• Өнөөдөр 2024-04-27

II ТОЙРОГ: АЛБАН ТУШААЛД АМТАШСАН АН-ЫН 10 ГОРИЛОГЧ

2024-03-28,   3106

      Эргэлт.мн мэдээллийн сайт сонгогчдын мэдлэгт зориулан “Сонгууль-2024” булангаа нээж, УИХ-ын сонгуулийн хот, хөдөөгийн 13 тойрогт нам намаас нэр дэвшихээр горилогчдыг цувралаар танилцуулж эхлээд буй. Өмнөх дугаартаа бид УИХ-ын сонгуулийн I тойрог буюу есөн мандаттай Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймагт АН, МАН-аас горилогч 18 хүнийг танилцуулсан. Энэ удаад II тойрог буюу Завхан, Увс, Ховд, Говь-алтай аймгуудад АН-аас горилогчдыг танилцуулж байна. 

Д.ДОРЛИГЖАВЫН УВСАД “СУНГАСАН ГАР” БУЮУ О.ЦОГТГЭРЭЛ

       УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл- Увс аймгийн Тэс сумын уугуул. “Тэсо”-гийн үүсгэн байгуулагч, төрсөн ах О.Сайнбуян нь Увс аймгийн Ардчилсан намын тэргүүлэгч, анхдагчдын нэг байсан учраас О.Цогтгэрэл АН-д элссэн. Улмаар О.Цогтгэрэл 2008 оны УИХ-ын сонгуулиар Увс аймагт Д.Дорлигжавын штабыг удирдсан. Дараа нь 2012 оны УИХ-ын сонгуулиар төв АН-ын штабт хүчин зүтгэж, хариуд нь сонгуулийн дараа Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөх болсон. Ингээд 2015 онд Увс аймгийн АН-ын даргаар томилогдож улс төрд орох бэлтгэлээ базаасан. Улмаар 2016 оны УИХ-ын сонгуульд Увс аймагтаа нэр дэвшсэн ч Б.Чойжилсүрэнд ялагдсан. Дөрвөн жил “Тэсо”-гийнхоо ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 2020 онд даагаа нэхэн дахин нэр дэвшиж, Төрийн ордны босго давсан түүхтэй. 2020 оны сонгуулийн дараа АН хоёр хуваагдаж, 2021 онд Х.Баттулга, Ц.Тувааны нарын талаас АН-ын даргаар О.Цогтгэрэлийг сонгосон ч дээд шүүх батламжлаагүй. Ингээд О.Цогтгэрэл 2022 онд УИХ дахь АН-ын бүлгийн даргаар томилогдож “шарх”-аа нөхөж байв. Өдгөө О.Цогтгэрэл УИХ-ын сонгуулийн II тойрогт АН-аас горилогчдоо толгойлж буй. 
 
Олон нийт О.Цогтгэрэл болон “Одон”-гийнхний бизнесийг “Бамбар” зайрмаг, “Милко” сүү, “Зөв” аарц, “Сакура” будаа, “Лавша” гурилаар төсөөлдөг. Гэхдээ О.Цогтгэрэл, түүний ах дүү нарын бизнес нь уул уурхай, барилгын бизнес дээр төвлөрч буй. Тэр тусмаа О.Цогтгэрэлийн уул уурхай, барилгын бизнесүүд нь нутгийн ах, Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавтай холбогдчихоод байдаг “гэмтэй”. 
 
Уул уурхайн тухайд, 2013 онд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, түүний төрсөн ах О.Сайнжаргал, төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан О.Сайнбуян агсны “Ай Пи Ди Ар” ХХК болон ХХБ-ны эзэн, “сахал” Д.Эрдэнэбилэг, Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын төрсөн дүү Д.Баатар нарын “Империалс майнинг корпорэйшн ХХК нь “Баюуд майнинг” ХХК-ийг хамтран байгуулж, эзэмшиж эхэлсэн. Улмаар “Баюуд майнинг” ХХК-ийн нэр дээр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт байрлах XV-007674 дугаартай 5026.8 га талбай бүхий “Шивээт улаан уул” хайгуулын тусгай зөвшөөрлөөс эхлээд алт, нүүрс, газрын ховор элементийн асар олон орд газрын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн өөрсдийн болгосон гэдэг. 
 
Барилгын тухайд, О.Цогтгэрэлийн “Тэсо констракшн” ХХК, “Грийн групп” ХХК, “Бэгдү пропертиз” ХХК тэргүүтэй барилгын компаниуд нь 21-р хороололд “Содон” хороолол, “Маршал таун”-ы хажууд “Скай гарден” хотхон, Нисэхийн тойргийн хажууд “Актив гарден” хотхон, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойно “Alpha zone” хотхон зэрэг олон мянган айлын хотхон, хорооллуудыг барьж худалдсан. Сонирхуулахад,  О.Цогтгэрэлийн анхны хотхон буюу “Скай гарден” хотхоныг барьсан газар нь Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын гараар дамжин “дээрэм”-ийн замаар О.Цогтгэрэлд ирсэн гэлцдэг. Түүнчлэн, О.Цогтгэрэлийн “Экспокс” ХХК нь Дархан цаазат Богдхан уулын Жаргалантын аманд УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат нарын хаус хотхонуудтай айлсуулан 45 айлын тансаг зэрэглэлийн “Palm springs resort and villa” хотхоныг барьж буй. О.Цогтгэрэлийн “Palm springs resort and villa” хотхоны хамгийн жижиг буюу 126м2 талбайтай хаус нь л гэхэд 700 сая төгрөгөөр зарагдаж байгаа. 
 
Улс төрийн нөлөөллийн хувьд, О.Цогтгэрэл АН-ын хууччуулаар араа хамгаалуулдаг. Тухайлбал, О.Цогтгэрэл дээр дурдсанчлан 2008 онд Д.Дорлигжавын сонгуулийн штабыг удирдаж, хариуд нь улс төрийн ивээлд нь орж, төрсөн дүүтэй нь уул уурхайн компаниар халаас нэгтгэснийг дээр дурдсан. Дараа нь Н.Алтанхуягийн зөвлөхөөр гурван жил ажиллаж, түүний дэмжлэгээр улс төрд орох замаа зассан. Сүүлд Х.Баттулгын дэмжлэгээр түүний талын АН-ын даргаар сонгогдож байсан. Түүнчлэн, О.Цогтгэрэлийн хүү Ц.Ганзориг, төрсөн ах О.Дамжингийнх нь хүү Д.Ганбаяр нар нь АН-ын хууччуулын нэг, алдарт “нүүрсчин” Ш.Адьшаагийн хүү А.Биндэрьяатай “ИКЮ сөрвэй” ХХК, “Голден эйж юнайтед” ХХК-уудыг хамтран эзэмшиж ирсэн байдаг. 

Ц.ЭЛБЭГДОРЖИЙН БАГШИЙН ХҮҮ, НАЙЗЫН ДҮҮ БУЮУ Б.ПҮРЭВДОРЖ

      УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж- Ховд аймгийн Зэрэг сумын уугуул. Өөрөөр бол, Ц.Элбэгдоржтой нэг сумынх. Тэднийг хамаатан ч гэцгээх нь бий. Лавтай л, Б.Пүрэвдоржийн ээж нь Ц.Элбэгдоржийн монгол хэл, уран зохиолын багш нь байсан. Мөн Б.Пүрэвдоржийн ээжийнх нь төрсөн дүү буюу нагац ах Б.Эрдэнэбаатар нь Ц.Элбэгдоржтой Зэрэг сумын дотуур байранд хамт амьдарч, хожим Орост сэтгүүлчээр төгсөж ирээд “Улаан-Од” сонинд хамт ажиллаж байсан. Тэр бүү хэл, Б.Эрдэнэбаатар 1990 оны ардчилсан хувьсгалын үеэр Ц.Элбэгдоржийн ар нь байж, “Ардчилал” сониноор дэмжиж байсан. 
 
Тиймдээ ч Б.Пүрэвдорж Ц.Элбэгдоржийн “татаас”-аар Улаанбаатар хотын гаальд гаалийн байцаагч байхдаа буюу 2006 онд АН-д элсэж, ҮБХ-ны гишүүнээр нь сонгогдсон. Тухайн үед АН-ын даргаар Ц.Элбэгдорж нь ажиллаж байсан. Улмаар 2009 онд Ховд аймгийн АН-ын даргаар томилогдож, аймгийн намын даргын хувиар 2012 оны УИХ-ын сонгуульд КЁКҮШЮЗАН Д.Батбаяртай хамт нэр дэвшсэн ч нэг айлын базууд буюу С.Бямбацогт, Д.Батцогт хоёрт өвдөг шороодсон. Гэхдээ Б.Пүрэвдорж хоосон хоцроогүй, сонгуулийн дараа мөн л Ц.Элбэгдоржийн “татаас-аар албан тушаалын “бялуу” хүртэж Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын даргаар томилогдож байв. Дараа нь бүтцийн өөрчлөлтөөр 2014 онд Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга болж дэвшсэн. Гэвч 2015 онд АТГ-ынханд дуудагдаж эхэлснээр албан тушаалаа өгч, “Ховддоо сайхан амьдарцгаая” сангийн тэргүүн нь болж, даагаа нэхэхээр Ховдын тойргийг дахин усалж эхэлсэн. Улмаар 2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон түүхтэй. 
 
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж төрийг “тоносон” олон баримт бий. Тодруулбла, Б.Пүрэвдорж “Баруун монгол интернэйшнл” ХХК-ийг эзэмшиж ирсэн. Ноцтой нь, Б.Пүрэвдорж “Баруун монгол интернэйшнл” ХХК-ийнхаа нэр дээр “Мах боловсруулах үйлдвэр” барина гэж Ховд аймгийн “Аймаг хөгжүүлэх сан”-гаас 350 сая төгрөг авсан ч үйлдвэр биш “Ланд-200” авч унасан, эл мөнгөө эргүүлж төлөөгүй асуудалд холбогдож байсан. Цаашилбал, Б.Пүрэвдорж 2014 онд Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга байхдаа албан хаагчдынхаа орон сууцны барилгыг төрсөн эгч Б.Бурмаагийнхаа нөхөр А.Цогт-Очирын “Жинст транс” ХХК-аар бариулж байсан. Мөн “Жинст транс” ХХК нь 2017 онд “Мал хамгаалах сан”-гаас 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байдаг. 

МАН-ЫН С.БЯМБАЦОГТЫН БАЗ, БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН “ТОНУУЛЧ” Д.БАТЦОГТ

      УИХ-ын гишүүн асан Д.Батцогт- Ховд аймгийн Мөст сумын уугуул. 1998 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийг төгсөж, 1999 онд Гаалийн ерөнхий газрын тамгын хэлтэст байцаагчаар ажилд орж, дараа нь жил буюу 2000 онд Нефть онцгой албан татварын гаалийн газрын даргаар томилогдож байв. Сайндаа ч биш, тухайн үед нагац ах Т.Лхагваа нь Гаалийн ерөнхий газрын даргаар ажиллаж байлаа. Ах дүү, амраг саднаа төрд татдаг үзэгдэл сая бий болчихсон юм, аль 24 жилийн өмнө ч байсан гэсэн үг л дээ. Түүнээс хойш Д.Батцогт Гаалийн ерөнхий газрын дэд дарга болж, улмаар 2012 оны УИХ-ын сонгуульд Ховд аймагтаа бие даан нэр дэвшиж УИХ-ын гишүүнээр сонгогдсон. 2016 он УИХ-ын сонгуульд Ховд аймагтаа АН-аас нэр дэвшсэн ч баз хүргэн С.Бямбацогтоо ялагдсан. Дараа нь 2020 оны УИХ-ын сонгуульд БГД-т АН-аас нэр дэвшээд мөн л өвдөг шороодсон түүхтэй. 
 
Бизнесийн тухайд, Д.Батцогт нь УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд С.Бямбацогттой нэг айлын хүргэн буюу базууд. Д.Батцогт С.Бямбацогтоос дутахааргүй хөрөнгөлөг хүргэн бөгөөд “Дельта транзит” ХХК, “Хайрхан холдинг” ХХК, “Нүүдэлчин монголын соёлын төв” ХХК, “Ийзи дэлгүүр” ХХК-уудыг тус тус эзэмшдэг. Гэтэл өнгөрсөн хавар УИХ-ын гишүүн асан Д.Батцогтын охин Анударь, Номундарь нар Английн Кингс коллежид Эдийн засгийн мэргэжлээр суралцахаар тус бүр 68,875 ам.долларын зээл авсан нь ил болсон.. Төгсөж ирээд, Б.Анударь нь Монгол банканд Эдийн засагчаар ажилд орсон бол Б.Номундарь нь “Мобиком корпораци”-ийн толгой компани болох “Ньюком групп” ХХК-д Хөрөнгө оруулалтын ахлах шинжээчээр ажилд орсон байдаг. 

АН-ЫН “АРХАГ НҮҮРСЧИН” БУЮУ Ш.АДЬШАА

      УИХ-ын гишүүн Ш.Адьшаа- Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул. Ховд аймагтаа прокурор, Өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч хийж явсан Ш.Адьшаа 2001 онд Гаалийн ерөнхий газарт гаалийн байцаагчаар ажилд орсон. Улмаар асар их хэмжээний авлигын хэрэгт холбогдон хоригдож “Гаалийн Адьшаа” гэх хусавч арилахгүй хочоо олж авсан түүхтэй. 2012 оны УИХ-ын сонгуульд “Ховд аймгийн хөгжлийн төлөө сан”-гийн тэргүүн гэх дүрээр бие даан нэр дэвшсэн ч ялагдсан. Улмаар 2013 оноос ЗТХ-ийн сайд, “буурал” хочит А.Гансүхийн зөвлөх, 2017 оноос Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх гэх сэтэр зүүж явсаар 2020 онд Төрийн ордонд түшээ болж орж ирсэн. 
 
УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн бизнес ба балагийг нь дурдвал цаг, цаас эс хүрэлцэхээр. Тиймээс ганцхан жишээ дурдъя. Өнгөрсөн намар, өвлийг дамнан Төрийн ордонд үргэлжилсэн “нүүрсний хулгай”-н хэргийн нээлттэй сонсголын гол дүр нь Ш.Адьшаа байсан. Тодруулбал, УИХ-ын Түр хорооны шинжээчид УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн хамаарал бүхий 11 компани нь 188 мянган тонн нүүрс гаалийн бүртгэлгүйгээр буюу хулгайгаар хил давуулсан нотлох баримтыг нийтэд дэлгэсэн. УИХ-ын гишүүн Ш.Адьшаа 2009 онд “Алтанговь транс” ХХК-ийг үүсгэн байгуулж, 2010 онд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн анхны нүүрс тээвэрлэгч, нүүрс ачиж буулгах талбай түрээслэгч болж нүүрсний бизнест анх орсон байдаг. 
 
Түүнээс хойш УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, түүний төрсөн дүү Ш.Болдхуяг болон Ш.Адьшаагийн зөвлөх Ш.Мөнхжаргал нарын үүсгэн байгуулсан, хамаарал бүхий 11 компани 188 мянган тонн нүүрсийг хэрхэн хувааж хил давуулсан. 
 
Тухайлбал, 
 
“Баялаг ложистик транс” ХХК нь 548  тонн
“Таван тив групп” ХХК нь 11,237 тонн
“Ай фронтиер” ХХК нь 272 тонн
“Галба ус” ХХК нь 1561 тонн
“АУМ алт” ХХК нь 688 тонн 
“Шанх ложистик” ХХК нь 247 тонн
“Шанх транс” ХХК нь 65,706 тонн нүүрс тус тус гаалийн бүртгэлгүй хил давуулсан.  
 
Мөн Ш.Адьшаагийн зөвлөх Шагдарсүрэнгийн Мөнхжаргал болон түүний аав Б.Шагдарсүрэнгийн компаниуд болох: 
 
“Эм Жи Өү транс” ХХК нь 52,262 тонн
“Энх дэлгэр говь” ХХК нь 21,105 тонн 
“Зүүн хөхий” ХХК нь 759 тонн
“Мөнх цаст транс” ХХК нь 34,320 тонн нүүрс тус тус гаалийн бүртгэлгүйгээр хил давуулсан байдаг. 
 

ХҮРГЭНЭЭ ТЕНДЕРЭЭР “ЭРХЛҮҮЛДЭГ” ХАДАМ БУЮУ Я.САНЖМЯТАВ

       УИХ-ын гишүүн асан, ҮБХ-ны гишүүн Я.Санжмятав- Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул. Анх 2004 онд Завхан аймагт бие даан нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Дараа нь 2008-2012 онд Завхан аймгийн Засаг даргаар ажилласан. Улмаар 2012, 2016 онуудад УИХ-ын гишүүнээр угсраа сонгогдож, Хөдөлмөрийн сайдын давхар дээлээр гангарч байсан. 2020 оны УИХ-ын сонгуульд мултарсан ч Х.Баттулгын зөвлөхөөр томилогдон Төрийн ордон дахин орж ирж байв. 
 
Я.Санжмятавыг “зэс”-ийг цухуйлгасан ганцхан жишээг дурдахад хангалттай байх. Тодруулбал, Я.Санжмятав 2012-2014 онд Хөдөлмөрийн сайд байх үедээ АНУ-д сурч байсан охин С.Золзаяагаа АНУ дахь ЭСЯ-нд атташегаар ажилд оруулсан. Ингээд зогсохгүй, 2014 онд хүргэн Б.Тогтохбаярынхаа “Өгөөдэйн зам” ХХК-д Улиастай-Тосонцэнгэл чиглэлийн 67 км хатуу хучилттай автозамын тендерийг өгч, улмаар Хөгжлийн банкнаас 2015 онд хоёр тэрбум, 2016 онд 15 тэрбум төгрөг олгуулсан гэдэг. Гэвч тус зам баригдаагүй, улмаар “Чайна Коммуникэйшн Констракшн” ХХК гүйцэтгэгчээр ажиллаж, 2022 оны зун ашиглалтад орж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ очиж нээлтийг нь хийж байв. 

“ЖАСТ”-ЫН Ш.БАТХҮҮГИЙН “ЦЭРЭГ” ЯВСАН З.НАРАНТУЯА

     УИХ-ын гишүүн асан, АН-ын Стратеги бодлогын судалгааны хүрээлэнгийн захирал З.Нарантуяа- Завхан аймгийн Алдархаан сумын уугуул. “Монгол шуудан” банкны дэд захирал, “Хадгаламж” банкны гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллаж байгаад 2012-2014 онд УИХ-ын дарга З.Энхболдын Эдийн засгийн зөвлөх, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүн, Завхан аймгийн АН-ын дарга гэх гурван давхар сэтэр зүүж, төрд орох замаа зассан. Дараа нь 2014-2016 онд Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаад 2016 онд УИХ-ын гишүүнээр Завханаас сонгогдож байв. 
 
З.Нарантуяа “Жаст групп”-ын эзэн, “Эрдэнэт үйлдвэр”-ийн “эзэн” шахуу байсан Ш.Батхүүгийн “Хадгаламж” банкны гүйцэтгэх захирлын орлогч, мөн түүний “Меркентайл хаус азиа” ББСБ-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан нь улс төрд орох давуу тал нь болсон. Нөгөөтээгүүр, З.Нарантуяагийн нөхөр Д.Баяндүүрэн нь 2006 оноос хойш Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны даргаар ажиллаж байгаа нь өдий хүртэл АН-д тоогдож яваа шалтгаан нь гэдэг. 
 
Бизнесийн тухайд, З.Нарантуяа УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн хүү Ө.Үнэнбүрэнтэй “Эн Би Ди И” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Мөн нөхөр Д.Баяндүүрэнтэйгээ “Парита энд партнерс” ХХК, “Баясгалант бичигт” ХХК-уудыг хамтран эзэмшдэг. 

ГААЛИЙН БАЙЦААГЧААС ГОВЬ-АЛТАЙН “ЭЗЭН” БОЛСОН О.АМГАЛАНБААТАР

Говь-Алтай аймгийн Засаг дарга асан, ҮБХ-ны гишүүн О.Амгаланбаатар- Говь-алтай аймгийн Бигэр сумын уугуул. 2006 оноос хойш Бургастайн гааль, Эрдэнэтийн гааль, Гашуун сухайтын гаальд тус тус гаалийн байцаагчаар ажилласан. Улмаар 2014 онд гэнэтхэн Говь-Алтай аймгийн Засаг дарга болж тодорсон. Улмаар 2016 онд чөлөөлөгдөж, 2017 оноос Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байгаад 2020 оны УИХ-ын сонгуульд Говь-Алтайгаасаа нэр дэвшсэн ч ялагдсан. Гэсэн ч хоосон хоцроогүй, дахин Говь-Алтай аймгийн Засаг даргын сэнтийд заларсан. 

“АПУ”-ГААС УНШИЛТАЙ, АН-ЫН ХАМГИЙН ХӨРӨНГӨЛӨГ ГИШҮҮН Б.ТҮВШИН

       НИТХ-ын төлөөлөгч асан Б.Түвшин- Завхан аймгийн Баянхайрхан сумын уугуул. Одоогийн “сахал” Д.Эрдэнэбилэгийн Худалдаа хөгжлийн банканд эдийн засагч, УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбатын “Эрэл” ХХК-д нягтлан бодогч, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү агсны “АПУ” ХХК-д Санхүү хариуцсан захирал, ХУД-ийн ИТХ-ын төлөөлөгч, НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан. Өөрийнх нь жилийн орлого 2.2 тэрбум, гэр бүлийнх орлого нь 3.5 тэрбум төгрөг, 7.5 тэрбум төгрөгийн гурван орон сууцтай, үйлчилгээний гурван барилгатай, бусдаас 8.6 тэрбум төгрөгийн авлагатай гэдэг үзүүлэлтээрээ төрийн албан тушаалтнуудаас хамгийн хөрөнгөлөг гэгдэж ирсэн. Улмаар 2020 оны УИХ-ын сонгуульд ХУД-т АН-аас нэр дэвшсэн ч ялагдсан. 
 
“Крипто мөнгө” ХХК нь Төв талбайн чанх урд байрлах Чойжин ламын сүм музейн хашаан дотор шахуу баригдсан “Ар  монгол трейвел” гэх оффисын барилгыг эзэмшдэг. ХХААХҮ-ийн сайд асан, ЖДҮ-ийн хэргээр илүүтэй танигдсан Б.Батзоригтой “Би Ти групп” ХХК-ийг хамтран эзэмшдэг бөгөөд “Би Ти групп” ХХК нь Чойжин ламын сүм музейн зүүн хойд өнцөгт байрлах 15 давхар “Down town” оффисын барилгыг эзэмшдэг. Цаашилбал, “Мултипак” ХХК нь 2019 онд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн “Цанхийн баруун уурхайн нүүрс ачилтын гүйцэтгэгч”-ээр шалгарч Б.Ганхуягтай 9.3 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан. “Миг даатгал” ХХК нь төрийн өмчит “Шивээ овоо” ХХК-ийн 120 сая төгрөгийн “Хүнд даацын машин механизмын даатгал” тэргүүтэй төрийн 27 тендерт шалгарсан. 

АЛБАН ТУШААЛЫН “ШАНТААЖЧИН” Д.БАТСАЙХАН

        Завхан аймгийн Засаг дарга асан Д.Батсайхан- Завхан аймгийн Идэр сумын уугуул. Завхан аймгийн Хас банкны салбарын захирал, Завхан аймгийн Хаан банкны салбарын захирлын орлогч, Төрийн банкны гүйцэтгэх захирал, Завхан аймгийн Засаг даргаар тус тус ажиллаж байсан. 2020 оны УИХ-ын сонгуульд З.Нарантуяатай хамт нэр дэвшсэн ч Ц.Цэрэнпунцаг, Б.Баярсайхан нарт ялагдаж байв. 
 
2012 оны УИХ-ын сонгуульд Завханд Я.Санжмятавын сонгуулийн менежрээр ажиллаж, УИХ-ын гишүүн болгосон. Хариуд нь 2013 оны нэгдүгээр сард Төрийн банкны гүйцэтгэх захирлаар томилогдож байв. Ингээд 2016 онд Төрийн банкны гүйцэтгэх захирлын ажлаа өгчихөөд УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр бэлтгэж байсан. Гэхдээ нэрээ татаж, оронд нь Завханы Засаг дарга болох тохироо хийж, Я.Санжмятав, З.Нарантуяа хоёрын сонгуулийн менежерээр ажилласан. Ингээд сонгуулийн дараа Завхан аймгийн Засаг даргаар томилогдож байлаа. Товчхондоо, Д.Батсайхан албан тушаалын тохироог баруун, зүүнээрээ хийгээд сурчихсан нэгэн. 

АРЦАТЫН АМНЫ “ЭЗЭН” Ч.БАТЗОРИГИЙН ХУД, УЛСЫН ЗААН Д.БУМБАЯРЫН ГЭРГИЙ Ц.ОДОНТУНГАЛАГ

      АН-ын ҮБХ-ны гишүүн Ц.Одонтунгалаг- Нөхөр Д.Бумбаяр нь Увс аймгийн Тэс сумын уугуул, Улсын заан гэдгээр нь улс даяараа танина. Тиймдээ ч Ц.Одонтунгалаг тус тойрогт нэр дэвшихээр горилж, өнгөрсөн намраас хойш хэдэнтээ тойрч буй. Ц.Одонтунгалаг нь 2012-2020 онд НИТХ-ын төлөөлөгчөөр ажилласан. Гэхдээ “Автобус-1” НӨҮГ, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирал Ц.Одонтунгалаг гэдгээр нь илүү сайн таних биз. Ц.Одонтунгалагийн тухайд 3.7 тэрбум төгрөгийн найман орон сууцтай, үйлчилгээний гурван барилгатай, 396 сая төгрөгийн хоёр ширхэг Лексус-570 автомашинтай, 1.2 тэрбум төгрөгийн найман газартай зэрэг хөрөнгөөрөө НИТХ-ын хамгийн баян төлөөлөгчөөр нэрлэгдэж байсан. 
 
 Бизнесийн тухайд, Ц.Одонтунгалагийн нөхөр, улсын заан Д.Бумбаяр охин Б.Шижиртуяатайгаа хамтран эзэмшдэг “Шадар дайван” ХХК-иараа төрд “шахаа” хийдэг байсан. Тухайлбал, Ц.Одонтунгалагийг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын даргаар ажиллаж байх хугацаанд Д.Бумбаяр “Шадар дайван” ХХК-иараа автобусны дугуй “шахдаг” байсан баримт бий. 
 
Цаашилбал, Ц.Одонтунгалаг, Улсын заан Д.Бумбаяр нар Улсын заан Ч.Батзоригтой худууд. Д.Бумбаярын том охин Б.Идэрмаа Улсын заан Ч.Батзоригийн хүү, сумогийн Асахирюү цолтой Б.Дэнзансамбуутай гэр бүл болсон. Харин бага охин Б.Шижиртуяа нь Ч.Батзоригийн төрсөн ахын хүү, Улсын заан Б.Пүрэвсайхантай гэр бүл болсон. Тэгвэл хүргэн Б.Дэнзэнсамбуу нь “Би Эй И” ХХК, “Марал аялал” ХХК, “Алюкобонд монголиа” ХХК, “Асахирюү констракшн” ХХК-уудаараа Богдхан уулын Арцатын аманд эзэн сууж, хотхон, хорооллын бизнест хүч үзсэн. Удахгүй болох газрын наймааны нээлттэй сонсголд нэр нь дурдагдах биз. 
 
Харин худ буюу Ховд аймгийн Чандмань сумын уугуул, Улсын заан Ч.Батзоригийнх нь тухай таагүй мэдээ сонсогддог болоод удаж буй. Учир нь, тэрбээр УИХ-ын гишүүн асан, саяхныг хүртэл газрын наймаа, авлигын хэргээр шүүхэд ээрэгдсэн  Кёкүшюзан Д.Батбаярын бизнесийн хамтрагч. Тэд Дархан цаазат Богд хан уулын Жаргалант, Нүхтийг аманд их хэмжээний газар авч, хувийн тансаг хаусууд барьж худалдсан. Мөн л тун удахгүй болон газрын наймааны нээлттэй сонсголд гол дүрүүд байх биз. 
 
Үргэлжлэл бий...
 

II ТОЙРОГ: АЛБАН ТУШААЛД АМТАШСАН АН-ЫН 10 ГОРИЛОГЧ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 12
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-29 21:13:49
    Балт : Ховдынхныг хомроголон алцгаая.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-29 12:59:02
    Зочин: Эд нар одоо тэр бизнeсээ хийгээд л явахгүй яагаад л бүгд бүгдээрээ ингээд төрийн албанд орох гээд үхэлдээд байдаг хогнуудвэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-29 09:52:17
    зочин: Түвшин гуай бол энэ дотор байхад арай гоёдоно оо МАН тролл оо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-29 09:28:27
    Иргэн: Дандаа баруун аймгийнхан байх юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-28 22:12:37
    Зочин: Амгаланбаатар гэж үнэн бүтэхгүй луйварчин нөхөр дөө. Ийм юмнуудыг төрөөс хол байлгах хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-28 17:53:04
    irgen: Amundra atsaa. MAN ii novshuudiin hajuud hairiin burhad bn shuu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-28 16:45:57
    ард: Өлөн тураалууд Монголыг маань самарч дууслаа ханах болоогүй юу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-28 14:46:25
    S: SEKSYG TANILTSI 44DSH80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-28 14:45:39
    S: DYYDLGAAR VWI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-28 14:23:41
    55: АН-ыхан иймэрхүү. МАН -ыхан том гарын хулгайчид, их замын дээрэмчид байгаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-28 14:14:51
    S: SHAALGN SEXSEER YILCHLGE80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-28 12:08:00
    Болд: Нэр дэвшигчдийн танилцуулга ийм мэдээлэл хэрэгтэй байна. Баярлалаа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188