• Өнөөдөр 2024-05-03

VI ТОЙРОГ: МАН-ЫН ДАРГА, ТАСРАЛТГҮЙ ТАВ СОНГОГДСОН ДАРХАН АВАРГА, ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ДҮҮ, ЭЛЧИН САЙДЫН ХҮҮ ТЭРГҮҮТЭЙ МАН-ЫН ДОЛООН ГОРИЛОГЧ

2024-04-11,   1507

       Эргэлт.мн мэдээллийн сайт сонгогчдын мэдлэгт зориулан “Сонгууль-2024” булангаа нээж, УИХ-ын сонгуулийн хот, хөдөөгийн 13 тойрогт нам намаас нэр дэвшихээр горилогчдыг цувралаар танилцуулж буй. Өмнөх дугаартаа бид V тойрог буюу Төв, Дархан, Сэлэнгэ аймагт АН, МАН-аас горилогчдыг танилцуулсан. Энэ удаад VI тойрог буюу Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймагт МАН-аас горилогчдыг танилцуулж байна. 

ТӨВ ЦЭНГЭЛДЭХ, ТӨРИЙН ОРДОН ХОЁРТ ДАРХЛАГДСАН Б.БАТ-ЭРДЭНЭ

УИХ-ын гишүүн, Спортын сайд Б.Бат-Эрдэнэ- Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул. Улсын наадамд 12 түрүүлж, УИХ-ын сонгуульд тасралтгүй тав сонгогдсон. Өөрөөр бол, Төв цэнгэлдэхэд 21 жил ноцолдож, Төрийн ордонд 20 жил тухалж буй. Өдгөө Б.Бат-Эрдэнэ 60 настай гэхээр, нас, намтрынхаа гуравны хоёрыг Төв цэнгэлдэх, Төрийн ордон хоёрт элээж байгаа гэсэн үг.
 
       Уг нь Б.Бат-Эрдэнэ 2020 онд төрөлх Хэнтий аймгаасаа тав дахь удаагаа түшээгээр сонгогдсоныхоо дараа дахин нэр дэвшихгүй, Төрийн ордноос “зодог тайлна” гэгдэж байсан. Тиймдээ ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 онд засагтаа зай гаргаж, нутгийн ах Б.Бат-Эрдэнийгээ Спортын сайдаар залж, зодог тайлах хүртлээ дулаан байг гэж давхар дээр нөмрүүлж байлаа. Гэвч Б.Бат-Эрдэнэ өнгөрсөн өвлөөс “Ахиад ганцхан дэвшье, тойрог томссон юм чинь ах шиг нь танигдсан хүн хэрэгтэй” гэж Л.Оюун-Эрдэнийн чихэнд шалах, шаардахын завсарт шивнэх болсон гэдэг. Ямартай ч, Б.Бат-Эрдэнэ одоогоор зодог тайлах, залууст зайгаа тавих ер янзгүй, зүүн бүсийн VI тойргоор тойрч яваа. 
 
Б.Бат-Эрдэнэ “Аварга” дээд сургууль болон “Атарчандгана сүү” ХХК-ийг эзэмшдэг. Бөх, тамирчид бэлтгэдэг “Аварга” дээд сургуулийнх нь гүйцэтгэх захирлаар эхнэр Б.Болормаа нь ажиллаж буй бол ТУЗ-ийн даргаар нь УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагва ажиллаж буй. Харин “Атарчандгана сүү” ХХК нь Хэнтий аймгийн Хэрлэн суманд үнээний ферм ажиллуулдаг бөгөөд “Витафит” ХХК-д сүүгээ нийлүүлж, тэр сүүгээр нь “Гоё” таргийг үйлдвэрлэж ирсэн. 

ЭЛЧИН САЙД Л.ХАНГАЙГИЙН ХҮҮ, С.БАЯР, СҮ.БАТБОЛД ХОЁРЫН ШАДАР ТУСЛАХ АСАН Х.АЛТАЙ

Сангийн сайд Б.Жавхлангийн зөвлөх Х.Алтай- Улаанбаатар хотын уугуул боловч удам судрыг нь хөөвөл аав талаараа Сүхбаатараас, ээж талаараа Эрхүүгээс гаралтай. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын ажлаа өгч, өдгөө Сангийн сайдын зөвлөх сэтэртэйгээр зүүн бүсийн VI тойргоор тойрч яваа. 
 
     Түүнээс түрүүлж аав Л.Хангайг нь товч танилцуулах нь зүйтэй байх. Л.Хангай Улаанбаатарт төрж, “40 мянгат”-д өссөн. Ерөнхий сайд асан С.Баяртай бага, дунд ангидаа Улаанбаатар хот дахь Зөвлөлтийн 1-р сургуульд хамт сурч байсан, үй зайгүй найзууд. 1992 оноос хойш УИХ-ын Тамгын газарт нарийн бичгийн дарга, 1996 оноос Сү.Батболдын “Чингис хаан” зочид буудлын гүйцэтгэх захирал, 2000 оноос ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга, 2005 оноос ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар тус тус ажиллаж байсан. Сонирхуулахад, 2001 оноос хойш дөрвөн жил Орост Элчингээр суусан С.Баяр буцаж ирмэгц, зөрөөд Г.Хангай Элчингээр томилогдон очиж, тэнд мөн дөрвөн жил сууж байв. Нэг ангийн найзууд Элчин сайдын сэнтийд ээлжилж заларсан түүх, тохиолдол тийм олон биш байх. Товчхондоо, Г.Хангай нь С.Баяр, Сү.Батболд хоёртой дотно харилцаатай, Оростой тун ойр, МАН-ын хууччуулын нэг. Тиймдээ ч Г.Хангай 2010 оноос хойш “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга, “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирлын албан тушаалд томилогдохоор хэд хэдэн удаа яригдаж байсан. Сүүлд, 2014 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Оростой харилцах бие төлөөлөгчөөр томилогдож, хэд хэдэн хэлэлцээрт орж байлаа. 
 
Харин Х.Алтай 2004 онд МУИС-ийг төгссөн, эрх зүйч мэргэжилтэй. Их сургуулиа төгсмөгцөө Сэлэнгэ дэх “Бороо гоулд”-ын алтны уурхайгаараа алдаршсан “Сентерра гоулд” компанийн Засгийн газартай харилцах хэлтэст ажилд орж, гурван жил ажилласан. Тухайн үед Х.Алтайгийн аав Л.Хангай нь ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаар ажиллаж байсныг дээр дурдсан. Өөрөөр бол, аав нь Засгийн газарт дарга учраас Х.Алтайг Засгийн газартай харилцах хэлтэстээ ажиллуулж байсан хэрэг л дээ, “Сентерра”-гийнхан. Дараа нь, Х.Алтай 2007 онд С.Баярыг Ерөнхий сайд болмогц шадар туслахаар нь ажиллаж эхэлсэн. С.Баяр 26 настай Х.Алтайг шадар туслахаараа ажилд авсан шалтгаан нь, аав Л.Хангайтай нь багийн найз учраас тэр. Үргэлжлүүлэн, Х.Алтай 2009 онд Сү.Батболдыг Ерөнхий сайд болсны дараа ч шадар туслахаар нь ажиллаж байлаа. Аав Л.Хангай нь Сү.Батболдын “Чингис хаан” зочид буудлыг удирдаж байсныг дээр дурдсан. 
 
Ийнхүү С.Баяр, Сү.Батболд хоёрын шадар туслахаар ажилласан Х.Алтай 2010 онд “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Тэргүүн дэд захирал болж, 2011 онд 29 настайдаа Гүйцэтгэх захирлаар нь томилогдож байв. Ингээд Х.Алтай 2011-2014, 2016-2023 онд буюу хоёр удаа, нийт 10 жил “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажилласан. Улмаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ажлаа өгч, өдгөө Ц.Идэрбат, Х.Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ гурвыг дагаж, зүүн бүсийн тойргоор тойрч буй. 
 
Хувийн бизнесийн тухайд, 2015 оноос хойш “Инвестура” ХХК-ийг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатартай хамтран эзэмшиж ирсэн. Харин эхнэр Ц.Авиддарь нь “Цамб” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажилладаг. 

КОЛОНКИЙН ТҮГЭЭГЧ, ДОРНОДОД ДАРХЛАГДСАН М.БАДАМСҮРЭН

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн- Дорнод аймгийн Халхгол сумын уугуул. Техникийн их сургуулийг 2000 онд төгссөн, нефтийн инженер мэргэжилтэй. 2001 оноос “НИК”-ийн Дорнод аймаг дахь салбар колонкийн түгээгчээр ажиллаж эхэлсэн. Дараа нь, Р.Ганзоригийн “Магнай трейд” ХХК-ийн Дорнод аймаг дахь салбар колонкийн эрхлэгчээр ажилласан гэдэг. Улмаар М.Бадамсүрэн 2008 онд Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгч, 2009 онд Дорнод аймгийн МАН-ын хорооны дэд дарга болсноор улс төрд хөл тавьсан. 
 
       Улмаар 2012 оны намар М.Бадамсүрэн ИТХ-ын төлөөлөгчөөр дахин сонгогдож, Н.Номтойбаяр түүнийг Дорнод аймгийн Засаг даргад нэр дэвшүүлсэн. Гэвч тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг М.Бадамсүрэнг Засаг даргаар батламжлаагүй, буцаасан. 
 
Ингээд Н.Алтанхуягийг огцорсноос таван сарын дараа, 2015 оны дөрөвдүгээр сард М.Бадамсүрэнг зүтгүүлсэн. Улмаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хүлээн авч батламжилснаар М.Бадамсүрэн 37 настайдаа Дорнод аймгийн Засаг даргаар томилогдож байлаа. Тэр цагаас хойш М.Бадамсүрэн Дорнодын Засаг даргаар гурван удаа сонгогдож, ес дэх жилдээ ноёрхож буй.  

НИМГЭН НАМТРАА ГОЛДОГГҮЙ Ц.ИДЭРБАТ

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат- Хэнтий аймгийн Баянмөнх суманд төрж, Өндөрхаанд өссөн. 1999-2003 онд Гадаад хэлний дээд сургууль төгссөн, Англи хэлний багш мэргэжилтэй гэдэг. Гэхдээ “Гадаад хэлний дээд сургууль” гэдэг сургууль хаана ч байдаггүй, хайгаад ч олддоггүй юм билээ.
 
Ингээд Ц.Идэрбат 2003 онд Хэнтий аймагтаа очиж, аймгийнхаа МАН-ын хорооны улс төрийн ажилтан болж, таван жил ажилласан. Улмаар 2008 онд 27 настайдаа Хэрлэн сумын Засаг даргын орлогч болж, дөрвөн ажилласан. Дараа нь, 2016 онд Хэрлэн сумын Засаг дарга болж, дахиад дөрвөн жил ажилласан. Ингээд 2020 оны наймдугаар сард Хэнтий аймгийн Засаг дарга болж, нэг жил ажиллаад 2021 оны есдүгээр сар У.Хүрэлсүхийн оронд нөхөн сонгуулиар УИХ-ын гишүүнээр сонгогдсон намтартай. 
 
Төгссөн сургууль нь тодорхойгүй, төрд ажилласан туршлага нь сумын Засаг даргаас хэтэрдэггүй ч Ц.Идэрбат өөрөө энэ намтраа голдоггүй. Галч байсантай харьцуулахад дөнгүүр гэж тоодог биз. Өдгөө УИХ-ын гишүүн Ц.Идэрбат “Хэнтий телевиз”-ийн 50 хувийг эзэмшдэг. Харин эхнэр нь “Тэргүүн их наяд” ХХК-ийг эзэмшиж, удирддаг. 

ГУРИЛ-ЧИН, БАРИЛГА-ЧИН, ЖДҮ-ЧИН, ТЕНДЕР-ЧИН Х.БОЛОРЧУЛУУН

УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун- Дорнод аймгийн Чойбалсан сумын уугуул. ХААИС-ийг төгссөн, агрономич мэргэжилтэй. 1997 оноос хойш “Дорнод гурил” ХХК, “Хишиг агро” ХХК-уудыг байгуулж, газар тариалан, гурилын үйлдвэрийн салбарт магнат болтлоо мандсан. Улмаар 2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2016, 2020 онуудад улирсан. 2022 оноос хойш хоёр жил ХХААХҮ-ийн сайд гэх давхар торгон дээл нөмөрч суугаа. Төрийн ордонд 12 жил тухлахдаа хэтэрхий олон “хар тамга” даруулсан. Тиймдээ түүнийг ирэх сонгуулийг өнжих байх гэсэн хүлээлттэй байсан ч зүүн бүсийн VI тойргийг тун идэвхтэй тойрч яваа. 
 
Барилга-чин: Гишүүний сэтэр, газар тариалан, гурилын үйлдвэр гурваа хослуулж, хоршуулсны “буян”-д бизнесээ барилгын салбарт тэлж, Дорнодын төвд баячуудад зориулсан хоёр давхар хаус хороолол, залуу гэр бүлүүдэд зориулсан нэг давхар хаус хорооллыг тус тус барьж худалдсан. Мөн Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн прокурорын газартай айлсуулан 10 давхар “Хэрлэн плаза” гэх шилэн барилга барьж, өдгөө тэндээ тухалж буй.
 
Ждү-чин: “Дорнод гурил” ХХК-аараа ЖДҮ-ээс 950 сая төгрөгийн зээл авсан. Гэмших, ядаж л гэлбэлзэх ёстой байтал “Авсан нь үнэн, зориулалтын дагуу зарцуулсан” гэж пээдэлзсэн байдаг. 
 
Тендер-чин: Х.Болорчулуун төрд орсноосоо хойш тендер “түүсэн” баримт “түм” бий. Зах, зухаас нь дурдъя. Х.Болорчулууны төрсөн дүү, “Маршалын хурд” галын тэргүүн, уяач Х.Болоржаргал гэх залуу бий. Х.Болоржаргалын эхнэр Ө.Сүнжидмаагийн “Дээшлэх нар” ХХК нь Дорнодын сургууль, цэцэрлэгүүдэд гурил, хүнсний ногоо нийлүүлэх 181 тендерт оролцож, шалгарсан байдаг.  Х.Болорчулууны төрсөн дүү, 2018 оноос хойш буюу Б.Ганхуягийн “хаанчлал”-ын үед “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажилласан Х.Болор-Эрдэнэ гэх залуу бий. Х.Болор-Эрдэнэ нь “Дорнод газар” ХХК-аараа төрийн 17 тендерт шалгарч, 8.0 тэрбум төгрөг “халаасалсан” байдаг. Мөн Х.Болорчулууны төрсөн дүү, “Барилгын хөгжлийн төв”-д менежерээр ажилладаг Х.Болорчимэг гэх эмэгтэй бий. Х.Болорчимэгийн хүү О.Тэмүүлэн нь “Саруул өргөө констракшн” ХХК-аараа төрийн 11 тендерт шалгарч, 12.9 тэрбум төгрөг “халаасалсан” баримт бий. 

У.ХҮРЭЛСҮХИЙН ДҮҮ, СҮХБААТАР АЙМГИЙН НУТГИЙН ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮН У.ОТГОНБАЯР

Л.Оюун-Эрдэнийн зөвлөх У.Отгонбаяр- Сүхбаатар аймгийн уугуул. Сүхбаатар аймгийн Нутгийн зөвлөлийн тэргүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Зүүн бүс хариуцсан зөвлөхөөр ажилладаг. 
 
     У.Отгонбаяр нийгэмд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн дүү гэдгээрээ эчнээ танигдсан. Урьд нь, У.Отгонбаяр Үйлдвэр, худалдааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөлмөрийн яаманд хэлтэс, газрын даргаар ажиллаж байсан. Сүүлд, Барилга, хот байгуулалтын яаманд Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга, Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар тус тус ажиллаж байгаад У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болсны дараа ажлаа өгсөн намтартай. 

ХУУЧЧУУЛАА ТОЙРОГ РУУ НЬ “ХӨӨЖ”, ЖАГСААЛТАА ӨӨРИЙНХӨНДӨӨ ХАДГАЛЖ БУЙ Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ- Улаанбаатарт төрж, Хэнтийн Бэрх тосгонд өссөн. Түүнээс хойш төрд орсон хүртэлх намтар нь тун ээдрээтэй. Өөрөө ярилцлага өгөх бүрдээ өөр өөрөөр ярьсаар тарамдчихсан. Бэрх тосгонд нялхдаа очиж, тэнд өвөөтэйгөө өссөн гэж ярьдаг. Гэх мөртөө хүүхэд ахуйдаа аав, ээжтэйгээ Төв номын сангийн арын “Бамбарууш” кафед байнга очдог байсан ч гэж ярьдаг. Бэрс дээд сургуулийг сэтгүүлчээр төгсөөд Бэрх тосгондоо очиж галчаар ажилласан гэж ярина. Гэх мөртөө намтартаа Бэрх тосгоны Тамгын газрын дарга байсан гэж бичнэ. Нэг болохоор, 30 настайдаа хотод орж ирсэн гэж ярина. Тэгэх мөртөө 28 настайдаа буюу 2008 онд МУИС-ийн Эрх зүйн бакалаврын ангийн оюутан, МУБИС-ийн Боловсрол судлалын магистрын ангийн оюутан, Баянзүрх дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга, тус дүүргийн 8-р хорооны намын үүрийн дарга байсан гэж бас ярьж, бичнэ. Ер нь л ээдрээтэй. 
 
Баттай үнэн гэвэл, 2015 онд Харвардаас ирээд, 2016 онд УИХ-ын гишүүн болсон. 2019 онд ЗГХЭГ-ын даргын давхар дээлтэй болж, улмаар “Эрдэнэтийн бүлэглэл”, “МАНАН бүлэглэл” гэх хоёр “амны уншлага”-аар ордонд од болж, олонд танигдсан. Ингээд 2020 онд УИХ-ын гишүүнээр улирч, 2021 онд нутгийн ах У.Хүрэлсүхээсээ Ерөнхий сайд, МАН-ын дарга гэх хоёр сэнтий, хоёр тамгыг хүлээн авч байв. Түүнээс хойш хийж хэрэгжүүлсэн ажлуудаа, тэсэлсэн, дэлбэлсэн хэргүүдээ, тэрсэлдэж муудалцсан хүмүүсээ саяхан дэлгэрэнгүй ярьж, 15 телевизээр цацчихсан тул энд нурших илүүц биз.
 
Ямартай ч, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө ч, УИХ, Засгийн газрын гишүүдээ ч намын жагсаалтадаа оруулахгүй, тус тусын тойрогт нь өрсөлдүүлнэ гэдгээ илэрхийлсэн. Тиймдээ ч Л.Оюун-Эрдэнэ дээр дурдсан шинэ, хуучин зургаагаа ахалж, зүүн бүсийн VI тойрогт нэр дэвшихээр бэлтгэл базааж буй. Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ хууччуулаа тус тусын тойрог руу нь “хөөчихөөд”, эцсийн мөчид намын жагсаалтдаа өөрийнхөө хүмүүсийг жагсаах хардлага төрүүлж байгаа. Тодруулбал, өнгөрсөн гурван жил Л.Оюун-Эрдэнээс болж МАН-ын хууччуулаас ихэнх нь хууль хяналтад халаас, хэтэвчээ нэгжүүлсэн. Тэд түүнийг халтирвал нь хавсарч унагах л бодолтой байгаа. Л.Оюун-Эрдэнэ ч өөрөө “ордонд ганцаардаж байна” гэж олон хэлсэн. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ ирэх сонгуулийг ашиглан өөрийг нь үггүй дагах, үнэнч байх хүмүүсийг ордонд оруулж ирж, олуулаа болохыг зорих нь мэдээж. Зорилгоо биелүүлэх ганц боломж нь намын жагсаалт. Олонд төдийлөн танигдаагүй, түрийвч нимгэн залуучууд жагсаалтад орсноор тойрогт тэрбумын сурталчилгаа хийх шаардлагагүйгээр ордонд орох боломжтой. Жишээ нь, Л.Оюун-Эрдэнийн Харвардын найз О.Батнайрамдал ирэх сонгуульд горилж буй ч хууччуул шиг том жийп унаж тойргоор тойрохгүй, сошиалд пост бичиж, бичлэгээ нийтлээд л сууж буй. 

VI ТОЙРОГ: МАН-ЫН ДАРГА, ТАСРАЛТГҮЙ ТАВ СОНГОГДСОН ДАРХАН АВАРГА, ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ДҮҮ, ЭЛЧИН САЙДЫН ХҮҮ ТЭРГҮҮТЭЙ МАН-ЫН ДОЛООН ГОРИЛОГЧ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 9
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-12 11:19:41
    сумын сайхнаа: Тун л ээдрээтэй юм байна даа... Энэ дундаасаа намтар нь тодорхой, удам судар сайтай, өндөр боловсролтой, олон жил төрийн ажил хийсэн туршлагатай залуу Алтай л хамгийн зөв хүн харагдаж байна шүү ер нь.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-11 22:58:43
    Zochin: Бат-Эрдэнэ одоо болио. Сандлын бөглөөс хийгээд удлааш лээ. Сандал чинь таньд сайхан л байдаг байх. Улс орны чинь хөгжил хэцүүдлээ тан шиг сандлын бөгөөснүүдээс болоод.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-11 20:34:59
    Зочин: Хэнтийн тэнэг бөх одоо болох байх аа, ядахдаа зүгээр сул гишүүнээр сууж байхгүй сайд энэ тэр болж самарна, толгой хоосон дээрээ шунал гэж найгүй, төрийн ордон ч бөхийн өргөө болох нь ээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-11 19:42:47
    Зочин: Хаашаа туухтэй Еронхий сайд бэ! Сэтгэцийн шалгуулмаар юм бна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-11 15:57:24
    Dd: Ulsiin ih hurald nairaanii "nachin"-gaas Dershowitz tsol hereggui dee Zuun busiinhen songogch uu beh uzegchgui uu gedgee haruulah atsan shalaand orj dee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-11 15:52:58
    Ddavaa: Iim surguuli baisan MUIS-iim deregedeh OHDS-iig Galsan bagsh any baiguulaad daraa ni GHDS bolson odoogiin Humuunlegiin ih surguuli shuu dee.Divangart sanhuugii tehnikum tugschiheed SEZIS tugssen gedeg Tsergiin Erenhii tugschiheed BHIS tugssen gedeg humuusiin Derged Iderbat gishuun "shudarga" baina daa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-11 15:17:00
    Zochin: За арай ч үгүй байлгүй дээ. Болохгүй бүтэхгүйтэй амь хайргүй зүтгэж байгаа манай ерөнхий сайд арай ч ийм хүмүүст тойрог өгөхгүй байлгүй дээ энэ чинь одор. Ккк
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-11 11:08:31
    Зочин: Боль доо гэвэл гэхээр нөхдүүд байнаа, байна. Энэ дундаас нэгийг нь онцлоход Болорчулуун гэдэг нүдний булайг яаж байгаа юм, боль доо гэх нь багадах этгээдийг. Намын нь, засгийн газрын нэр хүндийг навс унагаж өгдөг гавьяатан гэж Оюун- Эрдэнэ дээдлэн хүндэлдэг л юм байх даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-11 09:26:45
    Сэчин: Ээ дээ. Улсыг хорлогч , өлөн поп БатЭрдэнэ л биш шүү.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188