ингэхдээ Х.Баттулга зүүн бүсийн гурван аймгийн сонгогчдод Т.Пүрэвхатанг онцгойлон танилцуулж, түүнийг дэмжихийг аминчлан захиж байв. 
 
Ноцтой нь, Т.Пүрэвхатан газрын наймааны хоёр ч хэрэгт холбогдсон хар түүхтэй нэгэн. Нэгдүгээрт, Т.Пүрэвхатангийн хуучин дарга нар буюу Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга асан Н.Батсүх, Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга асан С.Бямбадорж, Нийслэлийн өмчийн харилцааны газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга асан Б.Амаржаргал нар хуйвалдан, 2015 онд Баянзүрх дүүргийн 20-р хороо, Улиастайн Их цуурайтын аманд хууль бусаар 103 хүний нэр дээр газар олгож, хариуд нь БНХАУ-ын иргэн Лин Суй Лин гэгчээс их хэмжээний авлига авсныг АТГ-аас илрүүлж, улмаар тэд шүүхээс 1-3 жилийн ял сонссон. Ноцтой нь, Н.Батсүх нь Т.Пүрэвхатангаар зуучлуулан БНХАУ-ын иргэн Лин Суй Лин гэгчээс авлига авснаа хүлээж, анхан шатны шүүхээс гурван жилийн ял сонсож, давж заалдаад нэг жилийн хорих ял болгуулсан. Харин авлига зуучилсан Т.Пүрэвхатан ялгүй мултарсан байдаг.  
 
Хоёрдугаарт, Т.Пүрэвхатангийн нөхөр Б.Ууганбаяр нь 2019 онд Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан. Ноцтой нь,  Б.Ууганбаяр эрх мэдлээ ашиглан хүүхдийн “Найрамдал” зуслангийн газраас эхнэр Т.Пүрэвхатангийнхаа “Шинэ хужирт” ХХК-д газар олгуулсан хэрэгт холбогдож, ажлаа өгсөн. Өдгөө Б.Ууганбаяр, Т.Пүрэвхатан хоёрын “Шинэ хужирт” ХХК нь хүүхдийн “Найрамдал” зуслангийн хажууд, хууль бусаар авсан гэх газар дээрээ “Натур мед” нэртэй хувийн эмнэлэг барьчихаад буй. 

БАГЫН НАЙЗ, БИЗНЕСИЙН ХАМТРАГЧДАА СҮХБААТАРЫН ТЕНДЕРҮҮДИЙГ “БЭЛЭГЛЭДЭГ” БАЙЖ БОЛЗОШГҮЙ Н.ГАНИБАЛ

УИХ-ын гишүүн Н.Ганибал- Сүхбаатар аймгийн уугуул. Улаанбаатар их сургуулийг төгссөн, математикч мэргэжилтэй. Их сургуулиа төгсөөд 2000 онд нутагтаа очиж, математикийн багшаар ажилласан. 2009 оноос Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурийн зөвлөхөөр ажиллаж эхэлсэн. Өөрөөр бол, одоогийн УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн зөвлөх байсан гэсэн үг. Дараа нь, 2012 онд ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн газрын дарга болж, гурван жил ажилласан. Улмаар 2016 оноос АН-ын дэд дарга, намын байгуулалтын газрын даргаар ажиллаж байгаад 2020 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон. 
 
УИХ-ын гишүүн Н.Ганибал “Мосмеп” ХХК гэх ганц компанитай. “Мосмеп” ХХК-аа 10 жил хамт сурсан, багын найз Г.Эрдэнэцогттойгоо хамтран эзэмшиж ирсэн. Н.Ганибал, Г.Эрдэнэцогт хоёр 1992 онд Сүхбаатар аймгийн Баруун-урт хотын I сургуулийг хамт төгссөн. Мөн Н.Ганибал, Г.Эрдэнэцогт хоёр Сүхбаатар аймгийн Сагсан бөмбөгийн шигшээ багт хамт тоглодог байсан. 2020 оны УИХ-ын сонгуульд Н.Ганибалыг нэр дэвшихэд түүний сурталчилгаанд Г.Эрдэнэцогт хамгийн идэвхтэй ажилласан бөгөөд санхүүжилтийг нь ч босгож өгсөн. Ер нь л салж хагацдагүй найзууд. 
 
Хамгийн ноцтой нь, Г.Эрдэнэцогт нь өөрийн төрсөн эгч Г.Чимгээгийн нөхөр буюу хүргэн Б.Цогтсэргэлэнтэйгээ “Монголзам групп” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Тендерийн цахим санд бүртгэгдсэнээр “Монголзам групп” ХХК нь Н.Ганибалыг УИХ-ын гишүүн болсны дараагаас буюу 2021 оноос эхлэн авто замын бүхий л том тендерүүдийг “ногоон гэрэл”-ээр түүдэг болжээ. Тус компанийн 2021 оноос хойш шалгарсан тендерүүдийн дүнг нэгтгэхэд 179 тэрбум төгрөгийн тендер авсан тооцоо гарч байна. Тэр тусмаа, Сүхбаатар аймагт төсвийн хөрөнгөөр барих авто замын тендерүүдийг алдалгүй авдаг юм байна. Жишээ нь, 2022 онд Г.Эрдэнэцогтын “Монголзам групп” ХХК төсвийн хөрөнгөөр авто зам барих есөн тендерт оролцож шалгарсны долоо нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод зам барих тендер байжээ. Товчхондоо, Сүхбаатар аймгийн хаана, хэдэн төгрөгөөр авто зам барихыг болон санхүүжилтийг нь төсөвт суулгах ажлыг УИХ-ын гишүүн Н.Ганибал хөөцөлдөж, харин авто зам барих ажлыг нь   багийн найз, бизнесийн хамтрагч Г.Эрдэнэцогт нь “Монголзам групп” ХХК-аараа гүйцэтгэдэг байж болзошгүй. Үүнийг ч батлах гэсэн шиг, УИХ-ын гишүүн Н.Ганибал багийн найз, бизнесийн хамтрагч Г.Эрдэнэцогтынхоо “Монголзам групп” ХХК-ийн Сүхбаатар аймагт тавьсан авто замын нээлтүүдэд Улаанбаатар уригдан очиж, тууз хайчилдаг.

УЛСЫН ХИЛ ДЭЭРХ “БАЯНЦОГТ”-ЫН НҮҮРСНИЙ УУРХАЙД “ЭЗЭН” СУУСАН Ж.БАТСУУРЬ

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь- Сүхбаатар аймгийн Наран сумын уугуул. Сүхбаатар аймгийн АН-ын даргаар 1997 оноос хойш 20 жил, Сүхбаатар аймгийн Засаг даргаар 2008 оноос хойш найман жил ажилласан. Улмаар 2017 онд Ерөнхийлөгч Х.Баттулгын Орон нутаг, хөдөөгийн хөгжил хариуцсан зөвлөх болж, 2020 онд Сүхбаатар аймгаасаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Ирэх сонгуульд зүүн бүсэд нэр дэвших горилогчдоо Ж.Батсуурь ахалж буй. 
 
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Дату ком” ХХК гэх ганц компанитай. Тэр “Дату ком” ХХК-аа 10 жил хамт сурсан багын найзтайгаа буюу Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяртай хамтран эзэмшиж ирсэн. Тэдний “Дату ком” ХХК нь Сүхбаатар аймгийн төв телевиз буюу “BBS” телевизийг эзэмшдэг. 
 
Ноцтой нь, Ж.Батсуурийн багын найз, бизнесийн хамтрагч Д.Хосбаярыг өчигдөр АТГ-аас баривчилсан гэх мэдээлэл цацагдсан. Одоогоор АТГ-аас мэдээлэл өгөөгүй байгаа ч Д.Хосбаярыг УИХ-ын гишүүн Ж.Батсуурьтай, тэр тусмаа Сүхбаатарын аймгийн урд хилд байрладаг “Баянцогт”-ын нүүрсний уурхайтай холбоотойгоор хэргээр баривчилсан байж болзошгүй. Учир нь, Ж.Батсуурь, Д.Хосбаяр хоёр Сүхбаатар аймагт байрлах “Баянцогт”-ын нүүрсний уурхайг эзэмшигч “Андын илч” ХХК-ийн нууц эзэд гэгддэг. Илүү ноцтой нь, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших санхүүжилтээ “Андын илч” ХХК-аар гаргуулсан гэх мэдээлэл ч гарч байсан. 
 
Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Д.Хосбаяр хоёр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутгийн урд хил, “Бичигт” хилийн боомтын хажууханд байрлах Монгол-Хятадын хамтарсан “Андын илч” ХХК-ийн “Баянцогт”-ын нүүрсний уурхайтай хэрхэн холбогддогийг товчт тайлбарлъя. Анх “Андын илч” ХХК-ийн 49 хувийг ХХЕГ-ын харьяа Хилийн 0119 дүгээр анги, 51 хувийг нь БНХАУ-ын иргэд эзэмшдэг байсан. Гэтэл Ж.Батсуурь 2015 онд буюу Сүхбаатар аймгийн Засаг дарга байхдаа “Баянцогт”-ын нүүрсний уурхайн үр өгөөжийг Сүхбаатар аймгийн иргэд хүртэх ёстой гэж Хил хамгаалах ерөнхий газарт удаа дараа хүсэлт гаргасан. Улмаар Хил хамгаалах ерөнхий газрын зөвшөөрч, ингэснээр “Андын илч” ХХК-ийн 49 хувийг Сүхбаатар аймгийн ИТХ, 51 хувийг БНХАУ-ын “Жин Жоу Бай Хуй” ХХК эзэмшдэг болсон. 
 
Тэр цагаас Ж.Батсуурь “Андын элч” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдээр өөрийнхөө хувийн өмгөөлөгч, туслах, багийн найз нарыгаа томилуулж, тэднээрээ дамжуулан хил дээрх “Баянцогт”-ын уурхайд “эзэн” суусан. Тодруулбал, дээр дурдсанчлан “Андын илч” ХХК-ийн 49 хувийг Сүхбаатар аймгийн ИТХ эзэмшдэг бөгөөд тус компанийг удирдах ТУЗ-ийн есөн гишүүний дөрвийг нь томилох эрхтэй байдаг. Гэтэл “Андын илч” ХХК-ийг удирдах ТУЗ-ийн гишүүдийг томилох эрхтэй Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Доржпүрэвийн Хосбаяр нь УИХ-ын гишүүн Ж.Батсуурьтай хамт 1989 онд Сүхбаатарын 1-р 10 жилийн сургуулийг төгссөн багын найзууд. Мөн Ж.Батсуурь, Д.Хосбаяр нар 2007 оноос хойш “Дату ком” ХХК-ийг хамтран эзэмшиж байгаа бизнесийн хамтрагчид юм. Намын хувьд, Ж.Батсуурь Сүхбаатар аймгийн Ардчилсан намын даргаар, Д.Хосбаяр дэд даргаар нь 10 жил ажилласан. 
 
Цаашилбал, “Андын илч” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар Жамсранжавын Цээсүрэн гэгч ажилладаг. Ж.Цээсүрэн УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг 2008-2016 онд Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллах үед түүний хуулийн зөвлөх, өмгөөлөгчөөр нь ажиллаж байсан. “Андын илч” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Ганаагийн Идэрмөнх нь УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг Сүхбаатар аймгийн Засаг дарга байх үед туслахаар нь ажиллаж байсан. “Андын илч” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Чулуунборын Ганзориг нь Ж.Батсуурийн 10 жилийн найз. Ч.Ганзориг нь 2020 оны Орон нутгийн сонгуулиар АН-аас Сүхбаатар аймгийн ИТХ-д нэр дэвшиж байхдаа сонгуулийн сурталчилгааныхаа нэвтрүүлэгт “Би улстөрчдөөс багын найз Ж.Батсуурийгаа хүндэлж, үлгэр жишээ авдаг” гэж өөрийн амаар ярьсан нь бий. Энэ ганц өгүүлбэрээс Ж.Батсуурь, Ч.Ганзориг нарын найз нөхдийн холбоо хэр дотно болох нь тодорхой харагдана. 
 
Товчхондоо, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяр хоёр Андын илч” ХХК-ийн цаад эзэд гэхэд хилсдэхгүй. Хэрвээ АТГ-ынхан энэ сэжүүрээс атгаж Д.Хосбаярыг баривчилсан бол Ж.Батсуурийн дахин УИХ-ын гишүүн болох мөрөөдөл бүрхэг болно. 

З.ЭНХБОЛДЫН “НҮҮРСНИЙ ХУЛГАЙ”-Н ХАЛААС НЭГТЭЙ ХАМТРАГЧ Ш.БАТДЭЛГЭР

АН-ын ҮБХ-ны гишүүн Ш.Батдэлгэр- Хэнтий аймгийн уугуул. Хэнтий аймгийн АН-ын даргаар ажиллаж байсан. Ш.Батдэлгэр нь УИХ-ын дарга асан З.Энхболдтой дотно найзууд. Тиймдээ ч Ш.Батдэлгэрийн намтрыг танилцуулахын тулд заавал З.Энхболдынхыг хамт танилцуулах шаардлагатай болно. Өөрөөр бол, З.Энхболд тушаал дэвших бүрд дагаад Ш.Батдэлгэр тушаал дэвшиж ирсэн. Тухайлбал, З.Энхболдыг Төрийн өмчийн хорооны дарга байхад Ш.Батдэлгэр Төрийн өмчийн хорооны Байр ашиглалтын захиргааны даргаар ажиллаж байсан. Улмаар З.Энхболдыг УИХ-ын гишүүн болсны дараа буюу 2007 оны үед Ш.Батдэлгэр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн Санхүү эрхэлсэн захирлаар томилогдсон. Тухайн үедээ авлига авсан, мөнгө завшсан хэргээр хууль хяналтынханд ээрэгдэж байсан. Дараа нь З.Энхболдыг УИХ-ын дарга болмогц Ш.Батдэлгэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн Хүний нөөцийн хэлтсийн даргаар томилогдсон. Мөн л “Эрдэнэт үйлдвэр”-ээс асар их хэмжээний урамшуулал авсан хэрэгт холбогдож байсан. Хамгийн сүүлд, Ш.Батдэлгэр 2016 онд Хэнтий аймгийн Ардчилсан намын даргаар томилогдож, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Х.Баттулгын сонгуулийн штабыг З.Энхболдтой удирдсан байдаг. 
 
Цаашилбал, Ш.Батдэлгэр нь УИХ-ын дарга асан З.Энхболдтой халаас нэгтэй. Хэрхэн халаасаа нэгтгэснийг нь танилцуулъя. 
 
АТГ-аас өнгөрсөн 2023 оны хоёрдугаар сард УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-амгалан, УИХ-ын дарга асан З.Энхболд хоёрыг “нүүрсний хулгай”-н хэрэгт яллагдагчаар татсан. Улмаар өнгөрсөн гуравдугаар сард Б.Энх-Амгалан, З.Энхболд хоёрын шүүх хурал болж, хоёуланд нь 40 сая төгрөгөөр торгох, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасах ял оноосон. Тэгвэл Б.Энх-Амгалан, З.Энхболд хоёрын “нүүрсний хулгай”-н хэргийн гол хамтрагч нь өдгөө зүүн бүсийн тойрогт горилж буй Ш.Батдэлгэр. Гэхдээ Ш.Батдэлгэр тун цэвэрхэн мултарсан.
 
Хэргийг сөхвөл, З.Энхболдын алдарт “Страто” ХХК-ийг сонсоогүй хүн цөөхөн байх. “Страто” ХХК нь 2019 онд Говьсүмбэр аймгийн Чойрт жилд 1.5 сая тонн нүүрс угаах хүчин чадалтай “Нүүрс угаах үйлдвэр” барьсан. Тэд “Эрдэнэс тавантолгой” ХК-иас хямд үнээр нүүрс худалдан авч, угааж баяжуулаад, улмаар урагш нь гаргаж өндөр үнээр борлуулах зорилгоор уг “Нүүрс угаах үйлдвэр”-ийг барьсан. Улмаар  “Страто” ХХК-ийнханд нүүрс тээврийн компани хэрэгтэй болсон. Өөрөөр хэлбэл, “Страто” ХХК-ийн “Эрдэнэс тавантолгой” ХК-аас худалдаж авсан нүүрсийг Цогтцэцийгээс Чойр хүртэл зөөх компани гэсэн үг. 
 
Ингээд З.Энхболд “Страто”-гийнхоо нүүрсний тээврийг эртний хамтрагч Ш.Батдэлгэртэй даалгахаар болсон. Ш.Батдэлгэр 2019 оны хоёрдугаар сард З.Энхболдын эхнэр Т.Бат-Өлгийгийн төрсөн дүү Т.Бат-Эрдэнэ, З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохын эхнэр В.Алтантуяагийн төрсөн дүү В.Ганцолмон болон З.Хишигтогтохын дотнын найз Т.Батчулуун нартай “Их дэлгэмэл ингүүн” ХХК-ийг үүсгэн байгуулсан. Улмаар З.Энхболд тухайн үеийн Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалантай хуйвалдаж, Цогтцэций-Чойр чиглэлийн 407 км шороон замыг Ш.Батдэлгэрийн “Их дэлгэмэл ингүүн” ХХК-д эзэмшүүлсэн. Ингээд Ш.Батдэлгэрийн  “Их дэлгэмэл ингүүн” ХХК нь Цогтцэций-Чойр чиглэлийн 407 км замаар “Эрдэнэс тавантолгой” ХК-аас “Страто” ХХК-ийн үйлдвэр хүртэл нүүрс зөөж эхэлсэн байдаг. 
Ийнхүү Ш.Батдэлгэрийн “Их дэлгэмэл ингүүн” ХХК-д Цогтцэций-Чойр чиглэлийн 407 км замыг өгсөн Б.Энх-Амгалан, өгүүлсэн З.Энхболд хоёр ял сонссон. Харин Ш.Батдэлгэр уснаас хуурай гарч, өдгөө УИХ-ын сонгуульд горилж буй. 
 
Цаашилбал, Ш.Батдэлгэр, З.Энхболд хоёрын халаасыг нэгтгэсэн компани дээрхээр дуусангүй. Тухайлбал, Ш.Батдэлгэр 2019 оны долдугаар сард З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохын эхнэр В.Алтантуяагийн төрсөн дүү В.Ганцолмонтой “Хос карбон” ХХК-ийг байгуулсан. Улмаар “Хос карбон” ХХК нь 2019 оноос “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрсийг Гашуунсухайт-Ганцмод боомтын чиглэлд зөөж эхэлсэн. 
 

VI ТОЙРОГ: НҮҮРС, ТЕНДЕРИЙН ХАР ТҮҮХ, БАРААН НАМТАРТНУУДААР ТОЛГОЙЛУУЛСАН АН-ЫН ДОЛООН ГОРИЛОГЧ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 9
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-15 07:42:55
    Зочин: Балдангийн булхайг ч баараггүй хүүрнэн бичжээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-14 22:27:25
    Зочин: Ардчилсан намын өмнөх хулгай луйврыг нуун далдалж, шинээр хулгай хийхээр зэхэж буй хулгайчид. Хуулийн хамгаалалтад орох санаатай шүү! 2024 онд МАН, АН-аас хэнийг ч бүү сонго! Адилхан хулгайч нар. Шинэ улстөрийн хүчин, нэр цэвэр бие даагчдыг сонгох хэрэгтэй. Поп, худлаа гаруудыг алгас!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-14 09:46:58
    Ddavaa: Naturmed-d neg he gej uzeh yumsan gej boddog shuu Daraalal ihtei yum bilee Gazriig ni yamar uchirtaig medehgui yum Hotoos zaiduu saihan emneleg baiguulsniig buruutgamaargui Yamar bar restoran bish dee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-13 17:46:30
    Зочин: МАНАН-г сонгохгүй. Мянга сайн хүн байсан ч сонгохгүй. Цүнх баригч бөгс додоогч шүхэр дэлгэгчүүдийг сонгож болохгүй. Сонговол МУ мөхөл рүү гээ явна. Улс орон ард түмнээ бодсон сонголт хийцгээе
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-13 06:54:58
    Зочин : АН-аас чинь харин дажгүй нөхдүүд нэр дэвшиж байгаа юм байна даа. Болохчулуун гэж нэг үхрийн чихний ээмэг шиг гурилчинг бүү гарга.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-13 00:04:24
    Банхар: Сонгогдоно гэж зүүдэлжээ бөөлжис цутгах нь
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-12 15:17:59
    Зочин: Ашиг сонирхолын зөрчилтэй Болорчулууныг зайлуулаачээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-12 14:11:10
    Зочин : Илт нэг талаа барьсан нийтлэл бна да МАН-н нөхдүүд өөгүй өндөг шиг нөхдүүд юму
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-12 08:41:06
    Шат: Архичин, нүүрсчин, дээрэмчин, луйварчин 4 л байна шүү дээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188