• Өнөөдөр 2024-05-03

IV ТОЙРОГ: ЦООХОР ДЭЭЛТИЙН “ЦЭРЭГ”-ҮҮДЭЭР ТОЛГОЙЛУУЛСАН АН-ЫН НАЙМАН ГОРИЛОГЧ

2024-04-08,   1277

        Эргэлт.мн мэдээллийн сайт сонгогчдын мэдлэгт зориулан “Сонгууль-2024” булангаа нээж, УИХ-ын сонгуулийн хот, хөдөөгийн 13 тойрогт нам намаас нэр дэвшихээр горилогчдыг цувралаар танилцуулж буй. Өмнөх дугаартаа бид УИХ-ын сонгуулийн IV тойрог буюу Булган, Орхон, Хөвсгөл аймагт МАН-аас горилогчдыг танилцуулсан. Харин энэ удаад АН-аас горилогчдыг танилцуулж байна.
       Уг нь IV тойрогт АН-аас горилогчдыг УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар хоёр толгойлох учиртай. Гэвч Н.Алтанхуяг, С.Ганбаатар хоёр тойргоороо тойрохгүй, тун нам гүм байгаа. Цагаан сар, цас зуд ч гэж очоогүй. Өөрөөр бол, тэд жагсаалтад бичигдэх тохироо хийчихээд, тайвширцгаасан байх магадлалтай харагдаж буй. Харин тэдний оронд Х.Баттулгаас хормойдож АН-д элссэн бөхчүүдээр толгойлуулсан дараах найман хүн горилж буй ажээ. 

БОГД УУЛЫН АМУУДЫГ “ОТОГ” НЭРТЭЙ ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН ХОТХОН, ХОРООЛЛООР "ДҮҮРГЭСЭН" О.АМАРТҮВШИН

МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч асан О.Амартүвшин- Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул. О.Амартүвшин 2000 оноос хойш монголын бизнесийн толгой компаниуд буюу “Мобиком корпораци” ХХК, “М Си Эс групп” ХХК, “Спирт бал бурам” ХХК-уудад маркетингийн менежер, дэд захирлаар тус тус ажиллаж байсан. Улмаар 2005 оноос “Увс хүнс” ХХК, “Юнайтед фүүдс корпораци” ХХК-уудыг БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбаттай хамтран үүсгэн байгуулж,  Увс аймагт чацаргана тарьж эхэлснээр анх бизнест орсон. Өдгөө ч О.Амартүвшин бүх бизнесээ Н.Цэрэнбаттай хамтран эзэмшдэг бөгөөд сүүлийн жилүүдэд тэд Хотын “А” зэрэглэлийн бүс болон Дархан цаазат Богдхан уулын амуудыг тансаг зэрэглэлийн хотхон, хорооллоор дүүргэхэд “хувь нэмэр”-ээ оруулцгааж буй. 
 
Тухайлбал, О.Амартүвшин, Н.Цэрэнбат хоёрын “Герман стандарт” ХХК нь Зайсангийн амны 3.8 га газар дээр 96 айлын орон сууц, 28 айлын таун хаус, 14 айлын амины хаус бүхий “Гэрэгэ вилла” хотхоныг барьж худалдсан. Жаргалантын амны 2.0 га газар дээр 23 айлын тансаг зэрэглэлийн “Edelweiss jargalant villa” хотхоныг барьж худалдсан. Хийморийн овооны хойно, Туул голын эрэг дээр 135 айлын гурван блок орон сууц бүхий “Туул гарден” хотхоныг барьж худалдсан. “Ханбүргэдэй” их дэлгүүрийн ард 160 айлын “GS Four Sesson” хотхоныг барьж худалдсан. Мөн “Герман стандарт” ХХК нь Энхтайваны гүүрний хажууд 15 давхар “Гэрэгэ тауэр” оффисын барилгыг барьсан бөгөөд өдгөө О.Амартүвшин, Н.Цэрэнбат хоёрын бүх компаниуд тус барилгад байрладаг. 
 
Улс төрд мөн л Х.Баттулгаас “хормойдогсод”-ын нэг гэгддэг. Тиймдээ ч 2016 онд Х.Баттулгын “найруулга”-аар Н.Түвшинбаяр хаа байсан Баянхонгорт, харин О.Амартүвшинд Булганд нэр дэвшиж байв. Мөн 2021 оны хавар Х.Баттулгын дэмжлэгээр Ц.Тувааны талын АН-ын даргын сунгаанд нэр дэвшсэн ч ялагдсан. Х.Баттулга, О.Амартүвшин хоёрыг холбодог өөр нэг жим нь бөх бөгөөд О.Амартүвшин “Булган хангай” бөхийн дэвжээний тэргүүнээр ажиллаж ирсэн. 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ Булганы бөхчүүдээр дуу дуулуулж, клипжүүлж, сонгуулийн сурталчилгаандаа ашигласан нь сошиалд шүүмжлэл дагуулж байв. 

ХӨВСГӨЛИЙН БАРИЛГЫН ТЕНДЕРҮҮДИЙГ ХЭНТЭЙ Ч ХУВААЛЦДАГГҮЙ Г.МӨНГӨНХУЯГ 

Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг- Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уугуул. Барилгын инженер мэргэжилтэй, 2006 оноос хойш аав С.Гүнширийнхээ “Урагшлах” ХХК-ийн Ерөнхий инженерээр ажиллаж байгаад 2016 онд Хөвсгөл аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Улмаар 2020 онд улиран сонгогдож, ИТХ-ын даргаар ажиллаж ирсэн. 
 
Г.Мөнгөнхуяг АН-ын боловч алдарт “10 хувь”-ийн Ц.Даваасүрэнтэй “сүүлэрдэг”, түүний нөлөөгөөр томорч яваа гэж нутгийнхан нь ярьцгаадаг. Ганц жишээ дурдахад, аав С.Гүншир нь БХБ-ын сайд Ц.Даваасүрэнгийн 2007 онд үүсгэн байгуулж, 2022 он хүртэл удирдсан “Дэлтэй цэнхэр” МСУХ-ны дэд тэргүүнээр ажиллаж ирсэн, алдарт уяач цолтой. Мөн С.Мөнгөнхуяг өөрөө “Дэлтэй цэнхэр” МСУХ-ны Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг. 
 
Г.Мөнгөнхуягийн удирддаг, аав С.Гүнширийнх нь эзэмшлийн “Урагшлах” ХХК нь АН, МАН-ын аль ч Засгийн үед Хөвсгөл аймгийн барилгын бүх тендерүүдийг түүж ирснээрээ зартай. Зөвхөн сүүлийн зургаан жилд л гэхэд, 2018 онд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 320 хүүхдийн сургуулийн барилгын 2.5 тэрбумын тендер, 2019 онд Тосонцэнгэл сумын 20 ортой эмнэлгийн барилгын 1.8 тэрбумын тендер, 2020 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 100 ортой эмнэлгийн барилгын 8.7 тэрбумын тендер, 2023 оны арванхоёрдугаар сард Мөрөн сумын 320 хүүхдийн сургуулийн барилгын 7.4 тэрбумын тендер гэх мэтээр аймгийнхаа том төсөвтэй барилгын бүхий л тендерүүдийг түүж ирсэн байдаг. 
 
Гэвч төрийн тендерүүдэд “ногоон гэрэл”-ээр шалгардаг “Урагшлах” ХХК-ийн балаг барагдахгүй их. Наад зах нь л, арьсан барилгууд нь ихдээ хоёр, гуравхан жил болоод хана, тааз нь цуурч, шал нь цөмөрчихдөг гэмтэй. Нурж унахад бэлэн, чанаргүй барилга барьдаг хар түүхүүдтэй мөртөө дээр дурдсанчлан төрийн тендерүүдэд шалгарсаар л байдаг. Жишээ нь, “Урагшлах” ХХК нь 2013 онд Хөвсгөл аймагт төсвийн 2.1 тэрбум төгрөгөөр 50 ортой төрөх эмнэлэг барьсан ч 2015 онд тус эмнэлгийн халаалтын паарууд нь ээлжлэн цоорсноор ус алдаж, хөхөө өвлөөр халаалтаа зогсоож байлаа. Дараа нь 2017 онд Орхон аймгийн Баян-Өндөр сумын сургуулийн барилгыг төсвийн 2.3 тэрбум төгрөгөөр барьсан. Гэвч 2021 онд тус сургуулийн барилгын хана, тааз нь төө гарантай цуурч, шал нь цөмөрч, хүүхэд хичээллэх боломжгүй болсон. Улмаар тус сургуулийн 500 гаруй сурагч цахимаар хичээллэхэд хүрсэн байдаг. 

ХАДАМ ААВААРАА БИЗНЕСТ, Х.БАТТУЛГААР УЛС ТӨРД ХӨТЛҮҮЛСЭН Д.ӨСӨХБАЯР

Орхон аймгийн МоАХ-ын тэргүүн Д.Өсөхбаяр- Аав нь Булган аймгийн Сайхан сумын уугуул, ээж нь Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын уугуул. Д.Өсөхбаяр өөрөө Дархан хотод төрж, Эрдэнэт хотод өссөн. Цахилгаанчин мэргэжилтэй, “Эрдэнэт үйлдвэр”-т цахилгаанчнаар ажиллаж байгаад 2000 онд “Орхон чандмань” ХХК-ийг байгуулж, тус компаниараа дамжуулан хадам аав С.Мишигийнхээ Эрдэнэт хот дахь "Чандмань” худалдааны төвийг удирдаж эхэлснээр анх бизнест орсон. Түүнээс хойш Д.Өсөхбаяр “Чандмань” худалдааны төвөөсөө гадна “Гурван од” төв, “Дэлгэрэх” төв, “Тэмүүлэл” төв гэх мэт Эрдэнэт хотын бүх л том худалдаа, үйлчилгээний төвүүдийг эзэмшиж, удирдаж ирсэн. Мөн Д.Өсөхбаярын “Орхон чандмань” ХХК нь Эрдэнэт хотын болон “Эрдэнэт үйлдвэр”-ийн барилгын тендерүүдийг “түүдэг”. Жишээ нь, Эрдэнэт хотын орон сууцны хорооллууд дундах амрах, нарлах, тоглох талбайнуудыг Д.Өсөхбаярын “Орхон чандмань” ХХК нь төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байв. 
 
Д.Өсөхбаярын улс төрийн уяа сойлгыг Х.Баттулга тааруулдаг. Тодруулбал, Д.Өсөхбаяр жүдо, самбо бөхийн тамирчин байсан бөгөөд Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, Орхон аймгийн Жудо бөхийн холбооны тэргүүнээр ажиллаж ирсэн. Өөрөөр хэлбэл, Х.Баттулгатай бөхөөр дотноссон нэгэн. Тиймдээ ч Х.Баттулгыг Ерөнхийлөгч байх үед нь Зөвлөхөөр ажиллаж байсан. Мөн Х.Баттулгын МоАХ-ны харьяа Орхон аймгийн МоАХ-ны тэргүүнээр нь ажилладаг. 
 
Улмаар 2020 оны УИХ-ын сонгуульд Х.Баттулгын дэмжлэгтэйгээр Булган аймагт нэр дэвшсэн ч Ц.Анандбазар, Ж.Бат-Эрдэнэ хоёрт ялагдсан. Гэсэн ч хоосон хоцроогүй, 2020 оны орон нутгийн сонгуульд нэр дэвшиж, Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Өдгөө даагаа нэхэхээр дахин горилж буй.

Х.БАТТУЛГЫГ ХОРМОЙДОЖ, ЗААЛНЫ БӨХӨӨС ЗАСАГ ДАРГА БОЛТЛОО ТОМОРСОН Б.АРИУН-ЭРДЭНЭ

Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ- Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул. 2003 оноос хойш 2013 он хүртэл 10 жил жүдо бөхийн үндэсний шигшээ багт тамирчин байсан. Үндэсний бөхийн аймгийн арслан, жүдо бөхийн улсын найман удаагийн аварга, самбо бөхийн дэлхийн аварга, Гавьяат тамирчин цолтой. 
 
Зүлэг, заалнаас бусдыг мэдэхгүй шахуу явсан Б.Ариун-эрдэнийг хөтөлсөөр, Засаг даргын сэнтийд аваачиж залсан хүн бол Х.Баттулга. Түүх сөхвөл, 2012 онд Х.Баттулга Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч байхдаа Б.Ариун-Эрдэнийг холбооныхооо дэд ерөнхийлөгч болгож дэргэдээ татаж байлаа. Дараа жил нь буюу 2013 онд Б.Ариун-эрдэнэ шигшээ багаас зодог тайлж, улмаар 2014-2016 онд “Эрдэнэт үйдвэр”-ийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэнгийн зөвлөхөөр ажиллаж, улс төр, бизнесийн хар, хорны зах, зухаас суралцсан. Дараа нь 2018-2020 онд төрийн өмчит “Монголросцветмет”-ийн харьяа “Шижир алт” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж, улмаар 2020 онд Булган аймгийн Засаг даргын сэнтийд заларсан байдаг. 
 
Сонирхуулахад, Б.Ариун-Эрдэнэ 1.0 тэрбумын хоёр орон сууц, 5.4 тэрбумын мал, 600 саяын үнэт эдлэл, 197 саяын жийп зэргээрээ хамгийн баян Засаг дарга нарын жагсаалтыг тэргүүлдэг. 2023 онд Б.Ариун-эрдэнийг АТГ-аас “үндэслэлгүй хөрөнгөжсөн” гэж үзэж, албан тушаалаас нь чөлөөлөх асуудал яригдаж байсан ч тэгсгээд намжсан. Тэр хувьдаа, “Еро ази жем” ХХК, “Лакинебула” ХХК, “Эй Эс Өү” ХХК-уудыг эзэмшдэг. Харин “Бичигт ложистик” ХХК-ийг барилгын салбарын “акул”-уудын нэг “Эко”-гийн С.Нямдаваа, ТЕГ-ын дарга асан Д.Гэрэл, алтны уурхайнуудаараа алдаршсан “Империал гоулд”-ын Т.Мөнхбаяр гуравтай хамтран эзэмшдэг. Эндээс, Б.Ариун-Эрдэнийн бизнесийн цар хүрээ хэр том болох нь тодорхой харагдаж буй биз ээ. 

МУУ НЭР, ЛУУ ДАНСААРАА АЛДАРШСАН С.ГАЛ-ЭРДЭНЭ

Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Гал-Эрдэнэ- Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул. Булган аймгийн хамгийн залуу бизнесмен бөгөөд “Харгант цамхаг секьюрити” ХХК-аар харуул хамгаалалт, “Эм Жи ти майнинг” ХХК-аар уул уурхайн машин, механизм, тоног төхөөрөмжийн худалдаа, “Жи ар капитал логистик” ХХК-аар төмөр замын ачаа тээвэр, “Хангай констракшн” ХХК-аараа барилгын бизнес тус тус эрхэлдэг. С.Гал-Эрдэнэ хүүхэд ахуйгаасаа самбо, жудо бөхөөр барилддаг байсан. Тиймдээ ч Булганы Засаг дарга А.Ариун-эрдэнэ, Олимпын аварга Н.Түвшинбаяр нараар дамжуулан Х.Баттулгын хуурай дүү болж, 2020 оноос түүний дэмжлэгээр улс төрд орох оролдлогуудыг угсруулан хийж буй. Эхлээд 2020 оны УИХ-ын сонгуулиар Булганд нэр дэвшсэн боловч Ц.Анандбазар, Ж.Бат-Эрдэнэ хоёрын араас гуравт жагссан. Улмаар намар нь орон нутгийн сонгуульд нэр дэвшиж, Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. 2020 оны сонгуулиар саналын тоогоороо гуравт жагссан учраас ирэх сонгуульд ялах боломж бий гэж тооцоолж буй.  
 
Уг нь С.Гал-Эрдэнэ улс төр ч, бизнест ч харьцангуй шинэ хүн боловч хууль хяналтынханд ээрэгдсэн, шалгагдсан хэргүүдээрээ хэдийнээ танил болчихсон нэгэн. Тодруулбал, 2021 оны хавар болсон олимпын аварга Н.Түвшинбаяр, талийгаач Э.Энхбат хоёрын зодооны хэрэгт С.Гал-Эрдэнэ холбогдсон. Хэрэг гардаг өдөр С.Гал-Эрдэнэ Хан-Уул дүүрэгт байрлах “Их хуралдай” оффистоо Н.Түвшинбаяр, Э.Энхбат нарыг аваачиж, хамт архи уусан. Улмаар шөнө нь зодоон болж, эцэст нь нэг нь нартаас буцаж, нэг нь нарсанд орсон байдаг. Эл хэрэгт холбогдуулан С.Гал-Эрдэнийг яллагдагчаар татахыг олон нийт шаардаж байсан ч гэрчээр байцаагдаад хэргээр сугарч үлдсэн. 
 
Дараа нь, өнгөрсөн оны долдугаар сард гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгагдаж байхдаа нэр бүхий цагдаагийн ажилтанд авлига өгч, хэргээ хаалгахыг завдсан гэх хэргээр АТГ-ын хаалга татсан мэдээлэл цацагдсан. АТГ-ынхан С.Гал-Эрдэнийг шалгах явцад нэр бүхий цагдаагийн ажилтны гэр бүлийн хүний данс руу хоёр удаа мөнгө шилжүүлсэн нь илэрсэн гэдэг. Улмаар өнгөрсөн оны аравдугаар сард АТГ-ынхан С.Гал-эрдэнийн авлигын хэргийг шалгаж дуусаад, прокурорт шилжүүлж байгаагаа зарласан. Түүнээс хойш хэрэг нь хэрхсэн нь тодорхойгүй байгаа. 
 
Сүүлд, “авдар”-таа авлигын 10 тэрбум төгрөгаа нууж байгаад АТГ-ынханд баривчлагдсан С.Батдөлийн хэрэгт С.Гал-Эрдэнийн нэр холбогдсон. Учир нь, С.Гал-Эрдэнийн “Жи Ар Капитал логистик” ХХК нь “Улаанбаатар төмөр зам” ХНН болон “Тавантолгой төмөр зам” ХХК-уудтай гэрээлж, урд хөрш руу төмрийн хүдэр, нүүрс тээвэрлэх үйл ажиллагаа явуулдаг. Тиймдээ ч С.Гал-Эрдэнэ төмөр замын тээврээ хурдасгахын тулд С.Батдөлд авлига өгсөн байж болзошгүй гэгдэж байлаа.

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАСВАРЧНААС АН-ЫГ ДАГАЖ АМ ТОСДСОН Ц.БАТХУЯГ

Орхон аймгийн АН-ын дарга Ц.Батхуяг- Увс аймгийн Цагаанхайрхан сумын уугуул. Хүүхэд ахуйдаа аав, ээжийгаа дагаж Орхон аймагт буюу Эрдэнэт хотод ирж суурьшсан. Улмаар 1992 оноос хойш “Эрдэнэт үйлдвэр”-т засварчнаар ажиллаж байгаад АН-ыг засаг барьж эхэлмэгц буюу 2012 онд Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Дараа жил нь буюу 2013 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийн Баяжуулах үйлдвэрийн дарга болж, 2020 он хүртэл ажилласан. Улмаар 2020 оны УИХ-ын сонгуульд Орхон аймагт нэр дэвшсэн ч зургаад жагссан. 
 
Ц.Батхуяг 2014 онд УИХ-ын гишүүн асан М.Батчимэг агсантай Орхон аймгийн АН-ын даргын сунгаанд өрсөлдөөд ялагдаж байсан. Гэхдээ тухайн үед Ц.Батхуяг Орхон аймгийн Засаг дарга болох тохиролцоо хийж, зориуд ялагдсан гэгдэж байсан ч уг тохиролцоо нь бүтээгүй. Улмаар 2018 онд Орхон аймгийн АН-ын даргаар томилогдож, одоог хүртэл ажиллаж буй. Мөн Ц.Батхуяг Орхон аймгийн байт харвааны холбооны тэргүүн, Эрдэнэтийн дугуйн холбооны тэргүүн гэх гуншингуудтай. 
 
Хувийн бизнесийн тухайд, “Сүр-эрдэм” ХХК-ийг эзэмшдэг бөгөөд 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ компаниа хүү Б.Сүрэнжавдаа шилжүүлсэн. Сонирхуулахад, Ц.Батхуяг 2016 онд албан тушаалаа ашиглан “Эрдэнэт үйлдвэр”-ийн охин компани болох “РСЦ” ХХК-аас бетон зуурмаг завшсан хэргээр шүүгдэж, 2017 онд цагаадсан. 

ХӨВСГӨЛИЙН ТОЙРГИЙГ ЗУРГАА ДАХЬ ЖИЛДЭЭ ТОЙГЛОЖ БУЙ Х.ЭРДЭНЭБААТАР

Хөвсгөл аймгийн Засаг даргын зөвлөх, ҮБХ-ны гишүүн Х.Эрдэнэбаатар. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул. Санхүүч мэргэжилтэй, 2013 онд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн вант улсад бүртгэлтэй “Майзус финаншл сервиусис” компанийн хөрөнгө оруулалтаар “Мониполо” ББСБ-ыг үүсгэн байгуулж, Ерөнхий захирлаар нь ажиллаж ирсэн. Гадаадын компаниас санхүүжилт авч, дотоодын иргэддээ зээлдэх буюу “мөнгө хүлээх” замаар огцом хөрөнгөжсөн гэж нутгийнхан нь ам муутай байдаг юм билээ. 
 
Тэр 2018 онд “Хөвсгөл шинэ үе” ТББ-ыг байгуулж, “Чинээлэг малчин” гэх хөтөлбөр хэрэгжүүлж, Хөвсгөлийн тойргийг хоёр жил гаруй тойрч, тойглосон. Хэвлэлд ч хөрөнгө мөнгийг харамгүй цацаж, хөрөг нэвтрүүлгүүд хүртэл хийлгэж байлаа. Гэтэл 2020 оны тавдугаар сард АН-ын удирдлагууд Хөвсгөлд Х.Эрдэнэбаатарыг биш,  “халзан” Да.Ганболдыг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн. Хөвсгөлийн тойргийг усалсан хоёр жилийн хөдөлмөрийг нь хөсөр хаясанд уурссан Х.Эрдэнэбаатар тухайн үед АН-ынхаа ах нартай, дамаа Да.Ганболдтой тангараг тасрахаа шахсан гэдэг. Харин энэ удаад тэр тойргоо булаалгахгүйн тулд 2018 онд эхлүүлсэн "Чинээлэг малчин" хөтөлбөрөө үргэлжлүүлж, өөрөө ББСБ-ын эзэн мөртөө "Өрийн дарамтгүй Монгол" үндэсний хэлэлцүүлэгийг Хөвсгөлд өрнүүлж яваа. 

АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ГЭМТ ХЭРЭГ НЬ ШҮҮХЭД ШИЛЖЧИХСЭН Ч ТОЙРГОО ТОЙРСООР ЯВАА Ш.ИДЭРБАЯСГАЛАН

Хөвсгөл аймгийн АН-ын дарга Ш.Идэрбаясгалан- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул. Хүний гавьяат эмч Д.Шаравдоржийн ууган хүү. Тиймдээ ч Ш.Идэрбаясгалан 2000 онд “Хөвсгөл барнууд” ХХК-ийг үүсгэн байгуулж, аавынхаа дэмжлэгээр Хөвсгөл аймагтаа анхны шахуу чих хамар хоолой, зүрх судасны төрөлжсөн хувийн эмнэлгийг нээснээр бизнест орсон. Түүнээс хойш Ш.Идэрбаясгалан шүдний эмнэлэг ажиллуулдаг “Ай Би Ди Ти” ХХК, иргэдэд хүүтэй зээл олгодог “Идэр хөгжлийн гүүр” ББСБ, барилгын болон хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэлийн тендерүүдэд дагнан оролцдог “Галт шагай” ХХК-уудыг тус тус үүсгэн байгуулж, Ерөнхий захирлаар ажилласан ирсэн. Улмаар 2017 онд Хөвсгөл аймгийн АН-ын дарга болж, 2020 онд Хөвсгөл аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, Хөвсгөл аймгийн Засаг даргаар томилогдсон. 
 
Гэвч 2023 оны тавдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ш.Идэрбаясгаланг үүрэг даалгавар биелүүлээгүй, ажлаа хангалтгүй хийсэн хэмээн “бангадаж”, улмаар Засаг даргын зөөлөн сэнтийгээс нь буулгасан. Мөн Ш.Идэрбаясгалангийн Хөвсгөл аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан, хахууль авсан гэх хэрэг нь өнгөрсөн онд илэрч АТГ-ын хаалга татсан. Улмаар өнгөрсөн гуравдугаар сард прокуророос Ш.Идэрбаясгаланд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Хөвсгөл аймгийн эрүүгийн хэргийн шүүхэд шилжүүлээд буй. 
 
Авлига, албан тушаалын гэмт хэрэгт нь шүүхэд шилжихээд байгаа ч Ш.Идэрбаясгалан өдгөө Б.Ариун-Эрдэнэ, С.Гал-Эрдэнэ, Д.Өсөхбаяр нартай хамт IV тойргийг тойрч, тойглож яваа. Магад, сонгууль хүртэл яллагдахгүй тэсээд, Төрийн ордон түшээ болоод орчихвол хууль хяналтынхан өөрт нь хүрч чадахаа болино гэж тооцоолж буй биз. 
Тайлбар: 2024-04-07, Хөвсгөл аймаг
 

IV ТОЙРОГ: ЦООХОР ДЭЭЛТИЙН “ЦЭРЭГ”-ҮҮДЭЭР ТОЛГОЙЛУУЛСАН АН-ЫН НАЙМАН ГОРИЛОГЧ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 7
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-08 15:08:27
    Зочин: Баахан хүнд гаруудын цуглуулга болохнээ төр засаг. Энэ дотор eр нь эрдэм номын гэгээтэй хүн байна уу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-08 11:54:27
    ард: 126 мангууг бид тэжээх болжээ хөгжлийн хайран цаг хугацаа алдлаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-08 10:45:36
    Zochin: Hulgaich bariig ******** songooroi Famshug
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-08 09:51:50
    Бадамжунай: Ойлгосонгүй!!! Алтанхуяг ганбаатар 2 бие дааж нэр дэвшээ биздээ. Бүрэн эрх нь дуусаагүй байж өөр намаас нэр дэвшиж болохуу?! Тайлбарлаад өгөа хүн байна уу?!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-08 09:50:49
    Бадамжунай: Ойлгосонгүй!!! Алтанхуяг ганбаатар 2 бие дааж нэр дэвшээ биздээ. Бшрэн эрх нь дуусаагүй байж өөр намаас нэр дэвшиж болохуу?! Тайлбарлаад өгөа хүн байна уу?!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-08 08:25:35
    Ариука: За панзчид одоо болио
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-08 08:25:28
    Ариука: За панзчид одоо болио
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188