Эргэлт.мн мэдээллийн сайт сонгогчдын мэдлэгт зориулан “Сонгууль-2024” булангаа нээж, УИХ-ын сонгуулийн хот, хөдөөгийн 13 тойрогт нам намаас нэр дэвшихээр горилогчдыг цувралаар танилцуулж эхлээд буй. Өмнөх дугаартаа бид УИХ-ын сонгуулийн I тойрог буюу есөн мандаттай Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймагт АН-аас горилж буй есөн хүнийг танилцуулсан. Тэгвэл энэ удаад I тойрог МАН-аас горилж буй есөн хүнийг танилцуулж байна.
Төрийн ордонд түшээгээр дөрөв сонгогдож, Гадаад харилцааны сайд, ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын дарга гэх давхар торгон дээлүүдийг сольж нөмөрсөн Г.Занданшатар, найман жил Засаг дарга, найман жил Төрийн түшээ хийж буй Ардын намын “аягач” Д.Тогтохсүрэн, Ардын намаас албан тушаалын авлагатай, сайдын сэнтийн даллагатай С.Чинзориг, 2012 оноос хойш Төрийн ордноос гадагш хамраа ч “цухуйлгаагүй” Я.Содбаатар, “Эрдэнэт”-ийг удирдаж асан эцгийнхээ буянаар эрх баригч намд эрхэлж, Төрийн ордонд найм дахь жилдээ тухалж буй Г.Тэмүүлэн, Гадаад харилцааны яамыг “гэр”-ээ болгож, найм дахь жилдээ “амьдарч” буй Б.Батцэцэг нарыг дэлгэрэнгүй танилцуулах илүүц байх. “Хадгаламж” банкны 14 тэрбум, ЖДҮ, Боловсролын зээлийн сан гэх мэт дуулиант хэргүүдээр тэдний нэрэнд нь толбо, намтарт нь тортог суучихсан учраас бүгд таних биз.
Харин бусдаасаа харьцангуй шинэ, намтар ба хэтэвчнийх нь нимгэн, зузаан нийтэд ил болоогүй Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай, Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Даваадалай нарыг тусгайлан таницуулъя.
БХЯ-НЫ ТЕНДЕРҮҮДИЙГ “НАЙР ТАВЬДАГ” ХАДМУУДДАА ЭЛЭГТЭЙ ГЕНЕРАЛ Г.САЙХАНБАЯР
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр- Архангай аймгийн Хотонт сумын уугуул. Батлан хамгаалахын сайд, Дэслэгч генерал Г.Сайханбаяр өнгөрсөн оны хавраас хойш тойрог руугаа цэрэг хөдөлгөж, өргөн фронтоор давшиж буй. Тодруулбал, жил бүр Бөхийн өргөөнд зохион байгуулдаг байсан “Бүх цэргийн наадам”-ын бөхийн барилдааныг өнгөрсөн жил Архангайд зохион байгуулсан. Архангай аймгийн 100 жилийн ойгоор цэргийн хүрээ байгуулж, сүр хүчээ үзүүлсэн. Архангай аймгийн Эрдэнэбулган суманд Зэвсэгт хүчний барилгын цэргийн 342 дугаар ангийг шинээр байгуулсан. Цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагч нарыг Архангайд аваачиж, “Эрт илрүүлэг” аяныг сүм бүрд өрнүүлсэн. Саяны цагаан сараас тойргийнхоо малчдад аварга малчин, мянгат малчны улаан тууз, өргөмжлөл тарааж очсон. Араас нь өвс, тэжээл тарааж дахин очсон. Товчхондоо, Г.Сайханбаяр жил гаруй хугацаанд тойргийнхондоо танигдахын тулд угсраа “дайралтууд” хийсэн.
Г.Сайханбаяр 2000 оноос хойш БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаад 2020 онд Батлан хамгаалахын сайдын сэнтийд заларсан. Тэгвэл Г.Сайханбаярыг ингэж БХЯ-ыг “эрхшээх” хугацаанд түүний баз болон хадмууд нь Батлан хамгаалах яамнаас тендер “тоншсоор” ирсэн. Тодруулбал, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын эхнэрийг Б.Мөнхжаргал гэдэг. Харин эхнэрийнх нь төрсөн дүү Б.Мөнхзулынх нь нөхрийг Л.Зоригтбаатар гэдэг. Өөрөөр бол, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын баз нь юм.
Гэтэл Л.Зоригтбаатар нь 2016 оноос Батлан хамгаалах яамны тендерүүдийг “түүж” эхэлсэн байдаг. Жишээ нь, Л.Зоригтбаатар анх 2016 оны “Оюутан цэрэг”-үүдэд “Мэйл бридж” ХХК-иараа 500 ширхэг майк, 500 хос оймс, 500 ширхэг шүдний оо, 500 ширхэг сахлын татуурга, 2000 ширхэг шампунь, 250 хос углааш, 2000 ширхэг гарын саван зэргийг “шахсан” байдаг. Дараа нь Л.Зоригтбаатар “Мэйл бридж” ХХК-ийнхаа нэрийг “Миланд агро” ХХК болгож өөрчлөөд БХЯ-ны хоол хүнс, хувцас, техникийн хэрэгслийн хангамжийн илүү том тендерүүдийг “түүж” эхэлсэн.
Тухайлбал, Л.Зоригтбаатарын “Миланд агро” ХХК нь БХЯ-ны Хүнсний бүтээгдэхүүн, барилгын материалын 521 сая төгрөгийн тендер, авто техникийн сэлбэг хэрэгсэлийн 711 сая төгрөгийн тендер, хувцас, хэрэглэлийн 2.1 тэрбум төгрөгийн тендер, нормын хувцасны 692.9 сая төгрөгийн тендер зэрэгт оролцож, дэд багцуудад нь “ногоон гэрэл”-ээр шалгарч байв.
Цаашилбал, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын эхнэр Б.Мөнхжаргалынх нь бага дүү Б.Ганболд гэж бий. Б.Ганболдын “Тэппэн констракшн” ХХК нь мөн л БХЯ-ны тендерүүдийг түүж ирсэн. Тухайлбал, “Тэппэн констракшн” ХХК нь нь БХЯ-ны бараа, материалын 1.3 тэрбум төгрөгийн тендер, сантехникийн багаж, материалын 78.8 сая төгрөг, авто техникийн сэлбэгийн 1.5 тэрбум төгрөгийн тендер зэрэгт оролцож, багцуудад нь шалгарч байв.
Сонирхуулахад, Г.Сайханбаярын хадам дүү Б.Ганболд нь “Тэппэн констракшн” ХХК-иараа Дархан цаазат Нүхтийн аманд “Bel Air Nukht” гэх нэг бүр нь 1.4 үнэтэй, тансаг зэрэглэлийн 13 айлын хаус хотхон барих төсөл эхлүүлээд буй юм билээ.
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”-ГООС 913 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕР АВСАН “АРХАГ НҮҮРСЧИД”-ИЙН ХАМСААТАН ЮМ БИШ БИЗ, Б.ДАВААДАЛАЙ
Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Батсуурийн Даваадалай- Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын уугуул. Аав нь Б.Батсуурь, ээж Д.Буянжаргал нар нь насаараа Баянхонгор аймагтаа математикийн багшаар ажиллацгааж, олон мянган шавь төрүүлсэн. Тиймдээ ч Б.Даваадалай Баянхонгорчууд өөрийг нь танина, дэмжинэ гэсэн итгэл тээж, 2023 оны хавраас Баянхонгор руу “гүйдэл”-тэй болж, ирэх сонгуульд нэр дэвшихээр горилж буй. Анх удаа горилж буй болоод ч тэр үү, Ардын намын ах нарынхаа хуучин арга барилаар тойргийнхоо сум бүрээр тойрч, телевиз, мотоцикл, будаа агшаагчны хонжвортой сугалаа явуулж, нийтийн дуучдын аялан тоглолт хүртэл зохион байгуулсан. Товчхондоо, өнгөрсөн жил гаруй хугацаанд Б.Даваадалай Ерөнхийлөгчид зөвлөх ажлаа хаячихаад, тойргийнхоо малчдын хонийг нь хариулж, аргалыг нь түүхээс наахнуур яваа.
Б.Даваадалай 2007 онд МУИС-ийг банкны эдийн засагчаар төгсөж, түүнээс хойш Монголбанканд эдийн засагч, Дэлхийн банканд эдийн засагчаар ажилласан гэх маш нимгэн намтартай. Аз болоход, Б.Даваадалайг Монголбанканд эдийн засагч байх үед Сангийн сайд Б.Жавхлан Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Тиймдээ ч 2021 онд Б.Даваадалай Б.Жавхлангийн зөвлөхөөр томилогдож, тэндээсээ Ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөх болж дэвшсэн.
Б.Даваадалай өөрийнхөө нэр дээрээ нэг ч бизнесгүй, гэхдээ санхүүгийн асуудлыг нь төрсөн ах Б.Цэдэвсүрэн нь бүрэн шийдэж өгдөг гэж болно. Тодруулбал, Б.Даваадалай төрсөн ах Б.Цэдэвсүрэндээ 293 сая төгрөгийн өртэй гэж ХОМ-тээ мэдүүлдэг. Мөн төрсөн ах Б.Цэдэвсүрэн нь 2020 онд УИХ-ын гишүүн , “бидон” Д.Ганбатын сонгуулийн менежерээр ажиллаж, “Оптима конкрет” ХХК-аараа санхүүжүүлж байсан. Улмаар 2021 оноос Б.Даваадалайгийн эхнэр П.Ариунзаяа нь УИХ-ын гишүүн, “бидон” Д.Ганбатын төрсөн дүү Д.Ганцэцэгийн “Ти Ай Ложистик” ХХК-ийн Ерөнхий менежерээр ажиллаж эхэлсэн байдаг. Товчхондоо, Б.Даваадалайг төрсөн ах Б.Цэдэвсүрэнгээс нь салгаж ойлгох аргагүй гэсэн үг.
Тэгвэл 2020 онд Д.Ганбатын менежерээр ажиллаж, УИХ-ын гишүүн болгосон Б.Цэдэвсүрэн ирэх сонгуулиар төрсөн дүү Б.Даваадалайгаа УИХ-ын гишүүн болгохоор хэлсэн үг, хийсэн үйлдэл бүрийг нь сошиалд сурталчилж яваа. Хамгийн ноцтой нь, Б.Даваадалайгийн төрсөн ах Б.Цэдэвсүрэн нь АН, МАН-ын “архаг нүүрчид”-тэй гүнзгий холбоотой, тэндээс санхүүждэг байж болзошгүй маш ноцтой баримт байна. Тодруулбал, Батсуурийн Цэдэвсүрэн нь “Монполимет”-ын Ц.Гарамжавын хүргэн Ч.Алтаннартай “Транс оптима” ХХК-ийг, Баянхонгор аймгийн Засаг дарга асан, ирэх сонгуульд АН-аас нэр дэвшихээр горилж буй Д.Жаргалсайхантай “Шинэ жинст транс” ХХК-ийг гэх мэтээр олон компани эзэмшдэг.
Ноцтой нь, Батсуурийн Цэдэвсүрэн нь 2016 онд БНХАУ-ын иргэн Lei Jing Wen, Enhetaimer нартай хамт “Хуа еэ интернэйшнл” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн. Улмаар 2019 онд БНХАУ-д бүртгэлтэй “Өвөрмонголын хуа еэ техник төхөөрөмж” компани, 2020 онд “Ажнай” Д.Бат-Эрдэнийн “нүүрсний хулгай”-н алтан хамтрагч, “Тавантолгой транс” ХХК-ийн эзэн Дашзэвэгийн Дагвадорж, 2022 онд Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, Улсын гарди Батнасангийн Гончигдамба нар тус тс хувьцаа эзэмшигчээр нэмэгдсэн байдаг.
Гэтэл “Хуа еэ интернэйшнл” ХХК нь 2022 онд “Эрдэнэс тавантолгой” ХК-д хүнд даацын 80 ширхэг техник нийлүүлэхээр 913.5 тэрбум төгрөгийн тендер авсан байгаа юм. Өөрөөр бол, бараг нэг их наяд төгрөг гэсэн үг. Улмаар өнгөрсөн намар, өвлийг дамнан Төрийн ордонд үргэлжилсэн “нүүрсний хулгай”-н нээлттэй сонсголд “Хуа еэ интернэйшнл” ХХК дуудагдсан. Гэвч Түр хорооныхон “Хуа еэ интернэйшнл” ХХК-ийн 913.5 тэрбум төгрөгийн тендерийг нь товч ярьснаас бусдаар үүсгэн байгуулагч Б.Цэдэвсүрэн, хувьцаа эзэмшигч Д.Дагвадорж, Б.Гончигдамба нарын нэрийг нь ч танилцуулахгүй, нийтэд зарлахгүйгээр “хав дараад” өнгөрүүлсэн байдаг. Эндээс хөөвөл, Ерөнхийлөгчийн зөвлөх, УИХ-ын сонгуульд нэр дэвших бэлтгэлээ хангачихсан Б.Даваадалай, УИХ-ын гишүүн, дахин нэр дэвшихээр бэлтгэлээ хангачихсан Ц.Цэрэнпунцаг нар Түр хороонынхонд нөлөөлж, “Хуа еэ интернэйшнл” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийн нийтэд зарлуулахгүйгээр нууцлуулсан байж болзошгүй сэжүүр гарч ирнэ.
Тодруулбал, "Хуа еэ интернэйшнл" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Дагвадорж нь Завхан аймгийн уугуул буюу Ц.Цэрэнпунцагтай нэг нутаг, мөн Завхан аймгийн бөхчүүдийн “Даян дэвжээ”-ний тэргүүнээр ажилладаг. Харин Б.Гончигдамба нь “Даян дэвжээ” болон УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн “Жем интернэйшнл” ХХК-ийн нэр дээрээс барилдаж ирсэн. Цаашилбал, Б.Даваадалайгийн төрсөн ах Б.Цэдэвсүрэн нь “Энх цаг агро” ХХК-ийг Цэдэнхүүгийн Цэрэндорж, Дэндэвийн Ганболд, Түмэннасангийн Амартүвшин нартай хамтран эзэмшдэг. Гэтэл Цэдэнхүүгийн Цэрэндорж нь УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн “Жем трейд” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг. Дэндэвийн Ганболд нь УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагтай “Регбинийн холбоо” ТББ, “Жем газ” ХХК, “Вайт спринг” ХХК-уудыг хамтран эзэмшдэг, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн “Ддэш тв” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж ирсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс тавантолгой” ХК-аас 913.5 тэрбум төгрөгийн тендер авсан “Хуа еэ интернэйшнл” ХХК-ийг нийтэд алдаршуулахгүй байхаар Ардын намаас талаас Б.Даваадалай, Ц.Цэрэнпунцаг нар нөлөөлсөн байж болзошгүй гэсэн үг юм.
Б.ЧОЙЖИЛСҮРЭНТЭЙ ЯАМ, ЯМБА ХОЁРЫГ НЬ ТЭГШ ХУВААЛЦСАН, БЭЛТЭЙ АЙЛЫН ХҮРГЭН М.БАЯРМАГНАЙ
Эрчим хүчний дэд сайд Мягмарсүрэнгийн Баярмагнай- Баянхонгор аймгийн Галуут сумын уугуул. Аав нь чих хамар хоолойн их эмчээр, ээж нь эх барих эмэгтэйчүүдийн их эмчээр насаараа Баянхонгортоо ажиллацгаасан учраас сонгогчид өөрийг нь танина, дэмжинэ гэсэн тооцоолтойгоор УИХ-ын сонгуульд горилж буй. М.Баярмагнай 2002 оноос хойш насаараа шахуу дарга хийсэн дардан намтартай. Тухайлбал, Худалдаа хөгжлийн банканд Маркетингийн газрын захирхал, Жижиг, дунд үйлдвэрлэлийн газрын захирал, ХХААХҮЯ-ны ЖДҮХС-ийн захирал, Баянхонгор аймгийн МАН-ын хорооны дарга, ЭХЯ-нд Төрийн захиргаа удирдлагын газрын дарга, БОАЖЯ-нд Төрийн захиргаа удирдлагын газрын дарга, ЗГХЭГ-ын дэд даргаар тус тус ажиллаж байгаад 2020 онд Эрчим хүчний дэд сайдаар томилогдсон.
Бизнесийн тухайд, М.Баярмагнай 2015 оноос Доржготовын Дашцэрэн гэгчтэй “Хиллфорт” ХХК-ийг хамтран эзэмшиж эхэлсэн байдаг. Улмаар М.Баярмагнай, Д.Дашцэрэн нар 2016-2017 онд “Хиллфорт” ХХК-аараа “ДЦС-3” ТӨХК-ийн баруун хойно 1.1 га газар дээр 650 айлын “Дэлгэрэх” нэртэй хотхоныг барьж худалдсан. Хоржоонтой нь, М.Баярмагнайгийн барилгын хамтрагч Д.Дашцэрэн гэгч нь Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн худ. Тиймдээ ч Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өдий хүртэл худ Д.Дашцэрэнгийнхээ хамтарч, өөрийнхөө дэд сайд М.Баярмагнайтай яам, ямба хоёроо эв найртайгаар хуваалцаж суугаа биз.
Цаашилбал, М.Баярмагнайн хадам аав Б.Одгэрэл нь улс төр, бизнест том нөлөөтэй нэгэн. Тодруулбал, М.Баярмагнайн хадам аав Б.Одгэрэл нь УИХ-ын гишүүн асан, Монголбанкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбат агсантай хамтран 2006 онд “Ди Эйч Эл Данзаас интернэшнл” ХХК, 2007 онд “Шинэ-Эх говь” ХХК, 2011 онд “Сэлэнгэ-Оч” ХХК-ийг тус тус хамтран байгуулж байсан хамтрагчид. Өдгөө энэ компаниудыг О.Чулуунбат агсны охин буюу Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндоржийн эхнэр Ч.Агиймаа болон Б.Одгэрэлийн охин буюу Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнайн эхнэр О.Хулан нар үе дамжуулан хамтран удирдаж буй.
Сонирхуулахад, Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнайгийн хадам аав Б.Одгэрэл нь “Айвико-Интернэшнл” ХХК гэх эм, тарианы үйлдвэртэй. “Айвико-Интернэшнл” ХХК нь эм, тариа үйлдвэрлэхээс гадна эм тариа, эмнэлгийн хэрэгслийн төрийн 950 гаруй тендерт оролцож, талаас илүүд нь шалгарсан байдаг.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
I ТОЙРОГ: ХУУЧЧУУЛ БОЛОН ХӨРӨНГӨТНҮҮДЭЭС БҮРДСЭН МАН-ЫН ЕСӨН ГОРИЛОГЧ |
|