• Өнөөдөр 2024-05-03

III ТОЙРОГ: БАЯН-ӨЛГИЙГ “БАЗСАН” БИЗНЕСМЕНҮҮД БУЮУ ХУВИЙН ЭМНЭЛЭГТЭЙ Б.БЕЙСЕН, ДУЛААНЫ СТАНЦТАЙ Д.МУРАТ, 75 ТЭРБУМЫН ХАДГАЛАМЖТАЙ Ш.ЖАНДОС

2024-04-02,   3389

      Эргэлт.мн мэдээллийн сайт сонгогчдын мэдлэгт зориулан “Сонгууль-2024” булангаа нээж, УИХ-ын сонгуулийн хот, хөдөөгийн 13 тойрогт нам намаас нэр дэвшихээр горилогчдыг цувралаар танилцуулж эхлээд буй. Өмнөх дугаартаа бид УИХ-ын сонгуулийн II тойрог буюу Завхан, Увс, Ховд, Говь-алтай аймгуудад АН, МАН-аас горилогчдыг танилцуулсан. Харин энэ удаад III тойрог буюу гурван мандаттай Баян-Өлгий аймагт АН-аас горилогчдыг танилцуулж байна. 


БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ХАМГИЙН ТОМ ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭН Б.БЕЙСЕН

      УИХ-ын гишүүн Б.Бейсен- Баян-Өлгий аймгийн Бугат сумын уугуул. 1989-2012 онд Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт мэс заслын эмч, тасгийн эрхлэгч, 2012-2016 онд Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга, 2016-2020 онд Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн зөвлөх, 2020 оноос хойш УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа намтартай. 
 
Тэгвэл Б.Бейсены цагаан халад, буурал эмчийн дүрийнх нь цаана асар том авлигын сүлжээ нуугдаж байж болзошгүй ноцтой баримтыг манай сайт 2020 намар нийтэд дэлгэж байв. Тодруулбал, Б.Бейсений насаараа ажиллаж, удирдсан Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн 40 гаруй эмч бүлэглэж, эрүүл саруул иргэдэд “хөдөлмөрийн чадвараа алдсан” гэх хуурамч тодорхойлолт гаргаж өгч, группт оруулдаг байсан. Ингэхдээ тэд нэг иргэнээс 500 мянгаас 2.0 сая төгрөгийн хахууль авч байсан. Хамгий ноцтой нь, хуурамч тодорхойлолтоор группт оруулдаг эл “халамжийн бүлэглэл”-ийн толгойлогч нь Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга асан, УИХ-ын гишүүн Б.Бейсен байж болзошгүй сэжүүр, баримтуудыг бид илчилсэн. Энэ хэргийн мөрөөр ЦЕГ болон АТГ-ын мөрдөгчид Баян-Өлгийд очиж, хэлгүй, дүлий гэх оноштой, сар бүр халамжийн мөнгө авдаг 420 гаруй иргэнийг оношилгоонд хамруулахад 268 иргэн нь эрүүл саруул буюу хуурамч оноштой байсан нь тогтоогдсон байдаг. Ингээд УИХ-ын гишүүн Б.Бейсен тэргүүтэй авлига авсан, өгсөн нийт 611 хүнийг ЦЕГ, АТГ-аас хамтран шалгаж эхэлсэн. Улмаар 2022 оны хавар Б.Бейсенд холбогдох уг хэргийг прокурорт шилжүүлсэн боловчт түүнээс хойш сураг алдарчихаад байгаа. 
 
Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Бейсен Баян-Өлгий аймагтаа хамгийн том “Бэйс-Шипа” гэх хувийн эмнэлэгтэй. Б.Бейсен өөрөө “Бэйс-Шипа” эмнэлгийнхээ зөвлөх эмчээр ажилладаг. Харин охин Б.Ботажан нь “Бэйс-Шипа” эмнэлгийнхээ ерөнхий мэс заслын эмчээр, охин Б.Маралдын нь дотрын их эмчээр, охин Б.Тохмейл нь зүрх судасны их эмчээр, бэр Х.Айгерим нь лабораторийн их эмчээр тус тус ажилладаг. 
 
Түүнчлэн, охин Б.Маралдымынх нь нөхөр, хүргэн М.Калимат нь “Айкамат” ХХК-ийн Ерөнхий захирал. “Айкамат” ХХК нь Баян-Өлгий аймгийн төрийн байгууллагуудын барилга, их засвар, гудамж, талбайн тохижилтын тендерүүдийг “түүдэг”. Жишээ нь, Казакстан хороолол барих-504 сая\1-р багц\, Сагсай сумын дотуур байрны их засвар-35.5 сая, Онцгой байдлын газрын шалган нэвтрүүлэх байр-39.0 сая, Буянт сумын соёлын төв-40.0 сая, Стадионы засвар 44.0 сая гэх мэт төрийн есөн тендерт шалгарчээ. 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ГАНЦ БАЙДАГ ДУЛААНЫ СТАНЦ, ХАМГИЙН ТОМ ЦЕМЕНТИЙН ҮЙЛДВЭР, ХАМГИЙН ӨНДӨР ЗОЧИД БУУДЛЫН ЭЗЭН Д.МУРАТ

     УИХ-ын гишүүн асан Д.Мурат- Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын уугуул. 2006 оноос хойш “Эрчим баян өлгий” ХК, “Жанат” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байгаад 2016 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшсэн. Улмаар 2008, 2012 онуудад угсраа ялалт байгуулаад байсан МАН-ын хууччуулын нэг А.Тлейханыг ялж, УИХ-ын гишүүнээр сонгогдож байв. Гэвч Д.Муратын төрийн сэнтийд очсон баяр хөөр удаан үргэлжилсэнгүй, 2017 онд ёс бус зураг, бичлэгээрээ бусдад бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэрэгт холбогдож, хэсэгтээ л сошиал дахь жигшүүрт дүр болж хувирсан. Ядахад, яг өмнөхөн нь УИХ-ын гишүүн Д.Гантулгын “бандааш”-ний хэргийн дуулиан дэгдэж, “халуун”-аараа шахуу байж таарсан учоаас Д.Муратын “бэлгийн дарамт”-ны хэрэгт олон нийт бүр ч зэвүүцэж, жихүүцсэн. Улмаар Д.Муратыг прокуророос яллагдагчаар татаж, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал гаргасан ч АН, МАН-ынхан хамтран хамгаалж үлдсэн. Жил тойрон шүүхдэлцсэний эцэст 2018 онд шүүхээс Д.Муратыг гэм буруугүй гэж үзэж цагаатгах шийдвэр гаргаж байв. 
 
Ингээд Д.Мурат 2020 оны УИХ-ын сонгуульд Баян-өлгий аймагт АН-аас дахин нэр дэвшсэн. Хэдий түүнд сонгуульд ялах хэмжээний бэл бэнчин байсан ч бэлхүүснээс дооших хэргийг нь нутгийнхан нь мартаагүй байсан учраас унагаасан. Одоо Д.Мурат “Их тоорил хаан” ТББ-ын тэргүүн гэх дүрээр сурталчилгаагаа эхлүүлж, ирэх сонгуульд горилж буй. 
 
УИХ-ын гишүүн асан Д.Мурат Баян-Өлгий аймгийнхаа хамгийн, хамгийн болгоныг эзэмшдэг, толгой баячуудын нэг. Тодруулбал, Д.Мурат “Эрчим баян өлгий” ХК-ийн 78 хувийг эзэмшдэг бөгөөд 2006 оноос хойш өөрөө удирдсан. Улмаар 2016 онд УИХ-ын гишүүн болмогцоо “Эрчим баян өлгий” ХК-ийнхаа удирдлагыг хүү М.Тилеубердигээ шилжүүлсэн байдаг. Тэгвэл Д.Муратын “Эрчим баян өлгий” ХК нь Баян-Өлгий аймагтаа ганц байдаг “Дулааны станц”-ыг эзэмшдэг бөгөөд Өлгий хотын бүх нийтийн болон амины орон сууцны 1300 гаруй айл, төрийн 50 байгууллага, хувийн аж ахуйн нэгжийн 100 обьектийг дулаанаар хангадаг. Мөн Д.Муратын “Эрчим баян өлгий” ХК нь Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт “Нүүрст хотгор” гэх нүүрсний уурхайтай бөгөөд “Дулааны станц”-аа нүүрсээр хангадаг. Одоогийн улс төрд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тэргүүтэй уурын зуухтай улстөрчид бий боловч Д.Мурат шиг “Дулааны станц”-тай нь болтлоо томорсон нь хараахан үгүй. 
 
Цаашилбал, Д.Мурат 2016-2020 онд УИХ-ын гишүүнээр ажиллахдаа хувийн бизнесүүдээ цэцэглүүлж, хэтэвчээ ч хангалттай зузаалж амжсан. Тодруулбал, Д.Мурат  2019 онд УИХ-ын гишүүн байхдаа “Өлгий цемент” ХХК-ийг байгуулж, 20 тэрбум төгрөгөөр жилд 150 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай цементийн үйлдвэр ашиглалтад оруулсан. Мөн л аймагтаа ганцхан байдаг, хамгийн том цементийн үйлдвэр гэж хэлж болно. Түүнчлэн, Д.Мурат нар Баян-Өлгий аймгийн шатахууны магнат, ирэх сонгуульд МАН-аас горилж буй Х.Жангабылтай “Бериктөрт” ХХК-ийг хамтран байгуулж, тус компаниараа 2020 онд Баян-өлгий аймагтаа хамгийн өндөр буюу 11 давхар “MJS tower” нэртэй зочид буудал, худалдаа үйлчилгээний барилгыг ашиглалтад оруулсан. Хоржоонтой нь, Д.Мурат аймагтаа хувьдаа дулааны станцтай, цементийн үйлдвэртэй, хамгийн өндөр зочид буудлыг эзэмшдэг атлаа аймгийнхаа барилгын тендерүүдийг ч “хумсалдаг”. Тодруулбал, Д.Мурат “Жанат” ХХК гэх барилгын компанитай.  Гэтэл Д.Мурат УИХ-ын гишүүн байхдаа буюу 2019 онд “Жанат” ХХК-аараа Баян-Өлгий аймгийн Бугат сумын 300 суудалтай Соёлын төвийн барилгын 1.1 тэрбумын тендерийг авч байв. 

ГАДААД ДАХЬ ДАНСАНДАА 75 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖТАЙ Ш.ЖАНДОС

АН-ын дэд дарга Ш.Жандос- Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын уугуул. Аав С.Шарив нь алдарт уяач цолтой, аймгийнхаа МСУХ-г тэргүүлдэг, мөн аймгийнхаа АН-ын хууччуулын нэг. Тиймдээ ч Ш.Жандос 2012 онд Н.Алтанхуягийг Ерөнхий сайд болмогц туслах, зөвлөхөөр нь ажиллаж байсан. Улмаар 2013 онд Геологийн төв лабораторийн Тамгын газрын даргаар томилогдож, хоёр жил ажилласан. Тухайн үед Геологийн төв лабораторит баруун, солгойгүй халаа, сэлгээ хийж байна гэгдэж, хэвлэлүүдийн нүүрэнд хэдэнтээ заларч байв. Дараа нь 2015 онд Сангийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар томилогдож, мөн л хоёр ажилласан. Ингээд 2017 онд Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх болсон. Улмаар 2020 оны орон нутгийн сонгуулиар Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгч болж, 2023 онд АН-ын 15 дэд даргын нэгээр сонгогдсон.
 
Ш.Жандос АН-ын “акул”-ууд болох Н.Алтанхуяг, Х.Баттулга хоёрын хэн хэнийх нь зөвлөх байсан гэдгээрээ АН дотроо том артайд тооцогддог. Тиймдээ ч ирэх сонгуульд горилж буй. Хамгийн ноцтой нь, Ш.Жандос 2022 онд Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн хувиар АТГ-т өөрийн хөрөнгө орлогоо мэдүүлэхдээ гадаад дахь дансандаа 75 тэрбум төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ. Өлгий хотын төвд байрлах хоёр давхар худалдаа, үйлчилгээний төвийг нь эс тооцвол хувьдаа бизнесгүй шахуу, дээрээс нь төрд газрын даргаас дээш албан тушаал хашиж байгаагүй Ш.Жандос яаж 75 тэрбумын хадгаламжтай болж, тэгээд бүр гадаадад хадгалуулчихсан хэрэг вэ. Эсвэл, Н.Алтанхуяг, Х.Баттулга гэх ах нар нь түүний нэрийг түр зээлдэж, гадаадад 75 тэрбумын хадгаламж нээчихсэн хэрэг үү. Үгүй бол, түүнд олонд ил болоогүй илүү том “эзэн” байна уу. УИХ-ын сонгуульд горилогчийнх нь хувьд АТГ-ынхан анхааралдаа авах биз ээ. 
 

III ТОЙРОГ: БАЯН-ӨЛГИЙГ “БАЗСАН” БИЗНЕСМЕНҮҮД БУЮУ ХУВИЙН ЭМНЭЛЭГТЭЙ Б.БЕЙСЕН, ДУЛААНЫ СТАНЦТАЙ Д.МУРАТ, 75 ТЭРБУМЫН ХАДГАЛАМЖТАЙ Ш.ЖАНДОС
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 10
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-04 07:51:58
    Зочин132..: Арай улсын хөрөнгөөр барьсан ЦС -ыг авчихсан юм биш биз дээ.Соц үед тийм баян байсан юм уу.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-03 21:06:41
    Д.БАДМАЕВ. МЗЭ Гишүүн ,ахмад зохиолч. : ӨМХИЙ САНААТ ОСМАНИЙ ҮЛДЭГДЭЛҮҮД ,,БАЯНӨЛГИЙН АРД ОЛНЫ ХӨРӨНГӨӨР ТУЙЛЖ БАЙДАГ ЮМ БАЙНА ЛДАА. .ОДООНЫ СОНГУУЛИАР БУТ АВЧ АТГ ын босгоны шороо болго !
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-03 20:50:00
    Fff: Fffuck
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-03 20:36:22
    Нямаа: Энэ хүн жаахан харлуулья л гэж бичиж бгаа юм болуу уг нь ганц тендер авсан хувийн эмэнэлэг нь хувийн бизнес хийдэг мундаг хүмүүс л гэж харагдлаа мундаг хүмүүс бнаа төрөөс хулгай хийгээгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-03 19:36:30
    Адилхан идсэн хулга нь чууд яг адилхан: Идсэн хулгайчууд бүгд адилхан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-03 19:36:12
    Адилхан идсэн хулга нь чууд яг адилхан: Идсэн хулгайчууд бүгд адилхан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-03 00:59:33
    Эрка: Үнэн арчаагүй юм бичиж байхийн. Харлуулах гэж л харлуулсан юм бичиж
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-02 22:19:27
    Наа: Ъ3 уулаа эвтэй байгаарай хамтарч ажиллаад заавал ялаарай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-02 16:03:32
    Зочин: Мурат чинь мундаг хөдөлмөрийн хүн байна. Ажилсаг хүнд ажил өгөлгүй яахав.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-02 09:01:25
    Minii ner shaa: Aubakir sh bas bain ******** shdee selengi aimagt tarilaniingiin talbaitai bas boloogui badelhan gishvvnd bas zam nertei tom bayan ulgii aimagiin avto zamiin kompian baigaa bayan ulgii aimagiin tendriig ter avdag gans ardchilsnam bish ardiin namiin gishvvdiig yarltaa muu shantaajiin setgvvlch
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188