• Өнөөдөр 2024-05-03

V ТОЙРОГ: АЛДАРТ УЯАЧ, ААВЫНХАА НЭРИЙГ БАРЬСАН “НЯЛХ СЭНГҮМ”-ҮҮДЭЭР ТОЛГОЙЛУУЛСАН АН-ЫН 10 ГОРИЛОГЧ

2024-04-13,   6748

     Эргэлт.мн мэдээллийн сайт сонгогчдын мэдлэгт зориулан “Сонгууль-2024” булангаа нээж, УИХ-ын сонгуулийн хот, хөдөөгийн 13 тойрогт нам намаас нэр дэвшихээр горилогчдыг цувралаар танилцуулж буй. Өмнөх дугаартаа бид V тойрог буюу Төв, Дархан, Сэлэнгэ аймагт МАН-аас горилогчдыг танилцуулж байна. Харин энэ удаад V тойрогт АН-аас горилогчдыг танилцуулж байна. 
    Уг нь төвийн V тойрогт АН-ын хууччуулаас Сангийн сайд асан С.Баярцогт, Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат, бизнесийнхнээс “Таванбогд”-ын Ц.Баатарсайханы төрсөн дүү, “Од групп” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Отгонбаатар нарын нэрс яригдаж байсан ч одоогоор нам гүм байна. Харин УИХ-ын гишүүн Ц.Туваан доор дурдагдах есөн хүнийг дагуулан Төв, Дархан, Сэлэнгээр тойрч, сонгогчдод нэг бүрчлэн танилцуулж яваа. Түүнтэй хамт төвийн тойргийг тойрч яваа Төв, Дархан, Сэлэнгийн АН-ын дарга дэвшихгүй байх магадлалтай ч одоогоор тэдний оронд оруулж ирсэн хүн алга байна. 

Х.БАТТУЛГЫН ЗААВРААР ТӨВИЙН ТОЙРОГТ УРАЛДАХ АН-ЫНХНЫХАА УЯА СОЙЛГЫГ ТААРУУЛЖ БУЙ АЛДАРТ УЯАЧ Ц.ТУВААН

УИХ-ын гишүүн Ц.Туваан- Ааваараа Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул. Анагаах төгссөн, хүний их эмч мэргэжилтэй. 2008-2012 онд Эрүүл мэндийн сайд С.Ламбаагийн туслах, зөвлөхөөр ажиллаж, төрд орох замаа зассан. Улмаар 2012-2014 онд ХХААХҮ-ийн сайдаар Х.Баттулга ажиллаж байх үед дэд сайдаар доор нь ажиллаж дотноссон. Дараа нь, 2015-2016 онд Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын даргаар нэг жил ажиллаад, 2017 онд АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болж, намынхаа гал тогоонд ахлах тогоочоор гурван жил ажилласан. Ингээд 2020 онд УИХ-ын гишүүнээр Төв аймгаас сонгогдсон намтартай. 
 
Унаган хобби нь морь. 2004 оноос хойш хурдан морь уяж, 2014 онд Төв аймгийн алдарт уяач, 2024 онд Улсын алдарт уяач болсон. Улс төрийн хамтрагч нь Х.Баттулга. 2012-2014 онд яам, яамба хоёроо хуваалцаж дотносож тэд 2020 оноос АН-ын арслантай тамгыг С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж тэргүүтнүүдтэй булаалдаж, их хагарлын эхлэлийг тавьсан. Гэсэн ч Х.Баттулга, Ц.Туваан хоёрын хоёулхнаа АН-ыг атгах санаархал нь бүтээгүй тул тэд өнгөрөгч 2023 оны наймдугаар сараас МоАХ-ынхоо үйл ажиллагааг сэргээж, нам дотроо тусгаар тогтнохоор “Хөх туг” гэх аяныг орон даяар өрнүүлж эхэлсэн. Энэ нь ч амжилттай болж Х.Баттулга, Ц.Туваан хоёр тойрог тус бүрд “Хөх туг”-ийнхаа доороос 3-4 хүн нэр дэвшүүлэхээр бэлтгэл хангаад буй. Х.Баттулга тойрог бүрд биечлэн очиж, горилогчдын уулзалтуудад очиж ажиглалт хийж буй бол Ц.Туваан төрийн тойрогт уралдуулахаар сонгосон есөн горилогчдынхоо уяа сойлгыг тааруулж байгаа. 
 

Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ, ТҮҮНИЙ ЗАН, ЗАМНАЛААС ҮЛГЭРЛЭЖ ХАРВАРДАД ХҮРТЭЛ СУРСАН С.ЭРДЭНЭБОЛД

ҮБХ-ны гишүүн С.Эрдэнэболд- Ааваараа Төв аймгийн Бүрэн сумын уугуул. МУИС-ийг төгссөн, хуульч мэргэжилтэй. 2009-2014 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэвлэлийн төлөөлөгчөөр таван жил ажиллаж, улс төрийн хар хорноос нь суралцсан. Басхүү энэ таван жил С.Эрдэнэболд ард түмэнд зүсээ таниулж, АН дотор бууриа засаж амжсан. Хэвлэлийн төлөөлөгчийн ажлаа өгчихөөд С.Эрдэнэболд Харвардад нэг жил сураад ирсэн. Ц.Элбэгдоржийн зан, замналаас үлгэрлэснийх нь бас нэг жишээ энэ. Буцаж ирмэгцээ 2016 онд Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, 2017 онд Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгч болж улс төрд орохоор бэлтгэл хангаж эхэлсэн. 2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас Р.Амаржаргалтай ханьсан Сүхбаатар дүүрэгт нэр дэвшсэн ч Д.Цогтбаатар, Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг гэх МАН-ын гурвалд ялагдсан. Энэ удаад тойргоо сольж, төвийн V тойргийг тун идэвхтэй тойглож буй. 
 
С.Эрдэнэболдыг АН-д байраа эзэлж, бууриа засахад Ц.Элбэгдоржоос гадна аав Ш.Сүхбаатар нь гол нөлөө үзүүлсэн. Аав Ш.Сүхбаатар нь Төв аймгийн Прокурорын газарт прокурор байсан, гавьяат хуульч цолтой. Дараа нь Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар дэмжин ажиллаж байсан. Сүүлд 2012 онд АН-ыг засаг барьж эхлэхэд Гадаад харилцааны яамны Консулын газрын захирлаар томилогдож, МАН гарч ирэх хүртэл ажилласан нэгэн. 
 
Хамгийн ноцтой нь, одоо Ш.Сүхбаатар УИХ-ын гишүүн асан, Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Лу.Болдын эзэмшдэг “Бодь цамхаг” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг. Мөн Л.Болдын төрсөн дүү Л.Болдхуягийн “Бодь констракшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар саяхныг болтол ажилласан. Мөн саяхан Л.Болдын аавын тухай “Сономын Лувсанвандан” ном бичиж, хэвлүүлсэн. Товчхондоо, ах дүү, амраг саднаас өөрцгүй дотно холбоотой явж ирсэн гэж болно. Л.Болдын хувьд АН-аас хөөгдөх хүртлээ “акул”-уудынх нь нэг байсан. Элчин сайдаар явахаасаа өмнө “Шинэ нам алсдаа АН-тай нэгдэнэ” гэсэн удаа ч бий. Эн агуулгаар харвал, ирэх сонгуульд нэг талаас Ц.Элбэгдорж, нөгөө талаас Ш.Сүхбаатар, Л.Болд хоёрын хамтрал С.Эрдэнэболдод дэмжлэг үзүүлэх магадлалтай харагдаж буй. 

ТӨВ АЙМГИЙН ЖОНШНЫ ҮЙЛДВЭРИЙН ЭЗЭН Д.БАТБАЯР

АН-ын ҮБХ-ны гишүүн Д.Батбаяр- Ааваараа Увс аймгийн Зүүнговь сумын уугуул. Аав Б.Далайг нь Увс аймгаас төрсөн анхны Улсын Тод манлай уяач гэдгээр нь морь сонирхогчид сайн мэддэг. Д.Батбаяр 2000 оноос хойш Чехэд сурч, амьдарсан. Буцаж ирээд аав Б.Далайгийнхаа “Монголчех металл” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлсэн. 2020 оны орон нутгийн сонгуульд Баянгол дүүрэгт нэр дэвшсэн ч ялагдсан. Өдгөө Д.Батбаяр төвийн V тойргийг УИХ-ын гишүүн Ц.Туваанаас хөтлөн тойрч яваа. Учир нь, аав Тод манлай уяач Б.Далай нь Увсынх боловч уяа нь Төв аймагт байдаг, Ц.Тувааны морины багш шахуу учраас хүү Д.Батбаярыгаа түүнээс хөтлүүлээд тавьчихсан хэрэг л дээ.  
 
Дээрээс нь, Б.Далайгийн эзэмшдэг, Д.Батбаярын удирддаг “Монголчех метал” ХХК нь Төв аймгийн Баянцагаан сумын нутагт байх Чулуут, Чулуут цагаан дэл, Чулуутын зүүн салаа гэх жоншны гурван том ордыг эзэмшдэг. Мөн Баянцагаан суманд Зэст гэх жоншны хайгуулын лицензтэй. Эл ордуудынхаа дэргэд өнгөрсөн оны аравдугаар сард Жоншны баяжуулах нүсэр үйлдвэр байгуулсан. Хэрвээ тэр төвийн тойргоос сонгогдвол Төрийн ордон алт, нүүрсний уурхайчид дээрээ жоншны уурхайчинтай болно гэсэн үг. 

С.ЭРДЭНЭ, Х.БАТТУЛГА ХОЁРЫН ЗӨВЛӨХ ЯВСАН НАМТАРТАЙ Д.ҮҮРИЙНТУЯА

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгч Д.Үүрийнтуяа- Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уугуул. Баянгол дүүргийн АН-ын Хэрэх эрхлэх газрын дарга, Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, С.Эрдэнийг ХНХ-ын сайд байх үед зөвлөхөөр нь ажиллаж байсан. Улмаар 2017 онд Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх болж, 2020 оны УИХ-ын сонгуулиар Сэлэнгэ аймагт “Сэлэнгэ ялна” уриатайгаар С.Баярцогт, Д.Эрдэнэбат хоёртой ханьсаж нэр дэвшээд ялагдсан. Ирэх сонгуулиар дахин даагаа нэхэхээр УИХ-ын гишүүн Ц.Тувааны удирдлага доор бэлтгэл хангаж буй. 
 
Түүний эгч Д.Оюун нь “Био селпик сервис” ХХК-ийн Ерөнхий захирал, эгч Д.Эрдэнэчимэг нь “Түшигтэйн зэд” ХХК-ийн Ерөнхий захирал, ах Д.Уртнасан нь “Урта камел транс” ХХК-ийн Ерөнхий захирал, дүү Д.Цолмон нь “Дэлхийн найман гүүр олон улсын групп” ХХК, “Алтай эколос” ХХК-ийн Ерөнхий захирал, Д.Үүрийнтуяа өөрөө “Эртний тоонот гэр” ХХК, “Евро бион лос” ХХК-ийн Ерөнхий захирал гэх мэтээр гэр бүл, ах дүүгээрээ бизнес эрхэлдэг. 
 

Х.БАТТУЛГЫН “ХӨХ ТУГ”-ИЙН ДООРООС ДЭВЖ БУЙ П.ТОГТОХБАЯР

АН-ын ҮБХ-ны гишүүн П.Тогтохбаяр- Сэлэнгэ аймгийн уугуул. 2012 онд АН засаг барьж эхлэхтэй зэрэгцэн Сэлэнгэ аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, түүнээс хойш Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг чөлөөт бүсийн захирагч, аймгийнхаа Ардчилсан залуучуудын холбооны тэргүүнээр ажиллаж ирсэн. Ирэх сонгуульд АН-аас, тэр тусмаа Х.Баттулгын МоАХ-ны “Хөх туг”-ийн доороос нэр дэвшихээр горилж буй залуучуудын нэг. Тиймдээ ч он гараас УИХ-ын гишүүн Ц.Тувааны хажуугаас холдохгүй хамт яваа. 
 
Алтанбулаг чөлөөт бүсийн газрыг компаниуд захирагч нар нь зарж, үрж хөлжсөн гэх хэрэгт нэр холбогдож явсан. Өдгөө П.Тогтохбаяр “Велтмайстер монголиа” ХХК, “Спейж диллер эм эн жи” ХХК, “Прайм менежмент партнерс” ХХК, “Сэлэнгэ технологи групп” ХХК-уудыг эзэмшиж, удирддаг. 

“ӨЕГ ГУРИЛ”-ЫН ЭЗЭН, ЖДҮ-ГИЙН ТӨЛЖ ДУУСААГҮЙ ЗЭЭЛТЭЙ А.БАТСУУРЬ

УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх А.Батсуурь- Дархан-уул аймгийн уугуул. “Өег гурил” ХХК-ийн эзэн гэдгээрээ бизнест танигдсан. Өнгөрсөн онд УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх болж, улмаар өнгөрсөн өвөл цагаан сар, цас зуд далимдуулан УИХ-ын гишүүн Ц.Туваантай хамт төвийн тойргоор бүтэн тойрсон. Хэрвээ тэр сонгогдсон Төрийн ордон Х.Болорчулуунтай нийлээд хоёр гурилын үйлдвэрийн эзэнтэй болно гэсэн үг. 
 
Цаашилбал, А.Батсуурь “Өег гурил” ХХК-аас гадна “Наран бэлх” ХХК, “Тэгш хан” ХХК, “Дархан таван нуур” ХХК-уудыг эзэмшдэг. “Наран бэлх” ХХК нь Дарханд “Queen” нэртэй зочид буудал, ресторан, “Тэгш хан” ХХК нь улаан тоосгоны үйлдвэр ажиллуулдаг. Харин “Дархан таван нуур” ХХК нь 2018 онд ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн зээл авч байсан. Тухайн үед энэ зээлийг УИХ-ын гишүүн А.Сүхбат нөлөөлж олгуулсан гэдэг. А.Батсуурийн “Дархан таван нуур” ХХК нь ЖДҮХС-аас авсан зээлээ одоог хүртэл төлж дуусгаагүй яваа.

УИХ-ЫН СОНГУУЛЬД ХОЁР УГСРАА ЯЛАГДСАН, ГУРАВ ДАХИА ДААГАА НЭХЭХ ГЭЖ БУЙ Д.ДОРЖПҮРЭВ

АН-ын ҮБХ-ны гишүүн Д.Доржпүрэв- Төв аймгийн уугуул. СЭЗИС-ийг төгссөн, эдийн засагч мэргэжилтэй. 1994 оноос хойш “ХОТШ” банкны эдийн засагч, “Фин сервис” ХХК, “Би Энд Жи финанс” ХХК-уудын Ерөнхий захирал, “Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн ТУЗ-ийн даргаар тус тус ажиллаж байсан. Сүүлд, АН-ыг засаг барьж эхлэхэд буюу 2012-2014 онд Эрчим хүчний дэд сайдаар томилогдон ажиллаж байсан нэгэн. 
 
Д.Доржпүрэв 2008-2016 онд найман жил Төв аймгийн АН-ын даргаар ажилласан. Тиймдээ ч 2016 оны УИХ-ын сонгуульд Төв аймагт АН-аас нэр дэвшсэн боловч МАН-ын Н.Энхболдод ялагдсан. Дараа нь, 2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас Төв аймагтаа Ц.Туваан, Х.Тэмүүжин хоёртой ханьсан дахин нэр дэвшсэн. Гэвч Ц.Туваан сонгогдож, Д.Доржпүрэв, Х.Тэмүүлэн хоёр МАН-ын Ж.Батжаргал, Н.Энхболд хоёрт ялагдсан. Ирэх сонгуульд Д.Доржпүрэв гурав дахь удаагаа нэр дэвшихээр бэлтгэл хангаж буй. 

ТӨВИЙН ТОЙРГИЙН АН-ЫН ДАРГА НАР

АН-ынхан төвийн V тойргийг зураглахдаа гурван “битүү морь” оруулж ирсэн нь Сэлэнгэ аймгийн АН-ын дарга Р.Батжаргал, Дархан-Уул аймгийн АН-ын дарга Б.Баяраа, Төв аймгийн АН-ын дарга Л.Төмөрчөдөр гурав. Гэвч Р.Батжаргал нь 2020 оноос хойш Сэлэнгэ аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Баянгол сумын Засаг дарга, Л.Төмөрчөдөр нь Төв аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Сэргэлэн сумын Засаг даргаар ажилласан, Б.Баяраа нь Лу.Гантөмөрийн дэмжлэгээр Дарханы АН-ын дарга болоод удаагүй байгаа гэхээс өөр гоц, гойд намтаргүй “битүү морьд” ажээ. 
 
 

V ТОЙРОГ: АЛДАРТ УЯАЧ, ААВЫНХАА НЭРИЙГ БАРЬСАН “НЯЛХ СЭНГҮМ”-ҮҮДЭЭР ТОЛГОЙЛУУЛСАН АН-ЫН 10 ГОРИЛОГЧ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 30
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-16 09:38:59
    Зочин : Заавал хулгайч луйварчид нь үе, үеийн хулгайч луйварчид аа бэлтгэж гаргах ямар хэрэгтэй юм вэ. Ингээд монголчуудын дунд хулгай дээрэм тонуул луйварчид байсаар байх болж байгаа гэсэн үг үү.!!!!???? Энгийн ард иргэдийнхээ дотроосоо сонголтоо хийх хэрэгтэй байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-15 16:15:25
    Уранзаяа: Зайлцгаа!Үндсэн хуулийг ард түмний их хуралдайгаар дахин шинэчилж байж энэ бөөснүүдийг устгана.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-15 13:36:57
    Хулгайч монгол : Тийм шүү тэхэд манай МАН ыг хар дандаа шилдэг супер Хулгайч нараар толгойлуулаад л
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-15 08:48:48
    Зочин: МанАны аль ч хүмүүс өгөнгүүт хулгайчид.бүү сонго төрд бүү ойртуул
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-15 07:53:36
    Сонгууль хэрэггүй: ЗА энэ Ардчилсан нам гэж өлөнгийн туйлууд шшү. Номэр нэг эхлээд юм шаах ёстой гэсэн сэтэхүйтэй орж ирдэг. Өш санадаг муурай гарууд шүү. Ардын нам ч бөөн хог шаарууд. ЯАМААР Ч ЮМБЭ НЭЭРЭЭ . БҮГД ИДЭЖ УУХЫН ДОНТОНГУУД
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-15 07:41:15
    Зочин: Итгэх хүн алга.Ихэнх нь асуудалтай хүмүүс.Монголд цэвэр улс төрд гарах хүн байна уу?Өөрсдийгөө авч явж чадахгүй хүмүүс улс орныг ч идэж чадахаас цааш авч явж Чадахгүй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-15 07:38:25
    Зочин: Итгэх хүн алга.Ихэнх нь асуудалтай хүмүүс.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-14 22:56:20
    Зочин: Доржпүрэв гэж нөгөө алдарт хулгайч, авилгачин шоронд ороогүй юм уу. 1 сая доллар шууд хувьдаа авсан нь хөдлөшгүй баримтаар тодорхой боллоо гээд байсан. Мөнгөтэй хүнийг яаж ч чадахгүй төр. АТГ. Шүүх юм даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-14 22:16:56
    Зочин: Ардчилсан намын үе үеийн хулгай луйврыг нууж хаах, Баттулга, Элбэгдорж мэтийн хулгайчуудын заавраар ажиллах ийм новшнууд хэрэггүй. Бүгд л хувийн ашиг сонирхолтой, гар хөл, цүнх баригч нар байна. 2024 оны сонгуульд МАН, АН-ын хулгайч нараас хэнийг нь ч сонгох хэрэггүй. Тэртээ тэргүй цүнх баригч, шавхруу долоогч нар нь хангалттай олон хулгайч гаргаад ирнэ. Тиймээс энэ 2 намд хамааралгүй бүх хүн шинэ улстөрийн хүчин, мэдлэг чадвартай бие даагч нарыг сонгоцгоо! Поп, алиалагч, дуучин, бөх, худлаа шүүмжилдэг гарууд хэрэггүй шүү. Салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн нэр цэвэр эмч, багш, инженер санхүүч, хуульч нарыг сонгох хэрэгтэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-14 20:34:30
    Уншигч: Эд нараас өчигдөр Марс 5 төсөл гэдгийг санаачлагч С.Эрдэнэболд гэдэг нь их санаачлага тай, их хуралд хууль хэлэлцэх батлахад мэргэжил, хэл мэргэжлээрээ илүү санагдлаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-14 15:54:36
    Иргэн: Гутмаар юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-14 14:26:12
    Больё: Яасан их дур вэ, хэнийг ч дэмжихгүй, бүгд нрвш
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-14 14:19:11
    Зочин: Улс төрчдийг сайн судлаад үнэн мэдээллээр иргэддээ мэдээлэх хэрэгтэй дэмжиж бна аа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-14 12:44:15
    Ой гутаж ба: Ийм хүмүүс төрд гараад биднийг удирдаад явна гэж бодохоор... үнэхээр ой гутаж жигшиж байна бид их азгүй ард түмэн юм харамсалтай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-14 12:26:41
    Тансаг: Энэ нам женкогоос салж чадахгүй бол улс төрөөс салах болж дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-13 23:49:44
    Зочин: Нэр дэвшихээр горилогчдын тухай бичихдээ сэтгүүл зүйн ёс зүйгээ баримталж хүмүүсийг доромж үгээр гутаахаа болино уу.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-13 21:37:33
    Зочин: Дэмий юм уншлаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-13 21:37:04
    Гантөмөр : Амжилт хүсье
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-13 15:17:13
    Уншигч : Монголчууд мулгуу2 дахиад нөгөөө хулгайч нараа сонгоно
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-13 15:17:06
    Уншигч : Монголчууд мулгуу2 дахиад нөгөөө хулгайч нараа сонгоно
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-13 10:50:37
    Нандинцэцэг: Энэ баг харин ч боломжыг баг бүрджээ.Д Доржпүрэв бол тууштай ажилсаг залуу даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-13 10:42:26
    Амгалан: Доржпүрэв их сайн хөдөлмөрч залуу олон жил энэ улс төрд яваадаа. Эрчим хүчний салбарт энэ хүн шиг сайн ажилласан сайд байхгүй байхаа. Тухайн үед бүтээн байгуулалт хийгээгүй байсан бол бид өнөөдөр харанхуй сууж байх байсан байх. Энэ хүнийг дэмжэээд нэг гаргачихаасаа. Миний мэдхээр 5 билүү 6 удаа өрсөлдөж байгаа байхаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-13 10:11:41
    S: SEXSDI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-13 09:53:54
    Зочин: Дажгуй баг байна. Амжилт хусье. МАН хэдэн аальгуй , ес зуйгуй хуухнуудийг бодвол.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-13 09:27:05
    Зочин : Энэ баг чинь харин сулхан нөхдөөс бүрджээ. Мэдэхгүй ээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-13 09:02:25
    1: 2020 онд Төв аймагт АН аас Туваан,Эрдэнэсувд, Тэмүжин гурав албан ёсоор дэвшиж Доржпүрэв Жэнкогын санхүүжилтээр Тэмүүжинг унагаахаар орж ирж үүргээ гүйцэтгэсэн. Бодвол эзнээсээ овоо шагнал авсан байлгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-13 09:01:46
    эрка: зайлаа зайлж үз бузрууд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-13 09:01:43
    эрка: зайлаа зайлж үз бузрууд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-13 08:05:32
    Irgen: Goridogsod
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-10 10:25:21
    Зочин: Засагтайгаа хаалтын гэрээ хийчихсэн Амундра сөрөг хүчнийг муулах ажлаа эхлүүлжээ. Чи биш сонгогч түмэн сонгох эс сонгох оо мэддэг юм шүү
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188