• Өнөөдөр 2024-04-26

БАЙР СУУРЬ: ХЭН НЬ АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА ВЭ

2021-01-06,   1019

Өнөөдрийн байдлаар Ардчилсан нам хоёр даргатай болоод байна. Ардчилсан намын дарга С.Эрдэнэ 2020 оны сонгуульд ялагдсан хариуцлагаа хүлээж дэд дарга Ц.Туваанд тамгаа шилжүүлж өгсөн. Гэвч өнгөрсөн арванхоёрдугаар сард С.Эрдэнэ “Би намын дарга хэвээр байгаа” гээд зогсохгүй “Ц.Тувааны ашиглаж байгаа тамгыг УБЕГ-аар хүчингүй болгуулсан” гэв. Харин Ардчилсан намын даргын түр орлон гүйцэтгэгч Ц.Туваан “Ардчилсан намын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа” гэдгээ мэдэгдэж буй. Тэгвэл намын хуучин дарга С.Эрдэнэ шинэ тамга хийлгэж, Хэрэг эрхлэх газрын даргаараа А.Цэрэнбатыг томилж, намын үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Харин нөгөө талд Ц.Туваантай хамт АН-ын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж ирсэн П.Нүрзэд байгаа юм. Өнөөдрийн байдлаар Ардчилсан намд ямар асуудал өрнөөд байгаа талаар талуудын байр суурийг хүргэж байна. 

П.НҮРЗЭД: ДОЛДУГААР САРААС ХОЙШ БИ АЛБАН ЁСООР АРДЧИЛСАН НАМЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГЫН АЛБАН ТУШААЛЫГ ХАШИЖ БАЙНА

Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэд: 

-Ардчилсан намын маргаан яг юу болоод байна вэ. Та Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байгаа юм уу?

-Улс төрийн намын тухай хуулиараа улс төрийн намын бүртгэл Улсын Дээд шүүхэд харьяалагддаг. Улсын бүртгэлийн Ерөнхий газар тамга хүчингүй болгоно гэсэн зүйл байхгүй. Би долдугаар сарын 20-нд албан ёсоор Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын даргын албан тушаалыг хүлээж авсан. Өнөөдрийг хүртэл ажлаа хийгээд явж байна. Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын албан тушаалыг ямар ч хамаагүй хүн хашдаггүй юм. Намын тодорхой шалгуурыг хангасан хүн энэ ажлыг хийдэг. Ардчилсан намын үйл ажиллагаа өнөөдрийг хүртэл хэвийн явагдаж байна. Энэ явагдаад байгаа бүхий л үйл ажиллагаа цэвэр Монгол Ардын намтай холбоотой. Тиймээс “МАН-ынхны өдөөн хатгалгад битгий автаарай” гэж хэлмээр байна. 

-АН-ынхан аравдугаар Их хурлаараа намын үндсэн дүрмийн өөрчлөлтөө хийж Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр өгчихөөд байгаа. Гэтэл намын хуучин дарга С.Эрдэнийн хүмүүс дүрмийн өөрчлөлтийг хүчингүй болгох бичиг Улсын дээд шүүхэд өгсөн юм байна. Энэ талаар ямар мэдээлэлтэй байна вэ?

-Намын үндсэн дүрмийн өөрчлөлтөө бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хандчихаад хүлээж байна. Улсын дээд шүүх бидэнд хариу өгөх байх. Ардчилсан намын аравдугаар Их хурал албан ёсны болсон. Хэн нэгэн хүн П.Нүрзэдийг, Ц.Тувааныг янз бүрээр хэлж болно. Хамгийн гол нь Ардчилсан намын Их хурлын 1400 гишүүнийг үгүйсгэж болохгүй. Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж байгаа учраас хүмүүс янз бүрийн улс төр хийгээд байна. Ардчилсан намын үйл ажиллагаа дүрмийн дагуу хэвийн явагдаж байгаа. Ардчилсан нам Монгол Улсынхаа эрх ашгийг нэгдүгээрт тавьж ажиллаж байна. 

-С.Эрдэнэ, Ц.Туваан нарын дарга нар нь хоорондоо ярилцаж, учраа олж болдоггүй юм уу?

-Өнөөдөр Ц.Туваан, П.Нүрзэд нар хэн нэгэнтэй муудалцаж, хэн нэгнийг үгүйсгэсэн зүйл байхгүй. Намын үйл ажиллагаа дүрмийн дагуу хэвийн явагдаж байгаа. Тэгж хэлэлцэх шаардлага байхгүй. Ардын намынхныявуулга гэж харж байгаа. 

-Ардын намын явуулгаар гээд дахин дахин хэлээд байгаа тань ямар учиртай юм бэ. С.Эрдэнийг Ардын намынхантай нийлчихсэн гэж хэлээд байгаа юм уу?

-Улс төрийн намын тухай хуулиараа Улс төрийн нам Улсын дээд шүүхэд бүртгэлтэй байдаг гэж би дээр хэлсэн дээ. Гэтэл яахаараа Улсын бүртгэлийн ерөнхий газарт Ардчилсан нам хамаатай байдаг юм. Хэн эрх барьж байгаа билээ. Хэтэрхий хүч түрж байна. 

-Намын даргын сунгаа яг хэзээ болох юм бэ?

-Ардчилсан намын үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлт бүртгэгдчихвэл намын даргын сунгааны ажил эхэлнэ. 

А.ЦЭРЭНБАТ: МАРГААН ДУУСААД НЭГ ТАЛДАА ГАРЧИХСАН. С.ЭРДЭНЭ НАМЫН ДАРГА ХЭВЭЭРЭЭ

Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга А.Цэрэнбаттай холбогдож дараах тайлбарыг авлаа. 

- Ардчилсан намын дарга нь өнөөдрийн байдлаар яг хэн юм бэ. С.Эрдэнэ нь ажиллаад байгаа юм уу, Ц.Туваан нь ажиллаад байгаа юм уу?

-Маргаан дуусаад нэг талдаа гарчихсан. Хариуцлага хүлээж С.Эрдэнэ дарга “Ц.Туваанд тамгаа үлдээгээд намын даргын сунгаагаа явуулаарай” гэж хэлээд явсан. Гэвч өнгөрсөн хугацаанд энэ ажил явагдаагүй. Тамга авсан дарга нь дүрмийн өөрчлөлт хийгээд, дүрэм зөрчөөд явчихсан. Тиймээс дараагийн намын дарга нь сонгогдоогүй юм чинь С.Эрдэнэ гэж хүн бүртгэлтэй хэвээрээ байгаа. 

-Улсын бүртгэлийн Ерөнхий газраар Ц.Тувааны барьж байгаа тамгыг хүчингүй болгууллаагэсэн мэдээлэл гараад байгаа. УБЕГ Ардчилсан намын тамгыг хүчингүй болгох эрхтэй юү. Дээд шүүхэд хамааралтай асуудал биш үү?

-С.Эрдэнэ дарга Ц.Тувааныг “Дүрмийн бус үйл ажиллагаа явуулахаа таслан зогсоо, намын тамга авчирч өг” гэж хэлсэн. Үүнд нь Ц.Туваан үгүй гэж хэлсэн юм шиг байгаа юм. Тэгвэл Ц.Тувааны тамгыг хүчингүй болгуулаад, шинэ тамга хийлгэе гэсэн. Угаасаа Дээд шүүхэд С.Эрдэнэ дарга намын даргаар бүртгэлтэй байгаа учраас ажлаа аваад явж байна. Ардчилсан нам гэдэг чинь хуулийн этгээд. Хуулийн этгээдийг УБЕГ-т бүртгүүлдэг. Хуулийн дагуу Ц.Тувааны тамгыг хүчингүй болгуулж, шинэ тамгаа бүртгүүлж аваад явж байгаа гэсэн үг. 

Одоо С.Эрдэнэ Ардчилсан намын даргын сунгаагаа явуулаад дараагийн намын дарга сонгогдохоор тамгаа албан ёсоор гардуулж өгөх ажил л хийнэ. 

-Тэгэхээр өнгөрсөн хугацаанд Ц.Тувааны зарлаж, хуралдуулсан Их хурал хүчингүй болж байгаа юм уу

-Ц.Тувааны гаргасан бүх шийдвэр хүчингүй болж байгаа. Ц.Тувааны албан тушаал бол дараагийн намын даргад тамга гардуулах хооронд тамга хадгалж байх үүрэгтэй. Түүнээс биш намын Их хурлыг хуралдуулаад, дүрмийн өөрчлөлт хийх эрх байхгүй. 

-Аравдугаар Их хурлаас гаргасан дүрмийн өөрчлөлтөө Улсын Дээд шүүхэд бүртгүүлэх гээд өгчихөөд байгаа шүү дээ?

-Тэрийг буцааж татах бичгийг Дээд шүүхэд өгчихсөн байгаа. Ардчилсан намын 10 дугаар их хурлаар хэлэлцсэн дүрмийн өөрчлөлтийг буцаана уу гэсэн хүсэлт явуулчихсан. 

-Тэгвэл намын даргын сунгаа хэзээ явагдах юм бэ?

-2017 онд дөрөвдүгээр сард намын даргын сунгаа явагдаж байсан. Дараа нь Ерөнхийлөгчийн сонгууль явагдаад бид ялалт байгуулсан. Яг тэр процессоор явна. 

-Тэгэхээр дөрөвдүгээр сард намын даргаа сонгоно гээд төлөвлөчихсөн гэсэн үг үү

-Ер нь тийм гэж хэлж болно. Цар тахалтай холбогдуулан хэрхэн, яаж явуулах талаар дүрэм журам гаргах байх. Бүх гишүүнээрээ хэлэлцүүлж, намын даргаа сонгоно. Тэгэхээр  Ковидын үед хэрхэн зохион байгуулах вэ гээд ажлын хэсэг гарчихсан байгаа. 

-Ардчилсан намын даргаар С.Эрдэнэ хэвээрээ байгаа юм бол Ц.Туваанд хариуцлага тооцох асуудал яригдах уу?

-Манай нам 15 гишүүнээс бүрдсэн дүрмийн хороотой. Тэр хороогоор л энэ асуудлыг шийдэх байх. Ер нь өнгөрсөн хугацаанд С.Эрдэнэ дарга аль ч дэд даргадаа тамгаа өгч болох байсан. Гэхдээ Ц.Тувааныг арай ойр ажиллаж байсан гэдгээрээ тамгаа өгсөн байсан.  

-Дөрөвдүгээр сард намын даргаа сонгочихлоо гэхэд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээвэл намын дарга нь огцрох уу?

-С.Эрдэнэ гэдэг хүн өөрөө хариуцлага хүлээгээд намын тамгаа хүлээлгэж өгсөн. Түүнээс биш одоо Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээвэл шинэ намын дарга огцорно гэсэн юм байхгүй. 

-Намын даргад өрсөлдөх хүмүүсийн хүсэлт ирж байна уу?

-Хэн ч байсан намын даргад өрсөлдөх хүсэлтээ илэрхийлж болно. Дотоод сонгуулийн хороо шаардлага тавина. Өнгөрсөн жил О.Цогтгэрэл, Ц.Оюунгэрэл, О.Амартүвшин, Б.Чулуунбилэг, н.Отгонбат нарын хүмүүс намын даргад өрсөлдөх сонирхлоо илэрхийлж байсан. 

 


БАЙР СУУРЬ: ХЭН НЬ АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА ВЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-06 20:11:33
    зочин: Баттулгыг зайлуул
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188