• Өнөөдөр 2024-05-02

I ТОЙРОГ: АН-ЫН “ЛУУГАР”-УУДЫН ДАГУУЛ, ТАВИУЛ, ЗӨВЛӨХ, ТУСЛАХ ТЭРГҮҮТЭЙ ЕСӨН ГОРИЛОГЧ

2024-03-30,   6807

      Сонгууль хаяанд ирж, Тусгаар тогтнолын ордон, “Шонхор” тауэр хавиар хар жийпнүүд ёстой л хөглөрч, хөх, улаан зангиа намируулсан хослолтнууд хөлхөлдөж байна. Эрх мэдэл, албан тушаалын ааг, амтанд орчихсон архагууд, туслах, зөвлөх нэртэй “цүнх баригчид”, намын “гал тогоо” сахиж ээлжээ хүлээгсэд, дэнчингийн мөнгө хураасан бизнесменүүд гээд нам намд Төрийн ордны босго давахыг санаархагчид олон. Ялангуяа ирэх сонгуулиар 126 хүн түшээ болж Төрийн ордонд заларна. Тэгэхээр урьд жилүүдийнхээсээ ч бужигнаантай байгаа нь аргагүй биз. 
 
Иймд бид, “Сонгууль-2024” булангаа нээж, УИХ-ын сонгуултйн хот, хөдөөгийн 13 тойрогт нам намаас нэр дэвшихээр горилогчдыг цувралаар танилцуулж эхэлж байна. Өнөөдөр УИХ-ын сонгуулийн I тойрог буюу есөн мандаттай Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймагт АН-аас горилж буй есөн хүнийг танилцуулахаар бэлтгэлээ. 

Х.БАТТУЛГЫН ТӨМӨР ЗАМЫН ХАМТРАГЧ, Д.СОСОРБАРАМЫН ДҮҮ Д.ЖАРГАЛСАЙХАН

      Баянхонгорын Засаг дарга асан Д.Жаргалсайхан- Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул. Элчин сайд Лу.Болдын төрсөн дүү Лу.Болдхуяг, УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очир хоёрын хамтын эзэмшлийн “Баянхонгор трейд центр” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2010 онд Баянхонгор аймгийн АН-ын дарга болсон. Улмаар 2012 онд АН ялахад Баянхонгор аймгийн Засаг дарга болж дэвшсэн. Ингээд 2017 онд Х.Баттулгыг Ерөнхийлөгч болмогц ЕТГ-ын Зохион байгуулалтын хэлтсийн даргаар томилогдож, 2019 онд ЗХЖШ-ын Бүтээн байгуулалтын дэмжлэгийн газрын даргаар дэвшиж байв. Сонирхолтой нэг баримт нь, Д.Жаргалсайхан нь АН-ын хууччуулын нэг МУГЖ Д.Сосорбарамын дүү. Гэхдээ Д.Сосорбарам өвөөгөөрөө овоглодог учраас Д.Жаргалсайхантай ах дүүс гэдгийг нь ард түмэн төдийлөн мэддэггүй, харин АН, МАН-ынхан бүгд мэддэг ажээ. Д.Сосорбарам Х.Баттулгатай “алтан тариа” цацуулан байж арсалддаг атал ард нь ийм холбоо байх юм чинээ хэн санах билээ. 
 
Ноцтой нэг баримт танилцуулахад, Д.Жаргалсайхан ЗХЖШ-ын Бүтээн байгуулалтын дэмжлэгийн газрын дарга болмогцоо Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг Х.Баттулгын шууд удирддага доор удирдаж эхэлсэн. Гэтэл 2020 онд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын 228.3 метр урттай гурван ширхэг бетон гүүрний гүйцэтгэгчээр Д.Жаргалсайханы төрсөн эгч Д.Одсүрэнгийн  “Их богд зам” ХХК нь тендергүйгээр шалгарч, 14.4 тэрбум төгрөг халаасалсан байгаа юм. Хоржоонтой нь, Д.Жаргалсайханы төрсөн эгч Д.Одсүрэн нь одоогийн Баянхонгор аймгийн Засаг дарга, Баянхонгор аймгийн МАН-ын хорооны дарга Д.Мөнхсайханы эхнэр. Хадам, хүргэнээрээ ээлжилж аймаг удирдсан түүх тэднээс өөр үгүй байх. 
 
     АН-аас горилогч Д.Жаргалсайхан хувьдаа, “Их жигүүр” ХХК, “Түмэд групп” ХХК, “Жишиг бетон” ХХК-уудыг эзэмшдэг. “Жишиг бетон” ХХК нь Баянхонгорт бетон зуурмагийн үйлдвэртэй, 1.2 тэрбум төгрөгийн концессоор Баянхонгор аймгийн Өлзийт суманд 100 хүүхдийн цэцэрлэг барьж, төрд “шахаж” байсан. Харин “Түмэд групп” ХХК нь барилгын зураг төсөл гаргадаг бөгөөд Баянхонгор аймгийн 18 сумын ерөнхий төлөвлөгөөг 540 сая төгрөгөөр гаргаж байжээ. 

“БӨХ БИЛЭГТ” ДЭВЖЭЭГЭЭР ОВОГЛОСОН, АН, МАН-ЫН ХОС АРТАЙ, ХАРЦАГА М.БАТЖАРГАЛ

      Архангай аймгийн Засаг дарга асан, ИТХ-ын дарга М.Батжаргал- Архангай аймгийн Булган сумын уугуул. М.Батжаргал өнгөрсөн өвлөөс хойш АН-аас горилогч А.Адъяасүрэн, Б.Ган-Очир, П.Нүрзэд нартай хүзүү сээр холбож, Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймгуудаар хэдэнтээ тойрч байгаа. 
 
М.Батжаргал өөрөө улсын харцага, төрсөн ах нар нь сумын заан, төрсөн дүү М.Бат-Отгон нь улсын начин цолтой. Мөн М.Батжаргал аав С.Мишкагийнхаа талаар улсын гарьд Д.Рагчаа,  улсын арслан Р.Пүрэвдагва нартай ойрын хамаатан. Чухамдаа М.Батжаргал гэр бүлээрээ, хамаатан саднаараа бөх. Тиймдээ ч М.Батжаргал 2009 онд улсын гарьд Д.Рагчаатай “Бөх мод” ХХК-ийг байгуулан, бизнес хийж явсан. Мөн М.Батжаргал Дархан аварга Г.Өсөхбаяртай “Бөх билэгт дэвжээ”-г байгуулсан. “Бөх билэгт дэвжээ”-ний тэргүүнээр “нүүрсний хулгай”-н хэргээр “шувуу” болсон УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат, дэд тэргүүнээр “шувуу” Т.Бадамжунай нар ажиллаж байсан. Тиймдээ ч М.Батжаргалыг АН-ын атлаа, МАН-ын талаас “Бөх билэгт дэвжээ”-гээр дамжуулан Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг нарын дэмжлэгтэй гэгддэг. 

ХУУЛЬЧ О.АЛТАНГЭРЭЛ ЕРӨНХИЙ САЙД АСАН Р.АМАРЖАРГАЛ, “САХАЛ” Д.ЭРДЭНЭБИЛЭГ НАРЫН “ТАВИУЛ” ЮМ БИШ БИЗ

      Хуульч Оюунсайханы Алтангэрэл- Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул. ШШГЕГ, Монголын өмгөөлөгчийн холбоо, “Легал консалтинг” хуулийн фирмийн захирал, ХЗДХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Шүүхийн ёс зүйн хорооны дарга гэх мэт алба хашиж байсан. Хадгаламж зээлийн хоршоодын дампуурлын үед хохирогчдыг өмгөөлж, дараа нь 2008 оны “7 сарын 1”-ий үймээний буудах тушаалын буруутан гэгдэж хоригдсон ЦЕГ-ын дарга асан Ч.Амарболдын өмгөөлөгчөөр ажиллаж салбартаа танигдсан. Үүндээ бардаж, 2016, 2020 оны УИХ-ын сонгуулиар Өвөрхангайд нэр дэвшсэн ч өвдөг шороодсон. Дахин даагаа нэхэхээр тойргоороо тойрч буй. 
 
Хуульч О.Алтангэрэл ээж Жамбаагийн Оюунсайхантайгаа “Легал групп” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Ноцтой нь, Жамбаагийн Оюунсайхан гэх нэр дээр “Юү Эф И глобал” ХХК бүртгэлтэй байдаг. Илүү ноцтой нь, “Юү Эф И глобал” ХХК-ийг Ж.Оюунсайхантай Ерөнхий сайд асан, СЭЗИС-ийн ТУЗ-ийн дарга Р.Амаржаргал, түүний хүү А.Анар, СЭЗИС-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн гишүүн Д.Батжаргал, УИХ-ын гишүүн асан, СЭЗИС-ийн ТУЗ-ийн гишүүн Ж.Батхуяг нар хамтран эзэмшдэг. Эндээс маш ноцтой сэжүүр гарч ирнэ. Тодруулбал, Ерөнхий сайд асан Р.Амаржаргалын эхнэр Ж.Болормаа нь Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн, А.Анар нь Худалдаа хөгжлийн банкны эзэмшдэг “Мик холдинг” ХХК-ийн харьяа “Монголын ипотекийн корпораци” ОССК-ийн Үйл ажиллагааны газрын захирлаар ажилладаг. Д.Батжаргал нь Худалдаа хөгжлийн банкны хувьцаа эзэмшигч, мөн “сахал” Д.Эрдэнэбилэгтэй “Улаанбаатар хотын банк”-ыг хамтран эзэмшиж ирсэн нэгэн. Эндээс харвал, УИХ-ын гурван сонгуульд дараалан нэр дэвшиж байгаа О.Алтангэрэл ээж Ж.Оюунсайханаараад дамжуулан Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, “сахал” Д.Эрдэнэбилэг нараас “санхүүждэг” юм биш биз гэдэг хардлага гарч ирнэ. Нөгөөтээгүүр, О.Алтангэрэлийн улс төрийн ар нь Х.Баттулга бөгөөд тэд их дотно. Ямар сайндаа л, 2020 оны УИХ-ын сонгуульд О.Алтангэрэл “Өвөрхангай ялна” уриатай нэр дэвшиж байв. 

Х.БАТТУЛГЫН “МӨНХИЙН ДАГУУЛ” П.НҮРЗЭД

     МоАХ-ны дэд дарга П.Нүрзэд- Баянхонгор аймгийн Галуут сумын уугуул. Улс төрд түүнийг Х.Баттулгын “мөнхийн дагуул” гэцгээдэг. Учир нь,  МУИС-ийг Монгол хэлний багшаар төгссөн П.Нүрзэдийг 2009 онд Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга яамныхаа Тээврийн оношилгоо, хяналт зохицуулалтын албанд даргаар нь томилсон байсан. 2012 онд Х.Баттулга сайдын сэнтийгээ орхиход П.Нүрзэд ч мөн даргын суудлаа орхисон. Тэр цагаас хойш П.Нүрзэд Х.Баттулгыг “татаас”-аар Ардчилсан намын хэрэг эрхлэх газрын дарга, нарийн бичгийн дарга, Баянзүрх дүүргийн АН-ын хорооны даргаар ажилласан. Улмаар Х.Баттулгыг Ерөнхийлөгч болсны дараа Зөвлөх нь болсон. Мөн Х.Баттулгын тэргүүлдэг МоАХ-ны дэд даргаар ажиллаж эхэлсэн байдаг. 2020 оны УИХ-ын сонгуулиар Х.Баттулга П.Нүрзэдийг Баянхонгор аймагт зүтгүүлсэн ч бүдэрсэн. Харин энэ сонгуульд даагаа нэхэхээр мөн л АН доторх Х.Баттулгын МоАХ-ны “Хөх туг”-ийн доороос горилж буй. 
 
Сонирхуулахад, АН-аас горилогч П.Нүрзэд нь “Маск”-аар овоглодог МУГЖ М.Баярмагнайгийн хүргэн дүү. Эхнэр М.Баярмаа нь "Үзэмжит тоонот өргөө" ХХК-ийн Ерөнхий захирлаар ажилладаг. Өнгөрсөн өвлийн зуднаар М.Баярмаа нь "Үзэмжит тоонот өргөө" ХХК-аараа Баянхонгорын малчдад тусламж хүргүүлж, нөхрийн сурталчилгааг албан бусаар эхлүүлжээ. Харин П.Нүрзэд өөрөө "Нарлаг тайга" ХХК, "Мултипак квалете" ХХК-уудыг эзэмшиж ирсэн. 

БИЕ НЬ АН-ЫГ, БИЗНЕС НЬ МАН-ЫГ БАРААДСАН Э.МӨНХСАЙХАН

     “Ремикон” ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Мөнхсайхан- Архангай аймгийн Тариат сумын уугуул, 2020 оны УИХ-ын сонгуулиар Архангай аймагт бие дааж нэр дэвшээд унасан. Түүнээс хойш АН-ын гишүүн болж, АН-ын ҮБХ-ны гишүүн сэтэр суух болсон. 
 
Э.Мөнхсайхан хэдий АН-аас нэр дэвшиж буй ч бизнес нь МАН-ынхантай нэвт холбогдсон байдаг. Тодруулбал, Э.Мөнхсайхан МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг ,түүний төрсөн ах Х.Гантулга нарын “Хера холдинг” ХХК-ийн охин компани болох “Хера пропертийз” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Мөн Э.Мөнхсайхан Х.Ганхуяг, түүний ах Х.Гантулга, ээж П.Бямбасүрэн нарынх нь голлох хувьцааг нь эзэмшдэг “Ремикон” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Цаашилбал, Э.Мөнхсайхан 2011 онд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн нартай “Архангайн хөрөнгө оруулалт хөгжлийн төв” ТББ-ыг хамтран үүсгэн байгуулж, удирдаж ирсэн. 

АН-ЫН ТОМЧУУДЫГ БАРААДАГЧ, Н.АЛТАНХУЯГ ЗӨВЛӨХ АСАН Н.ГАН-ОЧИР

     Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн Б.Ган-Очир- Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын уугуул. Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байх үед Зөвлөхөөр нь ажиллаж, тэр цагаас АН-тай амьдралаа холбосон. Түүнээс хойш АН-ын Нарийн бичгийн дарга, Хэрэг эрхлэх газрын дарга, Сүхбаатар дүүргийн АН-ын дэд даргаар ажилласан. Одоо АН-ын ҮБХ-ны гишүүн, Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгчийн давхар сэтэртэй. АН-ын “экс” дарга нар болох Н.Алтанхуяг, Р.Гончигдорж нартай “Хөгжил ардчилсал холбоо”-г, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй “Хариуцлагатай ардчилал сан”-г тус тус байгуулан удирдаж байсан. Г.Батхүү агсны хүү, 2020 онд Өвөрхангайд АН-аас нэр дэвшээд унасан Б.Ганхөлөгтэй “Оюунлаг өрлөг” ХХК-ийг хамтран эзэмшдэг.

“ХӨХ ЧОНО ГРУПП”-ЫН ЭЗЭН Ө.ПҮРЭВБААТАРЫН ХҮҮ, С.БАЯРЦОГТЫН ХУД П.МӨНХТУЛГА

     “Хөх чоно групп”-ын өв залгамжлагч П.Мөнхтулга- “Хөх чоно групп”-ын эзэн Ө.Пүрэвбаатарын том хүү гэдгээрээ улс төр, бизнест танигдсан. Аав Ө.Пүрэвбаатар нь СХД-ийн АН-ын дарга, Эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан. Улмаар 2016 оны УИХ-ын сонгуульд АН-аас СХД-т нэр дэвшсэн ч МАН-ын “Монполимет”-ийн Ц.Гарамжавт ялагдаж байлаа. Харин П.Мөнхтулга 2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас Архангай аймагт нэр дэвшсэн, мөн л өвдөг шороодсон. Энэ удаад даагаа нэхэхээр зэхэж буй гэх. Сонирхуулахад, “Хөх чоно групп”-ын эзэн Ө.Пүрэвбаатар нь Сангийн сайд асан, АН-ын Тэргүүн дэд дарга С.Баярцогттой худууд. Тодруулбал, Ө.Пүрэвбаатарын дунд охин буюу П.Мөнхтулгын төрсөн дүү П.Оюунтөгс нь С.Баярцогтын хүү Б.Гомбо-Эрдэнийн гэргий. Тэгэхээр С.Баярцогт худ П.Мөнхтулгадаа бага ч атугай дэмжлэг үзүүлэх биз. 
 
Бизнесийн тухайд, П.Мөнхтулга “Мобайл ад” ХХК, “Хөх чоно” ХХК, “Эс ти сол” ХХК, “ЮУМ” ХХК, “Эе-эв” ХХК, “Тэмээ девелопмент” ХХК, “Паркинг менежмент инкорпорэйтед” ХХК, “Цэвэр эй эм жи” ХХК, “Хөх чоно холдинг” ХХК, “Дижитал капитал” ХХК тэргүүтэй 10 гаруй компани эзэмшдэг. 

НҮҮРС ТЭЭВРИЙН ДОЛООН КОМПАНИ, 700 АВТОМАШИН БУЮУ А.АДЪЯАСҮРЭН

     УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн- Баянхонгор аймгийн Өлзийт сумын уугуул. 2020 оны УИХ-ын сонгуулиар Х.Баттулгын ивээлд багтаж,  улмаар түүхийн багш мэргэжилтэй гэх “гэнэн” намтар, “Номгон санчир” жолооны курсын эзэн гэх “ядруухан” дүр зохиож гарч ирсэн. Гэвч үнэн хэрэгтээ А.Адъяасүрэн Төрийн ордон түшээ болж ирэхдээ л хэдийнэ шүүхэд шилжчихсэн 100 мянган ам.долларын “ачигдахад” бэлэн авлигын хэрэгтэй, “Эрдэнэс тавантолгой” ХК-аас Хятад руу нүүрс зөөдөг долоон компани, 700 гаруй автомашинтай байсан нь илчлэгдсэн. 
 
Эхэндээ тэр “Эмэгтэй гэдгээр маань түрий барьж, эрх баригч намынхан намайг дээрэлхэж, харлуулах гэж хичээж байна” хэмээн гүрийж байсан. Гэвч өнгөрсөн намар Төрийн ордонд болсон “нүүрсний хулгай”-н нээлттэй сонсголоор УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн бүх булхай албан ёсоор ард түмэнд ил болсон. Тодруулбал, А.Адъяасүрэн хятадуутай хамтарч байгуулж, эзэмшиж ирсэн нүүрс тээврийн компаниудаа оффшор бүс буюу Британийн виржинийн арлуудад бүртгэлтэй “Friendship & fortune s corporation” компанид эзэмшүүлэх байдлаар халхавч хийж, улмаар “Дагалай шарга наян найм транс” ХХК нь 1954 тонн, “Далангол” ХХК нь 2556 тонн, “Хишиг сайхан ундрах” ХХК нь 1021 тонн, “Даалингийн хишиг тээвэр” ХХК нь 952 тонн, “Топ транспорт” ХХК нь 1405 тонн, “Прайд транс” ХХК нь 427 тонн, “Ивээл сар транс” ХХК нь 340 тонн буюу нийт 8655 тонн нүүрс гаалийн бүртгэлгүйгээр хулгайгаар хил давуулсан нь ил болсон байдаг. 
 
Гэсэн ч УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн “нүүрсний хулгай”-н хэргээсээ мултарчихсан, өдгөө “Би өөрөө Баянхонгорт төрж өссөн ч, аав, ээжийн аль алиных нь талын эмээ нар маань Өвөрхангай аймгийнх байсан” гэчихсэн Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгуудаар тойрч яваа. 

8000 БИДОНЫ “РЕКОРД” ЭЗЭМШИГЧ Д.ГАНБАТ

     УИХ-ын гишүүн Д.Ганбат- Баянхонгор аймгийн Галуут сумын уугуул. 2012, 2020 онуудад Баянхонгороос сонгогдож, Төрийн түшээгийн сэнтийд найман жил тухалж буй. 2020 оноос хойших АН-ын их хагарлын хугацаанд Д.Ганбат С.Эрдэнийн талд ганцаараа тунаж үлдсэн. Улмаар С.Эрдэнэ түүний гараар “могой бариулж”, АН-ын ҮБХ-ны дарга, АН-ын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга болгосон. Даанч дээд шүүх түүнийг “хулхи” гэж үзээд АН-ын даргаар бүртгэхээс татгалзсан түүхтэй. Ингэж С.Эрдэнэтэй нийлэн бурхангүй газрын бумба болж “галзуурснаараа” намынхантайгаа, бүр бүлгийнхэнтэй ч түнжин хагарсан. Тиймдээ ч арслантай тамгатай, албан ёсны дарга Л.Гантөмөртөө “дагавар хүүхэд” шиг үзэгддэг болсон ч гандан буурахгүй дахин нэр дэвшихээр тойргоо тойрч яваа. 
 
УИХ-ын гишүүн Д.Ганбат нам дотроо бэлтэйд нь тооцогддог. Тиймдээ ч тойрогтоо тэрбум төгрөгөөр 8000 бидон тараасан “рекорд”-ыг нь хэн ч эвдээгүй байгаа. Өдгөө Д.Ганбат “Техник импорт” ХХК, “Зоос трейд” ХК, “Хүнс төв” ХК, “Уран барилга” ХХК-уудыг төрсөн дүү нартайгаа хамтран эзэмшдэг, “Эксим финанс” ББСБ, “Капмон” ББСБ гэх хоёр ББСБ-тай. 
 
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

I ТОЙРОГ: АН-ЫН “ЛУУГАР”-УУДЫН ДАГУУЛ, ТАВИУЛ, ЗӨВЛӨХ, ТУСЛАХ ТЭРГҮҮТЭЙ ЕСӨН ГОРИЛОГЧ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 17
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-03 22:48:24
    Зочин: Бүгд хулгайч луйварчид. Зайлаачээ АНУС ууд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-01 19:18:52
    Zochin : Ene hulgaichuudiig songood bah baidgaaraal hulgaig buur gaihaltai hiih bailgui ih munguu zartsuulsan uls eh ornii hugjuliin tuluu yalaa yu ugui baigui yu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-01 07:08:59
    Zochin: АН зайлаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-31 09:29:20
    Jolooch: Joloonii bagsh uy cn be dee.Chaddag chaddagaa hiigeed vawaachee Bayankhongort joloonii bagsh hiij bgaad Yagaad Kotod orood irev ene balai joloogoo l mushgaad l kuduunuu khevtej bhgui haria!!!! Muu tsagaaach
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-31 09:25:03
    б: Энэ хэдээс нэг ч гарах хүн алга.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-31 09:16:48
    Зөнч иргэн: Үнэндээ гурван аймгаас гарчих аавын хүү в, ээжийн охин энэ хэд дотор алга даа. Хулгайч, луйварчдаас дэвшүүлж АН энэ жил модоо барих нь ээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-31 06:31:56
    !!!!!!!: Нэг ч авах юм алга.Дандаа өлөн цөөврүүд!!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-30 19:51:54
    ф: Олигтой юмнууд нэг ч алга зайлаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-30 16:15:12
    Мууг дагавал могойн хор: Горьдоод хэрэггүй горилогчид .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-30 15:18:44
    Зочин: Суудлын бөглөөсүүд. Жаргалсайхан. Батжаргал нар хуурамч дипломтой боловсролгүй нөхдүүд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-30 13:40:53
    Зочин: Таних хүн алга даа. Бүгд л нурах байх даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-30 08:30:47
    Зочин: Эндээс гарах хүн нэг ч алга даа баянхонгортоо жёнко өөрөө очвол гарч магадгүй дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-30 07:44:12
    Мангар: Энэ одоо ман-н сайт бололтой.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-26 19:04:01
    S: TSAGN SEKSEER UILCHLEED80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-26 15:15:19
    Хм: Бизнecийнхэн нь бизнeсээ хийгээд л явахгшй эр эм хөгшин залуугүй чадсан чадаагүй л төрийн алба руу шургахаар дайрлах юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-26 15:06:03
    S: SEXSDN80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-26 14:44:16
    Del: Hoguud
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188