ТӨСВИЙН БУДЛИАН БУЮУ ҮР АШИГГҮЙ ЗАРДАЛ
Сангийн сайд гэдийж, Их хурлын гишүүд Засгийн газрын сайд нарт тал засдаг үе эд өрнөж байна. Учир нь УИХ-аар 2022 оны улсын төсвийг хэлэлцэж, ирэх жил улсын хөрөнгө оруулалтаар хаана ямар ажил хийх вэ гэдгийг хэлэлцэх хариуцлагатай, басхүү будилаантай цаг хугацаа үргэлжилж буй.
Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын гишүүд тойрогтоо төсөв хуваарилж, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулдаг байдлыг алга болгоно хэмээн Засгийн газарт бүх эрхийг нь өгчихсөн. Угтаа бол төсвийн хөрөнгө буюу татвар төлөгч нарын мөнгийг 76 тойрогт хувааж, сумын соёлын төвийн барилга, гүүр барих зэрэг ач холбогдолгүй зүйлд зарцуулдаг алдаатай бодлогоо цэгцэлнэ гэж байв.
Ингээд 2021 онд Л.Оюун-Эрдэнэ гэх залуухан сайдаар ахлуулсан Засгийн газар төрийн эрхийг барьж, төсвийн мөнгийг хуваариллаа. Үндсэндээ цар тахлын үед эдийн засгийн сэргээхэд хүчээ төвлөрүүлнэ гээд Сангийн сайд Б.Жавхлан үргүй зардлуудаа танаж, хэмнэлтийн горимд шилжсэн “сайн төсөв” боловсруулсан хэмээн хэвлэлийнхэнд, олон нийтэд мэдээлэл түгээж эхлэв. Сангийн яамны боловсруулсан төсвийг үзвэл төсвийн орлогоо өөдрөгөөр төсөөлж, өнгөн хэсэг дээрээ өмнөх Засгийн газрын үед олны шүүмжлэлд өртөж байсан олон урсгал зардлуудыг хассан, танасан төсөв Их хуралд өргөн барилаа. Тухайлбал, сайд дарга нарын туслахуудын тоог цөөлж, төрийн өмчит компаниудыг үр ашигтай болгоно. Ингэхдээ ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчит үйлдвэрийн газруудыг татан буулгаж, хувийн хэвшлүүдтэйгээ хамтарч ажиллана.
Мөн гаднын улсад төрийн мөнгөөр томилолт бичүүлж, аялж зугаалдаг явдлыг зогсоох, төсвийн хөрөнгөөр тавилга худалдаж авахгүй. Төсвийн хөрөнгөөр кино хийхгүй, ой тэмдэглэхгүй, ном хэвлүүлэхгүй, шагнал урамшуулал өгөхгүй. Цахим гарын үсэг нэвтрүүлж, банк, даатгал, нотариат, тусгай зөвшөөрөл, хөрөнгө болон эрх өмчлөх, эзэмших, ашиглах шилжүүлэх, сунгах зэрэг үйлчилгээнд ашиглахаар төлөвлөсөн зэрэг иргэдийн чихэнд чимэгтэй мэдээг нь урьтаж дуулгаад төсвийн нэгдсэн задаргаа, нэгдсэн тайлбараа эвтэйхэн чимээгүйхэн өгчихсөн.
Гэтэл ирэх оны төсвийн хөрөнгө оруулалт, үр ашиггүй зардлууд хэдэн тэрбум, хэдэн их наядаар тоологдож мэдэхээр байна. УИХ-аар хэлэлцэж буй төсвийн төслийн хэлэлцүүлгийн үеэр зарим нь илэрч төсвийн “но”, будилаанаа дарах гэж тойрог тус бүрд 4-8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хуваарилж, гишүүдийнхээ амыг таглах гэж үзээд эхнээсээ бүтэлгүйтэж байх шиг.
ИРЭХ ОНД 77 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР СПОРТ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГА, БАЙГУУЛАМЖ БАРИНА
Цар тахлын амаргүй цаг үед ажиллаж байгаа учир энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтыг аль болох хэмнэж, шаардлагагүй барилга байгууламжийг түр хойшлуулах, цаашлаад тендер нь зарлагдаагүй, зураг төсөл нь боловсруулагдаагүй барилга, байгууламжийн ажлыг түр хойшлуулна гэж Сангийн сайд ам гарч байлаа. Гэтэл ирэх жил зөвхөн спорт цогцолборын шинээр болон шилжүүлэн барих 227 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий барилгад 77 тэрбум төгрөг зарцуулахаар улсын төсөвт тусгажээ.

Өөрөөр хэлбэл, сумуудад спорт заал барих, усан бассейн байгуулах, спорт цогцолбор барихад дээрх хөрөнгө зарцуулагдана гэсэн үг. Тэрбүү хэл нэг аймгийн нэг суманд хоёр усан бассейн барьж байгуулах төсөл ч энэ төсөвт бий. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 3.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий усан бассейн байгуулахаар төлөвлөсөн. Уг ажлыг ирэх онд эхлүүлэх бөгөөд 2023 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөг гаргасан байгаа юм. Гэтэл энэ талаар тойргоос нь сонгогдсон гишүүн Ч.Ундрам “Сүхбаатар сум хоёр усан бассейнтай болох нь дахин нэгийг барьж яах гэж байгааг ойлгохгүй байна” гээд хатуухан шүүмжилсэн удаатай.
Б.Жавхлан Сангийн сайдаар ажиллаж буйн хувьд өөрийнхөө тойрогт хөрөнгө хаяхаа мартсангүй. Тодруулбал, Дархан-Уул аймгийн хэмжээнд ирэх онд спорт цогцолборын барилгын ажилд хэд хэдэн төсөл өгснөөс хамгийн анхаарал татаж буй нь Дархан-Уул аймагт ирэх онд барих өвлийн спортын ордны барилга байна. Нийт 19 тэрбум төгрөгийн өртөг бүхий уг барилгын ажлыг ирэх онд эхлүүлж, 2023 онд хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй юм байна.
Н.УРТНАСАН САЙДЫН 29.8 ТЭРБУМЫН БАГЦ БУЮУ ХЭНТИЙ РҮҮ ЧИГЛЭСЭН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасанд ирэх онд нийт 29.8 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Харин ирэх онд энэ салбарт хийх гол ажлууд нь Хэнтий аймагт төврөх юм байна. Угтаа бол Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар төрлөх нутаг Хэнтий аймгаа аялал жуулчлалын бүс нутаг болгох гэж хэрэндээ хичээж буй. Хамгийн сүүлд гэхэд Ерөнхий сайд Хэнтий аймгийн Батноров суманд “Андлалын Өргөө” цогцолбор газрыг байгуулж, тэнд 400 сая жуулчин төвлөрүүлнэ гэсэн урт холын мөрөөдөлтэй байв. Харамсалтай нь энэ төсөл бүтэлгүйтэж, олны хэлэнд аманд өртөөд зогсохгүй төсвийн хөрөнгөөр эхлүүлсэн ажлаа нураасан удаатай. Гэвч Ерөнхий сайд нутгаа жуулчдын төв болгох хүслээсээ ухарсангүй ирэх онд даагаа нэхэхээр шийджээ. Ингэхдээ Н.Уртнасан сайдын багцад Хэнтий аймагт эхлүүлэх хэд хэдэн бүтээн байгуулалтын ажлыг тусгуулсан байна.
Тодруулбал, энэ жил Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд эхлүүлсэн “Монголын нууц товчоо” цогцолбор барилгын ажлыг ирэх онд үргэлжлүүлэх бөгөөд нийт 1.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий барилгын ажилд 2022 онд 886 сая төгрөг, гадан тохижилтын ажилд нь 2.7 тэрбум төгрөг тусгуулжээ. Мөн Норовлин суманд 2019 онд “Шихихутаг нууц товчоо” түүхэн аялал жуулчлалын цогцолборын ажлыг эхлүүлсэн бөгөөд 1.8 тэрбум төгрөгийн ажилд 650 сая төгрөг, тохижилтод 350 сая төгрөг, Биндэр сумын "Их хуралдай" цогцолборын барилгын зоорийн ажил, гадна тохижилт, шугам сүлжээний засварт 1.9 тэрбум төгрөг төсөвлөсөн байгаа юм. Түүнчлэн Дадал сумын Гурван нуурын усны нөөцийг нэмэгдүүлэх зураг төсөвт 300 сая төгрөг гэхчилэн зөвхөн БОАЖ-ын сайдын багцад чамгүй хөрөнгө тусгажээ.
Үндсэндээ Хэнтий аймагт улсын төсвийн 10 хувийг буюу 214 тэрбум төгрөгийг төсөвлөсөн нь олны шүүмжлэлд өртөөд буй.
"ГАНДАНГИЙН ДЭНЖ" ШИНЭ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСИЙН ЗУРАГ ТӨСӨВ, БАРИЛГЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛНЭ
Барилга хот байгуулалтын сайд ирэх онд хамгийн их төсвөөр хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөөтэй байгаа. Дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний ажилд чамгүй хөрөнгө зарцуулахаар тусгасан бөгөөд ирэх онд хамгийн эрсдэлтэй салбар нь барилгын салбар болоод буй. Өөрөөр хэлбэл, хил хаасантай холбоотой барилгын материалын үнэ эрс нэмэгдэж, өмнө жилүүдэд эхлүүлсэн барилгын ажил зогсох асуудал ч үүсээд буй.
2022 онд “Жишиг гудамж”, “Шинэ сум” зэрэг төсөлд барилгын салбарын хөрөнгө оруулалтууд нэлээд хийгдэхнэ. Тухайлбал, Баянгол дүүргийн зургаан хороонд "Жишиг гудамж" төсөл хэрэгжих бөгөөд нийт 1.9 тэрбум төгрөг, Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо 1.4 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.
Харин Баянхонгор аймгийн хоёр суманд "Сумын төвийн шинэчлэл" хөтөлбөрийг хэрэгжүүлэх бөгөөд таван тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий энэ төсөлд ирэх онд тус бүр 3.4 тэрбум төгрөг төсөвлөөд байгаа аж.
Барилга хот байгуулалтын сайдын багцад тусгасан ажлуудаас хэд хэдэн анхаарал татах ажил байгаа бөгөөд ирэх онд "Гандангийн дэнж" шинэ аялал жуулчлалын бүсийн зураг төсөв, барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн байна. 2024 он хүртэл хэрэгжих дээрх төсөл нь нийт 24 тэрбум төгрөгийн өртөгтэй бөгөөд 2022 онд долоон тэрбум төгрөгийг төсөвт суулгасан байна.
СОЁЛЫН САЙДЫН СОЁЛЫН ТӨВИЙН БАГЦУУД
Улсын төсөв хэлэлцэх бүртээ л төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулж, соёлын төв нэрээр энд тэнд шавар байшин барихгүй хэмээн сайд нар, гишүүд ам уралдан ярьдаг. Гэвч сум суурингийн эмнэлэг, сургуулийн асуудлыг шийдвэрлэхээс илүү чухалд тооцож, төсвийн төсөлд нэгдүгээрт эрэмбэлүүлдэг төсөв нь яах аргагүй сумдын соёлын төвийн барилга. Ирэх онд Соёлын сайдын багцад 107 тэрбум төгрөгийн шилжих болон шинээр барих 60 гаруй соёлын төвийн барилгын ажил байна.
Нэг соёлын төвийн барилгын ажил дор хаяж 1-3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй бөгөөд энэ нь зайлшгүй шаардлагатай хөрөнгө оруулалт мөн үү гэвэл үгүй юм аа. Угтаа бол гишүүдийн тойрогтоо тусгуулах гэж улайрдаг, сонгогчдоос оноо авдаг барилга байгууламж нь соёлын төв.
Гишүүд тойрогтоо “Энэ гишүүний санаачилгаар ийм ажил хийсэн” гэх нэр зүүх гэж сайд нарыг тойглож, сайд нар ч аль аймагт, ямар хөрөнгө оруулалт хийх вэ гээд л чухам завгүй сууцгааж байгаа сурагтай. Жил бүр төсвийн үр ашиг гэж ам уралдаг ярьдаг ч бодит байдал дээрээ эрэмбэ дараалал алдагдсан, судалгаа муутай төслүүд төсөвт тусгагдаж, татвар төлөгчдийн мөнгийг салхинд хийсгэж байгаа нь нууц биш юм.
ЗАСАГТАА ТОМДОЖ, УЛСДАА ЧАМЛАГДСАН ТӨСӨВ |
|